Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2017/0633/З |
Дугаар | 221/МА2017/0011 |
Огноо | 2017-12-27 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2017/0011
“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Б.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0753 дугаар шийдвэртэй, “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0753 дугаар шийдвэрээр: “...Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 11 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасныг тус тус баримтлан “Ж” ХХК-ийн “1992 оны Татварын ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарах татварын өрийг төлөх үүрэг дуусгавар болсныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахгүй байгаа татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэргийг дүгнэхдээ дараах алдааг гаргасан. Үүнд:
Анхан шатны шүүх маргааны төрөл зүйлийг буруу тодорхойлж, нэхэмжлэгчийн хүсэл зориг, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгөөгүйгээс хэргийг бүхэлд нь буруу дүгнэж шийдвэрлэсэн. Мөн 1992 оны болон 2008 оны хуулийн аль алийг нь хэрэглэх шаардлагатай байтал зөвхөн 2008 оны Татварын ерөнхий хууль, Иргэний хуулийг хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдааг гаргасан.
1992 оны Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 10 дугаар зүйлийн 10.1-д тус тус “тухайн төрлийн татвар хүчингүй болсноор татвар төлөх үүрэг дуусгавар болно” гэж заасан байна.
Дараах хоёр нөхцөл бүрэлдвэл татвар төлөгчийн үүрэг дуусгавар болохоор байна. Нэгд: тухайн хууль нь хүчингүй болсон байх гэж заасан бөгөөд уг нөхцөлийн хувьд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар нь 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр бусад тооцогдсон. Хоёрт: Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх гэж заасан бөгөөд уг нөхцөлийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг 1992 оны хууль, 2008 оны хуульд дараах байдлаар өөр өөр зохицуулсан.
1992 оны Татварын ерөнхий хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарах зүйл нь Татвар, торгууль төлөх хөөн хэлэлцэх хугацаа 5 жил, хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй зүйл гэж байхгүй бүгд хөөн хэлэлцэх хугацаатай бол 2008 оны Татварын ерөнхий хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарах зүйл нь Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил, хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах зүйл нь татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар тус тус зохицуулсан байна. Дээрхээс харахад 1992 оны хуулийн дагуу татварын өр төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсан нь харагдаж байгаа юм. Тэгэхээр манай 1992 оны хуульд хамаарч байгаа татварын өрд хөөн хэлэлцэх хугацаа хамаарна. Учир нь тухайн үед үйлчилж байсан хуулиар ногдуулсан татварт тухайн үеийн хууль үйлчлэх ёстой.
Мөн шүүхээр шийдвэрлэсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй гэж шүүх үзсэн байсан. Хөөн хэлэлцэх хугацааны тасалдал гэдэг ойлголт зөвхөн Иргэний хуулийн 9 дүгээр бүлэгт байдаг. Гэтэл 1992 оны Татварын ерөнхий хуулийн 13.2-т зааснаар Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах гэсэн ойлголтыг хэрэглэх мөн боломжгүй юм. Тэгэхээр шүүхийн шийдвэр гарсан нь Татварын өр төлөх хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсоох үндэслэл болохгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0753 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс “Ж” ХХК-д холбогдуулан “...алтны үнийн өсөлтийн албан татвар 3.548.970.100 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 47.129.000 төгрөг бүгд 3.596.099.100 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 953 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
“Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...1992 оны Татварын ерөнхий хуулийн дагуу татварын өр төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсан. Тэгэхээр манай компанийн татварын өр бол 1992 оны Татварын ерөнхий хуульд үйлчилж байх хугацаанд хамаарах тул татвар төлөх татвар төлөгчийн үүрэг дуусгавар болсон...” хэмээн дурджээ.
Татварын ерөнхий хууль /1992 он/-ийн 13 дугаар зүйлийн 2-т “Татвар, хүү, торгууль төлөх хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна. Энэ нь Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөх хэлэлцэх хугацаанд хамаарахгүй. Татвар, хүү, торгууль төлөх хөөн хэлэлцэх хугацааг зохих журмын дагуу татвар тодорхойлж, түүнийг төлөх хуульд заасан хугацаа дууссан үеэс эхэлж тооцно” гэж заасан ба татвар төлөгч хуулиар тогтоосон хугацаанд татвараа тайлагнаж төлөөгүй бол уг татварыг нөхөн төлүүлэх болон хүү, торгууль ногдуулах хөөх хэлэлцэх хугацаа 5 жил гэж ойлгох тул нэгэнт эрх бүхий байгууллага, албан тушаалтан татварын өртэй болохыг тогтоосон байхад түүнийг төлүүлэх хөөн хэлэлцэх хугацаа 5 жил гэж үзэхгүй.
Түүнчлэн 2008 оны Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэллэцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэсэн зохицуулалт нь дээрх хуулийн зохицуулалттай агуулгын хувьд адил тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Заантогтох “...2008 оны Татварын ерөнхий хуулийг баримтлан татварын хөөн хэлэлцэх хугацаа татварын өр төлбөрт хамаарахгүй гэж дүгнэсэн” хэмээн давж заалдах гомдолдоо дурдсаныг хүлээн авах боломжгүй юм.
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль 2006 онд батлагдаж, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцогдсон байна.
Уг хууль үйлчилж байх хугацаанд нэхэмжлэгч компанийг татварын өр төлбөртэй болохыг 2009 оны шүүхийн шийдвэрээр тогтоосон бөгөөд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль 2011 онд хүчингүй болсноор “Ж” ХХК-ийн тухайн төрлийн татварын өр төлбөрөө төлөх үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй.
Учир нь Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль хүчингүй болсноос хойш тэр төрлийн татварыг төлөх татвар төлөгчийн үүрэг дуусгавар болох тул хууль хүчингүй болохоос өмнө татвар төлөх үүрэгтэй байсан этгээд татварын өртэй байхад хууль хүчингүй болсноор уг татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаандаа төлөөгүй татварын өрөө төлөх үүрэг дуусгавар болох үндэслэлгүй юм.
Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Татвар төлөх үүрэг дараах тохиолдолд дуусгавар болно”, 10.1.1-д “тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсон” гэж заасан хуулийн зохицуулалт нэхэмжлэгч компанийн энэхүү маргаанд хамаарахгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА