Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

       Нэхэмжлэгч: Төрийн бус байгууллагын аймаг дахь салбарын зохицуулагч Б.Н нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Тус аймгийн Нарийн бичгийн дарга А.Б, гишүүн Н.А, Т.У, А.Б нарт холбогдох аймгийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02,03,04 дугаар тогтоолуудыг илт хууль бус захиргааны актад тооцуулж, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын  24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, *******, *******, *******, ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов. 

                                                     

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч ” Төрийн бус байгууллагын Говь-Алтай аймаг дахь салбарын зохицуулагч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Говь-Алтай аймгийн ****** гишүүдтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлд ***** тухай хуулинд төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх үүднээс “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалтан ажиллана” гэсэн хуулийн заалт байгаа. Энэ дээр *********** гишүүд нь төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалтны үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүмүүс байгаа бөгөөд үүнтэй холбоотой тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

        ******* нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3   дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл аймгийн Хууль зүйн, хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад ороогүй сумын Тамгын газрын сонгон шалгаруулалтад орсон. Шүүхэд ирүүлсэн тайлбартаа нөөцөд орсон хүнийг оруулсан гэж хэлсэн байгаа ч төрийн албаны шаардлага хангаагүй төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон. Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан төрийн албаны удирдах албан тушаалтныг сонгох, Төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад орох журмыг зөрчсөн. Мөн нийтийн алба хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн дагуу нийтийн албанд томилогдохоос өмнө сонирхлын зөрчилгүй эсэх, талаарх урьдчилсан мэдүүлгээ Авилгатай тэмцэх газар хянуулалгүйгээр томилогдсон. Мөн Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 23.7 дахь заалтуудыг тус тус зөрчсөн.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

          *******гийн хувьд аймгийн ********************** ажиллаж байгаа бөгөөд төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалтан биш, Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасныг зөрчиж Сонгуулийн хорооны гишүүнээр томилогдсон. Сонгуулийн хорооны гишүүн ******* нь аймгийн ************ ажилд хүний оронд түр ажиллаж байгаа ажилтан байгаа. Сонгуулийн хорооны гишүүн ******* нь төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тус албанд томилогдоогүй, Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу Мэдээллийн ил тод байдал, ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийг зөрчиж хууль бусаар ажиллаж байна. Дээрхи гишүүд нь төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалтнууд биш учраас Сонгуулийн хорооны гишүүний эрх зүйн чадамжгүй байдал нь Сонгуулийн хороог хууль бус шийдвэр гаргахад нөлөөлсөн. Сонгуулийн ерөнхий хороонд бичиг явуулж байсан. Аймгийн сонгуулийн хорооны гишүүнээр томилсон бүрэлдэхүүн нь сонгуулийн хороонд ажиллаж байсан арга туршлага гэж байхгүй, сонгуулийн хороо нь байнгын бус ажиллагаатай төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллага, тэгэхээр энэ хүмүүст ажиллаж байсан ямар нэгэн  туршлага байхгүй. Энэ сонгуулийн хорооны гишүүдтэй холбоотой үйл ажиллагааны талаар санал хүсэлтээ явуулсан.          

        Манай байгууллага нь улсын хэмжээнд сонгуулийн тухай хуулийг хуулийн хүрээнд зохион байгуулах, хууль хэрэгжүүлж ажиллах талаар сонгуулийн хороодод санал тавьж ажиллаж байгаа. Манай төрийн бус байгууллага нь сонгох, сонгогдох эрхийн талаар хууль зүйн мэдээллийг шат шатанд нь мэдээллийн хэрэгсэл болон биечлэн уулзаж зөвлөгөө заавар өгч ажиллаж байна.

Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч нарын сонгох, сонгогдох эрхийг болон сонгогч бидний сонгох эрхийг зөрчиж Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гишүүдтэй, ***** аймгийн ***** гаргасан илт хууль бус захиргааны актад тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан гэв.      

         Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд тайлбартаа: Сонгуулийн ерөнхий хороо нь өнөөдрийн шүүх хурадаанд хариуцагчаар оролцох ёстой. Яагаад гэвэл бид нарыг ********* томилсон учраас бид нар хариуцагч биш. Аймгийн ******* гишүүдийн ямар мэргэжилтэй, ажлын шаардлага хангаж байгаа эсэхийг нотлох үүрэг хүлээхгүйгээр энэ хүмүүс нь төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалд жинхэлж ажиллаж байгааг нь үндэслэж сургалтанд суулгаж гэрчилгээ олгосон байгаа. Сонгуульд ажиллах хүмүүсийн мэдээллийн санд бүртгүүлэх 760 гаруй хүний нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн. Тэндээс сонгоод аймгийн *************** байгуулсан. Түүнээс энэ туршлагатай байна, туршлагагүй байна гэсэн зүйл байхгүй. Үнэхээр туршлагатай мундаг хүмүүс байвал цахимаар бүртгүүлэх эрхийг нээгээд өгсөн байгаа. Цахимаар 72 хүн бүртгүүлсэн байсан. Тэгвэл тэр чадвартай хүмүүс нь сургалтандаа ирж суух бүрэн боломжтой байтал сургалтанд суугаагүй, харин сургалтанд суугаад сертификат авсан хүмүүсээс сонгосон. Тэр битгий хэл олон жил сонгуулийн хороонд ажилласан хүмүүсийнх нь ажилд орсон тушаалууд нь түр тушаалаар байж байгаа. Тэр дээр улс төрийн нам эвсэл, төрийн бус байгууллагад ажиллахыг хориглодог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч  Сонгуулийн тухай хуулинд төрийн албан хаагчдаар энэ удаагийн сонгуулийн хорооны гишүүдийг бүрдүүлнэ. Төрийн албан хаагч нар нь түр орлон гүйцэтгэгч биш жинхэлсэн байх ёстой гэж байгаа. Төрийн албаны тухай хууль Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолыг үндэслээд төрийн албаны сонгон шалгаруулалтад ороод нийтийн албанд хувийн ашиг сонирхлын тухай хуулийн дагуу Авилгатай тэмцэх газраар шалгагдаад томилогдсон албан тушаалтан байгаа. **************** аймгийн *******г байгуулахдаа тухайн албан тушаалтны томилогдсон тушаал, тухайн албан хаагчийн жинхэлсэн байдал зэргийг харж үзэж байж томилдог. Тийм шаадлагын хүрээнд ажиллахгүй бол Сонгуулийн ерөнхий хороо нь өөрөө хууль зөрчсөн үндэслэлээр хариуцлага хүлээдэг байгаа гэв

          Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлөөс *************** албаны удирдах ажлын байранд сонгон шалгаруулалт зарлагдсны дагуу шалгалт өгч тэнцсэн. Энэ нь Төрийн алба зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг үндэслэн шалгалтанд орж тэнцээд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаар тогтоолоор нөөцөд бүртгэгдэн улмаар ***************** 2014 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн Б/53 тоот тушаалаар ************** томилогдсон гэв. Би ***** хотын Хөдөө аж ахуйн сургуулийг 2001 онд цаг уурын инженерийн мэргэжил буюу яг энэ албан тушаалд тавигдах шаардлагын дагуу орж томилогдоод төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн.

         Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2015 оны 02 дугаар сарны 01-ний өдрийн 03 тоот тушаалаар томилогдсон. Би нягтлан бодогчийн албан тушаалд байгаа бөгөөд төрийн үйлчилгээний албан тушаалтан гэв.

          Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад орж 74 оноогоор тэнцэж 2015 оны 09 дүгээр сарын  21-ний өдрийн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/29 тоот тушаалаар хууль зүйн хэлтсийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргыг өргөсөн гэв.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

        ********************* салбарын зохицуулагч *******гийн нэхэмжлэлтэй, ******************* 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02, 03, 04 дугаар тогтоолуудыг илт хууль бус захиргааны актад тооцуулж хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

********************* салбарын зохицуулагч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга *******, гишүүн *******, гишүүн *******, гишүүн ******* нар нь төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид биш эрх зүйн чадамжгүй байдал нь Сонгуулийн хороог хууль бус шийдвэр гаргаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн сонгогдох эрх болон сонгогч бидний сонгох эрхийг зөрчиж, Сонгуулийн тухай хуулийн 28.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй гишүүдтэй сонгуулийн хорооноос гаргасан аливаа шийдвэр нь илт хууль бус захиргааны актад тооцож өгнө үү гэжээ.  

        Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр хуулийн 9.1.3-т захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан бол захиргааны актыг илт хууль бус болохыг тооцох талаар зохицуулсан бөгөөд аймгийн Сонгуулийн хорооны гишүүд *******, *******, *******, ******* нар захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна. 

        Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь төрийн үйлчилгээний болон захиргааны албан хаагч байх бөгөөд тэдгээрийн эрх зүйн байдлыг энэ хуулиар зохицуулна” гэж зааснаар сонгуулийн байгууллагын ажилтан албан хаагч нь дээрхи хуулийн шаардлага хангасан байхыг шаардаж байна.

        Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санг сонгуулийн төв байгууллага бүрдүүлнэ”, хуулийн 28.4-т “Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтныг сонгуулийн боловсон хүчний мэдээллийн сангаас томилно” гэж зааснаар сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санг бүрдүүлж, мэдээллийн сангаас Говь-Алтай аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 18-ны 21 дүгээр тогтоолоор 9 гишүүнтэй байхаар байгуулсан нь Сонгуулийн ерөнхий хорооны 21 дүгээр тогтоол, хариуцагч *******гийн шүүх хуралдаанд гаргасан “... сонгуульд ажиллах хүмүүсийн мэдээллийн санд бүртгүүлэх 760 гаруй хүний нэрсийн жагсаалт хүргүүлсэн, ...цахимаар 72 хүн бүртгүүлсэн” гэсэн тайлбараар тогтоогдож байна.

        Иймд аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд томилогдсон *******, *******, *******, ******* нар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид биш эрх зүйн чадамжгүй эсэх асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай 21 дүгээр тогтоолд гомдол гаргахаар байна.

        Өөрөөр хэлбэл Сонгуулийн ерөнхий хорооноос аймгийн сонгуулийн хорооны гишүүдээр *******, *******, *******, ******* нар томилогдсон нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгсний дараа гаргасан шийдвэр буюу захиргааны акт нь илт хууль бус эсэх маргааныг шийдвэрлэхээр байна.  Аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга *******, гишүүн *******, *******, ******* нарын ажилд томилсон тушаал, төрийн захиргааны албан хаагчийн тангараг, Төрийн албаны зөвлөлийн Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай тогтоол, Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэх, нэр дэвшүүлэх тухай тогтоол, сонгон шалгаруулалтын дүнгийн хуудас зэрэг нотлох баримтууд хавтас хэргийн материалд авагдсан боловч шүүх үнэлэх шаардлагагүйг дурдах нь зүйтэй байна.

        Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “шүүхийн зардлыг...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

        Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсэгт заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

        1 Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 31 дүгээр зүйлийн 31.4  дэх хэсэгт заасныг баримтлан “Сонгогчдын эрх шударга ёс” Төрийн бус байгууллагын салбарын зохицуулагч *******гийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо, нарийн бичгийн дарга *******, гишүүн *******, гишүүн *******, гишүүн ******* нарт холбогдох аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02, 03, 04 дугаар тогтоолуудыг илт хууль бус захиргааны актад тооцуулж, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.                    

         2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

        3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

        4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЗОЛБАДРАХ