Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/1006

 

 

 

 

 

2022                10              19                                     2022/ДШМ/1006                                

 

Р.Н-, Ч.Т- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Батзориг,

шүүгдэгч Р.Н-, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

шүүгдэгч Ч.Т-гийн өмгөөлөгч Б.Байгалмаа,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/1211 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Н-ийн гаргасан давж заалдах гомдлоор Р.Н-, Ч.Т- нарт холбогдох 2206007160721 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Н-,

2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 9 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 11 сар 9 хоногийн хугацаагаар тогтоож, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 6 хоногийн хорих ялыг 2021 ны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 218 дугаар шүүгчийн захирамжаар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 27 хоногийг хорих ялаар сольсон;

 

2. Т-,

2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар түүнд ногдох эд хөрөнгөнөөс 100.000 төгрөгийг хурааж, 10 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жилийн нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 жил 2 сарын хугацаагаар тогтоож, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 1 жилийг хорих ялыг хасаж, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 6 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

Шүүгдэгч Р.Н-, Ч.Т- нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ****тоотод байрлах иргэн Д.Э-ийн монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч, “Panasonic” брендийн 32 инчийн LCD дэлгэцтэй зурагтыг хулгайлан авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн тухайн өдөр Баянзүрх дүүргийн *****тоотод байрлах иргэн Н.Э-гийн гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч, мөнгөн бөгж 2 ширхэг, төмөр бөгж 1 ширхэг, хүзүүний зүүлт 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн өрөөсөн ээмэг 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг, 22 инчийн хэмжээтэй LG загварын зурагт 1 ширхэг, 5 кг мах, 5 кг цагаан будаа, 1 ширхэг цоож зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 254.500 төгрөгийн хохирол учруулсан,

Р.Н- нь ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 11-оос 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн *****тоотод байрлах иргэн Н.О-ы эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр буюу автомашины гаражид хууль бусаар нэвтэрч, аккумулятор, залгуур, холбогч, гагнуурын аппарат, хөрөө зэрэг эд хөрөнгийг авч, бусдад 910.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ч.Т- нь ганцаараа 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ****багт үйл ажиллагаа явуулдаг “****” дэлгүүрийн арын хаалгаар хууль бусаар нэвтэрч, “Kent” тамхи 10 хайрцаг, “Mild” тамхи 10 хайрцаг, “Parlament” тамхи 10 хайрцаг, бэлэн 200.000 төгрөг, 1 хос пүүз зэрэг эд хөрөнгийг авч, Б.М-т 409.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Р.Н-, Ч.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н-, Т- нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Н-ийг 3 жилийн хорих ял, шүүгдэгч Ч.Т-г 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Н-ид энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 218 дугаар захирамжаар оногдуулсан 1 жил 11 сар 27 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн Р.Н-ийн нийт эдлэх ялыг 4 жил 7 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож, Р.Н-ид оногдуулсан 4 жил 7 сар 5 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч.Т-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Р.Н-ийн цагдан хоригдсон 102 хоног, Ч.Т-гийн цагдан хоригдсон 83 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Т-гоос 409.500 төгрөгийг гаргуулан хохирогч М- / /-т олгож, шүүгдэгч Р.Н- нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Р.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие өөрийн төрсөн ах болох Рагчаагийн Бямбасүрэнг цагдан хоригдож байх хугацаандаа, мөн төрсөн ах болох Рагчаагийн Баясгалан гэх хоёр ахыгаа золгүй явдлын улмаас алдсан. Энэ үед сэтгэл санаагаар маш их унаж гутрах үедээ хамсаатан болох Чимгээгийн Т-той нийлж хулгай хийсэн. Тухайн үед архи уусан байсан. Хохирогч болох хүмүүст сэтгэл санааны болон эд мөнгөний хохирол учруулсандаа маш их харамсаж, гэмшиж байна. Би хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч хохирол, гомдолгүйг минь харгалзан үзэж миний ялыг үнэн зөвөөр шүүж өгнө үү.

Миний бие сэтгэл санааны гүн хямралд орчихсон байхдаа хулгайлгах гэмт хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Засрал хүмүүжлээ олж цаашдаа нийгэмдээ хор хөнөөл учруулахгүй, төлөвшиж, ирээдүйг харж, сайхан амьдрах хүсэлтэй байна. Хохирогч болох хүмүүсээс уучлалт гуйж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Р.Н-ийн өмгөөлөгч Н.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Р.Н- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бусдад төлөх төлбөргүй. Р.Н-ийг хоригдож байхад хоёр ах нь золгүй байдлаар нас барсан зэрэг байдлыг харгалзан үзэж хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ч.Т-гийн өмгөөлөгч Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

Прокурор Ч.Батзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Р.Н- нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт олон удаа ял шийтгүүлж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлж анхан шатны шүүхээс Р.Н-ид ял шийтгэл оногдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Р.Н-, Ч.Т- нарт холбогдох  хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Р.Н-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

 

Шүүгдэгч Р.Н-, Ч.Т- нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ****тоотод байрлах иргэн Д.Э-ийн гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч, “Panasonic” брендийн 32 инчийн LCD дэлгэцтэй зурагтыг хулгайлан авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

мөн өдөр Баянзүрх дүүргийн *****тоотод байрлах иргэн Н.Э-гийн гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч, мөнгөн бөгж 2 ширхэг, төмөр бөгж 1 ширхэг, хүзүүний зүүлт 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн өрөөсөн ээмэг 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг, 22 инчийн хэмжээтэй LG загварын зурагт 1 ширхэг, 5 кг мах, 5 кг цагаан будаа, 1 ширхэг цоож зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 254.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Р.Н- нь ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 11-оос 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн *****тоотод байрлах иргэн Н.О-ы эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр буюу автомашины гаражид хууль бусаар нэвтэрч, аккумулятор, залгуур, холбогч, гагнуурын аппарат, хөрөө зэрэг эд хөрөнгийг авч, бусдад 614.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Ч.Т- нь ганцаараа 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ганцаараа ****багт үйл ажиллагаа явуулдаг “****” дэлгүүрийн арын хаалгаар хууль бусаар нэвтэрч, “Kent” тамхи 10 хайрцаг, “Mild” тамхи 10 хайрцаг, “Parlament” тамхи 10 хайрцаг, бэлэн 200.000 төгрөг, 1 хос пүүз зэрэг эд хөрөнгийг авч, Б.М-т 409.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

эд зүйлээ алдсан талаарх хохирогч Д.Э-ийн “...манай гэрээс “Panasonic” брендийн 32 инчийн LCD дэлгэцтэй зурагт алдагдсан. ...” /1хх 15-16/,

хохирогч Н.О-ы “...90 амперын 2 ширхэг аккумулятор, хананд өлгөөтэй байсан цагаан өнгийн уртасгагч, машины холбогч, ширээн доор байсан улаан өнгийн 250 амперын Кеn загварын гагнуурын аппарат, цахилгаан модны хөрөө зэрэг эд зүйлс алга болсон байсан. ...” /1хх 220-221/,

хохирогч Н.Э-гийн “...манай гэрээс зурагт, хонины мах, будаа, манай өвөөгийн хэрэглэж байсан хөөрөг, хүзүүний гинж, бөгж зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. ...” /2хх 30-31/,

хохирогч Б.М-ын “...манай дэлгүүрээс Кent тамхи 10 хайрцаг, Mild тамхи 10 хайрцаг, Parlament тамхи 10 хайрцаг, бэлэн 200.000 төгрөг, эрэгтэй пүүз зэрэг эд зүйл алдагдсан. ...” /2хх 179-180/,

насанд хүрээгүй гэрч Ц.Э-ын “...гэрийнхээ хаалгыг онгойлгоод ороход манай гэрийн авдар онгорхой, зурагт байхгүй байсан. ...” /1хх 20-21/,

гэрч Ж.Ө-ын “...Н- та тэгвэл хоёуланг нь 50.000 төгрөгөөр авчих гэхээр нь би эхнэр П.Уранцэцэгтэй утсаар ярьж байгаад 50.000 төгрөг түүнд дансаар шилжүүлж өгөөд хоёр зурагтыг нь аваад явсан. ...” /1хх 31/,

гэрч Ч- “...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед ус авах гээд ороход цоож нь эвдэрчихсэн газар уначихсан байдалтай байсан. ...Хаалгаар нь харахад авдар нь онгорхой, зурагт нь байхгүй, авдарных нь урд эмх замбараагүй байсан. ...”  /2хх 33-35/,

гэрч Г.Б-ын “...2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн үед “****” дэлгүүрийн гадна талын хаалганы түгжээ, арын хаалгыг онгорхой орхиод гэр лүүгээ орж аяга угаагаад гарч ирэх хооронд хашаа давж хүн орж ирээд 30 хайрцаг тамхи, бэлэн 200.000 төгрөг авсан байсан. ...” /2хх 182/,

Ч.Т-гийн яллагдагчаар өгсөн “...Р.Н-ийн хамт Э-, Э- гэх айлуудын гэрт нэвтэрч, хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Дэлгүүрийн арын хаалга онгорхой байхаар нь хашааг нь давж ороод тамхинуудыг нь хулгай хийгээд гарч ирсэн. ...Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай дэлгүүрийн хашааны завсраар харахад хойд талын хаалга онгорхой байхаар нь хойд хашааг нь давж ороод 4 хайрцаг Parlament, 4 хайрцаг Caster, 2 хайрцаг Mild нэртэй тамхи, ундаа зэргийг хулгайлсан. ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 160-161, 2хх 136, 199, 225/,

Р.Н-ийн яллагдагчаар өгсөн “...Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын гудамжинд байх хашаа руу Т-гийн хамт орж, хашаанд байсан гэрийн тооноор орж 32 инчийн зурагт хулгайлсан. ...Т- бид хоёр урд талын гудамж руу нь ороод цоожийг нь эвдлэн дотогш нэвтэрч, зурагт, бөгж, хүзүүний зүүлт, ээмэг, хөөрөг, мах, будаа мэт зүйлсийг хулгайлсан. Тэрний өмнөх өдөр буюу 01 дүгээр сарын 11-оос 12-нд шилжих шөнө бас Цайз хорооллын гудамжинд байх гараж руу орж гагнуурын аппарат, уртасгагч, аккумулятор, хөрөө гэх мэт зүйлсийг хулгайлсан. ...” /2хх 132/ гэсэн мэдүүлгүүд, 

 

алдсан эд зүйлийн үнэлгээ /1хх 35-36, 232-233, 2хх 47-48, 187-188/,

хохирогч Д.Э-, Н.О-, Н.Э- нарт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 11, 200, 2хх 23-24/,

Ж.Ө- эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /1хх 214/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-10, 187-194, 2хх 16-22, 172-175/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, хэн, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Р.Н-, Ч.Т- нар гэм буруутай эсэх, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Р.Н-, Ч.Т- нарын ганцаараа болон бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Р.Н- “...хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, төлөх хохиролгүй зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч нар нь ганцаараа болон бүлэглэн тус бүр нийт 3 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлж, шүүгдэгч Р.Н- нь 1.118.500 төгрөгийн, шүүгдэгч Ч.Т-оо нь 914.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд Р.Н- нь төлөх төлбөргүй, Ч.Т-оо 409.500 төгрөгийн хохирлыг төлөөгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Т-д 2 жил 6 сарын хорих ял, Р.Н-ид 3 жилийн хорих ял оногдуулахдаа ялыг яагаад ялгамжтай оногдуулсан талаар огт дүгнэлт хийгээгүй байх тул шүүгдэгч Р.Н-ид оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 жил 6 сар болгон өөрчилж хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч Р.Н-ийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын зохих хэсэгт энэ талаарх өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд оршино.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.О-ы алдсан эд зүйлийн үнэлгээг 614.400 төгрөгөөр /1хх 232-234/ тогтоосон байхад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт болон анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо 910.000 төгрөгийн хохирол учруулсан гэж эд зүйлийн үнэлгээнээс зөрүүтэй дүгнэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж дүгнэсэн болно.

 

Прокурор, шүүхийн гаргасан дээрх алдааг ийнхүү зассанаар шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй, хохирогчийн эрх зөрчигдөхгүй.

 

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангах ёстой.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Ч.Т-г урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Р.Н-ийг урьд 6 удаагийн ял шийтгэлтэй гэж бичсэн боловч хэзээ, ямар хэрэгт шийтгүүлсэн талаар огт дурдаагүй, ял шийтгэлийн тэмдэглэл үнэн зөв эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар зайлшгүй нотолбол зохих асуудалд хамаарахаас гадна шүүгдэгчийн гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Р.Н-, Ч.Т- нар шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 64 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/1211 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Н-ид 3 жилийн хорих ял, шүүгдэгч Ч.Т-д 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Н-, Ч.Т- нарыг 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтын “...Р.Н-ийн нийт эдлэх ялыг 4 жил 7 сар 5 хоногийн хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг “...Р.Н-ийн нийт эдлэх ялыг 4 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар тогтоосугай. ...” гэж,

4 дэх заалтын “...шүүгдэгч Р.Н-ид оногдуулсан 4 жил 7 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг...” гэснийг “...шүүгдэгч Р.Н-ид оногдуулсан 4 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-, Ч.Т- нар нь 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 64 /жаран дөрөв/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН