Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 584

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч Л.Соёмбо,

шүүгдэгч З.Б , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох 1705001960107 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 018-50 тоотод оршин суудаг,

2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хорих ял оногдуулж 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүх магадлангаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 525-ө дугаартай захирамжаар Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 жил 01 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 8 сар 19 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан, Боржигин Овогт Зэвгээгийн Б  /РД:ШЖ65062702/.

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч З.Б  нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд хохирогч Ц.Өлзийцэцэгийн жолоодож явсан тээврийн хэрэгслээр Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кинотеатрын зүүн талаас тус дүүргийн 10 дугаар хорооны усан сангийн орчимд хүргүүлэх үедээ тээврийн хэрэгслийн бүхээгнээс цүнхтэй эд зүйлийг хулгайлж, 1,605,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Өлзийцэцэг мэдүүлэхдээ: “...2017.7.25-ны орой 20 цаг 30 минутын үед БГД-н 12-р хороо Өргөө кино театрын зүүн талын зам дээрээс манай найз охин Уянга машинтайгаа явж байгаад нэг эмэгтэй хүн гар өргөхөөр нь энэ хүнийг хоёулаа аваад таксинд явъя гээд авахад уг хүн нь согтуу усан сан орно гэж хэлсэн. ...тэгээд буулгачихаад бид хоёр эргээд Бичил хорооллын арктай байранд очиж би гадаа машинд үлдэж Уянга гэртээ орсон. Тэр хооронд нь би цүнхнээсээ юм авах гээд хойш багаж руу харахад миний цүнх байхгүй болсон байсан. ...бид хоёр нөгөө эгчийн буусан газар очиж тэнд сагс тоглож байсан хүүхдүүдээс цүнх барьсан, хар хувцастай, бүдүүн эгчийг харсан уу гэхэд хараагүй, анзаараагүй юм байна гэж хэлсэн. ...бид нарыг ороход миний цүнх тухайн айлын газар шидсэн байдалтай байж байсан. Тэгээд цагдаа намайг цүнхээ шалгаад үз гэхээр нь би шалгаад үзэхэд цүнхэн дотроос миний гоо сайхны сав алга болсон, Самсунг галакси с2 маркын гар утас /хар өнгийн/, билет захиалсан захиалгын хуудас алга болсон байсан ба бусад эд зүйлс нь цүнхэн дотор байж байсан...Одоо би гар утсаа 170,000 төгрөгөөр үнэлж байна...” /хх 16-17/

 

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Гантөмөр мэдүүлэхдээ: “...2017.7.24-ний өдөр манай эхнэр Б  гэрээсээ гарч яваад гэртээ ирж хоноогүй ба маргааш нь буюу 2017.7.25-ны орой хар өнгийн эмэгтэй хүний цүнх барьчихсан орж ирсэн ба мөн хар өнгийн Самсунг маркийн гар утас халааснаасаа гаргаад ирэхээр нь би Б ыг уг утсыг архины барьцаанд тавьчих байх гэж бодоод гудсан доогуур нуучихсан юм. Тэгээд байж байтал гаднаас цагдаа нар ирээд Б ыг хулгай хийсэн байна гээд уг цүнхтэй нь аваад явсан ба би маргааш нь уг гар утсыг нь цагдаа дээр аваачиж өгсөн. би Б ыг хаанаас хулгай хийсэн талаар мэдэхгүй...” гэжээ. /хх 21-22/

 

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх 8/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 9/

Эд зүйлийн үнэлгээ /хх 10-11/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33, 34/,

2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 95 дугаартай Шийтгэх тогтоол /хх 39-42/,

2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоол /хх 44-47/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч З.Б  нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд хохирогч Ц.Өлзийцэцэгийн жолоодож явсан тээврийн хэрэгслээр Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кинотеатрын зүүн талаас тус дүүргийн 10 дугаар хорооны усан сангийн орчимд хүргүүлэх үедээ тээврийн хэрэгслийн бүхээгнээс цүнхтэй эд зүйлийг хулгайлж, 1,605,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Өлзийцэцэг /хх 16-17/, гэрч Д.Гантөмөр /хх 21-22/ нарын мэдүүлэг,

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх 8/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 9/

Эд зүйлийн үнэлгээ /хх 10-11/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Иймд шүүгдэгч З.Б ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч З.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Өлзийцэцэгт төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Б ы урьд авсан хувийн батлагаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОЮУН