| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2019/0803/З |
| Дугаар | 128/ШШ2019/0738 |
| Огноо | 2019-10-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2019/0738
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, шийтгэлийн
хуудсыг хүчингүйд тооцож, зөрчил хянан шийдвэрлэх
ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би Баянзүрх дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ж.С*******ийн дүгнэлттэй, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ч*******т холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ж.С******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Гэтэл эрх бүхий албан тушаалтан зөрчил шийтгэл оногдуулахдаа Л.Ч*******гийн хуулиар хориглосон хэлбэрээр утаат тамхийг сурталчилсан, утаат тамхи худалдахад тавигдах шаардлагыг зөрчсөн зөрчилд шийтгэл оногдуулахгүй орхигдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ч*******ийн 014******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, эрх бүхий байгууллагад буцаалгахаар прокурорын дүгнэлт бичив. гэжээ.
Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ч******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ч******* би 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 85 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирсэн прокурорын дүгнэлтээр 014******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын дүгнэлтээр Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ч*******т холбогдуулан ...эрх бүхий албан тушаалтан зөрчил шийтгэл оногдуулахдаа Л.Ч*******гийн хуулиар хориглосон хэлбэрээр утаат тамхийг сурталчилсан, утаат тамхи худалдахад тавигдах шаардлагыг зөрчсөн зөрчилд шийтгэл оногдуулахгүй орхигдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шийдвэрлэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.
Иймд Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ч******* нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Баянзүрх дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ж.С*******ийн Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ч*******ийн 014******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, эрх бүхий байгууллагад буцаалгах дүгнэлт-ийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан.
Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ч*******ийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 014******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Баянзүрх дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН