Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 00161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Нарийн бичгийн дарга                              П.Нямсүрэн

 Улсын яллагч                                            Э.Энхбат

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                           А.Хандмаа

             Шүүгдэгч                                                   Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Уд холбогдох 1732000000055 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 05 сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт *, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Бэрх овогт Цэдэндашийн У РД:/*/

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Ц.У нь иргэн Л.Гд өөрийгөө “Цагдаагийн ерөнхий газарт тогтоочоор ажилладаг, хүү Г.Оыг нь Хууль сахиулах их сургуульд оруулж өгнө гэж” Цагдаагийн ерөнхий газарт ажилдаггүй байж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч мэхлэн 2017 оны 07 сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкаар дамжиулан 1.100.000 төгрөг, 08 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкаар дамжиулан 280.000 төгрөг, нийт 1.380.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.У мэдүүлэхдээ: ... Мө гэдэг эмэгтэйг би таньдаг байсан юм. Тэгсэн тэр эмэгтэй маань өвчний улмаас хагалгаанд орох болоод 360000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь түүнд мөнгө олж өгөх гээд тийм зүйл хийсэн. Хохирогчоос авсан мөнгөнийхөө үлдсэн мөнгийг нь хадгалчихсан байж байгаад бага багаар үрсээр байгаад дууссан. Бас хохирогчоос 280000 төгрөгийг нэмж авсан шалтгаан нь Улаанбаатар хотод байр хөлсөлж барилга дээр обой наадаг ажил хийдэг байсан тэр газраасаа цалингаа авч чадаагүй учир тэр мөнгөө байрны түрээсэнд өгсөн. Гэмт хэрэг хийснээ ойлгож байгаа. Хохирогчоос авсан мөнгөнийхөө үлдсэн 1000000 төгрөгийг группээ сунгагдахаар зээлээ аваад төлж барагдуулна. Буруу зүйл хийснээ ойлгосон, дахиж ийм хэрэг хийхгүй гэжээ.

Мөрдөн байцаалтанд хохирогч Л.Г мэдүүлэхдээ: ...миний төрсөн дүүгийн эхнэрийн дүү Даариймаа надтай утсаар яриад “танай хүүг Хууль сахиулах их сургуульд оруулж өгөх хүнтэй цуг явж байна, та~хүрээд ир” гэж хэлэхээр нь би Баянзүрх дүүргийн Халдвар судлал үндэсний төвийн буудлын хажууд Даариймаагийн танил гэх У гэх эмэгтэйтэй уулзаж хүүгийнхээ сургуульд орох бичиг баримтыг өгсөн. Тэгээд би тэр оройноо Сэлэнгэ аймгийн Мандал суманд гэртээ хариад байж байтал маргааш нь У гэдэг хүүхэн над руу яриад “сургуульд орохоор болчихлоо, миний өгсөн хаан банкны данс руу мөнгө хурдан хийгээдэх” гэж хэлэхээр нь би Зүүн хараад байдаг Худалаа хөгжилийн банкаар дамжуулан Уын өгсөн хаан банкны данс руу эхэлж 1100000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Утай утсаар ярихаар “бүтэж байгаа хээрийн сургалтад гараагүй хугацааг аргалж байна” гээд яваад байдаг байсан. Тэгж байснаа 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр У нь “танай хүүгийн сургуульд орох хээрийн сургалтыг /карентин/ аргалж байна, дахин мөнгө хэрэгтэй боллоо” гэж хэлээд 280.000 төгрөг дахин Зүүн хараагийн Хаан банкны АТМ машинаар шилжүүлсэн...Ингээд утсаа авахгүй байхаар нь Цагдаагийн ерөнхий газраас асуутал тийм тогооч байдаггүй гэж хэлсэн ба худлаа ярьсаныг мэдсэн...Ц.У 380.000 төгрөгийг буцаан өгсөн, 1.000.000 төгрөгийг 11 сард багтааж өгнө гэсэн” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 16-19-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Г.О мэдүүлэхдээ: ...Ц.У гэх эмэгтэй “цагдаагийн ерөнхий газарт ахлах тогтооч хийдэг, таньдаг хүн байгаа, Хууль сахиулах их сургуульд 2.5 сая төгрөгөөр оруулж өгье, эхний ээлжинд 1 сая төгрөг, нэг шил вискитэй өгөөрэй” гэсэн. Ингээд 1.100.000 төгрөг, дахин 280.000 төгрөг авсан...Тэгээд бүтэхгүй болохоор нь аав Цагдаагийн ерөнхий газар таньдаг хүн байгаа эсэхийг шалгахад хүмүүс “байдаггүй” гэж хэлсэн...Ингээд утсаа авахгүй болохоор нь сураглаж байгаад “Болор” зочид буудалд очиход жижүүрийнх нь өрөөнд сууж байснаа бид хоёрыг хараад царай нь хувьс хийгээд “бид хоёртой маргааш хүнийг нь уулзуулна” гэхэд “аав хүүхдийн материал, мөнгө аваад ир” гэхэд буудлын өрөөний орон доороос гаргаж ирсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 21-22-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Да мэдүүлэхдээ: ...Л.Г ах, О, манай найз Мө бид дөрөв Ц.У гэх эмэгтэйдээ уулзсан. Тэгсэн “2.5 сая төгрөгөөр Оыг сургуульд оруулж өгье” гэсэн. Тэгээд эхлээд “материалыг үзье эхний ээлжинд 1 сая төгрөгийг нь авъяа, сургуульд оруулж өгөөд 1.5 сая төгрөгийг нь авъя” гэж яриад Оын материалыг авч үлдээд мөнгө төгрөгийг нь яах юм гэсэн чинь “би маргааш данс өгнө, тэр данс руу хийгээрэй” гээд явсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 07 сарын 03-ны өдөр Л.Г ах руу Ц.У данс явуулсан юм шиг байна лээ, “1 сая төгрөгийг нь данс руу нь хийчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ц.Уын утас руу нь залгаад 1 сая төгрөг хийсэн гэж байна шүү гэж хэлсэн ба үүнээс хойш би холбогдоогүй. Тэгээд энэ талаар асууж сураглаагүй байж байгаад 2017 оны 10 сарын эхээр Л.Г ах над руу залгаад “нөгөө эмэгтэй чинь Оыг сургуульд оруулж өгсөнгүй, мөнгө аваад алга болчихлоо, утсаа авахгүй байна” гэхээр нь Болор нэртэй буудалд амьдардаг гэж хэлсэн тэгээд Л.Г ах очиж уулзсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 23-24-р тал/

Хохирогч Л.Г Ц.Уд банкаар дамжиулж мөнгө шилжүүлснийг нотлох банкны баримтууд. /хавтаст хэргийн 20-р тал/

           Шүүгдэгч Ц.У нь иргэн Л.Гд өөрийгөө “Цагдаагийн ерөнхий газарт тогтоочоор ажилладаг, хохирогxийн хүү Г.Оыг нь Хууль сахиулах их сургуульд оруулж өгнө гэж” Цагдаагийн ерөнхий газарт ажилдаггүй байж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч мэхлэн 2017 оны 07 сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкаар дамжиулан 1100000 төгрөг, 08 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкаар дамжуулан 280000 төгрөг, нийт 1380000 төгрөгийг залилан авсан нь үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх  тул  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

           Иймд шүүгдэгч Ц.Уыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тохирох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Уд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/ хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохиролыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.      

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлд заасныг  тус, тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бэрх овогт Цэдэндашын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэнд  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд  1000000 / нэг сая/ төгрөгийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор хохирогч Л.Гд төлж барагдуулахыг үүрэг болгосугай.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Ц.Уд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад  урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

4.Ц.У нь цагдан хоригдсон хоноггүй,энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар  шүүхээс тогтоосон хугацаанд  хохирол төлөх үүргийг биелүүлээгүй бол шүүх  Ц.Уын  ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг  мэдэгдсүгэй.

 6. Ц.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.        

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ