| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 184/2020/00497/И |
| Дугаар | 210/МА2020/01285 |
| Огноо | 2020-06-15 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2020/01285
Б.Дгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Б.Дгийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Зд холбогдох 3 792 192 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Б.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Д нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, хоум ланд хотхоны 103/2 дугаар байр, 5 тоот хаягт байрлах, өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг зар тавьж 2014 оны 03 сараас Л.Зд сарын 600 000 төгрөгөөр, 2 жилийн хугацаатай түрээсэлсэн. Б.Д нь өөрөө гадагшаа дотогшоо явдаг ажилтай байсан учраас өөрийн төрсөн дүү болох Б.Ддорж болон түүний эхнэр Д.Энхмэндэд түрээсийн төлбөрийг Л.Згаас авч байхыг гуйснаар түрээслэгчтэй Д.Энхмэнд харилцаж байсан. Тухайн үед Л.З нь сар бүрийн түрээсийн төлбөрийг дутуу төлж байгаад 2016 оны 02 сарын 22-ны өдөр очиход нүүсэн байсан. Нүүх үедээ 2015 оны 6 сараас байрны хэрэглээний төлбөр болон СӨХ-ны төлбөр төлөлгүй явсан байсныг Б.Д өөрөө төлсөн. Ингээд дутуу төлөгдсөн түрээсийн төлбөр 3 210 000 төгрөг, цахилгаан эрчим хүч, усны төлбөр 220,000 төгрөг, СӨХ-ны төлбөр 362 192 төгрөг, нийт 3 792 192 төгрөг төлөлгүй явсан. Иймд хариуцагч Л.Згаас 3 792 192 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Б.Дгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Л.З би анх 2014 оны 3 сард Д.Энхмэнд гэдэг эмэгтэйтэй утсаар холбогдож уулзаад Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, хоум ланд хотхоны 103/2 дугаар байр, 5 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг түрээслэн суухаар амаар тохиролцсон бөгөөд бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Ингэхдээ ус, дулаан, тогны мөнгийг хөлслөгч би төлөх, СӨХ-ны мөнгийг хөлслүүлэгч өөрөө хариуцахаар тохирсон. Ингээд түрээсийн төлбөрийг Д.Энхмэнд гэдэг хүний Голомт банкны дансанд тогтмол шилжүүлж байсан. Нэхэмжлэгч Б.Д гэдэг хүнийг би огт танихгүй, уулзаж байгаагүй, түүнтэй гэрээ хийгээгүй. Гэрээ байгуулаагүй учир төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Д.Энхмэндэд төлбөрийг шилжүүлж байсан байдал Голомт банкны дансны хуулгаар нотлогдоно. Би 2014 онд Цэцгийн долоон од ХХК-д 1 сарын 400 000-450 000 төгрөгийн цалин авч ажиллаж байсан. Д.Энхмэндтэй анхнаасаа түрээсийн төлбөрийг сар сард нь цалингаасаа төлж байхаар тохиролцсон ба нэг сарын төлбөрийг 450,000 төгрөгөөр тохирсон. Би авч байгаа цалингаасаа илүү мөнгөөр буюу 600,000 төгрөгөөр байр түрээслэх боломжгүй байсан. Ингээд 2014 оны 03 сараас 2016 оны 01 сар хүртэл 22 сарын хугацаанд нэг сарын 450 000 төгрөгөөр тооцож 9 900 000 төгрөг төлөх ёстойгоос 9 230 000 төгрөг төлж, одоо 670 000 төгрөгийн үлдэгдэлтэй. Миний бие Б.Дтай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулаагүй учир түүнд ямар нэгэн хөлс төлөх үүрэг хүлээхгүй. Тиймээс миний хувьд өөрийн хөлслөн суусан хугацааны төлбөрийг Д.Энхмэндэд төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Шинзориг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь Б.Д гэдэг хүнийг танихгүй, түүнтэй уулзаж гэрээ байгуулаагүй. 2014 оны 03 сарын 14-ний өдөр Д.Энхмэндтэй уулзаж амаар гэрээ байгуулан 450,000 төгрөгөөр тохирч 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 9 230 000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Нийт 450 000 төгрөгөөр тооцож 22 сараар бодоход 9 900 000 төгрөг болж байна. Үүнээс Л.Згийн төлсөн мөнгийг хасахад зөрүү 670 000 төгрөг гарч байна. Гэхдээ Б.Дтай бичгээр гэрээ байгуулаагүй учраас мөнгө төлөх үүрэг үүсэхгүй, мөн Б.Д нь Л.Згаас шаардах эрхгүй. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсвэл гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан. Тиймээс хариуцагч Л.З нь нэхэмжлэгч Б.Дд 3 792 192 төгрөг төлөх үүрэггүй, хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жилээр хуульчилсан. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж тоолоод хэрэгт авагдсан хариуцагчаар оролцвол этгээдийг эрэн сурвалжлуулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэр гарсан хугацаа хүртэл тоолоход 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Згаас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 2 382 837 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 409 355 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 53 075 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Шинэзориг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Л.З нь Д.Энхмэндтэй 2014 оны 3 дугаар сард уулзаж, түүнтэй амаар харилцан тохиролцож орон сууц буюу эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулж 2014 оны 3 дугаар сараас 2016 оны 1 дүгээр сарыг хүртэл хугацаанд амьдарч энэ хугацаанд “Голомт банк” ХХК-ийн Д.Энхмэндийн эзэмшлийн 110005827 тоот дансанд нийт 9 230 000 төгрөг төлсөн байдаг. Хариуцагч Л.Згийн нэг сарын түрээсийн төлбөртэй холбоотой тайлбар нь гэрч З.Энхтайвны мэдүүлгээр давхар нотлогддог. Уг хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Л.З нь Д.Энхмэндтэй харилцан тохиролцож, эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулсан гэдэг нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх үндэслэлгүй буюу орон сууцанд амьдарч байсан гэдэг нь Б.Дтай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан харилцан тохиролцсон хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Д зөвшөөрсөн буюу Д.Энхмэндэд өөрийн орон сууцыг хөлслөх зөвшөөрлийг олгосон, энэ талаар Л.З мэдээлсэн талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаарх нотолсон баримт хэргийн материалд авагдаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар Б.Д нь Д.Энхмэндэд орон сууцны хөлсийг хүлээн авахыг зөвшөөрсөн гэдэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 02327 дугаартай шийдвэрээр Л.З эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг олж тогтоосон албан тоот авагдсан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 20544 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн буюу бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй болно. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгт авагдсан хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03154 дугаар шийдвэр гарсан хугацааг хүртэл тоолоход гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дууссан. Гэтэл Б.Д нь уг хугацаа өнгөрсний дараа буюу 2019 оны 11 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Л.Зд холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 3 792 192 төгрөг гаргуулахаар нэхэмжлснийг, хариуцагч эс зөвшөөрч “...Б.Дтай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулаагүй, Д.Энхмэндтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж байрны хөлсөнд 9 200 000 төгрөгийг төлсөн” гэсэн үндэслэлээр маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Л.З нь иргэн Д.Энхмэндтэй тохиролцож, нэхэмжлэгч Б.Дгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Нарны зам 103/2 дугаар байрны 5 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг 2014 оны 3 дугаар сараас 2016 оны 02 дугаар сар хүртэл хөлслөн амьдарч байсан үйл баримт тогтоогдсон байна. /хх.7-25, 31/
Нэхэмжлэгч Б.Д нь 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Нарны зам 103/2 дугаар байрны 5 тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай, 52,60 м.кв талбайтай, 3 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. /хх.31/ Тухайн орон сууцны өмчлөгч нь Б.Д болох нь тогтоогдсон тул уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор шаардлага гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ.
Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заасан бөгөөд Б.Д нь өөрийн төрсөн дүүгийн эхнэр Д.Энхмэндээр дамжуулж эд хөрөнгө хөлсөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Иймд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хөдслөгч Л.З нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно хэмээн заасан бөгөөд хариуцагч эд хөрөнгө хөлслөх гэрээний хөлсийг Д.Энхмэндийн дансанд шилжүүлж байсан, Б.Дтай гэрээ байгуулаагүй гэж маргах боловч хуулийн дээрх зохицуулалтаар орон сууц хөлслүүлэгч Б.Д нь өөрийн төрсөн дүү болох Б.Ддоржийн эхнэр Д.Энхмэндийг орон сууцны хөлсийг хүлээн авахыг зөвшөөрсөн буюу хөлслүүлэгч ашиг олсон байх тул Л.Згаас Д.Энхмэндэд төлсөн төлбөрийг хөлслөгч үүргээ гүйцэтгэсэнд тооцно.
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Л.Згаас гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээний үнийг төлөхийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн нэг үндэслэлээ “...сарын төлбөрийг 600 000 төгрөгөөр тохироогүй 450 000 төгрөгөөр тохирсон, миний сарын цалин 450 000 төгрөг гэж тайлбарлаж байгаа боловч анхан шатны шүүх Д.Энхмэндийн Голомт банк дахь дансны хуулгаар Л.З нь 2014 оны 3 дугаар сард 590 000 төгрөг, 5 дугаар сард 600 000 төгрөг, 6 дугаар сард 600 000 төгрөгийг “байрны түрээсийн төлбөр” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж байсан байх ба энэхүү эхний 3 сарын төлбөрөөс үзэхэд орон сууцны 1 сарын хөлсийг 600 000 төгрөг байхаар тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.
Зохигчид орон сууцыг хөлслөн суусан хугацааны талаар зөрүүтэй тайлбар гаргаж хариуцагч 22 сар суусан гэж, нэхэмжлэгчээс ирүүлсэн хэргийн 62 дугаар хуудаст авагдсан тооцооны хүснэгтээр нийт 19 сарын төлбөрөөс 3 210 000 төгрөг төлөөгүй гэж тайлбарласан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 19 сараар гэрээний төлбөрийг тооцсон нь зөв болжээ.
Нэхэмжлэгч орон сууцны хэрэглээний төлбөрт хариуцагчийн төлөөгүй төлбөр 220 000 төгрөгийг төлсөн тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Талуудын тайлбараас үзэхэд хэрэглээний мөнгийг хариуцагч төлөхөөр тохиролцсон байх ба хэрэгт авагдсан баримтаас нэхмжлэгч хариуцагчийн өмнөөс хэрэглээний зардалд 212 837 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдож байх тул уг мөнгийг эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт төлөгдөөгүй үлдсэн 2 170 000 төгрөг дээр нэмж хариуцагчаас 2 382 837 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч давж заалдах гомдолдлоо “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэл зааж байгаа боловч 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2016/20544 дугаар захирамжаар Б.Дгийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2019/03154 дугаар шийдвэрээр хариуцагч Л.Зг эрэн сурвалжлах тухай баримт зэргээс үзэхэд хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэх боломжгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.