Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/01039

 

А.Баярмагнайгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 545 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаар магадлалтай,

А.Баярмагнайгийн нэхэмжлэлтэй

“Айрон хорс” ХХК, Я.Ихбаяр нарт холбогдох

Гэм хорын хохиролд 12 706 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Айрон хорс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Баярмагнай нь “Айрон хорс” ХХК-д ажиллаж байгаад үйлдвэрийн осолд орж хүнд гэмтэл авсан. Я.Ихбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хэлэлцэж тэдний гэм буруутайг тогтоон ял шийтгэл ногдуулсан. Эрүүгийн хэргийн шүүх хурал болсноос хойш би хэд хэдэн удаа Улаанбаатар, Эрдэнэт, Дархан-Уул аймагт эмчилгээ хийлгэсэн. 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш эмчлүүлж эмнэлэгт хэвтсэний төлбөр 1 000 000 төгрөг, эмнэлэг рүү явсан шатахууны зардал 80 000 төгрөг, гадуур эмийн сангаас худалдан авсан эм тарианы үнэ 693 500 төгрөг, сувилалд сувилуулсны зардал 350 000 төгрөг, нотариатын 12 400 төгрөг нийт 2 135 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэч нь 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын “Ногоон хайлаастын усны зам” гэх газар “Айрон хорс” ХХК-ийн хайгуулын ажилд орж ажиллаж байгаад осолд орж амь насанд нь аюултай хүнд гэмтэл авч ид залуугаараа ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байнгын эмчилгээтэй болсон. Эрүүгийн хэргийн шүүхээр хэрэг нь хэлэлцэгдэж дуусаад эмчилгээний зардал авсан ч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Ажил олгогч хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаа хангаагүйгээс осол гарсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.-д зааснаар нэг удаагийн нөхөн төлбөр шаардаж байна. Уурхайн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 384 000 төгрөгийг 7 сараар үржүүлж 2 688 000 төгрөг, гэмтлийн улмаас ажилгүй байсан хугацаандаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сар бүр тооцож, 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оныг дуустал нэхэмжилнэ. 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140 400 төгрөгөөр бодож 10 сараар үржүүлж 1 404 000 төгрөг, 2013 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 2014 он, 2015 он, 2016 он бүтнээр нь нийлүүлээд 40 сарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгөөр бодож 7 680 000 төгрөг, үүнээс группийн мөнгө 1 201 170 төгрөгийг хасаад 6 478 830 төгрөг, 1 404 000 + 6 478 830=7 882 830 төгрөг, нийт 10 571 000 төгрөг дээр анх нэхэмжилсэн 2 135 900 төгрөг нийт 12 706 900 төгрөгийг “Айрон хорс” ХХК-аас гаргуулж өгнө үү, хариуцагч Я.Ихбаяраас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч “Айрон хорс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Баярмагнайн нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдож байгаа 1 902 600 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.-д зааснаар 1 удаагийн нөхөн төлбөрт 2 688 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хөдөлмөрийн чадвар алдсан хувиар нь тооцож нөхөн төлбөр олгох ёстой. Гэтэл эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос хэдэн хувиар хөдөлмөрийн чадвар алдсан нь тодорхойгүй байх тул энэ шаардлагыг зөвшөөрөхгүй. Ажилгүй байсан хугацааны цалинд нийт 7 680 000 төгрөг нэхэмжилжээ. Ажилгүй байсан хугацааг 2016 оныг дуустал шаардах эрхгүй, сайн дурын даатгалд хамрагдаж байсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 545 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар хариуцагч “Айрон хорс” ХХК-аас 7 164 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Баярмагнайд олгож, 3 640 300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын 1 902 600 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч Я.Ихбаяраас татгалзсан татгалзлыг баталж тус тус хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаар магадлалаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129 574 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Айрон хорс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хэрэгт авагдсан баримтаар А.Баярмагнай нь 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажил эрхлээгүй байх бөгөөд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан болох нь тогтоогдож байх тул нийт ...7 164 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй” гэж, магадлалын хянавал хэсэгт “...зэрэг нотлох баримтуудаар А.Баярмагнайн хөдөлмөрийн чадвар алдалтыг 1 жилийн хугацаатай буюу 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд 50 хувиар тогтоосон юм. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.6-д зааснаар нэг удаагийн нөхөн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй, хариуцагч “Айрон хорс” ХХК нь гэм хорыг хуульд зааснаар нэхэмжлэгчид хариуцан төлөх үүрэгтэй гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзнэ гэжээ. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус холбогдох баримтыг гаргаж өгч, шаардлагаа нотолж чадаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчжээ. Хэрэгт авагдсан 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн комиссын шийдвэр нь 1 жилийн хугацаатай тул хугацаа нь дуусгавар болсон тухайн актын үйлчлэх хугацаа дуусгавар болж нотлох баримтын шинж чанараа алдах юм. Гэтэл хоёр шатны шүүх энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалт нь 50 хувиар тогтоогдсон гэж үзэж Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т заасныг үндэслэж, “Айрон хорс” ХХК-аас 7 164 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Гэм хорын хохирол гаргуулахыг хүссэн А.Баярмагнайгийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч А.Баярмагнай нь хариуцагч “Айрон хорс” ХХК-аас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 2 135 900 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.-д зааснаар 7 сарын тэтгэмж 2 688 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оныг дуустал ажилгүй байсан хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож, үүнээс группийн мөнгө 1 201 170 төгрөгийг хасаад  7 882 830 төгрөг  нийт 12 706 900 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагч Я.Ихбаярт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Хариуцагч “Айрон хорс” ХХК эрүүл мэндийн зардлаас       1 902 600 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх нэхэмжлэлийг татгалзжээ.

Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор “Айрон хорс” ХХК-ийн ажилтан Я.Ихбаяр нь хөдөлмөр эрүүл ахуй аюулгүй ажиллагааны журам зөрчсний улмаас А.Баярмагнайгийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон байх боловч нэхэмжлэгч нь түүний ажиллаж байсан байгууллага буюу “Айрон хорс” ХХК-аас эрүүл мэндийн хохирлыг шаардахын тулд  хохирлоо нотолсон байх шаардлагатай.

Хөдөлмөрийн тухай хуулийн  97 дугаар зүйлийн 97.1.-д зааснаар үйлдвэрлэлийн ослоос шалтгаалж хөдөлмөрийн чадвараа 50 хүртэл алдсан ажилтан 7 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг шаардах эрхтэй байх ба нэхэмжлэгч А.Баярмагнай хөдөлмөрийн чадвараа 50 хүртэл хувь эсвэл түүнээс дээш алдсан эсэхийг тогтоосон баримт хэрэгт байхгүй, мөн авч байсан цалин тодорхой бус нэхэмжлэгчийн зүгээс цалингийн хэмжээг уурхайн ажилтны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 384 000 төгрөг гэж тодорхойлсон байдалд шүүх дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

Давж заалдах шатны шүүх 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт”, 2013 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Комиссын шийдвэр” гэх хэрэгт байхгүй баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-д заасныг ноцтой зөрчсөн  байна. Эдгээр баримтууд нь хэрэгт байгаагүй учраас анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй байв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ группийн мөнгө 1 201 170 төгрөгийг нөхөн төлбөрөөс хассан гэж тодорхойлсон байх ба группийн мөнгө хэд болох, цалингийн дундаж хэмжээг хэд гэж үзсэн, группийг ямар хугацаагаар тогтоосон зэрэг ач холбогдол бүхий асуудлууд тодорхойгүй үлджээ. Түүнчлэн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2.-т гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй байдаг бөгөөд А.Баярмагнай нь  гэм хор учрах үед хариуцагч байгууллагад ажиллаж байсан байхад цалин, орлого нь хэд байсан талаар тодруулаагүй, нэхэмжлэгчийг цалин хөлс орлогогүй байсан гэж үзэх эсэх асуудал тодорхойгүй байна. Мөн хуулийн 505.1.-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид төлөх үүрэгтэй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн авч байсан цалин, группийн мөнгөний зөрүү нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөрийг гаргуулах нь нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулна.

А.Баярмагнайгийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон шийдвэр, гэм хор учрах үед цалин, орлоготой байсан эсэх, групп тогтоолгосон эсэх ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус нөхцөлд холбогдох хуулийг хэрэглэх боломжгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж үндэслэлтэй. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 545 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч “Айрон хорс” ХХК-ааас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 129 600 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР           

   ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА