Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/1005

 

 

 

 

 

   2022            10             19                                     2022/ДШМ/1005                                  

 

Н.Б-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч К.Манлай,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1155 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч К.Манлайн гаргасан давж заалдах гомдлоор Н.Б-од холбогдох 2202000000191 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

 

Шүүгдэгч Н.Б- нь “Х-” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2019- 2020 онд “Б-” ХХК-иас ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу нийт 4,998,696,150 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг “Б-” ХХК-иас авсан мэтээр хий бичилт бүхий 11 ширхэг НӨАТ-ын падаан баримтыг 2019 оны 1, 4, 6 дугаар саруудад болон 2022 оны 3 дугаар сард өөрийн компанийн худалдан авалтаар зориуд худал тодорхойлж татварт тайлагнан, улсын төсөвт төлөгдөх 454,426,922.18 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б-ыг “Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон буюу татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Б-оос 288,593,904.40 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Н.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч К.Манлай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт болон шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлд маргахгүй байгаа. Шийтгэх тогтоолоор “Х-” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын төлөөгүй үлдэгдэл болох 288,593,904.40 төгрөгийг шүүгдэгч Н.Б-оос гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Прокурорын яллах дүгнэлтэд 454,426,922.18 төгрөгийн хохиролтой гэж оруулж ирсэн. Шүүгдэгч Н.Б- болон өмгөөлөгч миний зүгээс гэм буруугийн шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгсөн татварын тодорхойлолтоор 165,833,000 төгрөг төлж барагдуулсан гэж үзэж 288,593,904.40 төгрөгийг Н.Б-оос гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь, НӨАТ буюу хохирол гэж үзэж байгаа мөнгийг “Х-” ХХК төлөх ёстой. НӨАТ бол “Х-” ХХК худалдан авалт хийснээр татварын систем дээр тухайн мөнгөнөөс оногдох татвар хасагдаж, төлөгдөх процесс үргэлжилж явдаг. Шүүх хуралдааны явцад “Х-” ХХК-ийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хийсэн гэрээ, мөн ойрын хугацаанд хийсэн ажлын дүгнэлт, эрх зүйн акт зэргийг гаргаж өгөөд энэ компани хэвийн үйл ажиллагаа явуулдаг, ирээдүйд НӨАТ төлөөд явах нь илэрхий гэдэг дүгнэлтэд хүрсэн. Гэм буруугийн хэлэлцүүлгийн явцад хохирогч мэдүүлэг өгсний дараа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Баттулгаас тодруулахад “Энэ компанийн НӨАТ бичигдсэн байдал тухайн компани худалдан авалт хийснээрээ энэ өр арилаад явна” гэж тайлбарласан. Шийтгэх тогтоолоор Н.Б-оос 288,593,440 төгрөгийг гаргахаар шийдвэрлэсэн, нөгөө талд “Х-” ХХК татварын үлдэгдэл төлбөрөө төлөх шаардлагатай болчихоод байгаа, мэдээж төлнө тэр нь зүй ёсны асуудал. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинж чанартай учир зайлшгүй гаргуулах нөхцөл байдал үүсэж байна. 288,593,440 төгрөгийг Н.Б-оос давхар гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Н.Б-оос 288,593,440 төгрөгийг гаргуулах шийдвэрийг өөрчилж “Х-” ХХК-иас гаргуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Б- тус шүүх хуралдаанд “...Нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.

 

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, эргэлзээгүй байх ёстой зарчмыг хангаагүй, хоёр дахин төлөх агуулгатай гомдол байсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирол төлөгдсөн мэтээр тайлбарлаж байна. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд компанийн гүйцэтгэх удирдах албан тушаалтан татагдахаар байгаа. Н.Б- нь гүйцэтгэх захирал буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд учраас яллагдагчаар татсан. Өмгөөлөгчийн ярьсан зарчмаар татвар дээр явж байгаа. Тухайн үед татвараас зайлсхийсэн гээд өр үүсвэл тухайн өрийг дараагийн худалдан авалтаар хасагдаж явдаг зохицуулалттай. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлсөн баримтаа авчирсан. Нийслэлийн татварын улсын байцаагч н.Баттулга хохирлыг ингэж тооцох боломжтой гэж үлдэгдэл хохирлыг гаргуулахаар заасан. Миний хувьд улсын орлого биш, татварын улсын төсөвт оруулахаар заасан бол ойлгомжтой байсан байх болов уу гэсэн байр суурьтай байгаа. Миний хувьд өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй гэж бодож байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаанд өөр агуулгатай зүйл ярьчихлаа. Хэрвээ Х-” ХХК 288,593,440 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосны дараа дахин шүүхийн шийдвэрээр Н.Б-оос хохирлыг гаргуулах нөхцөл байдал үүснэ гэж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Б-од холбогдох  хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч К.Манлайн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

 

Шүүгдэгч Н.Б- нь “Х-” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2019-2020 онд “Б-” ХХК-иас ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу нийт 4,998,696,150 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг “Б-” ХХК-иас авсан мэтээр хий бичилт бүхий 11 ширхэг НӨАТ-ын падаан баримтыг 2019 оны 1, 4, 6 дугаар саруудад болон 2022 оны 3 дугаар сард өөрийн компанийн худалдан авалтаар зориуд худал тодорхойлж татварт тайлагнан, улсын төсөвт төлөгдөх 454,426,922.18 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баттулгын “...“Х-” ХХК нь 2019 оны 1, 4, 6 дугаар сарууд болон 2020 оны 3 дугаар сард “Б-” ХХК-иас нийт 4,998,696,150 төгрөгийн худалдан авалт хийснээр 11 ширхэг НӨАТ-ын падааныг татварт тайлагнан, нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хэмжээг 454,426,922 төгрөгөөр бууруулсан байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон шинжээчийн дүгнэлтээр эдгээр НӨАТ-ын падаанууд нь хуурамч болох нь тогтоогдсон байна. ...” /2хх 26-27/,

гэрч А.Б-ын “...“Х-” ХХК нь 384,000,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн. ...” /1хх 178/,

гэрч Д.Х-ын “...би “Б-” ХХК-ийн нэрээр 2017-2020 онуудад нийт 135,166,886,586.36 төгрөгийн НӨАТ-ын борлуулалтын падаан үйлдэж төсөвт төлөх НӨАТ-ыг 13,516,688,658.64 төгрөгөөр бууруулж бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосноо хүлээн зөвшөөрч байна. Би шивсэн НӨАТ-ын үнийн дүнгийн 0,8-1.5% хүртэлх хувиар борлуулж байсан. Энэ нь компанийн харилцах дансууд болон А.Анхтуяагийн Хаан банкны 5030539212 тоот дансны хуулгаар харагдана. ...” /1хх 184/,

гэрч Э.Г-ын “...2019 оны 6 дугаар сарын үед байх “Х-” ХХК-иас НӨАТ-ын баримт шивүүлсний төлбөр гээд 20,000,000 төгрөгийг Б.Батзаяа бэлнээр надад авчирч өгч байсан. Тэр 20,000,000 төгрөгийг нь би Д.Хишигжаргал эгчид тэр өдрөө шууд аваачиж өгч байсан. ...” /1хх-195-196/,

гэрч Б.Б-н “...“Х-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б- гэж хүнтэй багшийн дээдийн тэр хавьцаа нэг оффис дээр очиж уулзсан. ...Урьдчилгаа мөнгө өгч байж падаан шивж өгнө гэж байна гэдгийг нь Н.Б- гэх хүнд дамжуулж хэлсэн. Н.Б- надад НӨАТ авах дүнгээ хэлж байсан, яг хэд гэж байсныг нь санахгүй байна. ...Н.Б- нь НӨАТ-ын падаан шивүүлсний урьдчилгаа мөнгө гээд 20,000,000 төгрөгийг надад бэлнээр өгсөн. Тэрийг нь би Ган-Оргилд тэр өдөртөө 25 дугаар эмийн сангийн тэнд аваачиж өгсөн. ...” /1хх 193-194/,

Н.Б-ын яллагдагчаар өгсөн “...миний тухайд 2014 оноос одоог хүртэл гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчийн ажлыг давхар хийгээд явж байна. ...“Б-” ХХК-иас манайх руу падаан баримтуудыг шивж эхэлсэн бөгөөд 2019 оны 1,4, 6 саруудад нийт 4 ширхэг падаан баримтаар 773,101,450 төгрөгийн дүн бүхий НӨАТ-ын шивэлт хийлгэсэн. Тухайн оны хамгийн сүүлийн шивэлт нь 6 сард хийгдсэн яг хамгийн сүүлийн шивэлт хийгдээд дууссаны дараа 773,101,450 төгрөгийн НӨАТ-ын баримтын төлбөр болгож уг үнийн дүнгийн 2.5 хувь болох 20,000,000 төгрөгийг Б.Батзаяад бэлнээр өгсөн. ...Татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” /2хх 12-13/ гэсэн мэдүүлгүүд,

 

“Б-” ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний хооронд бичигдсэн борлуулалтын дэлгэрэнгүй /1хх 69/, “Б-” ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний хооронд хийгдсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын падааны товчоо /харилцагчаар/ /1хх 118/ “Х-” ХХК-ийн татвар, санхүүгийн баримтад хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх 209-215/, “...манай компани 2019 оноос 2020 оны хооронд “Б-” ХХК-иас НӨАТ-ын илүүдэл шивүүлэхдээ анхан шатны ямар ч баримт үйлдээгүй болно. ...” гэх гүйцэтгэх захирал Н.Б-ын тайлбар /1хх 216/, “Х-” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /2хх 5-6/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, хэн, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Н.Б- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Н.Б-ын “Х-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хэргийн зүйлчлэл, хэм хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч К.Манлай “...“Х-” ХХК-ийн 288,593,904.40 төгрөгийн татварын өрийг Н.Б-оос гаргуулахаар шийдвэрлэсэн нь Н.Б- “Х-” ХХК-ийн улсад төлөх хохирлыг иргэний хувьд дахин төлөх нөхцөл байдал үүсэж байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж “Х-” ХХК-с гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хууль тогтоогч эдийн засгийн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн Арван наймдугаар бүлэгт төрөлжүүлэн хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол” гэж тухайн гэмт хэргийн шинжийг заажээ.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “Х-” ХХК нь 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдөр үүсгэн байгуулагдаж, 2019 онд Н.Б- нь гүйцэтгэх захирлаар томилогдсон байх тул түүнийг тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж үзнэ.

 

Шүүгдэгч Н.Б- нь “Х-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон буюу татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээсэн нь хууль зүйн үндэслэлтэй, харин 288,593,904.40 төгрөгийн өр нь “Х-” ХХК-ийн улсад төлөх ёстой татварын өр байсан.

 

Энэ ч үүднээс анхан шатны шүүх “Х-” ХХК-ийн төлсөн 165,833,018 төгрөгийг төсөвт төлөх татварын хэмжээнээс хасаж тооцсон нь үндэслэлтэй.

 

Иймд шийтгэх тогтоолын 5 дахь заалтад шүүгдэгч Н.Б-оос гэсний ард  “Х-” ХХК гэж нэмсэн өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч К.Манлайн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1155 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Б- (“Х-” ХХК)288,593,904.40 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН