Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/972

 

 

 

 

 

 

       

 

Л.Чд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,

шүүгдэгч Л.Ч, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1122 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Чгийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Чд холбогдох 2206000001160 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

....... овгийн Л.Ч, ....... оны  ..... дугаар сарын ......-ны өдөр .......................... төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан гэх, ам бүл 4, эх, дүү нарын хамт ............................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................................../;

Л.Ч нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэр, ................ тоотод байрлах “Гэр амралтын газар”-т бусадтай маргалдаж, улмаар иргэн М.Гийн нүүр, эрүүн тус газар 2 удаа өшиглөж, гавал тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой болон суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархи, уртавтар тархи, гүүрний аалзан хальсны доорх тархмал цус харвалт, баруун, зүүн хажуугийн ховдол, 3, 4 дүгээр ховдлын цус харвалт бүхий битүү гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэмт хэрэгт,

мөн иргэн М.Гийн нүүр, эрүүн тус газарт 2 удаа өшиглөх явцдаа түүний эрүүл мэндэд эрүү, хүзүү, доод уруулд язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Чгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурорын газраас Л.Чд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Чг 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Л.Чгийн урьд цагдан хоригдсон 122 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Чгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 30.000 төгрөгийг гаргуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд олгож, шүүгдэгч нь гэм хорын хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 13.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Чд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Чгийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт шүүгдэгч Л.Ч нь өөрийн санаачилгаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэм хорын хохиролд 13.000.000 төгрөг төлсөн, мөн цаашид ч иргэний журмаар болон бусад байдлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирлын мөнгө болон бусад хэлбэрээр дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа амь хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж болно гэж заасан байх тул шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж хорих ялыг багасгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Л.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Л.Ч нь оршуулгын зардал төлбөрийг төлсөн тул анхан шатны шүүхээс оногдуулсан 9 жилийн хорих ял үндэслэлтэй гэж үзэж байна. Харин хорих ялаас багасгуулах гомдлыг миний зүгээс эс зөвшөөрч байна” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Л.Ч нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Арцатын могойт дэнжийн 154 тоотод байрлах “Гэр амралтын газар”-т бусадтай маргалдаж, улмаар иргэн М.Гийн нүүр, эрүүн тус газар 2 удаа хөлөөрөө өшиглөж, гавал тархины битүү гэмтэл учруулан амь насыг нь санаатайгаар хохироож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Л.Чгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчаас анхан шатны шүүх хуралдаанд 9 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Чд 9 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Л.Ч нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр, ..... тоотод байрлах “Гэр амралтын газар”-т бусадтай маргалдаж, улмаар иргэн М.Гийн нүүр, эрүүн тус газар 2 удаа өшиглөж, гавал тархины битүү гэмтэл учруулан алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн “...Талийгаач бол миний хоёр дахь хүү байгаа юм. Гансүх нь 1982 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөөд, 1996 онд 6 дугаар анги төгсөөд гэрээр хүмүүжээд 20 нас хүртэл хар, бор ажил хийж байгаад 2009 онд манайх гэр бүлээрээ Улаанбаатар хотод орж ирээд хамгаалалтын алба, хөдөө орон нутагт зам ангид хүртэл ажиллаж байсан. ...” /1хх 54-55/,

гэрч Г.Б-ын “... Дараа нь манай найз нар хөзөр тоглоод архи уугаад байхаар нь би өөрөө уудаггүй болохоор төвөгтэй санагдаад гэрээс гараад машиндаа ороод унтаж байсан чинь шөнийн 01 цагийн үед гэнэт гадаа хүмүүс маргалдаад зодолдоод байхаар нь би машинаас буугаад хартал гэрийн тэнд хүмүүс хоорондоо зодолдоод байсан. Очиж харахад Эрдэнэцогтын найз охин Чулуунхүүг боль гээд салгачихсан, амралтын газрын эмэгтэй болохоор бусдыг нь салгаад зогсож байхаар нь би очоод “та нар боль” гэж хэлээд өөрийн найз нараа гэр рүү оруулсан чинь араас нэг охин “та нар хүн алчихлаа, энэ хүн чинь босохгүй байна” гэхээр нь би очоод харахад гэрийн үүдэнд байдаг цементэн замын тэнд дээшээ харчихсан хэвтэж байсан. Би цээжийг нь үзэхэд амьсгалж байхаар нь том биетэй, саравчтай малгайтай залуутай хамт нөгөө ухаангүй хүнийг гэрт нь оруулж баруун талын оронд хэвтүүлээд амралтын эгч хамарт нь архи үнэртүүлж байхад гаднаас Эрдэнэ-Отгон орж ирээд “түргэн, цагдаа дууд” гээд өөрөө гар утсаараа түргэн дуудсан чинь “очихгүй, Гачууртын түргэн дууд” гээд салгахаар нь би амралтын газрын эгч, том биетэй саравчтай малгайтай залуу, мөн Эрдэнэ-Отгон бид нар ухаангүй байгаа залууг машиндаа суулгаад Гачууртын эмнэлэгт хүргэж өгсөн чинь эмч нь үзээд “энэ хүн чинь амьсгалж байна” гэж хэлэхээр нь Эрдэнэ-Отгон бид хоёр баярлаад эмнэлгээс гарсны дараа нөгөө амралтын газрын эгч ирээд нөгөө хүн чинь нас барчихлаа гэж хэлсэн. Хяналтын камерын надад үзүүлсэн бичлэг дээр зодоон хийгээд талийгаачийг хэвтэж байхад нь нүүр рүү нь өшиглөж байгаа хүн бол манай найз Чулуунхүү байна, би найзынхаа биеийн ерөнхий байдал, мөн өмсөж явсан биеийн тамирын өмдний шилбэ, шилбэ хэсгээр гэрэлтээд фосфортож байгаа зэрэг нь мөн байна, хэрэг гарах үед өмсөж явсан хувцсаар нь хүртэл таньж байна. ...” /1хх 57-58/,

гэрч Ж.Э-ын “... Би гүйж иртэл манай найз Нямсүрэн, Эрдэнэ-Отгон, ах Чука гурав тухайн хажуу гэрийн залуучуудтай зодолдож байсан. Манай найз Эрдэнэ-Отгон саравчтай малгайтай манай гэрт орж ирээд байсан приустэй залуутай маргалдаад, зодолдоод байхаар нь би Эрдэнэ-Отгоныг татаж салгасан. Намайг Эрдэнэ-Отгоныг салгаж байхад Нямсүрэн, Чука ах хоёр 1 залуутай маргалдаад зодолдож байсан. Ямар ч байсан Чука ах, Нямсүрэн хоёрын аль нэг нь талийгаач гэх залууг цохиж зодсон. Талийгаач гэх залуутай Чука, Нямсүрэн хоёроос өөр хүн маргалдаж зодолдоогүй. ... хэрэг гарахад Чука буюу Чулуунбаатар тамирын өмдтэй, өмд нь хөлийн шилбэ хэсэгт цацардаг канттай, дээгүүрээ хантааз уу, эсхүл нимгэн куртиктэй байсан. ...надад үзүүлсэн бичлэгт талийгаачийн нүүр рүү өшиглөж байгаа энэ хүн Чука ах буюу Чулуунхүү байна. Би хэрэг гарсан өдөр хөх өнгийн куртиктэй, цагаан өнгийн фудволк, хар өнгийн өмдтэй, хар өнгийн пүүзтэй байсан. Харин Чулуунхүү ах хар өнгийн биеийн тамирын өмдтэй, шилбэ хэсэгт цагаан өнгийн фосфортой канттай байсан, дээгүүрээ цайвар өнгийн байсан. Эрдэнэ-Отгон болохоор хар өнгийн тамирын цамцтай, хоёр ханцуй хэсгээр цагаан өнгийн канттай байсан, өмд гутлыг нь санахгүй байна, камерын бичлэгт талийгаачийг өшиглөж байгаа хүн бол Чулуунхүү ах, харин гараараа цохиод цаашаа явж байгаа хүнийг би Эрдэнэ-Отгон гэж бодож байна. Яагаад гэвэл биеийн хэлбэр, алхаж байгаа, мөн малгайгаа янзалж байгаа зэрэг нь мөн байна. ...” /1хх 60-61/,

насанд хүрээгүй гэрч Д.Б-ийн ... Анужин бид хоёр гэртээ чихэр, чипс идээд юм яриад сууж байхад гадаа хүмүүс шуугилдаад явчихаар нь гарч харахад Баатархүү ах хажуу гэрийн 6 эрэгтэй хүнтэй хэрэлдэж байсан. Тэгснээ удалгүй Баатархүү ахыг тал талаас барьж аваад цохиод эхэлсэн ба Анужин бид хоёр гэр рүүгээ орж унтаж байсан Гансүх болон Эрдэнээ ах нарыг дуудахад Гансүх ах гэрээс гараад явсан ба Эрдэнээ ах сэрэхгүй унтаад байсан. Гансүх ахыг Баатархүү ахыг зодож байсан хүмүүс дээр очоод салгаж байхад зарим хүмүүс нь Гансүх ахыг зодож эхэлсэн. Энэ үед Анужин бид хоёр салгах гэсэн боловч бид хоёр салгаж чадаагүй ба 5 минут орчим Баатархүү, Гансүх ах нарыг зодсоныхоо дараа уг 6 залуу гэр рүүгээ орцгоосон. Амралтын газрыг ажиллуулдаг эгч гарч ирээд Анужин бид хоёртой хамт газарт хэвтэж байсан Гансүх ахыг сэрээх гэсэн боловч ухаангүй хэвтээд байсан. Уг амралтын газарт байсан Баатархүү ах, Гансүх ах нарыг зодсон 6 залуу хоорондоо их төстэй, намхан, махлагдуу залуучууд байсан, мөн надад харанхуйд бүгд л хар хувцас өмссөн байна гэж харагдсан. Анужин бид хоёр зодооныг салгах гэж оролдож байхад хажуу гэрийн 6 залуу Баатархүү ах, Гансүх ах нарын хооронд гүйлдээд өшиглөх, цохих зэргээр зодоод байсан, миний харснаар ямар нэгэн мод, төмөр, эсвэл зэвсэг хэрэглээгүй, харин уг 6 залуутай явж байсан эмэгтэй нь нилээд согтсон байсан ба зодоонд оролцоогүй. ...” /1хх 67-68/,

гэрч М.Э-ын “... Тэгтэл орой 21 цагийн үед манай гэрт гаднаас том биетэй, нэг танихгүй залуу орж ирээд “би сая танай хоёр найзыг энэ амралтыг олохгүй байхаар нь зам зааж өгсөн” гэхээр нь “өө баярлалаа” гээд ууж байсан архинаас нэг удаагийн цаасан аяганд хийж өгсөн чинь нөгөө залуу өгсөн архийг уучихаад гэнэт л агсраад л “ер нь та нар яах гээд байгаа юм" гээд босоод ирсэн чинь “одоо хэнийг нь санахгүй байна" найз нөгөө залуугийн өөдөөс “чи ер нь юу гээд байгаа юм" гэж босож ирэхээр нь би бас “чи ер нь яах гээд байгаа юм” гээд боссон чинь нөгөө танихгүй том биетэй залуу миний нүүрний зүүн хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь би баруун гараар зөрүүлж эгэм хэсэгт 1 удаа цохиход найзууд салгаад нөгөө залууг гэрээс гаргаад, намайг гэрт үлдээгээд өөрсдөө гэрээс гараад гэрийн гадаа зодолдоод байх шиг байхаар нь би араас нь гарахад зүүн талын гэрээс нэг эрэгтэй гарч ирж байгаа харагдсан, яг тэр үед намайг гэрт цохисон том биетэй залуу гэрийн зүүн урд хэсэгт манай нэг найзтай барилцсан зогсож байхаар нь би шууд гүйж очоод нөгөө танихгүй залуугийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиход нөгөө залуу арагшаа хөл алдсан. Тэгэхдээ унаагүй, ... нэг эмэгтэй хүн ухаангүй болчихлоо, энэ хүн чинь сэргэхгүй байна” гээд орилоод байхаар нь би юу болж байна гээд харах гээд очиход манай гэрийн үүдэнд гадаа нэг эрэгтэй дээшээ харчихсан ухаангүй, хажууд нь хоёр эмэгтэй зогсчихсон болохоор нь би өөрийн гар утаснаас 103-т залгаж “хүн ухаангүй болчихсон байна” гэж хэлсэн чинь “манайх Гачууртыг хүлээж авахгүй, Гачууртын 103 руу залга” гэхээр нь би залгасан чинь очих боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө ухаангүй залууг найз Чулуунхүүгийн машинд, Буянтогтох, мөн амралтын газрын эзэн гэх эмэгтэй бид гурав өргөж суулгаад, Гачууртын эмнэлэг орж хүлээн авах тасагт нь нөгөө ухаангүй залууг оруулсан. ...” /1хх 71-72/,

гэрч Р.Д-ийн “... Тэгээд би гэртээ хоол цайгаа идэж уугаад 00 цагийн орчимд унтахаар хэвтэхэд баруун талын гэрт маргалдах чимээ гарсан. Баруун талын гэрийн залуучууд зүүн талын гэрт байсан саарал өнгийн цамцтай, 180 см өндөртэй залуутай маргалдаад байсан. Нэг харахад зүүн талын гэрийн зүүн урд хэсэгт амь хохирогч /ногоон өнгийн десант өмдтэй залуу/ биеийн зүүн талаар нүүр хэсэг нь доош харсан байдалтай газар хэвтэж байсан. Тэгээд дээш харуулахад ам, хамар орчмоос нь цус мэт зүйл гарсан байдалтай байсан бөгөөд 14-16 насны хоёр эмэгтэй амьсгалж байна гэж хэлсэн тул Отгон гэх залуу эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн боловч эмч ирэхгүй байсан тул амь хохирогчийн найз гэх саарал цамцтай залуу өргөж, зүүн талын гэрийн баруун урд талын орон дээр хэвтүүлээд тухайн залуу цээж орчимд нь дарж, хиймэл амьсгал хийсэн бөгөөд цамцны энгэр орчмыг сөхөж үзэхэд хоолой орчимд нь улайсан байсан. Мөн эрүү, дух орчимд зулгарсан шархтай байсан. Тэгээд эмнэлэг ирэхийг хүлээсэн боловч ирэхгүй байсан тул бид нар ярилцаад Гачуурт тосгон дахь эмнэлэг рүү баруун талын гэрийн залуугийн Приүс маркийн автомашинтай залуугийн хамт би, Отгоогийн найз гэх залуу автомашин жолоодож, Отгоо автомашины хойд талд амь хохирогчийг өвөр дээрээ суулгаад Гачуурт тосгоны эмнэлэгт хүргэж ирсэн. ... гэхдээ манай байгууллагын гадна хяналтын камерын бичлэгтэй учир тухайн бичлэгт тодорхой бичигдсэн гэж бодож байна. ...” /1хх 96-97/,

шинжээч эмч Т.Сэлэнгийн “...Талийгаачийн зүүн нүдний гадна буланд байгаа цус хуралт, зулгаралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, энэ гэмтлийг гараар цохиход үүсэх боломжтой. Харин бусад нүүр болон хүзүүнд учирсан гэмтлүүд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн дух хэсэгт байгаа зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин бусад буюу хүзүү, эрүү, доод уруулын гэмтлүүдийг өшиглөхөд үүсэх боломжтой. Энэ тархины битүү гэмтэл нь газар унахад үүсэхгүй, харин цохих болон өшиглөхөд үүсэх гэмтэл. Талийгаачийн үхэлд хүргэсэн тархины гэмтэл нь эрүү, нүүр хэсэгт өшиглөхөд үүсэх боломжтой гэмтлүүд. Түүнээс нүүр хэсэгт гараар нэг цохиход үүсэх боломжгүй. Энэ гэмтлийг талийгаач эрүү хэсэгт цохилт авснаас үүсэх гэмтэл. Талийгаач нь өөрөө согтолтын хэмжээ их байсан, мөн эрүүн тус газарт хүчтэй цохигдож хойшоо толгой хэсэг хүчтэй савагдан уг тархины гэмтэл үүсч нас барсан байна. Энэ тархины гэмтлийг авсан үед эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй. ...” /1хх 204-206/,

шүүгдэгч Л.Чгийн яллагдагчаар өгсөн “... Гэрийн баруун талын орон дээр унтсан, тэгэхэд гэнэт хүмүүс маргалдаад байхаар нь би босоод харахад надтай замд таарсан өндөр, согтуу залуу манай гэрт орж ирээд манай хэдтэй зодолдож байхаар нь би босоод салгах гээд дийлэхгүй болохоор гэрээс бүгдийг түлхэж гаргаад гэрийн үүдэнд зогсож байсан Нямсүрэнг зодоон хийлээ гээд нэг удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон чинь хажуу талын гэрээс талийгаач Гансүх нилээд согтуу “чамайг ална” гээд үгийн зөрүүгүй миний нүүр рүү цохисон. Тэгэхэд би хойшоо болоход талийгаач өөрийн хүчиндээ газар унахаар нь би очоод “чи муу зүгээр байгаарай” гээд баруун хөлөөрөө талийгаачийн эрүүн тус газар нь нэг удаа хүчтэй цохиход талийгаач дээшээ харж унаад “чамайг ална аа” гээд байхаар нь би гэрийн баруун талд зодоон хийж байгаа нөгөө хэд рүү очихдоо хүний, өөрийн гэхгүй таарсан хүн болгонтой цохилцсон. Тэр үед талийгаач Гансүх зодоон хийж байгаа бид нар дээр дахин  хүрээд ирэхээр нь Эрдэнэ-Отгон өөдөөс нь очиж гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохиж газар унагасан чинь талийгаач бас “та нарыг бүгдийг ална аа” гээд Эрдэнэ-Отгоны зүүн хөлнөөс хоёр гараараа зуурчихаад тавихгүй байхаар нь би очоод “чи муу зүгээр байгаарай” гээд дахин баруун хөлөөрөө талийгаачийн эрүү хэсэгт хоёр дахь удаа өшиглөсөн чинь талийгаач дээшээ харж унаад ухаан алдаад сэрэхгүй байсан чинь тэнд байсан хүмүүс “хүн ухаан алдчихлаа, эмнэлэг дуудаарай” гээд сандраад байхаар нь би дотроо “би өшиглөөд хүн алчихлаа” гэж мэдээд их айдастай байсан. Удахгүй цагдаа ирээд бид нараас мэдүүлэг авахад би айгаад “би цохиогүй, санахгүй байна” гэж худал хэлсэн. Тухайн үед бүгд согтуу харилцан зодолдсон, тэгэхдээ талийгаач бол өөрөө их согтуу зодоон хийх тэнхээгүй байсан. Харин найз гэх өндөр залуу нь манай хэдтэй зодолдоод байсан болохоор талийгаачийг Эрдэнэ-Отгон, бид хоёроос өөр цохиж зодсон хүн байхгүй. Тэгэхдээ би талийгаачийг хоёр удаа нүүрний эрүү хэсэгт өшиглөсөн. Би хяналтын камерын бичлэгийг үзсэн. Тэр фосфортдог өмдтэй, талийгаачийг өшиглөж байгаа эрэгтэй бол би мөн. Би өөрийн хийсэн хэрэгтэй их гэмшиж байна. ...” /2хх 53-54/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 998 дугаартай “...Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи хавагнаж нас баржээ. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой болон суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархи, уртавтар тархи, гүүрний аалзан хальсны доорх тархмал цус харвалт, баруун, зүүн хажуугийн ховдол, 3, 4 дүгээр ховдлын цус харвалт, дух, баруун хөмсөг, зүүн нүдний гадна булан, эрүү, хүзүү, зүүн шуу, баруун сарвуунд зулгаралт, доод уруулд язарсан шарх, цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал тархины гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Талийгаачийн үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 3,8 промилл спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтыг харуулж байна. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Талийгаач нь А/2/ дугаар бүлгийн цустай байна. ...” /1хх 188-191/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 392 дугаартай “...Л.Ч нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна. Одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна. Л.Ч нь гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна. Л.Чд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Л.Ч нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...” /1хх 208-209/ гэсэн дүгнэлтүүд,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийн 23:56:28 цагт 3 дахь гэрт байсан хүмүүс гарч ирээд зодоон эхэлж, 23:57:17 цагт бужигналдаж байхад амь хохирогч газарт унасан байх ба 23:57:28 цагт өмднийхөө шуумаг хэсэгт гэрэл ойлгогчтой 1 дэх гэрт байсан эрэгтэй амь хохирогч дээр очиж толгой хэсэг рүү нь 1 удаа өшиглөж, амь хохирогч газарт хэвтэж байгаа нь бичигдсэн байв. Бичлэгийн 23:57:43 цагт амь хохирогч босч ирэх үед хар өнгийн хувцастай эрэгтэй амь хохирогчийг цохиж унагаахад шуумаг хэсэгтээ гэрэл ойлгогчтой өмдтэй эрэгтэй амь хохирогчийн толгой хэсэг рүү дахин 1 удаа өшиглөж амь хохирогч газарт хэвтэж байгаа нь бичигдсэн байна. Түүнээс хойш амь хохирогч газарт унаснаасаа хойш босч ирэхгүй байгаа нь бичигдсэн байх ба зодоон дууссаны дараа 3 дахь гэрт байсан 2 эмэгтэй амь хохирогчийг сэрээх үйлдэл хийж, татаж босгох гэж оролдож байх боловч амь хохирогч босч ирэхгүй байв. ...” гэсэн тэмдэглэл /1хх 30-35/,

гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 2-13/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 14-18/, Л.Чгийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 36-39/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 48/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шинжээч эмч Т.Сэлэнгэ нь “... Талийгаач нь өөрөө согтолтын хэмжээ их байсан, мөн эрүүн тус газарт хүчтэй цохигдож хойшоо толгой хэсэг хүчтэй савагдан уг тархины гэмтэл үүсч нас барсан байна. ...” /1хх 204-206/ гэсэн мэдүүлэг өгсөн байх боловч камерын бичлэгээс үзэхэд, шүүгдэгч Л.Чгийн амь хохирогч М.Гийн нүүрэн тус газар 2 удаа өшиглөсний дараа толгойгоороо савж унасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Л.Чгийн амь хохирогч М.Гийн нүүрэн тус газар өшиглөсөн үйлдлээс  гавал тархины битүү гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Л.Чг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Л.Чгийн амь хохирогч М.Гийн нүүр, эрүүн тус газар 2 удаа өшиглөж, гавал тархины битүү гэмтэл учруулан амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Л.Чгийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан “...шүүгдэгч нь өөрийн санаачилгаар гэм хорын хохиролд 13.000.000 төгрөг төлсөн, мөн цаашид ч иргэний журмаар болон бусад байдлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирлын мөнгө болон бусад хэлбэрээр дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа амь хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялыг багасгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 8-12 жил хүртэл хорих ял шийтгэхээр заасан бөгөөд анхан шатны шүүхээс энэ зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Чг 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, холбогдсон хэргийнх нь зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцжээ.

Иймд шүүгдэгч Л.Чгийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Өмгөөлөгч Ө.Амарбаясгалангаас давж заалдах гомдолдоо шүүгдэгч Л.Чгийн ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг төлсөн талаарх хууль ёсны төлөөлөгч Б.Бийн тайлбарыг хавсаргаж өгснийг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Л.Чгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 73 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1122 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Чгийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Чгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 73 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                   Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                   Т.ӨСӨХБАЯР