Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2019/0675

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, нэхэмжлэгч Б.Г*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******, Ш.Н******* нарыг оролцуулан Б.Г*******ийн нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр болон бичгээр гаргасан тайлбартаа:

Б.Г*******ийн нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2007 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс тогтоогдсон тэтгэврийг Засгийн газрын 12 дугаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор өөрчлөн зөрүүг тооцож өгөхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******, Ш.Н******* нар нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 37 тоот итгэмжлэлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул эвлэрч байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Г*******ийн нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ...хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх, эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.3-т Шүүх хуралдааны явцад эвлэрвэл энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгана., 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Түүнчлэн хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Б.У******* нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 37 тоот албан бичгээр Тэтгэврийн хяналт шалгалтын байцаагч Ш.Н*******, Тэтгэврийн байцаагч Э.А******* нарт олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эрх, үүрэгтэй гэж нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхийг олгожээ.

Иймд нэхэмжлэгч Б.Г*******, хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Тэтгэврийн хяналт шалгалтын байцаагч Ш.Н*******, Тэтгэврийн байцаагч Э.А******* нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан Б.Г*******ийн нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох Б.Г*******ийн өндөр насны тэтгэврийг буруу тогтоосон хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн 2007 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны авч чадаагүй өндөр насны тэтгэврийн зөрүүг гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Б.Г*******, хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН