Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 583

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Э.Х  түүний өмгөөлөгч О.Санчирбал,

хохирогч М.Золбоо түүний өмгөөлөгч С.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705009380168 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Булган аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ЦДҮС ХК-нд ээлийн инженер ажилтай, ам бүл 1, ганцаараа оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Э.Х  нь 2017 оны 09 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 29/2 дугаар байрны 12 дугаар давхарын орцонд иргэн М.Золбоогийн нүүрэн тус газарт мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х  мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Золбоо мэдүүлэхдээ: “2017 оны 9 дүгээр сарын 29-нөөс 30-ны шилжих шөнө найз Ган-Эрдэний гэрт 23 цагийн үед очиж дөрвүүлээ хамт тоглоом тоглосон. Тэгээд 03 цагийн үед харихаар хувцсаа өмсөөд үүдэнд нь зогсож байсан. Тэр үед гадаа эмэгтэй хүний “амь авраарай” гэж орилох дуу гарсан. Манай хоёр найз хувцсаа өмссөн байсан болохоор түрүүлж гараад би араас нь гарсан. Тэгтэл эмэгтэй хүний дух хэсэг нь хавдсан, нүүр хэсэг нь хөхрөлттэй, уйлсан байдалтай Х ын гарыг нь бариад чичрээд зогсож байсан. Тэгэхээр нь бид нар очиж салгасан. Х  тухайн үед “та нарт ямар ч хамаагүй” гэж хэлж байсан. Бид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг харсан учраас салгаж туслахаар очсон. Удалгүй нөгөө эмэгтэй “наад ахыгаа барьж байгаарай” гэж хэлээд доошоо буусан. Тэгэхэд Х  араас нь лифтэнд суугаад явахыг оролдсон. Тэр эмэгтэйн хэлсэн үг санаанд орсон учраас би Х ыг лифтнээс татаж гаргаж ирсэн. Тэгтэл Х  миний цээж хэсгээс татаж баруун талын хацар руу хоёр удаа хүчтэй мөргөсөн. Үүний улмаас би хагалгаанд орсон бөгөөд миний нүүр хэсгээс яс авсан. Хагалгааны дараа компьютер томографийн зураг авхуулахад өмнөх хугарлууд нь хэвээрээ, яс байхгүй, цөмрөлттэй, ташуу хугарлуудтай, хадаас  тавигдсан. Би эрүүл мэндээрээ хохирсон учраас өмнөх шигээ болохыг хүсэж байна. Би хагалгааны дараах компьютер томографийн зургаа орчуулж Солонгос улс руу явуулсан. Орчуулгын шинжилгээний дүн өнөөдөр ирэх ёстой. Ясыг нөхдөггүй болохоор пластикаар нөхдөг. Тийм учраас энэ зардлыг төлүүлэхээр иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Мөн хавтас хэргийн 53 дугаар хуудсанд өмгөөллийн зардалд 1.000.000 төгрөгийн баримт байгаа. Мөн 77, 78, 79 дүгээр хуудсанд байгаа томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг, эмчилгээний зардал, эм тариа авсан 720.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Х  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хохирогч М.Золбоогийн “2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 23 цаг өнгөрч байхад манай найз Ган-Эрдэнийн гэр болох 29/2 дугаар байрны 50 тоотод би өөрийн найз нар болох Цэнгүүн Балжинням нарын хамт очсон. Тэднийд хоол хийж идчихээд компьютер тоглож байгаад цагаа харсан чинь шөнийн 03 цаг орчим болж байхаар нь гэртээ харихаар бид гурав хувцасаа өмсөж байхад гадаа үүдэнд гэрийн хаалга савагдах чимээ сонсогдоод лифт дуугараад эмэгтэй хүн “хүн байна уу, авраарай, аллаа” гэтэл Цэнгүүн, Балжинням түрүүлээд гарсан тэгээд би араас нь гараад хартал 12 давхарт үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан ба эмэгтэй нь уйлчихсан нүд нь хөхөрсөн дух хэсэгтээ хавдчихсан зодуулсан байдалтай эрэгтэйгийнхээ гарыг барьчихсан байтал манай хоёр найз тэр залууг салгаад яасан арчаагүй юм эмэгтэй хүнд гар хүрлээ гэхэд эмэгтэй нь нөхрөөсөө айсан уу эгчийн дүү нар гэртээ орчих гэсэн.

... Тэгээд лифт хүрээд иртэл нөгөөх эмэгтэйгээ зодох гэж байсан залуу буух гээд байхаар нь би нөгөө эмэгтэйгээ араас нь очоод зодож магадгүй гэж бодоод нөгөө залууг лифтнээс татаад гаргаад иртэл намайг татаж бариад нүүр лүү хоёр удаа толгойгоороо мөргөсөн. Би мөргүүлсэндээ хойшоогоо саваад манараад хана налаад доошоо суусан. Тэгээд манай 2 найз намайг аваад эргээд Ган-Эрдэнийн гэр лүү орсон. Бид нар цагдаа тухайн үедээ дуудаагүй ээ. Хажуугийн айл 49 тоотоос нэг эмээ ах 2 гарч ирээд харж байсан. ... Миний биед баруун нүдний доод талын яс хугарсан, эрүү том ангайж чадахааргүй болсон байна. Нүд хааяа бүрэлзсэн байдалтай байна. Гайморовын хөндийн хамрын яс гэмтсэн байна. ...Хохирлоо барагдуулж авмаар байна. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6-7 дугаар хуудас/

 

Гэрч С.Ган-Эрдэнийн “... шөнийн 03 цагийн үед манай найз нар явах гээд гадуур хувцсаа өмсөж байтал гадаа хаалганы үүдэнд орцонд нэг эгч бахирсан хоолойгоор амь авраарай туслаарай гэхээр нь найз нар хувцасаа өмсчихсөн байсан учраас Цэнгүүн, Балжинням нар эхлээд гарсан. Араас нь Золбоо гарсан. ...Тэгээд тэр эгч бид нараас энэ ахыгаа битгий хамт явуулаач гээд гуйгаад байсан. Тэгэж хэлэхэд Золбоо тэр залууг лифтнээс татаж гаргаж ирээд тантай хамт явахгүй гээд байна гэсэн. Тэгээд тэр эгч лифтээр доошоо буусан. Тэгтэл манай хажуугийн 51 тоотоос өндөр биетэй 180 гаруй см өндөртэй биеэрхүү залуу гарч иртэл тэр согтуу эмэгтэй хүнийг зодсон гэх залуу тэр залууг хараад манай Золбоогийн нүүр лүү хоёр удаа мөргөсөн. Тэгээд Золбоо газар уначихсан. Би Золбоог аваад гэртээ орсон. Золбоог мөргөчихсөн залуу Цэнгүүнтэй юм яриад үлдсэн. Хэсэг хугацааны дараа  Цэнгүүн араас орж ирээд учраа олчихлоо гэсэн. Золбоо мөргүүлсний дараа баруун нүд нь доогуураа хавдаад хөхөрчихсөн хамар нь хавдсан байсан. Хамарнаас нь цус гарч байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8 дугаар хуудас/

 

Гэрч Э.Балжиннямын “... Цэнгүүн бид хоёр очоод  та яагаад эмэгтэй хүнд гар хүрч байгаа юм бэ адилхан эмэгтэй хүнээс төрчихөөд гээд уурлах аястай хэлэхэд өөдөөс нөгөөх залуу ахын дүү нар хүний амьдралыг мэдэхгүй байна та нар юуч ойлгохгүй байж зүгээр явцгаа гэхээр нь бид 2 энэ эмэгтэйг үлдээвэл яачих юм бэ алчихаж магадгүй гэж бодоод та яах гээд байгаа юм бэ гэхэд над руу цохиод би бултахад хажуугийн Юнивишний тагыг оносон. Би тэр ахад гар хүрээгүй ээ.

... Золбоо ирээд лифтнээс татаж буулгасан. Намайг тэр ах ер нь их цохих гээд ахын дүү нааш ир гээд байсан. ... нөгөөх ах чинь онгирсон уу яасан Золбоог татаж барьж аваад нүүр лүү нь хоёр удаа мөргөсөн. Золбоо доошоо суугаад нүүрээ дараад уначихсан. ... Нүд нь хавдаж хөхөрч тагларсан. Хацар хамар нь хавдсан. Хамраас нь цус гараад тогтохгүй байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9 дүгээр хуудас/

 

Гэрч Н.Цэнгүүний “... Тэгээд нөгөөх залуу чинь Золбоог барьж аваад нүүр нүд орчимд нь хоёр удаа мөргөсөн. Золбоо нүдээ бариад доошоо суучихсан. Тэгээд нөгөөх залуу чинь Балжиннямтай барилцаж аваад би тэр хоёрыг салгаад Ганаа Золбоог аваад гэрлүүгээ орсон. Би тэгээд Балжиннямыг салгаад гэртээ ор гэж загнаад нөгөөх залуутай үлдэхэд миний цээж рүү нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/

 

Гэрч А.Идэрхүүгийн “... манай 51 тоотын зүс харж байсан залуу руу бүгдээрээ дайраад тэр залуу нь лифтэнд суучихсан. Нөгөө хүүхэн нь наад залуугаа барьж байгаарай гээд шатаар буучихсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №12703 дугаартай шинжээчийн:

“1. М.Золбоогийн биед баруун хоншоор яс нийлмэл, хацар яс, баруун нүдний ухархайн хажуу ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 21 дүгээр хуудас/

 

Шинжээч эмч Д.Долгормаагийн “Дээрх гэмтлүүдээс хоншоор ясны нийлмэл хугарал, хацар ясны хугаралууд нь хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Толгойгоор хоёр удаа мөргөхөд үүсэх боломжтой. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Уг гэмтлийг учруулсан хүнд дээрхи доргилт гэмтэл үүсч болно” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Э.Х  иргэн М.Золбоогийн нүүрэн тус газарт мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хохирогчийн мэдүүлэг,  гэрч, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Х ын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Э.Х ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд түүнд шүүхээс 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Энэхүү торгох ялыг шүүгдэгч нь 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүхээс тогтоосон болно.

 

Хохирогч М.Золбоо нь эмчилгээний төлбөр 720,000 төгрөг, томографийн зураг авхуулсан 120,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг тус тус нэхэмжилж цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэжээ.

Шүүгдэгч Э.Х  нь хохирогч М.Золбоод хагалгаанд зарцуулсан 642.450 төгрөгийг төлсөн бөгөөд томографийн зардал 120.000 төгрөг, бусад эмчилгээний зардал 720,000 төгрөг нь баримтуудаар тогтоогдсон тул нийт 840.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн хохирогч М.Золбоо нь цаашид гарах хор уршигийн зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Х ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.        

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Х  баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Х ыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Э.Х  торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Э.Х  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.Х  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Э.Х  840.000 /найман зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгой 52 дугаар гудамжны 346 тоотод оршин суух хохирогч Бандаалай овогт Мөнхбаярын Золбоод /РД:ДЮ97040217/ олгож, өмгөөлөгчийн хөлсөнд 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Хохирогч М.Золбоо нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Х т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ