| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/00353/И |
| Дугаар | 135/ШШ2024/01236 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 135/ШШ2024/01236
2024 10 09 135/ШШ2024/01236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/00617/и
*******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******-Уул аймаг ******* сум ** дугаар баг, ** дугаар хороолол, ** дугаар брак байрны 04 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, ** дугаар баг, ** дугаар брак байр, ** тоотод оршин суух, ******* овогтой *******ийн *******т холбогдох
Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, орон байраар хангуулах, өөрийгөө тэжээн тэтгүүлэх, зээлийн төлбөрт 3,017,065 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******
Хариуцагч С.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ. ...Миний бие С.*******тай 2021 оны 10 сард танилцаж, үерхэж байгаад жирэмсэн болсон. С.******* нь Улаанбаатар хотод ажиллаж байсан тул ирж очоод явж байгаад 2022 оны 11 сард шилжиж ирээд хамт амьдарсан. Бид хоёр дундаасаа 2022 оны 08 сарын 02-ны өдөр Г., Г., 2024 оны 01 сарын 07-ны өдөр хүү Г. нар төрсөн. Би жирэмсэн байхдаа С.*******ыг өмнө нь хэд хэдэн амьдралтай байсныг мэдэж, 2 ихэр хүүхдээ дутуу төрүүлж байсан. Бидэнд анхаарал халамж маш муу тавьдаг байсан. 2023 оны 11 сард шүүхэд хандсан боловч С.******* намайг нэхэмжлэлээ татаад аваач гэж гуйсан болохоор нь шүүхэд хандсан нэхэмжлэлээ татаж байсан. Түүнээс хойш хамт амьдрахгүй байгаа. 2-3 удаа ирсэн боловч 1 цаг орчим сууж байгаад явдаг. Иймд энэ хүнтэй цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй тул хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, түүнээс гурван хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагатай байна. Мөн би 1 нас 7 сартай 2 ихэр хүүхэд болон 1 сартай нярай хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Би ажил хийж орлого олох боломжгүй тул хүүхдүүдээ цэцэрлэгт өгөх насанд хүртэл С.******* намайг тэжээн тэтгэх үүрэгтэй тул энэ хугацаанд өөрийгөө тэжээн тэтгүүлэх шаардлагатай байна. Бид өөрсдийн гэсэн орон гэргүй, айлын гэрт буюу манай ээжийн гэрт амьдарч ирсэн тул хүүхдүүдээ амьдрах орон байраар хангуулах шаардлагатай байна. Хуульд зааснаар хүүхдүүдийг орон байраар хангах, тэжээн тэтгэх үүргийг эцэг, эхийн хэн аль нь хүлээдэг бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу хүн амьдрах шаардлага хангасан орон байраар хангуулахтай холбоотой, мөн дээр дурдсан тэтгэлэг гаргуулах, тэжээн тэтгүүлэхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Мөн миний нэр дээр Ард апликейшнээс авхуулсан зээлийн төлбөр 2,369,025 төгрөг, капитал ББСБ-ийн Мони апликейкшнээс авхуулсан зээлийн төлбөр 648,040 төгрөг, нийт 3,017,065 төгрөгийг С.*******аас гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******т холбогдуулаад гурван хүүхдээ өөрийн асрамждаа авч эцэг С.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах, орон байраар хангуулах, хүүхдүүдээ хоёр нас хүрээд цэцэрлэгт өгч ажил хийж орлого олох хүртэл хугацаанд өөрийгөө тэжээн тэтгүүлэх мөн өөрийн нэр дээрх Ард аппликэйшн болон Omni Capital ББСБ-ийн Мoni аппликэйшнаас авхуулсан зээлийн төлбөрт нийт 3,017,065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрх шаардлагаас өөрийгөө тэжээн тэтгүүлэх гэдэг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Бусад нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Орон байраар хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Үүнд: орон сууцны нэг хүнд ногдох талбайн хэмжээ нь 13.5 м.кв байдаг юм байна лээ. Үүнийг ам бүлийн тоогоор үржүүлээд 54 м.кв талбайтай орон сууц шаардлагатай гэж үзсэн. *******-Уул аймагт 1 м.кв орон сууцны дундаж үнэ ханш нь 3,500,000 төгрөг гэж тооцоод 189,000,000 төгрөгийн орон сууцны тал хувь буюу 94,500,000 төгрөг гаргуулахаар орон байраар хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд гэвэл нэхэмжлэгч Б.*******, С.******* хоёр нь 2021 оны 10 дугаар сард танилцаж үерхэж байгаад Б.******* нь жирэмсэн болсон байдаг. С.******* нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч ирж, очин байж байгаад 2022 оны 11 дүгээр сард шилжиж ирээд хамт амьдарч эхэлсэн. Талуудын дундаас 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Г., Г., 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Г. нар төрсөн. Б.******* нь жирэмсэн байхдаа С.*******ыг өмнө нь өөр амьдралтай, хүүхэдтэй байсныг нь мэдээд сэтгэл санааны цочролд орж хоёр ихэр хүүхдээ дутуу төрүүлж байсан гэж хэлдэг. С.******* нь шүүхэд өгөөд асуудлаа шийдүүлээрэй гээд ямар ч тоосон шинжгүй, гэр бүлдээ хариуцлага хүлээдэггүй, харж ханддаггүй, сэтгэл гаргадаггүй ийм байдалтай хүн гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Жирэмсэн байсан үед ч гэсэн хүүхдүүд төрсөн үед ч гэсэн өнөөдрийг хүртэл ч гэсэн хүүхдүүддээ анхаарал халамж муу тавьдаг, хүүхдүүдээ анхаарч хандах, асарч, тэжээн тэтгэх үүргээ хангалтгүй биелүүлдэг гэж нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урьдчилсан арга хэмжээ авхуулаад шүүгчийн захирамжаар хүүхдийн тэтгэлэг гаргуулаад нэхэмжлэгчид олгогдоод явж байгаа. 2023 оны 11 дүгээр сард Б.******* нь С.*******т холбогдуулаад нэхэмжлэл гаргасан. Тэр үед үр хүүхэд, амьдрал ахуйгаа бодоод эвлэрье гээд эвлэрсэн боловч эвлэрснээсээ хойш бараг ирээгүй, хоёроос гурван удаа л ирсэн, ирэхээрээ цаг орчим сууж байгаад явчихдаг. Харилцаа хандлага нь үр хүүхэд, гэр бүлээ гэхгүй хөндий хүйтэн байна гэдэг талаар нэхэмжлэгч Б.******* нь хэлсэн. Эвлэрсэн байх хугацаандаа хүртэл би та нарт 300,000 төгрөг л өгье, шүүхэд хандаад хэрэггүй, би бол хамт амьдарч чадахгүй, хамт амьдрах боломжгүй гэж хэлээд гурван хүүхдээ орхиод явсан. Нэхэмжлэгч Б.*******гийн тухайд гурван нялх хүүхэдтэй. Ажил төрөл хийх боломжгүй. Анхнаасаа нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн гэсэн орон байргүй, ээжийнхээ брак байранд амьдарч байсан гэдэг. Хүүхдээ тэжээн тэтгэх нь эцэг эхийн хэн алиных нь үүрэг. Мөн орон байраар хангах нь хүүхдийн наад захын хэрэгцээ. Орон байраар хангах болон хүүхдүүдээ тэжээн тэтгэх нь эцэг эхийн хэн алиных нь үүрэг учраас хүүхдүүдээ тэжээн тэтгүүлнэ. Тэрнээс гадна орон байраар хангуулах шаардлагын хүрээнд орон сууцны тал үнийг гаргуулъя гэж байгаа. Аппликэйшны зээлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчийн нэр дээр зээл нь авагдсан байдаг. Нэхэмжлэгчийн нэр дээр зээл авагдсан боловч тодорхой хэмжээний мөнгө нь С.*******ын данс руу шилжиж С.******* өөрөө зарцуулсан. Үлдэгдэл мөнгийг нь тухайн үед хамт амьдарч байхдаа орон гэр, үр хүүхэд, ахуй амьдралдаа зарцуулсан. Хамт амьдрах хугацаандаа хариуцагч нь цалин мөнгө гэж авчирч өгч байгаагүй, цалингаараа цахим тоглоом тоглоод алдчихдаг байсан. Аргагүйн эрхэнд С.*******ын зарим өр төлбөрийг барагдуулах мөн ахуй амьдралаа залгуулахын тулд зээл авсан. Нэхэмжлэгч нь одоо гурван хүүхдээ харж байгаа ажил хийх боломжгүй учраас дээрх аппликэйшны төлбөрийг С.******* төлөх ёстой гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Энэ зээлийн тухайд хариуцагч 2,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул шаардлагаа багасгаж, 2,000,000 төгрөг гаргуулахыг зөвшөөрч байна гэв.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 2021 оны 10 дугаар сараас эхлээд үерхэж эхэлсэн. 2022 онд Г., Г. хоёр төрөөд *******д шилжиж ирээд хамт амьдарч байсан. Одоо амьдарч байгаа брак байр нь Б.*******гийн өөрийнх нэр дээр байдаг байр. 2021 оноос 2023 он хүртэл 2 жил гаруй хамт амьдарсан. 3 хүүхэд миний хүүхэд мөн тул тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Одоо ч тэтгэлэг төлж байгаа. 3 хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Орон байраар хангуулах 94,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Надад ийм боломж байхгүй, би орон байргүй, ажил дээрээ байрладаг. Би цалингаараа хүүхдийн тэтгэлэг төлөөд, цалингийн зээлээ төлөөд дуусдаг. Одоо хүүхдүүдийн амьдарч байгаа байр нь Б.*******гийн өөрийнх нь нэр дээ байдаг байр. Гэтэл ээжийнх нь нэр дээр байдаг гэж худлаа яриад байна. Хамт амьдарч байх хугацаандаа хоёулаа тодорхой хэмжээний зээл энд тэндээс аваад явж байсан. Одоо хүртэл над дээр баахан зээлүүд ар араасаа овоорчихсон л байж байна. Тэр болгоныг тоочоод яах вэ. Машин тэргийг нь хүртэл өөрийнх нэр дээр болгож өгөөд банкны зээлээс нь салгаж өгч байсан. Гэтэл дахиад зээл авчихсан байсан. Миний хувьд одоо Б.*******гийн зээлийн төлбөрт 2,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар ******* сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Г., Г., Г. нарын төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолт, *******-Уул аймагт баригдаж ашиглалтад орж байгаа орон сууцны барилгын эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм, Монгол улсын барилгын норм ба дүрэм, Б.*******гийн Хаан банкны дипозит дансны хуулга, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 сарын 29-ний өдрийн 133 дугаартай Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2023 оны 12 сарын 27-ны өдрийн 98 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж, 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 814 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
4. Зохигчийн хүсэлтээр шүүгчийн захирамжаар дараах нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн байна.
Үүнд: капитал ББСБ-ын зээлийн тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, капитал ББСБ-ын Хаан банк дахь депозит дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, цахим зээлийн гэрээ, Хаан банкны 2024 оны 06 сарын 11-ний өдрийн тодорхойлолт, Голомт банкны 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 10/582 дугаартай албан бичиг, Бишрэлт хүлэг ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ, Ард кредит ББСБ-ын 2024 оны 06 сарын 26-ны өдрийн 1251 дугаартай албан бичиг, зээлийн дансны хуулга, төлбөрийн хуваарь зэргийг бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******гийн хариуцагч С.*******т холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай шаардлагыг хангаж, нэхэмжлэгч өөрийгөө тэжээн тэтгүүлэх шаардлагаасаа татгалзсан татгалзлыг болон зээлийн төлбөр 2,000,000 төгрөг гаргуулахаар тохирсон зохигчдын эвлэрлийг тус тус баталж, тус шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, орон байраар хангуулахаар 94,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 3 хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, орон байраар хангуулахад зориулж 94,500,000 төгрөг гаргуулах, хүүхдүүдээ 2 нас хүрч цэцэрлэгт өгч, ажил орлого олох хүртэлх хугацаанд өөрийгөө тэжээн тэтгүүлэх, өөрийн нэр дээр байгаа зээлийн төлбөрт нийт 3,017,065 төгрөг гаргуулах тухай шаардлагууд гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нь нэхэмжлэгч Б.*******г хүүхдүүдээ цэцэрлэгт өгч, ажил орлого олох хүртэл тэжээн тэтгүүлэх шаардлагаас татгалзсан, Б.*******гийн нэр дээрх зээлийн нийт төлбөр болох 3,017,065 төгрөгийн шаардлагаа багасгаж, 2,000,000 төгрөг болгож, хариуцагч С.******* 2,000,000 төгрөгийг төлөхөөр талууд эвлэрлийн гэрээ байгуулсан болно.
Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн өөрийгөө тэжээн тэтгүүлэх шаардлагаас татгалзсан татгалзлыг, мөн зохигчдын 2,000,000 төгрөг гаргуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, тус шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ бидний дундаас 2022 оны 08 сарын 02-ны өдөр Г., Г., 2024 оны 01 сарын 07-ны өдөр хүү Г. нарыг төрүүлсэн бөгөөд бид цаашид хамт амьдрах боломжгүй, хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй, үүргээ биелүүлдэггүй тул хуулийн дагуу үүрэг хүлээлгэх үндэслэлтэй. Мөн өөрийн гэсэн орох оронгүй, ээжийнхээ гэрт амьдарч ирсэн тул бага насны 3 хүүхдээ орон байраар хангуулах шаардлагатай байна. Орон сууцны нэг хүнд ногдох талбайн хэмжээ нь 13.5 м.кв, үүнийг ам бүлийн тоогоор үржүүлээд 54 м.кв талбайтай орон сууц шаардлагатай гэж үзсэн. *******-Уул аймагт 1 м.кв орон сууцны дундаж үнэ ханш нь 3,500,000 төгрөг гэж тооцоод 189,000,000 төгрөгийн орон сууцны тал хувь буюу 94,500,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тус тус тайлбарлаж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 3 хүүхдийг эх Б.*******гийн асрамжид үлдээх 3 хүүхдэдээ тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин орон байраар хангуулахад зориулж шаардаж байгаа 94,500,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргадаг болно.
Тус шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ өөрийн гэсэн орон байргүй, ажил дээрээ байрладаг, санхүүгийн ямар ч боломж байхгүй, Б.*******гийн хүүхдүүдийн хамт одоо амьдарч байгаа байр нь ээжийнх нь биш Б.*******гийн нэр дээр байдаг гэж маргаж байна.
4. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******тай 2021 онд танилцан, дотно харилцаатай байсан, тэдний дундаас 2022 оны 08 сарын 02-ны өдөр хүү Г., охин Г., 2024 оны 01 сарын 07-ны өдөр хүү Г. нар төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээнүүд, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Талууд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй, хариуцагч С.******* нь 3 хүүхдээ эхийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2022 оны 08 сарын 02-ны өдөр төрсөн хүү Г., охин Г., 2024 оны 01 сарын 07-ны өдөр төрсөн хүү Г. нарыг эх Б.*******гийн асрамжид үлдээх үндэслэл болж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д: Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 38 дугаар зүйлийн 38.1-т: Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч С.*******аас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
5. Орон байраар хангуулахад зориулж 94,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд хэрэгт авагдсан ******* сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор нэхэмжлэгч Б.******* нь тус багийн 42 дугаар брак байрны 4 тоотод оршин суудаг болох нь тогтоогдож байна.
Тус орон сууцыг нэхэмжлэгч нь өөрийн ээжийн нэр дээр бүртгэлтэй гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй түүний орон сууц гэж маргадаг бөгөөд хэрэгт тус орон сууцны өмчлөгч хэн болох талаарх баримтыг талууд ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл зохигчид өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд тус орон сууц нь нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлгүй болохоо нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Мөн хэрэгт нэхэмжлэгч талаас барилгын норм, дүрэм стандарт, *******-Уул аймагт баригдаж ашиглалтад орж байгаа орон сууцны барилгын эрэлт нийлүүлэлтийн судалгаа, үнийн мэдээлэл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байгаа бөгөөд энэхүү баримт нь нэхэмжлэгч болон түүний хүүхдүүдийн одоогийн нөхцөл байдал нь орон байраар зайлшгүй хангагдах шаардлагатай байгаа гэх байдлыг нотлохгүй юм.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийг хуульд заасан хэмжээгээр буюу мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эцэг С.*******аас тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар шаардах эрхтэй байхаар зохицуулжээ.
Мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцын 27 дугаар зүйлийн 2-т: Эцэг эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцөлийг өөрсдийн чадавх, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ гэж заасан байна.
Эдгээр хуулийн зохицуулалтаас үзэхэд тухайн хүүхдүүдийн одоогийн амьдарч буй нөхцөл, орон байртай холбоотойгоор эрх ашиг нь хөндөгдөж байгаа байдал, зайлшгүй орон байраар хангах шаардлагатай байдал үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч талын гаргаж буй энэхүү шаардлагын үндэслэл нь дээр дурдсан хууль, Олон улсын гэрээнд заасан үндэслэлд хамаарч байна гэж үзэх боломжгүй юм.
Иймд орон байраар хангахад зориулж 94,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэсэн болно.
6. Талууд зээлийн төлбөрийн талаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан байх тул энэхүү шаардлагатай холбоотой хэрэгт авагдсан нотлох баримтын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй болохыг дурдаж байна.
7. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 133,425 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 117,150 төгрөг, 3 хүүхдийн нэг жилд ногдох тэтгэлгийн хэмжээнээс тооцож, улсын тэмдэгтийн хураамжид 143,600 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 20** оны ** сарын 02-ны өдөр төрсөн хүү Г., охин Г., 20** оны ** сарын **-ны өдөр төрсөн хүү Г. нарыг эх Б.*******гийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 20** оны 08 сарын 02-ны өдөр төрсөн хүү Г., охин Г., 20** оны 01 сарын 07-ны өдөр төрсөн хүү Г. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.*******аас тэтгэлэг гаргуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь өөрийгөө тэжээн тэтгүүлэх тухай шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг болон хариуцагч С.******* нь 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д төлөхөөр тохирсон зохигчдын эвлэрлийг тус тус баталж, энэхүү шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн хариуцагч С.*******т холбогдуулан гаргасан 94,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,425 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 117,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож, мөн улсын тэмдэгтийн хураамжид 143,600 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 сарын 22-ны өдрийн 135/ШЗ2024/01833 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар авсан урьдчилсан арга хэмжээ энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ