| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2022/06060/и |
| Дугаар | 184/ШШ2024/04988 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2024/04988
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт байрлах ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, хаягт байрлах ******* ХХК /*******/-нд холбогдох
17,600,000 төгрөг гаргуулах тухай үндсэн
хохирол 8,269,780 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-аас хариуцагч ******* ХХК-д холбогдуулж гаргасан 17,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
... ******* ХХК нь манай байгууллагад М250 марк бүхий гоёлын шалны тусгай технологийн дагуу бэлтгэсэн бетон зуурмаг нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч тухайн нийлүүлсэн зуурмаг нь М250 маркдаа хүрэхээргүй, чанаргүй зуурмаг нийлүүлсэн ба зуурмаг нь хатах явцдаа хагарал, цуурал ихээр үүсгэж, өнгөлгөө хийх явцад бутарч үйрэх, нүх сүв гарж, барзгар болох зэргээр их хэмжээгээр задарч гэмтсэн. Хариуцагч нь өөрийн фейсбүүк хуудсандаа шороогүй кварцын агуулга өндөртэй элс, хайргаар зуурсан бетон шалыг өнгөлөхөд гартааман хөөрөг шиг бор, цагаан алаг гоёлын шал болдог, хэзээ ч хагарна гэсэн ойлголт байхгүй ... Туул голын элс хайрга ийм гоё болж чаддаггүй, хагардаг. Учир нь элсэн дэх шорооны агуулга 0.1 хувиас хэтрэхгүй байх ёстой. Шороотой бол точилоор зүлгэх явцад нүх сүв гарч, барзгар болно ... хэмээн сурталчилгаа тавьсан байх бөгөөд бидний хувьд яг л тэдний санал болгож буй гартаам хөөрөг бор цагаан гоёлын өнгөлгөөтэй шал хийхээр зорьж байсан тул дээрх сурталчилгаанд нь итгэн үнэмшиж зах зээлийн дундаж үнэлгээнээс харьцангуй өндөр үнээр бетон зуурмаг худалдан авах захиалга өгсөн болно. Харамсалтай нь манай компанид нийлүүлсэн бетон зуурмаг нь хагарал, цуурал ихээр үүсгэсэн ба өнгөлгөө хийх явцад бутарч үйрэх зэргээр их хэмжээгээр эвдэрч гэмтсэн. Бид тухайн цаг үед зах зээл дэх бетон зуурмагийн дундаж үнээс даруй 80,000-125,000 төгрөгөөр өндөр үнэлгээтэй буюу 1 м.куб нь 280,000 төгрөгийн үнэ бүхий өндөр чанарын бетон зуурмаг нийт 60 м.куб авахаар 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 6,800,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг нийт 16,800,000 төгрөг шилжүүлсэн болно. Хариуцагч тал 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 8 м.куб багтаамжтай 3 зуурагч машин бүхий нийт 24 м.куб зуурмаг ирүүлсэн. Харин маргааш өглөө нь буюу 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн өглөө гэхэд хариуцагчийн нийлүүлсэн бетон зуурмаг нь нилдээ хагарал цуурал өгсөн байдалтай байсан ба манай байгууллагын захиалсан бетон зуурмаг биш болохыг мэдсэн даруйдаа бетон зуурмаг нийлүүлж буй үйл ажиллагааг нэн даруй зогсоож дахин чанарын шаардлага хангаагүй бетон зуурмаг авахгүй гэдгээ мэдэгдэн хариуцагчийн биет төлөөлөл болох технологийн инженертэй биечлэн уулзаж, гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүн буюу 10,080,000 төгрөгийг буцаан авах, эсхүл чанарын шаардлага хангасан бетон зуурмаг нийлүүлэх тухай зүй ёсны шаардлагыг тавьсан болно. Уг шаардлагын хариуд хариуцагч нь үүргийн гүйцэтгэлээ бүрэн хангаж, чанарын шаардлага хангасан бетон зуурмаг нийлүүлэхээ амласан. Ийнхүү тохирсон ёсоороо бетон зуурмагаа авахаар 2022 оны 7 дугаар сарын сүүлээс харилцаа холбооны боломжит хэрэгсэл болох телефон утсаар хариуцагчийн ******* болон ******* дугаарууд руу удаа дараа залгаж ярилцсан боловч бид нийлүүлэхгүй, нэмэлт төлбөр төлбөл нийлүүлж болох юм гэх зэргээр үүргээ биелүүлэхээс эрс татгалзсан. Улмаар арга буюу хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал гэх Хаш-Эрдэнээс гуйж, аргадаж байж, нэгэнт төлчихсөн байсан төлбөр, авлага, өглөгөө багасгахын тулд арга буюу 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 800,000 төгрөг нэмэлтээр шилжүүлж өнгөлгөөний зориулалттай биш ердийн 10-22 хайрга бүхий 8 м.куб бетон зуурмаг худалдан авсан ба түүнээс хойш дахин ямар ч бетон зуурмаг нийлүүлээгүй болно. Хариуцагчийн энэхүү хууль бус үйлдлээс үүдэн манай байгууллага нийт 17,600,000 төгрөгийн бодит хохирол учирсан ба өнөөдрийг хүртэл уг хохирлыг барагдуулаагүй байна. Иймд ******* ХХК-ийн хууль зөрчсөн энэхүү үйлдлийг шүүж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү ... нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр худалдан авсан бетон зуурмагийн үнэ 800,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Харин чанарын шаардлага хангаагүй бетон зуурмаг нийлүүлж манай компанийг хохироосон тул төлбөрт шилжүүлсэн 16,800,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагаа дэмжиж байна ... гэв.
2. Хариуцагч ******* ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* ХХК нь 2022 оны 6 дугаар сард 250 маркийн шал бетоны бетон зуурмаг захиалж, манай компани руу 16,700,000 төгрөг шилжүүлсэн. Утсаар ярихдаа Төв аймгийн Баян сумын нутагт орших Майнтын шохойн чулууны үйлдвэрээс 3 машин буюу 60м.куб цагаан өнгөтэй цэвэр кварцын элс гэж хэлж бүтээгдэхүүнийг манай бетон зуурмагийн үйлдвэр дээр буулгаж, тухайн бүтээгдэхүүнээрээ шалны бетон зуурмаг зууруулахаар захиалга өгч хамтран ажиллахаар тохиролцсон ... Эхний ээлжид нэхэмжлэгчийн өгсөн материалаар бетон зуурсан боловч элс биш шохойн чулууны үйрмэг байсныг бид мэдээгүй. Стандартын бус материалаар биднийг хууран мэхэлж, үйлдвэрт асар их хэмжээний хохирол учруулсан. Ингээд бид энэ байдлын талаар нэхэмжлэгчид хэлж, гэрээний үүргээ биелүүлэхийн тулд Дархан-Уул аймгийн Гидрокарьерийн үйлдвэрээс угааж, баяжуулсан стандартын шаардлага хангасан элс авч ирж, тухайн шал бетоны бетон зуурмагийг нийлүүлсэн. Нэхэмжлэгч тал хүлээж авах үүргээ биелүүлээгүй. Барилга, барилгын материалын чиглэлээр 40 жил тасралтгүй ажиллаж байгаа барилгын инженер Ж.******* би тухайн талбай дээр очиж, удаа дараа зөвлөгөө өгсөн боловч тухайн барилгыг хариуцаж байгаа хүмүүс нь миний үгэнд ороогүй. Миний бие 1м.кв-аас 1.5 м.кв-аас илүүгүй хэв хашмал хийж, шал бетон темпортурын шов хийж цутгах нарийн технологийг зааж өгөхөд тухайн барилгын хүмүүс, захиалагч нар огт ойлгохгүй байсан ... бетон зуурмаг нийлүүлсэн шөнө би өөрийн биеэр ******* ХХК-ийн удирдах ажилтан Баатар, Үүрийнцолмон нартай тухайн барилгын талбай дээр очиж шөнөжин байсан. Гэтэл бетон зуурмаг хүлээн авч дамжуулж байгаа нацос буюу помп нь бетон зуурмаг дамжуулдаг шахдаг зориулалтын бус нацос бөгөөд хоолой нь маш нарийнхан байсан тул шахаж дийлэхгүй маш удаан шахаж, ажил нь саатаж байсан.
... Тухайн барилгын талбай дээр 8 м.куб багтаамжтай бетон зуурмаг зөөж хүргэдэг Мексер маркийн манай 5 машин байсан. Ингээд хоёр машиныг шөнөжин шахаад өглөө 9-10 цагийн үед помпны операторууд нь согтуу танай зуурмагийг авахгүй, помпны хоолойгоор шахагдахгүй байна, шал бетон хагараад байна гэж бөөн хэрүүл маргаан болсон. Ингээд үдээс хойш арга буюу 3 машиныг буцааж бетон зуурмагаас нь яаралтай цэвэрлэж авахын тулд ******* бетон зуурмагийн үйлдвэрийн баруун талд газар асгаж, булсан ... Иймд нэхэмжлэгчийн шилжүүлсэн 16,800,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу цаг хугацаанд нь нийлүүлж, гэрээний үүргээ 100 хувь биелүүлж, бетон зуурмагийг барилгын талбай дээр хүргэж өгсөн ... гэв.
3. Хариуцагч ******* ХХК-аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... ******* ХХК нь Багахангайн шохойн чулууны орд газраас авсан шохойн чулууны үүрмэгийг кварцын цагаан элс гэж биднийг хууран мэхэлж, манай бетон зуурмагийн үйлдвэрээр цагаан өнгийн бетон зуурмаг үйлдвэрлэхээр тухайн элсийг үйлдвэрлэлд оруулахад элс биш шохойн чулуу байсан. Ингээд шохойн чулуу нь устай урвалд орж, бетон зуурмаг зуурдаг тогоонд буцалж эхэлсэн, хэсэг хугацааны дараа шохойн чулуу элс, хайрга, дайрга, устай химийн урвалд орж чулуужсан. Ингээд ажилчидаар цэвэрлэгээ хийлгэж, үйлдвэр ажиллуулах гэтэл үйлдвэр ямар ч ажиллах боломжгүй болсон байсан. Солонгос улсын энэ чиглэлийн мэргэжлийн Би ХХК-ийн Монгол дахь салбарын захирал А.аар 5,269,780 төгрөгөөр сэлбэг тавиулж, ажлын хөлсөнд 3,000,000 төгрөгийг төлсөн. Нийт 8,269,780 төгрөгийг А.д шилжүүлсэн. Иймд ******* ХХК нь бусдыг төөрөгдүүлж, өөрийн эрх ашгийг хангах үүднээс кварцын элс гэж нунтагласан шохойн чулуу нийлүүлснээс үүдэж ******* ХХК-ийн бетон зуурмагийн автомат тохиргоотой маш нарийн технологийн хийц эдлэлүүдэд дахин ашиглах боломжгүй гэмтэл, учруулсан хохирлыг нийт 8,269,780 төгрөгөөр тооцож, нэхэмжилж байна ... гэв.
4. Нэхэмжлэгч ******* ХХК-аас сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: ... 2 вагон Багахангайн шохойн чулуу байсан талаар тодорхой мэдээлэлтэй байж, үүнийг нэхэмжлэгч байгууллагатай холбож, шохойн чулуу нийлүүлсэн гэж байгаагаа нотлох ёстой. Тухайн шохойн чулууг хэн, хаанаас явуулсан, ямар гарал үүсэлтэй байсан зэргийг тодорхойлох ёстой. Хариуцагч байгууллагын зуурмагийг сайн чанарын өнгөлгөөний бетон гэж сурталчилсаны дагуу бид өндөр үнээр захиалсан. Тэрнээс биш хариуцагчийн хэлж байгаачлан манай бараа, бүтээгдэхүүнээр бетон зуурмагийг бэлдэж өгнө гэж тохиролцоогүй. Үйлдвэрийн хашаанд 2 вагон шохойн чулуу гэж байгаа боловч үүнийг нотлох ёстой. Үүнийг нэхэмжлэгч байгууллагынх гэдгийг шалгаад, нотлох байтал шууд нэхэмжлэгч байгууллагынх гэж байгаа нь эргэлзээтэй. Үнэхээр нэхэмжлэгч компани тухайн шохойн чулууг нийлүүлсэн гэж байгаа бол хаанаас, ямар үнээр авсан, хэрхэн нийлүүлсэн зэрэг нь тодорхой байх ёстой шүү дээ. Гэвч тийм зүйл болоогүй, бид тухайн шохойн чулууг нийлүүлээгүй. Тоног төхөөрөмж эвдэрснийг бид мэдэхгүй. Манайхаас болж эвдэрснийг мөн мэдэхгүй. Эвдэрсэн, зассан гэх баримтуудын огноо зөрж байсан. 2 машин зуурмаг нийлүүлсэн гэж байгаа бол үлдсэн зуурмагийг хэрхэн нийлүүлснийг тогтоох шаардлагатай. Мэргэжлийн бус хүмүүс байсан, буруу шахсан гэх асуудлыг хэн ч нотлоогүй. Хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл нотлох баримтад үндэслээгүй, ажилчид нь согтуу байсан гэх яриагаар үндэслэж төөрөгдүүлж яриад байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй ... гэв.
5. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, төлбөрийн даалгавар, нэхэмжлэгч компанийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Л. болон ******* ХХК нарын хооронд 2022.07.01-ний өдөр байгуулагдсан 07/001 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ.
6. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээ, Геологийн төв лабораторийн шинжилгээний дүн, Монгол улсын стандарт: Барилга байгууламжийн ажилд хэрэглэх баяжуулсан элс, дайрга, ширхэглэлийн химийн найрлага, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, Барилга архитектур корпораци итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, ******* ХХК-д нийлүүлсэн бетон зуурмагийн тооцоо, бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт, техникийн тодорхойлолт, Барилга, архитектур корпорацийн 2023.02.13-ны өдрийн 9 тоот албан бичиг, Барилга, архитектур корпораци итгэмжлэгдсэн лабораторийн 2023.08.02-ны өдрийн КБХЭ138/23 дугаар шижилгээний дүн, 2022.12.21-ний өдрийн 3823/22 БДЛ шинжилгээний дүн, Би ХХК-ийн нэхэмжлэл, .
7. Хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: нэхэмжлэгч байгууллагын ажлын байр, шаланд болон хариуцагч компанийн ажилтны гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, гэрч Ж., , Б., А. нарын мэдүүлэг, бэлэн мөнгөний зарлагын баримт, мөнгөний орлогын баримт, нэхэмжлэл, гар утсанд хийгдсэн үзлэгийн тэмдэглэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулж гэрээний дагуу шилжүүлсэн 17,600,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн зарим хэсэг болох 800,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч нь гэрээгээр тохиролцсоны дагуу бетон зуурмаг бүрэн нийлүүлээгүй, нийлүүлсэн бетон зуурмаг нь чанарын шаардлага хангаагүй тул төлсөн 16,800,000 төгрөгийг буцаан гаргуулна гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргаж буй үндэслэлдээ гэрээгээр тохиролцсоны дагуу зохих чанарын шаардлага хангасан бетон зуурмаг нийлүүлсэн, нэхэмжлэгч компани нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авах үүргээ биелүүлээгүй гэсэн ба нэхэмжлэгч компанийн нийлүүлсэн стандартын бус шохойн чулууны улмаас үйлдвэрийн тоног төхөөрөмж эвдэрсэн үндэслэлээр эвдрэл гэмтлийг засч сэлбэхэд гарсан зардал 8,269,780 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
3. Шүүх талуудын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Хариуцагч ******* ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр бетон зуурмагийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барилга хот байгуулалтын яамны №МҮ18-022/20 тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь тоот хаягт байрлах өөрийн компанийн ажлын байрны шалыг өнгө, чанарын шаардлага хангасан бетоноор бүтээх зорилгоор хариуцагч компанитай 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр холбогдож, тус компанийн үйлдвэрлэж, санал болгосон М250 маркийн бетон зуурмагаас 60 м.куб-г авах, 1м.куб бетон зуурмагийг 280,000 төгрөгөөр тоооцож төлбөр төлөхөөр тохиролцжээ.
Ийнхүү хариуцагч компани өөрийн үйлдвэрлэсэн бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлэх, нэхэмжлэгч нь бетон зуурмагийг хүлээн авч, хэлэлцэн тохирсон үнийг төлж, хүлээн авах үүргийг хүлээхээр харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Талууд гэрээний гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцож, эд хөрөнгийг шилжүүлэх үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд аман хэлбэрээр гэрээ байгуулагдсан гэж үзэх ба гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
6. Зохигчдын хувьд гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагчаас зохих чанар, стандартын шаардлага хангасан бетон зуурмагийг хэлэлцэн тохирсон хэмжээгээр бүрэн нийлүүлсэн эсэх, хариуцагчийн бетон зуурмагийн үйлдвэрт гарсан эвдрэл гэмтэлд нэхэмжлэгч гэм буруутай эсэх, хохирлыг барагдуулах үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.
8. Хэрэгт нотлох баримтаар цугласан гэрч Ж.ын ... буцаж ирсэн бетон зуурмагийг асгах талбайг зааж өгсөн ... 3 машин бетон зуурмаг асгасан ... , гэрч ын ... ******* ХХК-ийн хүлээн авахаас татгалзсан бетон зуурмагийг ******* ХХК-ийн үйлдвэрийн хашаан дотор асгасан, 3 машин 24 м.куб бетон зуурмаг асгасан ... , гэрч Б.Жанцантөгсийн ... 3 машин бетон зуурмаг буцаж ирсэн ... гэх мэдүүлэг, бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт болон нэхэмжлэгчийн ... 2022 оны 7 дугаар сарын 6-ны өглөө гэхэд хариуцагчийн нийлүүлсэн бетон зуурмаг нь хагарал цуурал өгсөн байдалтай байсан ба манай байгууллагын захиалсан бетон зуурмаг биш болохыг мэдсэн даруйдаа нийлүүлэлтийг зогсоосон ... , хариуцагчийн төлөөлөгчийн ... тухайн барилгын талбай дээр 8м.куб багтаамжтай бетон зуурмаг зөөж хүргэдэг Мексер маркийн манай 5 машин байсан, ингээд 2 машиныг шөнөжин шахаад ... үдээс хойш арга буюу 3 машиныг бетон зуурмагаас нь яаралтай цэвэрлэж авахын тулд ******* бетон зуурмагны үйлдвэрийн баруун талд газар асгаж, булсан ... гэх тайлбар зэргээр хариуцагч ******* ХХК нь хууль, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2022 оны 7 дугаар сарын 5-ны орой өөрийн зуурмагийн үйлдвэрээс 8 м.куб-н багтаамжтай 5 зуурагч машин бүхий нийт 40 м.куб зуурмагийг нэхэмжлэгчийн ажлын талбайд илгээсэн боловч 24 м.куб бүхий 3 мексер маркийн машиныг хүлээлгэж өгөлгүй өөрийн үйлдвэрийн талбайд бетон зуурмагийг буцааж буулгасан болох нь тогтоогдож байна.
9. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2. Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэжээ. Талуудын тохиролцсон байдлаас үзэхэд бетон зуурмагийг барилгын ажлын талбайд хүргэж өгөх үүргийг худалдагч буюу хариуцагч хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл бетон зуурмагийг тээвэрлэгч тээврийн хэрэгслийн жолооч нараас зөвхөн 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 21.00 цагт 8 м.куб бетон зуурмагийг Бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт-аар хүлээлгэн өгч, харин бусад тохиолдолд баримтаар хүлээлгэж өгөөгүй буюу баримтад хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй байна.
Тодруулбал эд хөрөнгийг хүлээн авах нөхцөлийг талууд гэрээгээр тохиролцоогүй боловч нэхэмжлэгчид дээрх 16 м.куб бетон зуурмагаас илүү хэмжээгээр бетон зуурмаг хүлээлгэж өгсөн нь хэргийн баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч худалдан авсан эд хөрөнгийг хүлээж авах үүргээ зөрчснөөс 24 м.куб бетон зуурмаг бүхий 3 мексер маркийн автомашин барилгын талбайгаас буцсан гэх хариуцагчийн татгалзал, тайлбар хэргийн баримтаар нотлогдсонгүй.
10. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2. Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ, хуулийн 251.3. Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй гэж заажээ.
Нэхэмжлэгч нь бидний хувьд яг л тэдний санал болгож буй гартаам хөөрөг бор цагаан гоёлын өнгөлгөөтэй шал хийхээр зорьж захиалга өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч бодит байдалд бичгийн гэрээ байгуулаагүй тул бетон зуурмагийн зориулалт, чанар, онцлог шинж чанарын талаар талууд тусгайлан тохиролцсон гэж үзэх боломжгүй. Тиймээс хариуцагчаас нийлүүлсэн бетон зуурмагийг чанар байдлын хувьд доголдолтой гэж үзэхгүй ба хариуцагч нь эрх бүхий байгууллагын лабораторийн шинжилгээний дүнгээр баталгаажсан М250 маркийн бетон зуурмаг нийлүүлсэн талаар Барилга архитектур корпораци итгэмжлэгдсэн лабораторийн 2022.12.21-ний өдрийн №3823/22 БДЛ шинжилгээний дүнг нотлох баримтаар гаргаж өгсөн байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч компани хариуцагчийн нийлүүлсэн бетон зуурмаг хийц бүхий шалыг зориулалтын дагуу ашиглаж, шалны үлдэх хэсгийг өөр этгээдээс нийлүүлсэн бетон зуурмагаар гүйцээж дуусгасан болох нь хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримт, ажил гүйцэтгэх гэрээ болон шүүхээс хийсэн үзлэг, гэрэл зургаар тогтоогдсон тул чанар байдлын хувьд доголдолгүй хөрөнгө шилжүүлсэн гэж үзнэ. Нөгөө талаар нэхэмжлэгчээс хариуцагчийн нийлүүлсэн бетон зуурмаг хагарал үүсгэж, өнгөлгөө хийх явцад цуурал ихээр үүсгэсэн, нүх сүв их гарсан гэх боловч энэ нь дан ганц бетон зуурмагийн чанараас шалтгаалж бий болсон нь гэдгийг баримтаар нотолж чадаагүй.
11. Нэгэнт хариуцагчаас шилжүүлсэн эд хөрөнгө нь талуудын тохирсон хэмжээнд хүрээгүй, дутуу шилжүүлсэн тул нэхэмжлэгчид худалдан авсан бүтээгдэхүүний үнийг бүрэн хэмжээгээр төлөх үүрэг үүсэхгүй, харин дутуу шилжүүлсэн хэмжээгээр үнийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасанд нийцжээ.
12. Хариуцагч ******* ХХК-ийн өөрийн үйлдвэрийн эд анги, сэлбэг хэрэгсэл эвдэрсэн нь нэхэмжлэгч компанийн буруутай үйлдлээс шалгаалсан гэх үндэслэлээр гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангахгүй.
Хариуцагчийн нотлох баримтаар гаргасан нэхэмжлэх хуудас, нэхэмжлэгч компанийн дансны хуулга, гэрч Ж., , Б.Жанцантөгс, А. нарын мэдүүлгээр 2022 оны 7 дугаар сард хариуцагч компанийн бетон зуурмагийн үйлдвэрийн зуурах эд ангийн тогоо эвдэрсэн, түүнийг засуулсан үйл баримт тогтоогдож байх боловч тухайн эвдрэл гэмтэл нь нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдлээс шалгаалсан гэж үзэх боломжгүй байна.
13. Тухайлбал хариуцагчийн төлөөлөгч цэвэр кварцын элс гэж буулгасан бүтээгдэхүүн нь элс биш, шохойн чулууны үйрмэг байсныг бид мэдээгүй гэх тайлбар болон хэргийн оролцогчийн хүсэлтээр хийгдсэн чатанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр илэрсэн нөхцөл байдал нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй. Учир нь хариуцагчийн хувьд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр, лабораторын шинжилгээгээр баталгаажсан, Монгол улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр бетон зуурмаг үйлдвэрлэж, хэрэглэгчдэд нийлүүлэх үүрэг хүлээсэн этгээд тул шинжилгээний бичиггүй, мэргэжлийн бус этгээдийн нийлүүлсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд ашиглах боломжгүй юм. Нөгөө талаар тухайн бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч нийлүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдоогүй, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлтэй.
14. Иймд хариуцагч ******* ХХК нь бетон зуурмагийг дутуу буюу 4,480,000 төгрөгийн үнэ бүхий 16 м.куб-ыг нийлүүлсэн тул үлдэх 44 м.куб бетоны үнэ 12,320,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй, шүүх энэ хэмжээнд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 5,280,000 төгрөгийн шаардлага болон 8,269,780 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
15. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 245,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 147,266 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 212,070 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН