| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2017/00155/Э |
| Дугаар | 00155 |
| Огноо | 2017-11-22 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 00155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Э.Энхбат
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Б.До
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Т.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Өт холбогдох 1732000110011 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 12 сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, бага насны 2 хүүхдийн хамт *, урьд өмнө 1 удаа ял шийтгүүлж байсан, Зуут овогт Тогтоонтөмөрийн Ө РД:/*/
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Ө нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хоёр даваа” гэх газар Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн төв асфальтан замд Ниссан Санни загварын 97-47 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлэлгүй замын хөдөлгөөнд оролцсоны улмаас тээврийн хэрэгслийн явах эд анги эвдэрсний улмаас эсрэг урсгалд явсан Верна Аксент загварын 07-11 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргасаны улмаас тээврийн хэрэгслүүдэд зорчин явсан Д.Бу, О.Эн нарын амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Шарын голоос Улаанбаатар хотруу явж байсан чинь миний машин жолоодлогогүй болж машин эвдэрснээс эсрэг урсгалд орж өөдөөс ирж байсан верна аксент маркийн автомашиныг мөргөсөн. Миний эхнэр газар дээрээ нас барсан. Хохирогч талын 02 настай хүүхэд бас нас барсанд гүнээ харамсаж байна. Талийгаач эхнэрийн маань эмээ нь нас бараад оршуулгын ажилд нь оролцчихоод буцаж явахдаа ийм осол болсон гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.До мэдүүлэхдээ: ... 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Аргалант сумаас өглөө гараад замаараа хүй долоон худгаар дайрчихаад Сэлэнгэрүү ээж модонд мөргөх гээд явж байсан юм. 07-11 АРХ улсын дугаартай цагаан өнгийн верна аксент маркийн автомашинтай явж байсан. Машин дотор эхнэр жолоочийн хажуугийн суудал дээр хүүгээ тэврээд сууж байсан. Охин ард унтаж байсан. Баруунхараагийн урд талд төвөөс урагшаа замынхаа 2 талаас модтой газрыг дөнгөж өнгөрөөд өгсөж явсан. Тэгсэн гэнэт өөдөөс Өын машин гарч ирээд л мөргөчих шиг болсон тэгээд би ухаан алдаад нэг сэргэсэн чинь замын хажуу руу орчихсон байсан. Тэгээд бага хүү ухаангүй, эхнэр жирэмсэн орилоод ард охин орилоод байсан. Эхнэрийн цээжээр нь өвдөөд байдаг байсан биеийн байдал нь сайжраагүй толгой нь өвдөөд байдаг. охин болохоор элэг нь няцралттай байна гэсэн би өөрөө богино хавирга хугарчихсан байсан би одоо гайгүй болсон. Одоо хохиролоос 100000 төгрөг үлдсэн тэгээд нэмж машины хохиролын мөнгө 1000000 төгрөг нийт 1100000 төгрөг нэхэмжилнэ гэжээ.
Мөрдөн байцаалтанд хохирогч О.Э мэдүүлэхдээ: “...2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн орчим эгч О.Эн залгаад “Баруун хараагаас нөхөртөө жолоодуулаад явж байна” гэж яриад 20 орчим минутын дараа осол болсоныг мэдсэн...Азаар хоёр хүүхэд нь гэмтээгүй...Бидны хувьд Т.Өт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 50-51-р тал/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №195 дугаартай “...Б.Бурмаагийн биед зүүн шилбэний тахилзуур ясны хөндлөн хугарал, шаант ясны цуурал, хугаралтай, зүүн тохойны хажуу хэсэгт язарсан шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 49-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч Г.То мэдүүлэхдээ: Гэрч Г.Тогийн “...Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг руу орж, төв замаар явж байсан чинь эсрэг урсгалд явсан саарал өнгийн суудлын автомашин гэнэт урсгал сөрөөд манай машины урдаас орж ирж мөргөсөн. Тухайн машин маш их хурдтай явсан. Осол болох үед би хажуугийн суудалд 1 нас 11 сартай хүү Д.Буийгээ өвөр дээрээ аваад сууж явсан. Арын суудалд 06 настай охин Т.Хишигжаргал унтаж явсан...Ослын улмаас миний хүү Д.Бу гэмтлийн эмнэлэгт ухаангүй хүргэгдэж эмчлүүлж ухаан орохгүй байсаар байгаад 5 дахь хоног дээрээ нас барсан. Охин Хишигжаргал, нөхөр болон миний биед хөнгөн гэмтэл учирсан ба нөхөр До бид хоёр нэхэмжпэлийн баримтуудаа хамт гаргаж нэхэмжилж байгаа юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 58-59, 61-р тал/
Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн акт №41 дугаартай “....Талийгаач О.Эн нь цээжний хөндийн эрхтний гэмтлийн улмаас хурц амьсгал дутагдалд орж нас баржээ” гэх шинжээчийн дүгнэлт./хавтаст хэргийн 98- 99-р тал/
Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн акт №1457 дугаартай “....Талийгаач Д.Буийн биед хоёр зулай, чамархайн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зулайн төвийн далангийн няцаралт, духны хүйханд цус хуралт тогтоогдлоо...Тархины хатуу хальс доорхи цус хураа нь тархийг дарж шахаж үхэлд хүргэжээ” гэх шинжээчийн дүгнэлт./хавтаст хэргийн 113-114-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн хэлтсийн Автотехникийн лабораторийн шинжээчийн №3886 дугаартай “яллагдагч Т.Ө бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсоныг нотолсон” шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 113-114-р тал/
Техникийн шинжээчийн №45 дугаартай “...Ниссан Санни загварын 97-47 ДАХ улсын дугаартай авмашины жолооч Т.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ “хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа....тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” 8.2. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 72-р тал/ Шүүгдэгч Т.Өын хувийн байдал тогтоосон баримтууд нолох хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 133-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 132-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 136-139-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар:
Шүүгдэгч Т.Ө нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хоёр даваа” гэх газар Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн төв асфальтан замд Ниссан Санни загварын 97-47 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлэлгүй замын хөдөлгөөнд оролцсоны улмаас тээврийн хэрэгслийн явах эд анги эвдэрсэний улмаас жолоодлоггүй болж эсрэг урсгалд явсан Верна Аксент загварын 07-11 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас шүүгдэгчийн жолоодож явсан Ниссан Санни загварын 97-47 ДАХ машинд зорчин явсан О.Эн, Верна Аксент загварын 07-11 АРХ машинд зорчин явсан 2 настай хүү Д.Бу нарын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Ө нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсоны /ХХ- 113-114-р тал/ улмаас авто осол гаргаж 2 хүний амь насыг хохироосон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дод оршуулгын зардал болон машины хохиролд 6280000 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас эхнэр нь нас барж, бага насны 2 хүүхэд түүний асрамжинд үлдсэн бөгөөд 2004 оны 11 дүгээр сарын 18нд төрсөн хүү Ө овогтой Жавхлантөгс, 2012 оны 06 дугаар сарын 12 нд төрсөн хүү Ө овогтой Билгүүн нарыг эмэг эх буюу Т.Өын төрсөн эх Сэрээтэр овогтой Долгорсүрэнгийн асрамжинд үлдээж, Шүүгдэгч М.Өт ял шийгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэг нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оршуулгын зардал төлсөн, шүүгдэгчийн ар гэрт бага насны 2 хүүхэд байгаа зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, одоогоор хэлэлцэгдэх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, Т.Өын 448645 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг тогтоолд тусгах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Зуут овогт Тогтоонтөмөрийн Өыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоны улмаас 2 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь зааснаар Т.Өын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуульд зааснаар 01 жил 04 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар Т.Өт оногдуулсан 01 жил 04 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.До нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй дурьдсугай.
5. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлйин 1 хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар хоригдол М.Өын асрамжинд байгаа 2004 оны 11 дүгээр сарын 18-нд төрсөн хүү Ө овогтой Жавхлантөгс, 2012 оны 06 дугаар сарын 12 нд төрсөн хүү Ө овогтой Билгүүн нарыг эмэг эх буюу /Т.Өын төрсөн эх/ Сэрээтэр овогтой Долгорсүрэнгийн /НИ57020503/ асрамжинд үлдээсгэй.
6.Энэ хэрэгт хураагдан ирсэн Т.Өын 448645 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Д.Төр-Амгаланд даалгасугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэлэлцэгдэх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан,/хүргүүлсэн/ өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ