Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2019/0692

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож, зөрчил хянан

шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл би Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор Ж.С*******ийн дүгнэлттэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Г*******од холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор Ж.С******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Г******* 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 030******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.5-д зааснаар Голомт банканд 1 500 /нэг мянга таван зуу/ нэгжээр торгох шийтгэл оногдуулсан 24011******* дугаартай материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Иргэн Б.Г*******аас Голомт банк зээлийн хүүнд төлсөн мөнгөнд е баримт буюу төлбөрийн баримт олгохгүй байгаа талаар гаргасан гомдлыг татварын улсын байцаагч Ц.Г******* 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан талаар тэмдэглэл үйлдсэн бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдол, мэдээллийг шийдвэрлэх ажлын 3 өдрийн хугацаа 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дууссан байна.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан иргэн Б.Г*******ын гомдлыг шийдвэрлэх хуулийн хугацаа дууссанаас хойш 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Б.Г*******аас хохирогчоор, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Б.Баяраагаас холбогдогчоор тус тус мэдүүлэг авсан, Голомт банканд хууль ёсны төлөөлөгч тогтоосон зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, гомдлыг шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Г*******ын 030******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, эрх бүхий байгууллагад буцаалгахаар прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Г******* 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...миний бие Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн прокурорын дүгнэлттэй танилцлаа. Тус дүгнэлтийн дагуу 24011******* дугаартай хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай материал буюу 030******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Г******* 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа ...миний бие Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн прокурорын дүгнэлттэй танилцлаа. Тус дүгнэлтийн дагуу 24011******* дугаартай хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай материал буюу 030******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Г******* нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор Ж.С*******ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 62 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд үүсэх үр дагаврыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн байх тул Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор Ж.С*******ийн ...Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Г*******ын 030******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, эрх бүхий байгууллагад буцаалгах прокурорын дүгнэлт-ийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Гомдол гаргагч болон хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд энэ захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Г*******ын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 030******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, эрх бүхий байгууллагад буцаалгах тухай Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор Ж.С*******ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 62 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ