| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2108020560548 |
| Дугаар | 2022/ДШМ/1007 |
| Огноо | 2022-10-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2022/ДШМ/1007
2022 10 19 2022/ДШМ/1007
Б.М-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.ОчМ- даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энэрэл,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1039 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Энэрэлийн бичсэн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлээр Б.М-ад холбогдох 2108020560548 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
М-,
Б.М- нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, ******байрны гадна насанд хүрээгүй /17 нас 4 сар 17 хоногтой/ Б.Д-ийг “хамаатны дүү А-ийг доромжиллоо” гэх шалтгааны улмаас нүүр хэсэг рүү цохих, хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Харцага овгийн Бат-Эрдэнийн М-ад холбогдох эрүүгийн 2108020560548 дугаартай хэргийг “шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан прокурорыг тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн 2108 02056 дугаартай хэргийг прокурорт буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М- нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Б.Энэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолоор “Шүүгдэгч Б.М- нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө өөрийн гар утаснаасаа өөрийнх нь үеэл дүү А-ьтай энэ хэргийн хохирогч Б.Д- чаатаар хэрхэн харьцаж, ямар санал тавьж байсныг нь уншиж танилцуулсан болно. ...Энэ хэргийн тухайд гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцөл нь шалгагдаагүй, нотлогдоогүй байхад прокурор нэг талыг барин яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд энэхүү нотлогдвол зохих байдлыг нотлох ажиллагааг энэ шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх, эсхүл шүүх хуралдааныг хойшлуулан прокурорт тодорхой ажиллагаа хийхийг даалгах байдлаар шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. Учир нь шүүх энэ гэмт хэргийн шалтгаан, нөхцөл болсон байж болох нөхцөл байдал буюу хохирогч Б.Д-ий үйлдэл нь хүүхдийн эсрэг гэмт хэргийн шинжтэй эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар, хуульд заасан арга хэрэгслээр, тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох шаардлагатай гэж дүгнэн шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр цагаатгах тогтоолоор цагаатгаж шийдвэрлэхдээ Б.М-ыг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзээгүй бөгөөд харин нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүйн улмаас нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гаргаж, энэ хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүгдэгч Б.М- нь хохирогч Б.Д-ийг “үеэл дүү А-ийн утас руу мессеж бичиж доромжилсон” гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл журмын авагдсан хохирогч Б.Д-ий мэдүүлэг /хх 133-134/, гэрч Г.Билгүүний мэдүүлэг /хх 137/, гэрч Б.Эрдэнэтогтохын мэдүүлэг /хх 145-146/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8486 дугаартай дүгнэлт /хх 16-17/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь “Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй” тохиолдолд хуулийн дээрх заалтад зааснаар шүүгдэгчийг цагаатгаж хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах ойлголт бөгөөд шүүгдэгч Б.М-ын санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн нотлогдон тогтоогдсон байхад анхан шатны шүүх хуулийг жинхэнэ агуулгаас илт зөрүүтэй буруу ойлгож хэрэглэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байна.
Мөн цагаатгах тогтоолд шүүгдэгч Б.М-ыг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзээгүй гэж дүгнэсэн атлаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн зөрүүтэй дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлага хангахгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Б.М- нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө өөрийн гар утаснаасаа өөрийнх нь үеэл дүү А-ьтай энэ хэргийн хохирогч Б.Д- чаатаар хэрхэн харьцаж, ямар санал тавьж байсныг нь уншиж танилцуулсан талаар цагаатгах тогтоолд дурдсан. Хохирогч Б.Д-ий үйлдэл нь хүүхдийн эсрэг гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар тус прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шилжүүлээд байгаа болно.
2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалт хүчингүй болсон хэдий ч мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдвол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох эсхүл өөрчилнө гэсэн хуулийн заалт хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэн шийдвэрлэх боломжтой тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.М-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Прокуророос Б.М-ыг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, ******байрны гадна насанд хүрээгүй Б.Д-ийг “хамаатны дүү А-ийг доромжиллоо” гэх шалтгааны улмаас нүүр хэсэг рүү цохих, хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор булан, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр Б.М-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ насанд хүрээгүй хохирогч Б.Д-ий “...намайг цохисон хүн нь хоёулаа байсан. ...Сандал дээр хэвтэж байх үед М- болон М- нь миний нүүр хэсэг буюу хамар орчим өшиглөж зодсон. ...” /хх 10-12, 134/, насанд хүрээгүй гэрч Г.Билгүүний “...М- ...гараараа Д-ий нүүр орчим хоёр удаа, хөлөөрөө гурван удаа өшиглөсөн. ...” /хх 24, 137/, насанд хүрээгүй гэрч Б.Э-ын “... М- бид гурав дээр ирээд шууд Д-ий нүүр орчим нь 5-6 удаа цохисон. М- нь баруун гараараа хоёр удаа, хөлөөрөө гурван удаа Д-ийг өшиглөсөн. ...Харин М- нь Д-ийг тонгойчихсон байх үед дагз орчим руу нь нэг удаа гараараа алгадсан. ...” /хх 27-28, 146/, М.М-гийн сэжигтнээр өгсөн “... М- гүйж очоод Д-ийг цохиод, зодоод эхэлсэн. Би араас нь очоод Д-ийг нэг удаа алгадаад М-ыг салгаад аваад явсан. ...” /хх 51, 70/, Б.М-ын өгсөн “...би өмнөх явдалд нь уур хүрээд Д-ийг зүүн хөлөөрөө хоёр удаа нүүр хэсэгт өшиглөсөн. ...Зодолдох гээд босож ирэхээр нь нүүр лүү нь дөрвөн удаа өшиглөчихсөн” /хх 54, 63, 139/ гэсэн мэдүүлгүүдийг няцаан үгүйсгээгүй байх тул цагаатгах тогтоолоор Б.М-ын үйлдлийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой тул анхан шатны шүүхийн “...гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцөл нь шалгагдаагүй, нотлогдоогүй байхад прокурор нэг талыг барин яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд энэхүү нотлогдвол зохих байдлыг нотлох ажиллагааг энэ шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх, эсхүл шүүх хуралдааныг хойшлуулан прокурорт тодорхой ажиллагаа хийхийг даалгах байдлаар шийдвэрлэх боломжгүй. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх тул эдгээр ажиллагааг хийх нь зүйтэй гэж үзэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр цагаатгах тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, прокурор Б.Энэрэлийн бичсэн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлийн Б.М-ын үйлдэлд холбогдуулан бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1039 дугаартай цагаатгах тогтоолын:
1 дэх заалтыг бүхэлд нь, 2 дахь заалтын “...Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан прокурорыг тогтоолыг хүчингүй болгож,...” гэснийг тус тус хүчингүй болгож,
тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН