Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/971

 

 

 

 

 

 

 

 

Д.Б, Г.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Буянхишиг,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Д.Дарьсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/539 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б болон шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Б, Г.Б нарт холбогдох 2009024281247 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ....................... овгийн Д.Б, ...... оны ... дугаар сарын ....-ны өдөр .............................. төрсөн, ........... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй гэх, ял шийтгэлгүй, /РД: ................................/;

2. ..................... овгийн Г.Б, ................ оны ............дугаар сарын ...............-ны өдөр ................................ төрсөн, ........... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .......................................тоотод оршин суух, /РД: ................................../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/1015 дугаартай шүүгчийн захирамжаар тус шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг хорих ялаар сольж, 46 хоногийн хорих ялаар тогтоосон;

Шүүгдэгч Д.Б, Г.Б нар нь бүлэглэн такси үйлчилгээнд явж байхдаа 2020 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Баянцээлийн автобусны буудлын орчимд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон байсан иргэн Б.Хыг машиндаа суулган авч явж, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцсийн автобусны буудлын урд байрлах уулан дээр авч очиж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Г.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Б, Г.Б нарыг бүлэглэн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн буюу шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Бг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Бгийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1125 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй 2 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 5 жил 1 сар 2 хоногийн хугацаагаар биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б, Д.Б нарт тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-ийн цагдан хоригдсон 598 хоног, Г.Бгийн баривчлагдсан 2 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Бд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө би найз Г.Бтай 32-ын автобусны буудал дээр таарч, машинд нь суугаад уруудан явж байтал нэг ах гараа өргөн зогсоогоод машинд суугаад Баянцээлийн автобусны буудал дээр ахыг буулгаад байж байтал зам дээр олон хүн маргалдаж байсан. Тэгээд машинаас бууж тэнд очтол маргалдаж байсан залуус намайг “чи наад хүүхнээ таньдаг юм уу” гэж асуухад нь “таньдаг” гэж хэлээд авч авсан. Хохирогч Б.Х бид хоёр машинд суухад Г.Б надаас “юун хүүхэн юм бэ” гэж асуухад нь би “таньдаг хүн” гэж хариулсан. Миний хэлсэн үгэнд Г.Б итгээд тэндээс хөдлөн зам дагуу дэлгүүр орон уух юм аваад Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах Тоосгоны үйлдвэрийн уулын энгэрт очиж хохирогч Б.Х бид хоёр ууж байтал Б.Х машинд бөөлжсөн. Г.Б уурлаж машинаас буусан ба энэ хооронд би хохирогч Б.Хтай бэлгийн харьцаанд орсон. Г.Б буцаж орж ирээд уг явдлыг мэдээгүй. Шүүх шинжилгээнд Г.Б нь бэлгийн харьцаанд ороогүй болох нь тогтоогдсон. Мөн Г.Б уг хэрэгт хамааралгүй болохыг хохирогч Б.Х мэдүүлсэн байдаг. Уг хэргийг би үйлдсэн болох нь тогтоогдсон тул Г.Бг хамааралгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад тулгаад байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, би 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн найз Д.Бтэй уулзан ажил ярилцаж байхад миний машины ард хаалгаар үл таних залуу “таксинд явах уу, Сансар дээр буулгаад өгөөч” гэхэд би зөвшөөрөн хөдөлсөн. Үүнийг нотлох баримт байгаа. Удалгүй Сансар дээр үйлчлүүлэгчээ буулгаад байж байтал Д.Б “миний найз” гээд нэг эмэгтэй хүнтэй орж ирсэн. Би “яаж байгаа юм бэ” гэхэд “хөгшөөн, дэлгүүрийн үүдэнд зогсчих” гэсэн. Би хөдлөн дэлгүүрийн урд зогсоход Д.Б 2 шил пиво авч гарч ирээд надад хандан “хөгшөөн, хуучин гэрийн урд оччих” гэсэн. Удалгүй гэрийнх нь үүдэнд ирэхэд Д.Б “ингээд зогсчих, энэ пивыг уугаад саллаа” гэсэн. Удалгүй би машинаас бууж утсаар ярьж, бие засчихаад эргэж ороод арын суудал руу харахад машины ард суудал цус болсон байсан. Би дургүйцэн “юу болгочихсон юм” гэж асуухад “бид хоёр физиологийн асуудлаа шийдсэн юм аа” гэхээр нь би уурлан муудалцаад тэр хоёрыг буулгасан. Би ард суудлаа цэвэрлээд байж байхад Д.Б “за хөгшөөн, 32-ын тойрог орчих” гэхэд би “найзаа яасан юм бэ” гэхэд надтай “муудалцаад явчихлаа” гэсэн. Миний бие анхнаасаа танилууд гэж ойлгосон байхад намайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлээд байна. Би үүнийг удаа дараа шүүхэд илэрхийлэхэд нэг удаа цагаатгасан. Гэхдээ цагдаагийн газраас сэтгэл санаа тогтворгүй, мөн бичиг үсэг мэдэхгүйг далимдуулан уг байцаалтыг өөрөөр илэрхийлэн гарын үсэг зуруулсан байдаг. Иймд давж заалдах шатны шүүхийн шүүгч та бүхэн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б бичиг үсэг мэдэхгүй байхад мэдүүлэг авсан, уг мэдүүлгээ нотлох баримт болгож шийдвэрлэсэн. Г.Б нь гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан ч хохирогч Б.Хтай ямар нэгэн харилцаа холбоо үүсгээгүй, бэлгийн харьцаанд ороогүй, тухайн нөхцөл байдал, үйл явцад бодит дэмжлэг үзүүлээгүй, түүнд тэгэх шаардлага ч байгаагүй. Хүчиндэх гэмт хэргийн шинж нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн байдлаар илэрдэг. Миний үйлчлүүлэгч Г.Бгийн хувьд ийм оролцоо тогтоогдоогүй. Шүүх түүнийг орон байраар хангаж гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд нөлөөлсөн гэж үзсэн боловч түүний хувьд таксинд явж мөнгө олох санаа зорилго байсан нь хэргийн материалаас тодорхой харагддаг. Иймд Г.Бд холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 зүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус заасны дагуу хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Л.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна” гэв.

Прокурор Ц.Буянхишиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Б, Д.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүх Д.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нарын эрхийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн. Шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Хыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт биеэ хамгаалах чадваргүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь олж хараад тээврийн хэрэгсэлдээ суулган авч явсан. Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийгээ ойлгон хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон. Шүүгдэгч Д.Б хохирогчийг автомашинд суулгасны дараа Г.Бд хандаж “хүнгүй газар очъё” гэж хэлж хүсэл зоригоо илэрхийлсэн. Үүнийг шүүгдэгч Г.Б мэдэж байсан. Хэдийгээр гэмт хэргийг анхнаасаа үйлдэх санаа, сэдэл зорилготой нэгдээгүй боловч тээврийн хэрэгслээр дэмжлэг үзүүлж Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тоосгоны эцсийн автобусны буудлын урд байрлах уулын энгэрт очиж гэмт хэрэг үйлдэхэд санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн үйлдэл нь Г.Бг уг гэмт хэрэгт санаатайгаар хамтран оролцсон гэж дүгнэхэд хүргэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Б, Г.Б нар нь бүлэглэн такси үйлчилгээнд явж байхдаа 2020 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Баянцээлийн автобусны буудлын орчимд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон байсан иргэн Б.Хыг машиндаа суулган авч явж, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцсийн автобусны буудлын урд байрлах уулан дээр авч очиж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Хын “...Би 2020 оны 09 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн орчим өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 58-17 тоотоос гарч өөрийн найз Янжиндолгор, түүний нөхөр Балжинням нартай Сансарын Баянцээлийн ойролцоо байх РНОENIХ гэх караокед уулзсан ба Балжиннямын найз Төгөлдөр бас байсан. Ингээд тухайн караокед 2 цаг дуулахаар цаг авсан ба нэг цаг нь өнгөрч байхад Төгөлдөр гэх залуу явсан. Ингээд бид гурав тухайн караокед үргэлжлүүлэн дуулсан ба нийт 2 шил 0.5 литрийн “Экс” нэртэй архи, хүний хоёр хоёр ширхэг 0.5 литрийн савлагаатай пиво уусан. Би нилээд муудаж байхад Балжинням уурлаад байх шиг байсан. Би юм тайлбарлаад сууж байгаад тэгээд дуулж байсан. Нэг мэдсэн эзгүй талд нэг жалганд ухаан орсон ба миний хажууд хоёр залуу зогсож байсан. ...Дахиад сэргэхэд би аймаар даарсан байдалтай сэрсэн. Тэгээд би мөлхөөд, алхаад, унаж тусаад /тухайн үед согтуу байсан учир/ явсаар байгаад /айл байхгүй, гэрэл харагдаад байсан/ 20-25 орчим минут яваад нэг айлын хаалга олоод цохисоор байгаад онгойлгоход тухайн айлын хүмүүс нь уурлаад би дараагийн айлыг цохиход нэг эгч гарч ирж би болсон асуудлаа хэлээд “туслаач эгчээ, манай нөхөр рүү залгаад өгөөч” гэж нөхрийнхөө дугаарыг өгөөд ярьсан юм. ... Би усанд орохоор ванны өрөө рүү ороод хувцсаа тайлтал турсик байхгүй байсан, тэгэхээр нь би хүчиндүүлсэн юм байна даа гэж бодсон. ...” /1хх 48-50, 54-56, 57-59/,

гэрч Ж.Х-ын “... хаалга хүн нүдээд байхаар нь гарсан чинь нэг эмэгтэй хүн нилээд даарчихсан байдалтай “надад туслаач, утсаараа яриулаач” гэхээр нь би утсаа гэртээ орхисон байсан болохоор “утас байхгүй” гэсэн чинь тэр эмэгтэй “хүнд хүчиндүүлчихлээ, хаана яваад байгаагаа мэдэхгүй байна, та утсаараа яриулж туслаач” гэхээр нь гэр рүүгээ орж утсаа авч, тэр эмэгтэйн дугаарыг хэлүүлээд нөхөр рүү нь яриад “Танай эхнэр чинь согтуу, хаана яваагаа мэдэхгүй, нилээд айсан байдалтай байна. Ирээд ав” гээд хаягаа хэлж өгсөн. Тэр эмэгтэй “найз хүүхэнтэйгээ бааранд сууж байгаад тасарсан байна. Би хүчиндүүлсэн юм шиг байна, миний дотуур хувцас байхгүй байна, та манай нөхөрт битгий хэлээрэй” гэхээр нь би нөхөрт нь хүчиндүүлсэн юм байна гэж хэлээгүй. ...” /1хх 67-68/,

гэрч П.Б-ын “... Тэгээд бид 3 уулзаад дотогш ороод караокед 1 цаг хийлгээд хүний 2 шил 0.5 литрийн “Тайгер” нэртэй пиво ууж дуусаад 0.5 литрийн “Экс” нэртэй архи 1 шилийг аваад уугаад, тэр 2 дахиад 0.5 литрийн “Экс” нэртэй архи аваад дахин 1 цаг сунгасан. Б.Х уйлаад байж байсан ба намайг хараад “архи задлаад явуул” гэхээр нь би хундаганд хийгээд бид 3 уусан. Б.Х ер нь архи уучихаараа агсам тавьдаг, хүмүүстэй муудалцаад байдаг. Хэдэн минутын дараа ширээ цохиод миний хийж өгсөн хундагатай архийг унагааж, хундагыг нь хагалсан. Тэгэхээр нь би архийг нь дээшээ ширээн дээрээ тавьчихаад “явлаа” гэсэн чинь Б.Х “би чамтай юм ярьж байна” гээд цамцнаас татахаар нь би “чиний дэмий яриаг сонсмооргүй байна, чи яасан гэж ингэж агсам тавьж байгаа юм” гэж нилээд бухимдуу байдлаар хэлэхэд Б.Х дахиад уйлахаар нь би буцаж суугаад аргадаад байж байтал караокены цаг дууссан. Бид гурав 23 цаг 28 минутад караокеноос гараад тамхи асаагаад татаад цаашаа хартал Б.Х танихгүй залуучуудтай хэрүүл маргаан хийгээд зогсож байхаар нь явж очоод Б.Хыг барьж аваад тэр хүмүүсээс холдуулах гээд аваад явтал миний гарыг түлхээд Сансарын постны тийшээ ганцаараа гүйгээд явсан. Манай эхнэр хойноос явахаар нь би бас хойноос нь очтол хаашаа явахаа хэлэхгүй орилоод гүйгээд байхаар нь би эхнэрийгээ “явъя” гээд хэлтэл манай эхнэр “би найзыгаа орхиод явж чадахгүй” гэхээр нь би эхнэртэй юм хэлж чадаагүй. “Ууж, идэж чадахгүй юм бол яах гэж дуудсан юм бэ” гээд Б.Хд хэлтэл над руу дайраад байсан. Би “зүгээр бай” гээд цаашаа түлхсэн чинь газар унасан. Мөн эхнэрийгээ мөрөөрөө түлхэж унагаагаад цаашаа явж байтал тэр хавьд зогсож байсан үл таних залуучууд “эмэгтэй хүнийг ингэж болж байгаа юм уу” гэхээр нь “учрыг нь мэдэхгүй байж чимээгүй бай” гээд эргээд хартал цагдаа барьж аваад намайг “эмэгтэй хүн зодсон байна, мөн согтуу байна” гээд машиндаа суулгаад эрүүлжүүлэх рүү авч явсан. Б.Х караокеноос гарахдаа биеэ хянах чадваргүй, маш их согтсон байсан. ...” /1хх 60-63/,

шүүгдэгч Д.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 32-ын тойргийн автобусны буудал дээр архи уугаад явж байхдаа Г.Б-тай таараад түүнээс “ганц юм аваад өг” гэсэн чинь “суучих” гээд бид машинтай нь замаасаа хүн аваад Сансарт хүргэж өгөхөөр явсан. Сансар дээр хүнээ буулгачхаад эргэх гэсэн чинь замын хажууд нэг эмэгтэй хүн орилоод сууж байхаар нь би Буянзаяад “наадахыг чинь авчихъя” гэж хэлээд машинаас нь буугаад замын нөгөө талд тэр хүүхэн байгаа газар очсон чинь Буянзаяа эргээд эмэгтэй хүн байсан газрын урд талд нь ирээд зогссон. Намайг тэр эмэгтэй дээр очиход тэр эмэгтэй өөр хүний машин хаагаад зогсчихсон байсан. Тэр машины жолооч “наадахаа таньдаг юм уу, аваад яваач” гэхээр нь би тэр эмэгтэй дээр очоод “нилээд согтчихсон байгаа юм биш үү” гэсэн чинь тэр эмэгтэй “чи намайг зовлонтой байхад ойлгохгүй байгаа юм уу” гээд мөрнөөс зуураад орилоод байхаар нь “за, тайвшир” гээд машинд өргөж суулгаад “ганц пиво уувал гайгүй болох юм уу” гэхэд “тэгье, ууя” гэсэн. Тэгээд машинтай хөдлөөд Монелын тийшээ явж байгаад замдаа дэлгүүр орж хоёр лааз пиво аваад нэгийг нь задлаад тэр эмэгтэйд өгсөн чинь уусан. Тэгээд машин дотор “чи намайг гомдоосон” гээд орилоод байхаар нь “за тайвшир” гэсэн чинь гайгүй болоод пиво уугаад явсан. Би Г.Б-д хандаад “хүнгүй газар очоод зогсчих” гэсэн чинь Г.Б Монелын ард байрлах уулан дээр очоод зогсоод Г.Б тамхи татах гээд буугаад явахаар нь би нөгөө эмэгтэйн нурууг илээд оролдсон чинь эсэргүүцэл үзүүлэхгүй, үнссэн чинь тоохгүй байхаар нь өмдийг нь тайлаад дээр нь гараад бэлгийн харьцаанд орчихоод хэсэг байж байгаад үлдсэн нэг пивоо уулан дээр бид хоёр хувааж уугаад дахин бэлгийн харьцаанд ороод дуусаад байж байхад Буянзаяа машин дотор орж ирээд “хөдлөх үү” гээд заалны гэрлээ асаасан чинь арын суудал нь цус болчихсон байсан. Буянзаяа “наад суудлаа хардаа” гээд над руу уурласан. Тэгсэн нөгөө эмэгтэй цүнхнээс салфетка аваад өг гэхээр нь би цүнхнээс аваад өгсөн чинь салтаагаа арчиж байснаа шээлээ гээд машинаас буусан. Тэгээд би араас нь буухад нөгөө хүүхэн шээгээд сууж байхаар нь би буцаад машинд суусан. Буянзаяатай юм ярьж байгаад нөгөө хүүхнээ авах гээд очсон чинь байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би Г.Б-д “байхгүй байна, явъя” гээд машины арын суудал руу хартал хар өнгийн утас байхаар нь аваад Буянзаяад өгчихөөд бид хоёр хөдлөөд явсан. ...Би тэр эмэгтэйтэй 2 удаа бэлгийн харьцаанд орсон. Эхлээд унтахдаа хамгаалалт бэлгэвч нэгийг хэрэглэсэн. Дараагийн удаа харьцаанд орохдоо хэрэглээгүй. ...Г.Б тухайн эмэгтэйтэй бэлгийн харьцаанд ороогүй. ...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 10-14/,

шүүгдэгч Г.Бгийн яллагдагчаар өгсөн “... 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагийн үед Д.Б “доошоо суугаад дөхье” гээд миний машинд суугаад явсан. Сансарын гэрлэн дохион дээр буугаад намайг “дохио өнгөрөөгөөд зогсож байгаарай” гэхээр нь би дохио өнгөрөөгөөд зогсож байхад Д.Б замын хажууд миний ар талд зогсож байсан машины жолоочтой юм яриад байсан. Нөгөө хүүхэн тэр машины хамрыг цохиод сууж байсан. Тэгсэн Д.Б тэр хүүхэнтэй юм яриад зогсож байхад хойноос алаг машин ирэхээр нь нөгөө хүүхнийг аваад миний машинд ороод ирсэн. Орж ирээд нөгөө хүүхэн нь Төгсөө билүү Болдоо билүү нэг нэр хэлээд “хайраа чи намайг ажил явдалтай байхад ойлгохгүй байгаа юм уу” гээд орилоод байсан. Би тэндээс хөдлөөд Баянцээлийн автобусны буудал дээр очоод Д.Бд “наад хүүхэн чинь гай болох юм биш үү, буулгаад наанаа хая аа” гэсэн чинь Д.Б “би хөдөө гадаа сар гаруй болж байгаад ирлээ, физиологийн асуудлаа шийдмээр байна” гэхээр нь би хөдлөөд явсан. Замдаа явж байхдаа “аятайхан шиг газар очоод зогсчих” гээд явж байхад нөгөө хүүхэн “хайраа хоёулаа ийм газар секс хийхгүй, ондоо газар хийе” гээд байсан. Би мянган оюутны байраар дээшээ яваад эмэгтэйчүүдийн хорихоор уулруу өгссөн. Тэгээд уулан дээр очоод харж байсан чинь тэр хоёр хоорондоо юм яриад үнсэлцээд байхаар нь би эр, эмийн хооронд гай болоод яахав гэж бодоод машинаас буугаад машины хойно бие засаад тамхи татаад зогсож байгаад 15-20 минут болоод машинд ороход Д.Б өмдөө татчихсан, нөгөө хүүхэн өмдөө татаж байсан. ... эмэгтэй согтуу андуураад орилоод байгааг мэдсэн. Д.Б бэлгийн харьцаанд орсныг мэднэ, намайг хойноос нь харахад машин хөдөлж байсан, яаж хийж байгааг харъя гэсэн бодол байгаагүй. Д.Б “хүнгүй газар оччих” гэхээр нь би манай гэрийн хойно байрлах уулан дээр очсон юм. ...” /1хх 19-24/  гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 10793 дугаартай “...Б.Хын биед зүүн мөр, зүүн тохойн хонхор, зүүн бугалга, шуу, баруун тохой, гуя, зүүн өвдөг, зүүн гуя, шилбэний цус хуралт, зүүн тохой, шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний хазах гадаргуун эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих дарах үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Б.Хын үтрээний наалдац, арчдаст эр бэлгийн эс илрээгүй. Б.Хын охин хальс үлдэц төдий болсон байна. Б.Х нь бэлгийн замын халдварт трихомониаз өвчтэй байна. Б.Х нь АВО системээр А (II) бүлгийн цустай байна. ...” /1хх 143-145/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3973 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн өмдөнд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт болон шинэ тасралт, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ болон хуучин цооролт, хуучин уранхай байна. ...” /1хх 163-165/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5188 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн бэлгэвч нь шинжилгээнд тэнцсэн. Шинжилгээнд ирүүлсэн бэлгэвчин дээр эр бэлгийн эс үрийн шингэн илэрсэн. Уг илэрсэн эр бэлгийн эсийн бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн бэлгэвчин дээр цус илрээгүй. ...” /1хх 170-171/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5811 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн “Приус 20” маркийн автомашины гэх арын суудлын бүрээс дээр эр бэлгийн эс илэрсэн. Уг илэрсэн эр бэлгийн эсийн бүлгийн харьяаллыг биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. ...” /1хх 181-182/ гэсэн дүгнэлтүүд,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 39-45/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх 71-75/, хяналтын камерын бичлэгийн хуулбар /1хх 89-128/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Б “...Г.Б уг хэрэгт хамааралгүй, би үйлдсэн болох нь тогтоогдсон тул энэ хэрэгт Г.Бг хамааралгүй болгож өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Г.Б “...Надад тулгаад байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие хохирогч болон Д.Б нарыг анхнаасаа танилууд гэж ойлгосон байхад намайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлээд байна. Цагдаагийн газраас миний сэтгэл санаа тогтворгүй, мөн бичиг үсэг мэдэхгүй байдлыг далимдуулан байцаалтыг өөрөөр илэрхийлж, гарын үсэг зуруулсан. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар “...Г.Б бичиг үсэг мэдэхгүй байхад мэдүүлэг авч, уг мэдүүлгээ нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн. Г.Б гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан ч хохирогчтой ямар нэгэн харилцаа холбоо үүсгээгүй, бэлгийн харьцаанд ороогүй, тухайн нөхцөл байдал, үйл явцад бодит дэмжлэг үзүүлээгүй. ... Иймд Г.Бд холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 зүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус заасны дагуу хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Бг яллагдагчаар татан мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан яллагдагчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, өмгөөлөгч Б.Чулуунцэцэгийг байлцуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал өмгөөлөгчтэй мэдүүлэг авах заалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж,

мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж тус тус заажээ.

Гэмт хэрэгт хамтран оролцогч, бүлэглэн гүйцэтгэгч тус бүрийн үйлдэл нь бие биеийнхээ үйлдлийг дэмжсэн, харилцан хамааралтай байх бөгөөд гэмт хэргийн улмаас үүсэх үр дагаврыг бий болгоход зохих хувь нэмэр оруулсан байхыг шаарддаг.

Хамтран оролцогч, бүлэглэн гүйцэтгэгчид гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан байдаг бөгөөд оролцсон оролцооны хэлбэр нь тухайн этгээдийн гүйцэтгэсэн үүргээс шалтгаалж идэвхтэй, зарим нь идэвхгүй буюу эс үйлдэхүйгээр илэрдэг.

Түүнчлэн, гэмт хэрэгт оролцогчийн гүйцэтгэж байгаа үйлдэл нь бусад оролцогчоос гэмт үйлдэл хийх зайлшгүй нөхцөл болсон байх, гэмт хэргийн үр дүнд бий болсон үйл явдал, үр дагавар нь оролцогч бүрийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх нөхцөлийг хангасан байх ёстой.

Дээрх гэмт хэрэг бүлэглэн үйлдэх шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэж гэж заасан шинжид адил утгаар тайлбарлагдан хэрэглэгдэх учиртай.

 Шүүгдэгч Г.Бгийн яллагдагчаар ... Би тэндээс хөдлөөд Баянцээлийн автобусны буудал дээр очоод Д.Бд “наад хүүхэн чинь гай болох юм биш үү, буулгаад наанаа хая аа” гэсэн чинь Д.Б “би хөдөө гадаа сар гаруй болж байгаад ирлээ, физиологийн асуудлаа шийдмээр байна” гэхээр нь би хөдлөөд явсан. Замдаа явж байхдаа “аятайхан шиг газар очоод зогсчих” гээд явж байхад нөгөө хүүхэн “хайраа хоёулаа ийм газар секс хийхгүй, ондоо газар хийе” гээд байсан. Би мянган оюутны байраар дээшээ яваад эмэгтэйчүүдийн хорихоор уулруу өгссөн. Тэгээд уулан дээр очоод харж байсан чинь тэр хоёр хоорондоо юм яриад үнсэлцээд байхаар нь би эр, эмийн хооронд гай болоод яахав гэж бодоод машинаас буугаад машины хойно бие засаад тамхи татаад зогсож байгаад 15-20 минут болоод машинд ороход Д.Б өмдөө татчихсан, нөгөө хүүхэн өмдөө татаж байсан. ... гэж өгсөн мэдүүлгээс үзэхэд, тэрээр шүүгдэгч Д.Бат-Эрдэний замын хажууд согтуурсан байдалтай сууж байсан Б.Хын уг байдлыг далимдуулан бэлгийн харьцаанд орох гэж байгааг мэдсэн төдийгүй хурьцал үйлдэх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр машинаар зөөвөрлөсөн, хүнгүй газар очсон, машинаас буун Д.Б-ийг хохирогч Б.Хтай 2 удаа бэлгийн харьцаанд орох боломжийг олгосон байдал нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн шинжийг хангаж байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.Б, Г.Б нарыг бүлэглэн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.  

Шүүгдэгч Д.Б, Г.Б нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин, анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б, Г.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн атлаа мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэгт хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх шинжүүд нь гэмт хэрэг бүлэглэн үйлдэх шинжийг тодорхойлох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэж гэсэн шинж нь мөн адил утгаар тайлбарлагдан хэрэглэгдэх учиртай.

 Шүүгдэгч Д.Б, Г.Б нар нь урьдчилан тохиролцож, үүргээ хуваарилаагүй ч санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэж, хэнээс ч хараат бус өөрсдийн хүсэл зоригоор тус гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдсэн байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэж гэсэн шинжийг хангасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 5-12 жил хүртэл хорих ял шийтгэхээр заасан бөгөөд анхан шатны шүүхээс энэ зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Бг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, холбогдсон хэргийнх нь зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцжээ.

Иймд магадлалд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Б, Г.Б нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 140 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/539 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “Шүүгдэгч Д.Б, Г.Б нарыг бүлэглэн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Бг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Г.Б нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 140 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                   Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                   Т.ӨСӨХБАЯР