Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 110/2017/0019/з |
Дугаар | 434 |
Огноо | 2018-11-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 434
К.Б-ийн нэхэмжлэлтэй,
БӨА-ийн ХХҮГ-ын даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “...БӨА-ийн ХХҮГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн К.Бауыржаныг ажилд томилох тухай 57 дугаар тушаалыг хүчингүй болгож, Сагсай сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг тус газрын даргад даалгах”
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0042 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0338 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат,
Гуравдагч этгээд К.Бауыржаны хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0042 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БӨА-ийн ХХҮГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн К.Бауыржаныг ажилд томилох тухай 57 дугаар тушаалыг хүчингүй болгож, Сагсай сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг тус газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0338 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд К.Бауыржаны давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Гуравдагч этгээд К.Бауыржан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0042 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0338 дугаартай магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг хянан шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн нь гуравдагч этгээд миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “...хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн уйл ажиллагааны ур дүн, мэргэшлийн тувшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь сонгон шалгаруулж авна” гэж заасан. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тушаалаар намайг ажилд томилохдоо нэхэмжлэгч К.Б- бид хоёрын холбогдох бичиг баримтуудыг судалж ярилцсаны үндсэн дээр намайг дээрх шалгууруудыг хамгийн илүү хангаж байгаа гэж үзэж тухайн албан тушаалд томилсон нь Б.Сьезханы мэдүүлэгт тодорхой бий.
5. Би 2008 оноос одоо хүртэл нийгмийн халамжийн чиглэлээр 10 дахь жилдээ ажиллаж байгаа бол К.Б- нь Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар тогтоолоор нэр дэвшиж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнээр туршилтын хугацаагаар, мөн даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/40 дүгээр тушаалаар жинхэлж томилогдон ажиллаж байгаад Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжих хүртэл ердөө 1 жил 5 сар ажилласан байдаг.
6. К.Б-ийн төрийн албанд 24 жил ажилласан гэдэг нь ямар ч үндэслэлгүй бөгөөд тэрээр 1994 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2002 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Сагсай суманд байгаль хамгаалагчаар, 2002 оны 03 дугаар сараас 2010 он хүртэл “Хаан банк” ХХК-ийн Сагсай сум дахь салбарт нярав, эрхлэгчээр, 2010-2012 онуудад Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажилласан байдаг. Би халамжийн үйлчилгээний чиглэлээр 6 удаагийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж мэргэшсэн бол К.Б- нь энэ чиглэлээр сургалтанд хамрагдаж байгаагүй. Мэргэшлийн түвшингийн үнэлгээгээр би 2014 онд 93/А/ үнэлгээтэйгээр, 2015 онд 95/А/ үнэлгээтэй үнэлэгдэж байсан бол К.Б- нь 2015 онд 85/В/ үнэлгээтэй үнэлэгдэж байсан.
7. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь сонгон шалгаруулж авахаар зохицуулсан ба Б.Сьезхан нь хуулийн энэ заалтын дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд намайг шалгаруулж авч ажилд томилсон байхад Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 15 дахь хэсгийн “...эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бурэлдэхуун, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэсэн заалтыг үндэслэн хариуцагчийг буруутгасан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Улсын Дээд шүүхийн тогтоол нь тухайн хуулийг нэг мөр ойлгох чиглэлээр гаргаж байгаа тайлбар болохоос гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал баримтлах эрхийн акт биш юм. Нөгөө талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгон шалгаруулалт явуулахад түүний хууль ёсны эрх ашиг яаж хамгаалагдах вэ гэдгийг шүүх анхаарч үзээгүй.
8. Нэхэмжлэгч К.Б- нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан эсэх нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүхээс энэ талаар тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх К.Б- нь Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан гомдлын хариуг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, улмаар 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацаанд хамаарч байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. К.Б-ийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлснээс хойш түүнийг ажилд томилсон ямар нэгэн тушаал гараагүй байгаа ба Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалаар зөвхөн нэг удаагийн тэтгэмж олгосон байдаг.
9. Гэтэл анхан шатны шүүх “...нэхэмжлэгч К.Б-д 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийг үндэслэн нэг удаагийн тэтгэмж олгон төрийн албанаас чөлөөлсөн байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт юм.
10. К.Б- нь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн мөртлөө 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь эргэлзээтэй байгаа юм. Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж зохицуулсан. К.Б- нь хуулийн энэ заалтыг зөрчиж гомдол гаргах хугацаа өнгөрсний дараа гомдол гаргасан байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн заалтыг зөрчиж гомдлыг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 54.1.8 дахь хэсгийг зөрчсөн байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна.
11. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул гуравдагч этгээд К.Бауыржаны хяналтын журмаар гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хангах боломжгүй гэж үзлээ.
13. К.Бауыржаныг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “...хамгийн илүү шаардлага хангаж байгааг сонгон шалгаруулж авна“ гэж заасантай нийцэхгүй, хууль бус захиргааны акт болжээ.
14. Тодруулбал, Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор аймгуудын Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийг нэгтгэж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн орон тоо 45 байхаар баталсан байна.
15. Үүний дагуу аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсний дотор тус хэлтэст Сагсай сумын Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч К.Б- хамрагджээ.
16. Бүтэц, орон тооны өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн албан тушаалын өмнөх чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн боловч орон тооны хувьд 65 байснаас 45 болж цөөрсөн, энэ асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй, харин нэхэмжлэгч нь “...миний хувьд шаардлагад нийцэж байгаа, ...ямар ч шалгаруулалт явуулахгүйгээр К.Бауыржаныг томилсон нь буруу” гэж, хариуцагч нь “...К.Бауыржан шаардлагад нийцэж байгаа, ...шалгаруулж авсан, ...хууль зөрчөөгүй” гэж маргасан байна.
17. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар буюу бүтцийн өөрчлөлтөөр орон тоо цөөрсөн нөхцөлд захиргааны байгууллага объектив байдлаар дүгнэж, тухайн ажлын байранд хамгийн илүү шаардлага хангаж буй ажилтныг сонгон шалгаруулах учиртай. Өөрөөр хэлбэл дээрх тохиолдолд ажилтныг сонгон шалгаруулж авахдаа хөндлөнгийн байдлаар шалгаруулсан комиссын үнэлгээнд суурилсан дүгнэлтэд үндэслэснээр хуулийн дээрх зохицуулалт зөв хэрэглэгдэхээр юм.
18. Гэтэл энэ маргааны тухайд нэхэмжлэгч К.Б-, гуравдагч этгээд К.Бауыржан нарын хэн нь маргаж буй орон тоонд үлдэж ажиллах ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангаж буйг харьцуулж дүгнэж үнэлсэн үнэлгээ, дүгнэлт байхгүй болох нь тогтоогдсон, хариуцагч Засаг дарга ажлаас чөлөөлөгдсөн нийт албан тушаалтнуудтай ганцаарчилж биечлэн уулзсаныг маргаан бүхий актын үндэслэл болгон тайлбарлаж байгаагаас өөрөөр үүнтэй маргаагүй байна.
19. Иймд, гуравдагч этгээд К.Бауыржаны “...газрын дарга намайг ажилд томилохдоо К.Б- бид хоёрын бичиг баримтуудыг судалж, намайг шалгуурыг илүү хангаж байгаа гэж үзсэн...” гэх гомдол үндэслэлгүйгээс гадна түүний гомдолдоо өөрийн болон нэхэмжлэгч К.Б-ийн ажилласан байдлын талаар харьцуулан “...би аль ч талаараа К.Б-өөс илүү шаардлага хангаж байгаа...” гэж дурдсан үндэслэлээр шүүх дүгнэх шаардлагагүй болно.
20. Түүнчлэн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш К.Б- нь 2016 оны 8, 9, 10 дугаар саруудад мэргэжилтнээр ажиллаж цалин авч байсан, 11 дүгээр сараас ажил гүйцэтгэхээ больж, 2016 оны 12 сарын 01-ний өдөр Баян-өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөл гомдол гаргаж, хариуг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр буюу хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргажээ.
21. Иймээс гуравдагч этгээдийн “...2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн атлаа 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан, ...гомдол гаргах хугацаа өнгөрсөн байгааг шүүх анхаараагүй, ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг зөрчиж захиргааны хэрэг үүсгэсэн...” гэх гомдол мөн үндэслэлгүй.
22. Шүүхүүд маргааны үйл баримтад хамааралтай Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0042 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0338 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээд К.Бауыржаны гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ