Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 579

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Г.Урангуа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалан,

шүүгдэгч: О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн О т холбогдох эрүүгийн 1705 0139 00278 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Шүүгдэгч О  нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний шилжих шөнө 02  цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Сиа” баарны гадна пивоны шил шидлээ гэх шалтгаанаар иргэн Б.Энхжаргалтай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь тэлээгээр нэг удаа ороолгож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-О  мэдүүлэхдээ:

2017 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Сиа” баарны гадна тамхи татаад зогсож байсан. Гэтэл нэг танихгүй хүн хажуугаар өнгөрөхдөө пивоны шил шидчихээд яваад өгсөн. Нөгөө пивоны шил нь миний хажууд газар хагарсан. Намайг оноогүй. Тэгэхээр нь би “чи яагаад пивоны шил шидээд байгаа юм, хүн онолоо шүү дээ” гэж хэлтэл “би шидээгүй” гэж нэг залуу хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад, би тэр залууг айлгах зорилгоор өмдний тэлээгээр савтал тэр залуугийн нүдийг оносон. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Прокуророос санал болгосон 450 000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн мөнгийг төлөх боломжтой. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Энхжаргал мэдүүлэхдээ:

...”Сиа” баарны гадаа зогсож байсан чинь зам дагуу байсан ТҮЦ-ний ойролцоо пивоны шил хагарсан. Тэгсэн чинь нэг махлагдуу залуу “та нар яагаад пивоны шил хаяад байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би биш ээ, өөр хүн хагалсан шүү дээ гэж хэлээд бага зэрэг маргалдахад нөгөө махлагдуу залуу хувцасаа тайлаад “тэгвэл үзчихье” гэж хэлсэн. Тэр үед би “болио, хэрэггүй” гээд тэр махлагдуу залууг түлхэж өөрөөсөө бага зэрэг холдуултал гэнэт миний нүд рүү тэлээгээрээ ороолгосон,

...О аас хохирлын мөнгөнд 1 000 000 төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй гэжээ. ( хэргийн 18, 34 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Буянбат мэдүүлэхдээ:

...бид нар ТҮЦ-ний хажууд байсан машин руугаа явж байтал бид нарын хойно пивоны шил хагарсан. Тэгээд эргээд хартал хойноос нэг залуу /О / нэг эмэгтэйтэй хамт “хөөе наад пивоны шил чинь намайг онолоо шүү дээ” гээд цамцаа тайлаад ойртоод ирсэн. Тэр залуу ойртож ирээд Энхжаргал ахтай маргалдаад байж байтал хажуугаар нь гар нь боолттой өөр нэг залуу /Данзанравжаа/ орж ирээд Энхжаргал ахыг түлхсэн. Тэр үед Данхар Отгоо гэх залуу “та нар намайг халхад мэдэх үү. Данхар Отгоо гэж би байна” гэж хэлсэн. Тэр үед би тэр хоёрыг салгах гээд дундуур нь ортол Данхар Отгоо гэх залуу /О / нь хойшилж байснаа өөрийнхөө тэлээг сугалаад Энхжаргал ахын нүд рүү ороолгосон гэжээ. ( хэргийн 14 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14134 тоот дүгнэлтэд:

1. Б.Энхжаргалын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

О  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч О  нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний шилжих шөнө 02  цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Сиа” баарны гадна пивоны шил шидлээ гэх шалтгаанаар хохирогч Б.Энхжаргалтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар ньөмдний тэлээгээр нэг удаа ороолгож, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Энхжаргал, гэрч Т.Буянбат нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14134 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас О т холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнийг 450 000 нэгжээр торгох эрүүгийн хариуцлагын саналыг зөвшөөрсөн болно.

 

Хохирогч Б.Энхжаргал нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокурорын саналын хүрээнд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэлээ.    

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар О  нь торгох ялыг 1 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН