Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/31

 

*******д холбогдох 
эрүүгийн хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:   
Прокурор Ч.Отгонбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн 
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,        
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч Г.Батмөнх, З.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэнгийн гомдлоор шүүгдэгч *******д холбогдох 2222000000047 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв. 
Шүүгдэгч: ******* овогт *******гийн , ******* өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Дундговь аймгийн ... сумын ... дугаар баг -д оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй РД:/*******/.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Хулд сумын 4 дүгээр багийн Жирмийн 3-4 тоот хашаанд байх иргэн ******* гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгойн хэсэгт 1 удаа өшиглөж, зодсон үйлдлээр *******ын эрүүл мэндэд их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, суурь хэсгийн тархмал хатуу хальсан доорх цус хуралт, дух чамархайн голомтлог аалзан хальсан доорх цус хуралт, их тархины баруун тал бөмбөлгийн дагзны эдийн гүн дэх цусан бүлэн, тархины эдийн эвдрэл баруун чамархайн шугаман хугарал бүхий гэмтэл учруулж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ. 
           Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 8 /найм/жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 147 /нэг зуун дөчин долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож хасаж, Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунаад оршуулгын зардал 2.000.000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хар өнгийн хагас түрүүтэй үдээстэй гутал 1 хосыг шүүгдэгч *******д, Нокио маркийн хар өнгийн гар утас 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунаад тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 -д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “THE NORTH FACE” гэсэн бичигтэй хар өнгийн куртик 1 ширхэг, хар өнгийн “Спорт” гэсэн бичиглэл бүхий саравчтай малгай 1 ширхэг, урдаа цахилгаантай хар өнгийн куртик 1 ширхэг, урдаа цахилгаантай хар өнгийн цамц 1 ширхэг, ногоон өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар өнгийн ноосон өмд 1 ширхэг, эрээн ноосон өмд 1 ширхэг, саарал өнгийн хөх оруулгатай трусык 1 ширхэг, улбар шар оруулгатай оймс 1 хос, цагаан өнгийн хөлийн алчуур 1 хос, цэнхэр өнгийн уяа 1 ширхэг, хар өнгийн гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
... “Хохирогчийн амь нас эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учрахгүйгээр нас барах тохиолдол байхгүй. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан гэмт хэрэг нь хохирогч эмнэлгийн анхан шатны тусламж авсны дараа тодорхой цаг хугацааны дараа нас барсан тохиолдлыг хамруулсан ойлгоно” гэж анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
1.Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 19 дугаартай дүгнэлтээр талийгаачийн биед амь насанд аюултай хүнд гэмтэл учраагүй нь тогтоогддог, түүнчлэн шинжээч эмч М.Баттүвшиний 2022.04.22-ны өдөр ... талийгаачийн биед учирсан ... баруун чамархайн шугаман хугарал гэмтэл нь шууд үхэлд хүргэхгүй хүнд гэмтэл, гэмтэл авсан даруйдаа шаардлагатай эмнэлгийн тусламж авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсан ..." талаар мэдүүлсэн байдаг.
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 сарын 18-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтэд амь хохирогч Н Эрдэнэбаатар нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна”, амь хохирогч *******ын толгой хэсэгт үүссэн гэмтэл нь нас барахаас 24-48 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна”, “2022 оны 3 сарын 21-ний өдрийн 05-07 цагийн хооронд нас барсан байх боломжтой байна” гэж дүгнэдэг бөгөөд *******, амь хохирогч нар нь 2022 оны 3 сарын 19-ний өдөр хоорондоо маргасан, улмаар хэн хэнийхээ биед халдсан, үүнээс хойш хэн аль нь хүнээр хүргүүлж гэртээ очсон, амь хохирогч нь төрсөн эгч Ариунаагийн гэрт орж тодорхой цаг хугацаанд байсан, үүний дараа гэртээ өөрөө орж хэвтсэн, 3 сарын 20-ны өдөр гэртээ ах нь унтаж байна гээд хурхираад унтаж байсан /гэрч Эрдэнэхүү мэдүүлдэг/, энэ хооронд биед нь зовуурьтай байдал илрээгүй, бусад хүмүүс мэдээгүй. Өөрөөр хэлбэл амь хохирогч гэмтэл авснаасаа хойш хэвийн, эрүүл хүн шиг яваад байсан нөхцөл байдал нь гэрч Н.Ариунаа, Ч.Сайн-Ерөөлт, Т.Эрдэнэхүү, Батбаяр нарын мэдүүлгээр нотлогддог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заавал эмнэлгийн тусламж авсан байх талаар хуульчлаагүй байхад эмнэлгийн тусламж аваагүй нь энэхүү зүйл ангиар хөнгөрүүлэн зүйлчлэх боломжгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй.
Ижил төрлийн төсөөтэй гэмт хэргийг ялган зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдэгчийн санаа, зорилго, үйлдлийн шинж байдал, объектив талд хууль зүйн дүгнэлт хийж зөв зүйлчлэн шийдвэрлэх ёстой. Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор, мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж нас барсан зэргээр ялган зүйлчлэгдэхээр хуульчлагдсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т энэ хэргийн улмаас хохирогч нас барсан үйл явцыг үгүйсгэхгүйгээр хуульчилсан байдаг. Нас барсан гэх хор уршгийг энэ зүйл ангид хуульчилсан нь хүнд гэмтлийн улмаас нас барсан гэх шалтгаант холбоог тогтоосон хэрэглээний асуудал юм.
Шинжээч эмчийн мэдүүлгээр талийгаачид хүнд гэмтэл учирсан, эмнэлгийн тусламж авсан бол амь аврагдах боломжтой байсан талаар мэдүүлсэн, харин талийгаач эмнэлгийн тусламж авах шаардлагагүй мэт байж байгаад гэмтлээсээ шалтгаалан хүндрэл үүсэж, цусан хураа нэмэгдэж /150м/ уг гэмтлээсээ шалтгаалан 2022.03.21-ний өглөө нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Талийгаач тухайн үед хүнд гэмтэл /гэмтэл авсан нь илэрхий байсан бол/ авсныг шүүгдэгч болон бусад хүмүүс, гэрч нар мэдсэн байсан бол эмнэлгийн тусламж үзүүлэх байсан нь тодорхой. Гэтэл амь хохирогч хүнд гэмтэл авчихсанаа ч мэдээгүй, эрүүл хүн шиг явж байгаад 2 өдрийн дараа нас барсан нөхцөл байдалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
2.Шүүгдэгчийн үйлдэлд талийгаачийн амь насыг хохироох субьектив санаа зорилго тогтоогдоогүй хэдий ч хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэрийг агуулсан байдаг. Миний үйлчлүүлэгч ******* нь талийгаачийг алах санаа зорилго огт байгаагүй. Харин түүний үйлдлээс талийгаачид хүнд гэмтэл учирсан нь бол үнэн. *******ийн үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжгүй.
Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, *******д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв. 
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Оноосон ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв. 
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь амь хохирогч нас барахдаа эмнэлгийн тусламж аваагүй, эмнэлгийн тусламж аваад хэсэг хугацааны дараа өнгөрсөн бол хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж үзэх боломжтой. Шүүгдэгч нь санаатай энэ гэмт хэргийг үйлдсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна. Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар *******д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан үзэв. 
Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шалгасан, шийдвэрлэсэн бүх ажиллагаа шийдвэрлэлтийн байдлыг хуульд заасан журмын дагуу хянан үзэв. 
******* нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний үед иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газар өшиглөснөөс хохирогчийн эрүүл мэндэд их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, суурь хэсгийн тархмал хатуу хальсан доорх цус хуралт, дух чамархайн голомтлог аалзан халсан доорх цус хуралт, их тархины баруун тал бөмбөлгийн дагзны эдийн гүн дэх цусан бүлэн, тархины эдийн эвдрэл баруун чамархайн шугаман хугарал бүхий гэмтэл учруулснаас хохирогч нас барж, шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагад татагджээ. 
Прокурорын байгууллагаас *******ийг хүнийг алсан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж шүүхэд ирүүлснийг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан үзээд “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 
Анхан шатны шүүхийн энэхүү шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдсан гомдолдоо: ...хохирогчийн амь насанд аюултай хүнд гэмтэл учраагүй нь тогтоогддог. ...шинжээч эмчийн зүгээс шууд үхэлд хүргэхгүй хүнд гэмтэл гэсэн байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хүнд хэрэгт шийтгэсэн, *******ийн үйлдэлд хүнийг алах субьектив санаа байгаагүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүссэн байна. 
Шүүгдэгч ******* нь хувийн зүй бус харьцааны улмаас хохирогч *******ын толгойн тус газар өшиглөсөн болон түүний биед гэмтэл учирсан гэх тодорхой нөхцөл илрээгүй байсан, улмаар түүнийг гэрт нь хүргэхэд ямар нэгэн гэмтэл хохирлын шинж бүхий нөхцөл байдал илрээгүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байжээ. 
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунаагаас 2022 оны 03 дугаар сарын 19-ний орой 18-19 цагийн үед ******* согтуу орж ирээд орны хөлд байдаг сандал дээр суучхаад доромжлоод байсан ... харьж унт гэхээр хөөж байгаа юм уу гээд гараад явсан, 2022 оны 03 дугаар сарын 20-ны 12 цагийн үед шагайхад зүүн орон дээрээ унтаж байх шиг байсан... 
Гэрч Т.Эрдэнэхүү ... Эрдэнэбаатар ахын гэр рүү очиход ... Эрдэнэбаатар ах зүүн орныхоо урд газар унтаж байсан... хөнжил нь орон дээр байсан. Би... Баатраа ах бас манайд очъё гээд татаад өндийлгөтөл үгүй ах нь унтлаа гээд босож ирээгүй хурхираад л унтаад байсан би буцаад гарсан... Маргааш нь очиход ногоон хөнжлөө аваад дороо хийчихсэн байсан тухай мэдүүлсэн байна. Мөн гэрч Сайн-Ерөөлт хохирогч Эрдэнэбаатарын зан үйл, хөдөлгөөний талаар мэдүүлсэн байна. Эдгээрээс дүгнэн үзэхэд хохирогч Эрдэнэбаатар нь тэй муудалцсан толгойдоо өшиглүүлсэн гэх үйлдлийн дараа бусадтай хэвийн харьцаж, биеэрээ хөдөлгөөн хийж явж байсан болох нь тогтоогдож байхаас гадна Эрдэнэхүүгийн мэдүүлгээр тухайн үйл явдал болсны маргааш нь гэртээ унтаж байсан гэдэг нь тогтоогдож байна. 
Энэ хэрэгт гаргасан 19 тоот шинжээчийн дүгнэлтэд ...гавал тархины гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... Эрдэнэбаатар нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан, Эрдэнэбаатарын толгойн хэсэгт үүссэн гэмтэл нь нас барахаас 24-48 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэсэн бол шинжээч эмч Баттүвшин... дээрх гэмтлийг авсан дариуд хүн хүнтэй ярилцах, тодорхой үйлдэл хийх үйл хөдөлгөөн хийх бүрэн боломжтой, ...гэмтэлтэй холбоотой тархины хатуу хальсан доорх цусан хурааны хэмжээ эмнэлгийн тусламж аваагүй тохиолдолд нэмэгдэж байдаг гэж мэдүүлжээ. Энэ бүгдээс үндэслэн дүгнэн үзээд давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэл бүхий байна гэж үзэж хүлээн авахаар тогтов. 
Хүнийг алах гэмт хэргийн хувьд шүүгдэгчийн үйлдэл хохирогчийн үйлдлийн хооронд шууд шалтгаант холбоотой байх ёстой. Шүүгдэгч *******ийн үйлдлийн хувьд үхэлд хүргэсэн шууд шалтгаант холбоог тогтоогоогүй, энэ талаар шинжээч эмчийн дүгнэлт болон шинжээч эмчийн мэдүүлгийг харьцуулан үзэж дүгнэлт хийх нь зохимжтой байжээ. 
Монгол Улсын шүүхийн практикт хэрэглэгдэж байсан эх сурвалжуудаас үзвэл хүнийг алах гэмт хэргийг бусдын биед хүнд гэмтэл учруулсны улмаас нас барах хэргийн яллагдах гол шинж нь гэмт этгээд хүнийг алах гэсэн шууд буюу шууд бус субьектив санаатай байх ёстой ажээ. 
Шүүгдэгч *******ийн үйлдэл, түүний үйлдсэн хэргийн обьектив субьектив талуудыг шинжлэн үзэхэд хүнийг алах шууд буюу шууд бус санаа байсан эсэх нь тодорхой тогтоогдоогүй, хүнийг алахад чиглэсэн гэх үйлдлийг ч бүрэн гүйцэд /өшиглөсөн гэснээс өөрөөр/ тогтоогоогүй байхаас гадна, Эрдэнэбаатарыг өшиглөсөн гэж ******* өөрөө хэлснээс өөр бусад гэрч түүний энэ үйлдлийг харж гэрчилсэн зүйлгүй байна. Шүүх үүнийг анхаарахгүй орхиж болохгүй. 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д хохирогч хүнд гэмтлийн улмаас нас барах гэсэн обьектив талын шинжээр тодорхойлсон гэмт хэргийг хуульчлан заасан бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдлийг энэхүү зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзээд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж, *******ийг бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэм буруутайд тооцох, түүний гэмт үйлдэлд нь тохируулан ял оногдуулахаар тогтов.        
    
            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.    Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “шүүгдэгч Заянлам овогт *******гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Заянлам овогт *******гийн д 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтын “8” гэснийг “5” болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  
2.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 
3.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.


ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ 

                                ШҮҮГЧИД                            Х.ГЭРЭЛМАА 

                                                     Ш.ТӨМӨРБААТАР