Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/01286

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00772  дугаар шийдвэртэй

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “С” ХХК-д холбогдох 5 000 000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, захиалга баталгаажуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэгчтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаяр, түүний өмгөөлөгч П.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Хандаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахаар 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр урьдчилан захиалга өгч, гэрээний нөхцлийг харилцан тохиролцож урьдчилгаа 10 000 000 төгрөгийг хариуцагч байгууллагад шилжүүлсэн. Хариуцагчийн үйл ажиллагаа хариуцсан менежер В.Отгонбаяр нь [email protected] цахим хаягаас 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай компанийн санхүү эрхэлсэн захирал Ц.Болороогийн [email protected] гэсэн хаяг луу шинэ жилийн арга хэмжээний захиалгыг баталгаажуулах санал гаргаж “Захиалга баталгаажуулах гэрээ”-г илгээсэн. Гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсний дараа урьдчилгаа төлбөрийг төлөх нэхэмжлэлийг илгээсний дагуу “С” ХХК-ийн Хаан банк дахь 511150443234 тоот дугаарын дансанд 10 000 000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлсэн. Энэхүү барьцаа /захиалгын төлбөр/-г гүйцэтгэгч болон захиалагч нарын хооронд байгуулах Ажил гүйцэтгэх гэрээ-ний төлбөрт тооцно гэж заасан. Манай компанийн гэрээ байгуулах саналыг хүлээн зөвшөөрсөн гэрээний загварыг илгээсний дараа төлбөрийн нэхэмжлэхийг хариуцагч илгээсэн тул бид тухайн гэрээг байгуулахыг хариуцагч компани хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн. Үүний дараа үйл ажиллагаа хариуцсан менежер В.Отгонбаяр нь [email protected] болон с[email protected] цахим хаягт шинэ жилийн арга хэмжээний дотоод засал чимэглэл, хоолны меню сонгох талаар саналыг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр илгээсэн. Тус цахим хаягаас саналыг хүлээн зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хоолны амталгааг манай компанийн төлөөлөгч нарыг Силк роуд ресторанд хийлгэсэн. Хоолны сонголттой танилцаж, нэг хүний төлбөрийг 129 000 төгрөгөөр тохиролцож 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр арга хэмжээг зохион байгуулахаар харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу “Захиалга баталгаажуулах гэрээ” хүчин төгөлдөр болсон. Арга хэмжээний менюг хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай Санхүү эрхэлсэн захирлын [email protected] хаягт илгээж манай компанийн хувьд менюг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл харицагч 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш нэмэгдэл үнэтэйгээр шинэ баярын арга хэмжээнд оролцох эсхүл 2019 оны 12 дугаар 20-ны өдрөөс өмнө арга хэмжээг зохион байгуулах гэх урьдчилан тохиролцоогүй саналыг гаргасныг эс зөвшөөрсөн тул манай компанийн баталгаажуулалт хийж урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөрийг буцаан шилжүүлсэн байна. Хариуцагчтай захиалга баталгаажуулах гэрээнд гарын үсэг зураагүй ч тухайн гэрээг байгуулсан гэж манай компани үзэх бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүй бол барьцаа төлбөрийг нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгуулийг захиалагчид төлөх үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахаар 3 сарын өмнө хариуцагчгай харилцан тохиолцож, барьцаа төлбөрийг төлсөн, арга хэмжээний бэлтгэл ажлыг компанийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулан бэлтгэл ажлыг гүйцэтгэсэн байсан. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэг, Захиалга баталгаажуулах гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаяр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өнөрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК-ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Манай компани болон А ХХК нь Захиалга баталгаажуулах гэрээг байгуулаагүй юм. Бид “А” ХХК-ийн захиалгын талаар ярилцаж байсан боловч эцсийн шийдэлд хүрч, тус компанитай хүлээн авалтын үнэ хөлс бусад асуудал дээр тохиролцоонд хүрч, “Захиалга баталгаажуулах гэрээ”-г батлаагүй, улмаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулаагүй байсан. Ярилцаж байх явцад гэрээнд санал авах байдлаар хүргүүлж байсан гэрээнд нэг тал гарын үсэг зурж, тамга дараад тэрийгээ гэрээ байгуулсан мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. “Захиалга баталгаажуулах гэрээ” талуудын хооронд хүчин төгөлдөр байдлаар байгуулагдаагүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурж тамга дарна гэж заасан байхад манай компани уг гэрээнд гарын үсэг зурж тамгаа дараагүй тул байгуулагдсан гэж үзэхгүй байна. Хүчин төгөлдөр байгуулаагүй гэрээ нь манай компанийн өмнө үүрэг үүсгэхгүй гэж үзэж байна. Маш олон байгууллагууд шинэ жил бусад арга хэмжээг зохион байгуулах ажлын саналыг бидэнд хандаж тавьдаг. Тэр болгонд бид эхний ээлжинд Захиалга баталгаажуулах гэрээг санал болгож, дараагийн ээлжинд Ажил гүйцэтгэх гэрээний зүйлээ нэг бүрчлэн тохирдог. Хэрэв үнэ хөлс, менью, харуул хамгаалал, аюулгүй байдал, шннэ жилийн хөтөлбөр, орчин, ширээ засалт гэх мэт бүх зүйлийн талаар санал нэгдэхгүй байвал, захиалгыг цуцдаж, гэрээ байгуулахаас татгалздаг. Зөвхөн захиалга өгснөөр шинэ жилийн хүлээн авалтын үеийн бүх хөтөлбөр үйл ажиллагаа нэг бүрийг тохирсон гэж үзэх, эсвэл захиалга баталгаажсан л бол заавал Ажил гуйцэтгэх гэрээ байгуулах үүрэг манай компанид үүсэхгүй юм. Талууд Ажил гүйцэтгэх гэрээний зүйл дээр тохиролцоонд хүрч чадаагүй тул манай тал Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрийг нь буцааж шилжүүлсэн юм. Иймд А ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн түүнчлэн гэрээг илгээсэн цахим хаяг нь манай компанийн ажилтан ч биш, ямар нэгэн итгэмжлэгдсэн төлөөлөгч ч биш юм. Манай компанитай хамтран ажилладаг объектын эзний хаягаас явуулсан учраас манай ажилтан байгаагүй гэжээ. 

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ “Нар Урт” ХХК /МПМ/-тай манай компани Хамтран ажиллах гэрээ байгуулж ажилладаг бөгөөд уг гэрээний дагуу тэдний танхимыг ашиглаж шинэ жилийн арга хэмжээ болон бусад хүлээн авалтын үйл ажиллагааг “С” ХХК зохион байгуулдаг юм. “А” ХХК нэхэмжпэлдээ “Силкроуд фронтьерс” ХХК-ийг буруутгах атлаа “Нар Урт” ХХК/МПМ/-ийн хаягнаас Захиалга баталгаажуулах гэрээ авсан, улмаар гэрээнд заасан дансанд урьдчилгааг шилжүүлсэн гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг тайлбарласан байдаг. Захиалга баталгаажуулах гэрээг байгуулсан гэж үзэж байгаа үндэслэлээ “А” ХХК Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар тайлбарлаж байгаа бол “А” ХХК-д хэний хаягнаас гэрээг и мэйлээр илгээсэн бэ гэдэг нь хэрэгт ач холбогдолтой гэж би үзэж байна. Хавтаст хэргийн авагдсан и-мэйлд үзлэг хийсэн баримтаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлож байгаа бөгөөд уг баримтад 2019 оны 8 сарын 30-нд Otgonbayar Bayarbayasgalan /[email protected]/ хаягнаас Boloroo Tsogtbaatar /[email protected]/, Ariunaa Chuluunbat /[email protected]/ хаяг pyy илгээхдээ: Өдрийн мэнд, Урьдчилгаа гэрээг хавсралтаар илгээлээ. Отгонбаяр Б гэж бичсэн байдаг. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заасан. Нар Урт ХХК/МПМ/ ХХК-ийн менежер Б.Отгонбаярт манай компанийн Захиалга баталгаажуулах гэрээг өөрийн хаягнаас бусдад илгээж гэрээ байгуулах эрх хэмжээ гэрээгээр ч итгэмжлэлийн үндсэн дээр ч үүсээгүй юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж Захиалга баталгаажуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар байна. Нар урт ХХК-ийн ажилтан Б.Отгонбаяр гэдэг хүнтэй гэрээ байгуулсан гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл туайн захиалгын гэрээний загварыг анх Нар урт ХХК-ийн ажилтан Б.Отгонбаяр 09 дүгээр сарын 30-ны өдөр илгээсэн. Дараа нь 09 дүгээр сарын 02-ны өдөр илгээсэн хүнээс А ХХК-иас С ХХК-д захиалга өгөх хүний мэйл хаягийг өгөөч ээ гэж авсан байгаа. Үүний дагуу мэйлээр маргаан үүсэх хүртэлх хугацаанд байнга харилцаж байсан. Тэгэхээр энэхүү гэрээ С ХХК-тай хийгдсэн. Б.Отгонбаяр гэдэг хүн төлбөрийн нэхэмжлэл илгээгээгүй. Б.Отгонбаяр гэдэг хүн ганцхан 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээний загварыг л илгээсэн. Үүнээс хойш дандаа С ХХК-тай цахимаар харилцаж байсан. Эдгээр нь нотлох баримт шинжлэн судлах явцад шинжлэн судлагдана. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.4, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн хариуцагч С ХХК-иас 5 000 000/таван сая/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 196 дугаар зүйлийн 196.1, 196 дугаар зүйлийн 196.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-ийн Захиалга баталгаажуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг, хариуцагч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Хандаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлгүй гэх шүүхийн дүгнэлт нь гэрээнд оролцогч талуудын үүргийг буруу тодорхойлсон байна. Хариуцагчтай байгуулсан захиалга баталгаажуулах 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр манай компанийн ажилтан 370 хүний шинэ жилийн байрын арга хэмжээг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах захиалга баталгаажуулсан. Энэхүү гэрээг баталгаажуулан 10 000 000 төгрөгийг хариуцагчид төлсөн, цаашид арга хэмжээг зохион байгуулах ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцох хүлээн авалтын үйлчилгээ хоолны амталгаа хийж, үнэ, төрлийг сонгон цахим хаягаар харилцаж сонгон баталгаажуулсан. Эдгээрийг сонгон баталгаажуулсан боловч гэрээний гол харилцан тохиролцсон нөхцөл болох 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай компанийн хүлээн авалтыг хийх боломжгүйг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хийх, тухайн өдөр өөр олон хүн оролцох арга хэмжээг зохион байгуулна гэх шаардлагыг хариуцагчийн зүгээс гаргасан юм. Гэтэл шүүх урьдчилгаа төлбөр авснаас хойш 4 сарын дараа арга хэмжээ зохион байгуулахаас татгалзсан хариуцагчийн үйлдлийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргээ шударгаар гүйцэтгэсэн гэж дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Хариуцагч компани нь захиалга баталгаажуулах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй гэх үндэслэлээр арга хэмжээ зохион байгуулахаас татгалзсан мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаярын 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхэд гарган өгсөн хариу тайлбарт захиалга баталгаажуулах гэрээг манай талаас баталгаажуулаагүй хүчин төгөлдөр болоогүй гэж дурдсан. Үүнийг эс зөвшөөрч захиалга баталгаажуулах гэрээ нь хүчин төгөлдөр болсон тул түүний үүргийн гүйцэтгэл шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал гэрээ хүчин төгөлдөр болоогүй гэх хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргасан тул гэрээ байгуулах талаар санал солилцсон төлбөр төлсөн, үнэ, үйлчилгээний нөхцлийг харилцан тохиролцсон гэдгийг нотлохоор цахим хаягт шүүхээс үзлэг хийлгэн хэрэгт нотлох баримт болгон хавсаргасан. Харин үнэ хөлс, хөтөлбөр арга хэмжээний талаар тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй гэх тайлбарыг хариуцагч талаас гаргаж байгаа нь үндэслэлгүй. Үйлчилгээний нөхцөл үнийг тохиролцсон 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаар хариуцагчтай уулзахад хүлээн авалтын захиалгад өөрчлөх гэрээгээр тохиролцоогүй саналыг гаргасан. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрээний 2.2, 3.1-т зааснаар зохигчид үйлчилгээний нөхцлийг харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй байх тул гэрээ дуусгавар болсон гэж дүгнэсэн нь шүүх цугларсан нотлох баримтыг бүрэн бодитой дүгнээгүй байна. Гэрээний 2.2-т талууд захиалга баталгаажуулах гэрээний дагуу үйлчилгээ үзүүлэхдээ ажил гүйцэтгэх гэрээ байгуулна, 3.1-т гэрээний нөхцөл бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно гэж заасан байхад ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй тул гэрээ дуусгавар болсон гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Захиалга баталгаажуулах гэрээнд урьдчилан  тохиролцсон өдөр арга хэмжээ зохион байгуулах үүргээ хариуцагч биелүүлээгүй тул ажил гүйцэтгэх гэрээ байгуулах нөхцөл бүрдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож захиалга баталгаажуулах гэрээний 2.4-т зааснаар хариуцагчаас 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Захиалга баталгаажуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Талууд 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Захиалга баталгаажуулах гэрээ” байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь “Шинэ жил” хүлээн авалтын үеэр өндөр зэрэглэлийн, амт чанар сайтай, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол, хүнсээр үйлчлэх болон бусад харилцан тохиролцсон үйлчилгээ үзүүлэх захиалгыг урьдчилан хүлээн авч, баталгаажуулах, захиалагч нь захиалгаа баталгаажуулж төлбөр байршуулна гэж харилцан тохиролцсон байна.

Гэрээний 2.2-т “Гүйцэтгэгч болон захиалагч нар нь үйлчилгээ үзүүлэхтэй холбогдох төлбөр, хоол, уух зүйлийн цэс болон бусад нөхцлийг “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж харилцан тохиролцоно” гэж заажээ. /хх.7/ Талуудын гэрээний 2.3-т гүйцэтгэгч захиалга хүлээн авснаа баталгаажуулж 10 000 000 төгрөг хариуцагч “С” ХХК-ийн дансанд шилжүүлж, уг мөнгийг гүйцэтгэгч болон захиалагч нарын хооронд байгуулагдах ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцно гэж тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээний 2.4-т ...гэрээний үүрээ биелээгүй бол барьцаа төлбөрийг 1 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц торгуулийг захиалагчид төлөхөөр тохирсон” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд талууд “Захиалга баталгаажуулах гэрээ”-ний дагуу ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй байх тул уг гэрээгээр талуудын хооронд гэрээ байгуулах урьдчилсан тохиролцоо хийгдсэн, зохигчид цаашид ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үүрэг хүлээсэн хэлцэл хийж нэг талаас 10 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж үзлээ.

Хариуцагч байгууллага 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шинэ жилийн байрын арга хэмжээ нь нэмэгдэл үнэтэй хийгдэх болсон гэсэн үндэслэлээр “Захиалга баталгаажуулах гэрээ”-г цуцалж урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлсэн, мөн хариуцагч “С” ХХК-аас нэхэмжлэгч “А” ХХК-д өөр өдөр арга хэмжээ зохион байгуулах санал илүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт “Гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч урьдчилгаа 10 000 000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээ байгуулах дэнчин болгон өгсөн байна. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч тал нэхэмжлэгч талд 10 000 000 төгрөгийг буцаан өгсөн байна.

Дэнчин өгсөн тал гэрээ байгуулагдаагүй буюу нөгөө талын үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор өөрт учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байдаг. Харин ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүйтэй холбоотой өөрт учирсан гэм хорын бодит хохирлыг нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар гаргаагүй, уг байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.  

Нэхэмжлэгч байгууллага гэрээний 2.4-т заасан үндэслэлээр барьцаа төлбөрийг 1 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц торгуулийг нэхэмжилсэн” гэж заажээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэдэг бөгөөд анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байхаар заажээ.

Хуульд анз нь үндсэн үүргийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан бөгөөд талуудын дээрх торгуулийн тохиролцоо нь хуулиар тогтоосон хэмжээнээс их буюу барьцаа төлбөрийн нэг дахин ихэсгэсэнтэй тэнцэхүйц торгуулийг төлөхөөр тохиролцсон, түүнчлэн цуцлагдсан гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэх боломжгүй байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч “С” ХХК-аас 5 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Хариуцагчийн төлөөлөгчийн “Захиалга баталгаажуулах гэрээ”-г хүчин  төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн хувьд уг гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлгүй.  Хариуцагч байгууллага 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Захиалга баталгаажуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх хуулийн заалтыг оновчтой баримтлаагүй байх тул уг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.