Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/36

 

 

 

Г.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: М.О,

Хохирогч:  Д.Б,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж хийсэн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Г.Т-ийн давж заалдсан гомдлоор шүүгдэгч Г.Т-т холбогдох 2219002430195 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: С овогт Г-ийн Т,

 

Шүүгдэгч Г.Т- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр **** төмөр замын нүхэн гарц дотор хохирогч Д.Б-тэй үл ялих зүйлээр маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.А-өөс шүүгдэгч Г.Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч С овгийн Г-ийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ийг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гадан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Т- давж заалдсан гомдолдоо: “...Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байгаа. Хохирогч хохирлын баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжилбэл би хохирлыг төлж барагдуулж Б-ийг хохиролгүй болгоно. Шүүхийн шийдвэрээр намайг бусдад төлөх төлбөргүй гэсэн байгаа. Би гэм буруугаа зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байхад шүүх торгуулийн ял оногдуулахгүйгээр 500 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ам бүр гурвуул, ээж, ахынхаа хамт амьдардаг. Би 2022.09.16-ны өдрөөс эхлэн С ХХК-д туслах ажилтнаар ажиллахаар болсон тул шүүхээс оногдуулсан өдрийн 8 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх боломжгүй болоод байна. Тиймээс надад шүүхээс оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 11.6-1-д зааснаар торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү.” гэжээ.

 

Хохирогч Д.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмнө нь шүүх хуралдаанд оролцоод нэхэмжилж байгаа хохирлоо нотлох баримтаа шүүхэд үзүүлж чадаагүй. Намайг дараа нь иргэний журмаар нэхэмжлээрэй гэсэн. Тэгээд би бүх материалаа бүрдүүлээд иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Г.Т- гэдэг хүний хаяг нь тодорхойгүй байна, энэ хаяг дээрээ байдаггүй юм байна гээд буцаагдсан. Шийтгэх тогтоол дээр шүүгдэгчийн биеийн байцаалтыг буруу бичсэн байсан. 2 өөр хүний биеийн байцаалтын холиод бичсэн байсан. Иргэний шүүхээр нэхэмжлэхээр хаяг нь өөр байна гээд шийдвэрлэх боломжгүй гэсэн шийдвэр гарсан байсан. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү. ... Хохирлыг минь барагдуулчихвал надад гомдол алга.” гэв.

 

            Прокурор М.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Г.Т- гэм буруугаа эс зөвшөөрч, маргаж оролцож байсан. Ял, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан болоход шүүгдэгч Г.Т-ийн хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирол төлбөрийг ямар нэгэн байдлаар төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал байгаагүй, мөн урьд ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн байдлыг нь харгалзан анхан шатны шүүх нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэж байгаа. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөрдөн байцаалтын шатнаас эхлээд хохирогчтой тодорхой хэмжээгээр холбогдож байсан. Энэ нөхцөл байдал анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ч гарсан. Тэрээр хохиролтой холбоотой баримт байгаа гэх боловч анхан шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх хүртэл гаргаж өгөөгүй. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Харин биеийн байцаалтын хувьд шийтгэх тогтоол дээр техникийн шинжтэй алдаа гарсан байсан. Үүнийг залруулаад шийдэх боломжтой гэж прокурорын зүгээс үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Т-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.А-өөс шүүгдэгч Г.Т-ийг 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ****нүхэн гарц дотор хохирогч Д.Б-ийг “танихгүй байна уу” гэж маргаан өдүүлж, улмаар зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлжээ.

 

1. Анхан шатны шүүхийн шүүгдэгч Г.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Тодруулбал шүүгдэгч Г.Т- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр *** нүхэн гарц дотор хохирогч Д.Б-тэй үл ялих зүйлээс маргалдан зодсоны улмаас хохирогч Д.Б-ийн биед “...тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөг, баруун мөрний зулгаралт, дээд баруун 1, зүүн 1 дүгээр шүдний ганхалт гэмтэл...” буюу үүнээс “...тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт...” нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч Д.Б-ийн мэдүүлэг /хх 12-13/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /хх 14-15/, Г.Т-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 20-21/, яаралтай тусламжийн хуудас /хх 25/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 28/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/0304 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 29-30/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг үндэслэсэн нь нотлох баримтыг үнэлэх, шалгах журмыг зөрчөөгүй байна. 

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх болон үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

2. Хохирогч Д.Б- нь анхан шатны шүүх хуралдаанд зайнаас цахимаар оролцож, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 3060000 төгрөг нэхэмжилсэн боловч  холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх эрхийг зааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцсэн, хохирогчийн эрхийг зөрчөөгүй байна.

 

Гэхдээ хохирогч Д.Б- нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа иргэний нэхэмжлэлээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гарган шийдвэрлүүлэхэд шүүгдэгчийн хаягийг шийтгэх тогтоолд буруу бичсэн нь саад болж, шүүх нэхэмжлэлийг хүлээн аваагүй гэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8–д зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд хариуцагчийн хаяг тодорхойгүй нөхцөл байдал ч мөн нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарна.

 

Иймд хохирогч Д.Б- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахад саад болж зөрчлийг засаж нэхэмжлэлээ дахин гаргах эрх нь нээлттэй хэвээр байгаа болно.

 

Харин анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд болон шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийн биеийн байцаалтыг хэрэгт авагдсанаас өөрөөр бичсэн нь ойлгомжгүй байх ба шүүгдэгчийн төрсөн огноо, хувийн байдал, оршин суух хаяг зэргийг буруу бичсэн байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

3. Шүүгдэгч Г.Т-ээс “...Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч хохирлын баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжилбэл би хохирлыг төлж барагдуулж Б-ийг хохиролгүй болгоно. ...Би 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн С ХХК-нд туслах ажилтнаар ажиллахаар болсон тул шүүхээс оногдуулсан өдрийн 8 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх боломжгүй болоод байна. ...Иймд торгох ял болгон өөрчилж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Т-т 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Учир нь шүүгдэгч Г.Т- өмнө нь энэ гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдэж, түүнд шүүхээс 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж байсан боловч тэрээр дахин гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүхээс  түүнд дахин нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь тохироогүй, эрүүгийн хариуцлагын зорилго, үр нөлөөг харгалзан үзээгүй гэж үзэн давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хангаж, хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч Г.Т-ийн биеийн байцаалт хэсэгт “...****-ны өдөр *** суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, **** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт **** тоотод оршин суух, ...” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “... 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар ...” гэснийг

 

“...1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар...” гэж,

 

3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэснийг

 

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-т оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т-ийн давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                  

                                                                                                  Н.БАТЧИМЭГ