Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/30

 

*******ад холбогдох 
эрүүгийн хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:   
Прокурор Ч.Отгонбаатар
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,        
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхамын гомдлоор шүүгдэгч ... холбогдох 2122001310027 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв. 
Шүүгдэгч: ******* овогт *******ийн *******, 1999 оны 03 сарын 25-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн ******* тоотод оршин суух хаягтай РД:/*******/.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 7 дугаар гудамжинд “Соната-6” маркийн 65-57 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж *******ын биед хүндэвтэр хохирол санаатай учруулж, *******ын “Huawei Р-40 Lite” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, 540000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 
           Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс гадагш явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *******ын эрүүл мэндийн хохиролд 2.300.000 төгрөг, гар утасны хохиролд 540.000 төгрөгийг нөхөн төлсөн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын журмын хашаанд хадгалагдаж байгаа 3 метр, 20 см урттай, 9 см өргөнтэй цагаан шаргал өнгийн 2 үзүүртэй хадаастай модны гол хэсгээр бор хүрэн өнгийн нимгэн төмрөөр 2 газарт модыг ороож хадаасаар тогтоосон бөөрөнхий хэлбэртэй модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж ял шийтгэл халдаасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Бямбацогтод учруулсан хохирол төлбөрөө төлсөн. ******* нь ам бүл эхнэр болон 1-4 насны 3 хүүхдийн хамт амьдардаг хувиараа хөдөлмөр эрхэлж байсан. Иймд *******ад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг тухайн зүйл ангид заасан ялын доод хэмжээгээр оногдуулж ялуудыг нэмж нэгтгэн хөнгөрүүлэн өөрчилж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгчтэй санал нэг байна гэв. 
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээж авч, анхан шатны шүүхээс тогтоосон ялыг багасгах боломжтой байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч *******ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд гаргасан сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхамын давж заалдах гомдолд үндэслэн хянав. 
Давж заалдах шатны шүүх хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон шийтгэх тогтоолын хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлыг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянан үзэв. 
Шүүхийн шийтгэх тогтоол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг баримтлан дагаж мөрдсөн, хэргийн оролцогчдын эрх ашгийг ноцтой зөрчсөн зүйлгүй бөгөөд тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хангаж гарсан, шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь ялыг тохируулан хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч *******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг тээврийн хэрэгслээр мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан, хохирогчийн “Huawei Р-40 Lite” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсны улмаас 540000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож, шүүгдэгчийн гэмт үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл болох Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь обьекив, субьектив талын шинжээрээ тохирсон байна. 
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ. 
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдсан гомдолдоо зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээгээр нь оногдуулж өгнө үү гэж хүсжээ. 
Энэ хэргийн шүүх хуралдаанд оролцсон прокурорын зүгээс шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг баримтлан хэрэглэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарлажээ. 
Шүүхээс оногдуулсан ялыг шүүгдэгчийн хувийн байдал, хохирол арилгасан зэрэг нөхцөл байдалд үндэслэн хөнгөрүүлэн хэрэглэх боломжтой. Энэ талаар гаргасан өмгөөлөгчийн гомдол, прокурорын тайлбар үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх үзэв. 
Шүүгдэгчид оногдуулсан ялыг давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэн, тухайн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар тогтож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар ялуудыг нэмж нэгтгэн 7 сарын хугацаагаар ялыг эдлүүлэхээр тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.  
    
            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.    Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “3” гэснийг “1” гэж, “1 жилийн” гэснийг  “6 сарын” гэж, 3 дахь заалтын “1 жилийн” гэснийг “6 сарын” гэж, “3 сарын” гэснийг “1 сарын” гэж, шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг “1 жил 3 сарын” гэснийг “7 сарын” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.                
2.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.


ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ 

                                ШҮҮГЧИД                            Х.ГЭРЭЛМАА 

                                                     Ш.ТӨМӨРБААТАР