Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01235

 

 

“Д” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/00706  дугаар шийдвэртэй

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Б, Д.Ш нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 94 895 518 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн төлөөлөгч П.Туул, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2018 оны 10 дугаар сарын 16-нь өдөр DF50104 дугаар зээлийн гэрээг бичгээр байгуулан 22 500 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр DF50105 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулан 67 500 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний 3.1.6-д заасны дагуу манай банк бус санхүүгийн байгууллага Хаан банкны 5179020540 тоот данснаас С.Бгийн Хаан банкны 5021648906 тоот дансанд мөнгийг тус тус шилжүүлсэн. Зээлдэгч нар графикийн дагуу төлөлтөө хийж чадахгүй, үндсэн зээлээс төлөлт хийж чадахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан DF50104 дугаартай зээлийн гэрээний хувьд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн хүүд 828 400 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 802 936 төгрөг, 2019   оны 7 дугаар сарын 22-ны өдөр 6 000 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 9 500 000 төгрөг манай барьцаанд байсан автомашиныг худалдан борлуулж нийт 17 131 413 төгрөг, 2018 DF50105 дугаартай зээлийн гэрээний хувьд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2 407 801 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1 697 064 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 8 000 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 22 104 865 төгрөг бүгд 39 236 281 төгрөгийг төлсөн байна. Энэ хугацаанд зээлдэгч нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 134 131 799 төгрөг төлөхөөс 39 236 281 төгрөг төлж, хоёр зээлийн үлдэгдэл 94 895 518 төгрөгийг төлөөгүй байна. Зээлийн гэрээний 3.1.3, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу манай байгууллагын зүгээс нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардах эрхтэй. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 16,17-ны өдөр DF50104, DF50105 дугаартай барьцааны гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 103 дугаар байрны 8 тоот 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 103 дугаар байрны зоорийн давхрын 12 тоот дулаан зогсоол, 18-64 УБ улсын дугаартай, эксковатор автомашин, 53-43 УБР улсын дугаартай Тоуоtа приүс маркийн автомашиныг тус тус барьцаалан тухайн тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг манай банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлэн өөрсдөө унаж ажилд түрээсэлж явах нөхцөлтэй барьцаалсан. 53-43 УБР улсын дугаартай автомашиныг суллаж зарах хүсэлтэй байсан тул 9 500 000 төгрөгөөр зээлдэгчид өөрсдөө борлуулж одоогийн байдлаар 3 ширхэг барьцаатай болсон байна. Хамтран зээлдэгч Д.Ш 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр манайд хандаж 2018 оны 5 дугаар сард багтааж төлнө гэх хүсэлт бичгээр үйлдэж өгсөн боловч хугацаандаа ямар ч төлөлт хийж чадаагүй. Манайх цаг хугацааны хувьд хангалттай боломж олгож төлж дуусгахыг хүлээсэн боловч үндсэн зээлдэгч С.Б утсаа авахгүй гэрт нь очихоор уулзахгүй байхгүй гэж хэлүүлдэг болсон. Цаашид хоорондоо тохиролцох боломжгүй болсон тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 94 895 518 төгрөг нэхэмжилсэн ба манайх хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүү 742 932 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, байх тул үлдэх 94 152 586 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. Хариуцагч нарын итгэжлэгдсэн төлөөлөгч ББСБ-аас мөнгийг шилжүүлсэн эсэхэд эргэлзэж байна гэх боловч захирал Д.Туул байгууллагны данс гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Б, Д.Ш нар нь нэхэмжлэгч “Д” ХХК-иас хоёр удаа зээл авсан. Үүнээс барьцаалуулсан Приус-30 маркийн машиныг зарж, зээлийн төлбөрт төлсөн. Зээл, зээлийн хүү төлөлтийн бодолтод ямар нэгэн маргаан, тайлбар байхгүй. Одоогийн байдлаар хариуцагч нар зээлийг бодитойгоор төлөх боломжгүй байна. Зохигч талуудын хооронд нэмэгдүүлсэн хүүгээс гадна үндсэн хүүгийн тодорхой хувийг хасуулах талаар яриа болж байсан боловч хүлээж авсангүй. Зээлийн гэрээнд барьцаалсан эд хөрөнгүүд нь ойролцоогоор 300 000 000 төгрөгийн үнэлгээтэй. Тэгэхээр нэхэмжлэлийн үнийн дүнд хангалттай хүрнэ. Талууд барьцааны гэрээ байгуулсны дараа барьцааны зүйл болох С.Бгийн өмчлөлийн 18-64 УБ улсын дугаартай, эксковатор автомашиныг “Дотно финанс” ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байдаг, яагаад шилжүүлснийг гайхаад л байна. Шүүх хэрхэн шийдвэрлэхийг мэдэхгүй байна. Агуулгын хувьд нэхэмжлэгч талын нэр дээр шилжсэн буюу өмч нь болсон, тэгэхээр өөрийнхөө зээлийг өөрийн хөрөнгөөр хаана гэдгийг ойлгохгүй байна, фидуци гэж харагдахгүй байна. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч мөнгийг хүлээн авсан талаар маргахгүй, гэхдээ хэргийн 33 дугаар талд авагдсан харилцагчийн дансны хуулгаас харахад мөнгийг иргэн Д.Туулын данснаас явуулсан байна гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Д” ХХК С.Б, Д.Ш нараас нэмэгдүүлсэн хүү 742 932 төгрөг нэхэмжлэхээс татгалзсаныг баталж,  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар С.Б, Д.Ш нараас 94 152 586 /ерэн дөрвөн сая нэг зуун тавин хоёр мянга таван зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулж, “Д” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн Ү-2204043757 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 103 дугаар байр, 8 тоотод байрлах, 32.85 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204066062 дугаарт бүртгэлтэй мөн байрны зоорийн давхрын 12 тоотод байрлах, 18 м.кв талбайтай авто зогсоолыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 94.152.586 төгрөг гаргуулж, “Дотно финанс” ББСБ ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйл болох ННIHQ810\/С0000075 арлын дугаартай, 18-64 УБ улсын дугаартай, Нуиndai r300lс-9s эксковатор маркийн автомашины үнээс шаардлага хангуулах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хавтаст хэргийн 21,22 дугаар талд авагдсан Авто тээврийн үндэсний төвийн баримт, техникийн тодорхойлолтыг нотлох баримтаас хасаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632 428 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Б, Д.Ш нараас 610 048 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг тус дүүргийн шүүх 2020 оны 3-р сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаараа хэлэлцэж, 00706 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно. Шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардаж гаргасан болно. Шүүгчийн дээр дурдсан үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно”, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт “Шүүх хуралдааны завсарлагаар зохигчийг гарч явахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгч шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” гэж заасныг үндэслэн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч С.Б, Д.Ш нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 94 895 518 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн хүүгийн 742 932 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч С.Б, Д.Ш нартай 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр DF50104 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 22 500 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, мөн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр DF50105 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 67 500 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй тус тус зээлүүлсэн байна. /хх.21-25/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан заалттай нийцжээ.

Хуульд зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэг хүлээдэг бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч С.Б, Д.Ш нар гэрээний хугацаанд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн DF50104 дугаартай гэрээний үндсэн зээлд зээлийн хүүнд  17 131 416 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн DF50105 дугаартай гэрээний үндсэн зээл болон зээлийн хүүнд 22 104 865 төгрөгийг төлсөн. Хариуцагч нар нэхэмжлэгчийн гаргасан зээлийн гэрээний төлөлт, тооцоолол, зээлийн төлбөрийн хэмжээг үгүйсгэж маргаагүй байна.

Шүүх зээлдүүлэгчийн гаргасан зээл, хүүгийн тооцоололд үндэслэж хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 94 152 586 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч “Д” ХХК нэхэмжлэлийн нэг шаардлагаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан бөгөөд анхан шатны шүүх хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “Шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гаргахыг шаардаж гаргасан нь хууль зөрчсөн” гэж тайлбарлаж байгаа боловч уг нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.