Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 156/ШШ2024/00458

 

 

 

 

 

 

 

 

2024 10 04 156/ШШ2024/00458

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

156/2024/00403/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар ******* нэхэмжлэлтэй, ******* холбогдох, дундын эд хөрөнгө хуваалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******,

Хариуцагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******ай 2009 онд танилцаад гэр бүл болсон. Бидний дундаас 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр том хүү *******, 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бага хүү ******* нар төрсөн. Нөхөр бид 2 янз бүрийн шалтгааны улмаас муудалцдаг болсон. Улмаар 2014 онд асуудал даамжирч би 2 хүүгээ аваад тусдаа амьдрах болсон. 2018 онд гэрлэлтээ албан ёсоор шүүхээр цуцлуулж, 2 хүүгээ би асрамжиндаа авсан. Гэхдээ гэрлэлтээ цуцлуулахдаа эд хөрөнгийн маргаан огт гаргаагүй. Учир нь тухайн үед манай нөхөр өөрийнхөө аав ээжтэйгээ бидний дундын хөрөнгө буюу Хэрлэн сумын 6 дугаар багийн Цогт-Өндөр Малчид хороо 126-11 тоот байшинд маань амьдарч байсан ба 2 хүү маань бага байсан тул би өөрийн аав ээжийг түшиглэн төрсөн нутагтаа амьдарсан. /Энэ газар, хашаа байшинг бид Дэлхийн Зөнгийн шугамаар авч байсан/ Одоо 2 хүү маань том болж сумын төвд суралцах боломжгүй заавал аймгийн төвд суралцах шаардлагатай болоод байна. Мөн том хүү маань биеийн байдал муу учир 2 жил эмнэлгээр явж хэвтрийн дэглэм барьсан. Цаашид ч эмчийн байнгын хяналтанд байх хэрэгтэй байгаа. Одоо бас бага хүүгийн бие өвдөөд байна. Ахад нь гарч байсан шинж тэмдгүүд биен дээр нь гарсаар байна. Би энэ 10 жилийн хугацаанд 2 хүүгээ өөрөө л харж хандаж, өсгөж хүмүүжүүлэн, тэжээн тэтгэсэн. Өөрөөр хэлбэл нөхөр 2018 оноос эхлэн сар бүр 2 хүүдээ зуун, зуун мянган төгрөг л өгдөг. Одоо юмны үнэ хэрхэн өсч байгааг хүн бүхэн мэднэ. Амьдрал үнэндээ хүрэлцэхгүй байна. Би ганцаараа том болсон 2 хүүхдийн бүх хэрэгцээг хангаад дээрээс нь байр түрээслэх, худалдан авах надад боломж алгаа. Иймд би 2 хүүгийнхээ хамт одоо Хэрлэн сумын 6 дугаар багийн Цогт-Өндөр Малчид хороо 126-11 тоотод орших хувийн сууцандаа амьдрах хүсэлтэй байгаа тул уг газар, хувийн сууцаа нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...******* нь надад холбогдуулан Хэрлэн сумын 6 дугаар багийн Цогт- Өндөр Малчид хороо 12Б-11 тоотод орших хувийн сууц, газрыг нэхэмжилсэн байна. ... *******д "бид анхнаасаа л манай аав, ээжтэй хамт нэг гэр бүл болж амьдарч байсан, тэр ч утгаараа чамайг явахад ээж, аав, бид гурвын голомтын гэрээ өгч байсан, одоо энэ гэрт өндөр настай аав, ээж маань амьдардаг, бид эндээс гараад очих газар байхгүй, харин би чамд унаж байгаа prius 30 маркийн машинаа өгье" гэсэн саналыг тавиад байгаа гэжээ.

 

3. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэн хэлэлцэж Эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж ирүүлсэн байна. Эвлэрлийн гэрээндээ:

- ******* нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 18 000 000 төгрөгийг /бэлнээр, бөөнд нь/ нэхэмжлэгч *******д өгөх,

- ******* нь *******д дээрх хугацаанд 18 000 000 төгрөгийг өгсөн тохиолдолд байшингийн үл хөдлөх гэрчилгээнээс ******* болон хоёр хүүхдийн нэрийг хасуулах,

- Хэрэв уг гэрээг ******* зөрчвөл үл маргах журмаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшинг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй тухай эвлэрлийн гэрээг байгуулав гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь дараах нөхцлөөр эвлэрийн гэрээ байгуулж эвлэрэн хэлэлцэв. Шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

- ******* нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 18 000 000 төгрөгийг /бэлнээр, бөөнд нь/ нэхэмжлэгч *******д өгөх,

- ******* нь *******д дээрх хугацаанд 18 000 000 төгрөгийг өгсөн тохиолдолд байшингийн үл хөдлөх гэрчилгээнээс ******* болон хоёр хүүхдийн нэрийг хасуулах,

- Хэрэв уг гэрээг ******* зөрчвөл үл маргах журмаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшинг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй тухай эвлэрлийн гэрээг байгуулж, талууд эвлэрэлд хүрлээ гэсэн байна.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386 026 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 18 000 000 төгрөгийг /бэлнээр, бөөнд нь/ нэхэмжлэгч *******д өгөх, ******* нь *******д дээрх хугацаанд 18 000 000 төгрөгийг өгсөн тохиолдолд байшингийн үл хөдлөх гэрчилгээнээс ******* болон хоёр хүүхдийн нэрийг хасуулах, хэрэв уг гэрээг ******* зөрчвөл үл маргах журмаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшинг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй гэж эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386 026 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ОТГОНЖАРГАЛ