| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 2219000000363 |
| Дугаар | 2023/ДШМ/13 |
| Огноо | 2023-04-18 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | А |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2023/ДШМ/13
Ст холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: А,
Шүүгдэгч: С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ш,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч Шын давж заалдсан гомдолд үндэслэн, шүүгдэгч Ст холбогдох 2219000000363 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С
2. Холбогдсон хэргийн товч агуулга:
3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Оаас шүүгдэгч Ст холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ст аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,
шүүгдэгч *** овогт Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ст 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ст оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сийн цагдан хоригдсон 57 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “хар өнгийн гадуур хүрэм 1 ширхэг, Raison бичиглэлтэй тамхины хайрцаг 1 ширхэг, хар өнгийн чихэвч 1 ширхэг, хар өнгийн даавуун цамц 1 ширхэг, хар өнгийн даавуун подволк 1 ширхэг, хар ногоон өнгийн жинсэн өмд 1 ширхэг/тэлээний хамт/, НӨАТ-ын баримт 1 ширхэг/Ган зам дэлгүүр/, хар өнгийн даавуун дотоож 1 ширхэг, цагаан өнгийн ултай хар хөх өнгийн пүүз 1 хос зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, PS9243361 дугаартай 10000 төгрөгийн 1 ширхэг, AS0419570, AT0651205, AZ3478327, AZ4160715 дугаартай 1000 төгрөгийн 4 ширхэг, AR1469292, AR9883710 дугаартай 500 төгрөгийн 2 ширхэг, PS1688087 дугаартай 100 төгрөгийн 1 ширхэг дэвсгэртүүд нийт 14100 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хд олгож, хэрэгт хавсарган ирүүлсэн Маргад зочид буудлын хяналтын камерын бичлэг 3 ширхэг, Сайншандаас Хамрын хийд явах замын постын хяналтын камерын бичлэг 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 5.1. “...С өөрийн санамсаргүй, болгоомжгүй үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хгийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг ямар нэгэн маргаангүй, нэхэмжилсэн үнийн дүнгээр төлж барагдуулсан.
5.2. Шүүгдэгч С хувийн байдлын хувьд эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр Д нэг нүдний хараагүйдэл өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын 50% группт байдаг, одоо 7 сартай жирэмсэн, С ходоодны гүн шархлаа өвчтэй, энэ нь идэвхжилийн үедээ явж байгаа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн эмнэлгийн тодорхойлолттой, цаашид хүчилтөрөгчтэй орчинд тогтмол байх, эмийн болон тарилга эмчилгээ хийлгэх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, дотрын эмчийн байнгын хяналтанд байх, хоолны дэглэм барих зайлшгүй шаардлагатай гэсэн эмнэлгийн заалттай. Иймд миний үйлчлүүлэгч Сийн өөрийн хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байсан, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн С 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 61 хоногийн хугацаагаар хоригдсон байдаг. Шүүх тооцооллын алдаа гаргаж нийт 57 хоног цагдан хоригдсон гэж дурдсан байсан. Нийт 61 хоног цагдан хоригдсон үүнийг залруулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.
6. Шүүгдэгч С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тэгээд барилгын ажлаа дуусгаж мөнгө төгрөгөө авахгүй 2, 3 хоног байж байгаад даргыг хүлээх үедээ хамт ажилладаг Бтой архи уусан. Тэгээд хамрын хийд явах замд Б машинд бөөлжөөд байхаар нь машинаас буулгасан. Тухайн газраас аймгийн төв ойрхон харагдахаар нь орхиж явсан, ийм асуудал болно гэж мэдээгүй, үнэндээ харамсаж байгаа. Бид хоёр нэг нэгээ танихгүй, өмнө нь муудаж маргаж байсан асуудал байхгүй. Надад оногдуулсан хоёр жилийн хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгөөч. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа” гэв.
7. Прокурор А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... нотлох баримтаар С нь амь хохирогч Бтой 1,000,000 төгрөгийг өөрийн картаас хууль бусаар авсан гэж энэ хоёрын дунд маргаан үүссэн байдаг, энэ нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Энэ хоёр хоорондоо зодолдсон, шүүгдэгч нь амь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан нь зочид буудалд үйлчлүүлж байсан ресейпшн болон гэрч нарын мэдүүлгээр давхар тогтоогддог. Толгойноос цус гарсан байдалтай хоорондоо муудалцсан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан нөхцөл байдал тогтоогддог. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд хэлж байгаа тайлбар мэдүүлгээр хамрын хийд явах үед нь амь хохирогч машинд бөөлжиж, шүлсээ хаясан зэрэг байдал гаргасан учир машинаас буулгасан гэж хэлдэг. Яг хэргийн газрын үзлэгт миний бие, Отгонбаатар прокурорын хамт оролцсон, хэргийн газар нь олж очиход төвөгтэй, аймгийн төв харагдаж байгаа гэх боловч засмал замаас 20 гаруй метрийн зайтай, жижиг гүвээний цаана байдсан. Хэргийн газарт хөрсөнд үзлэг хийхэд ул мөр үлдээгүй. Амь хохирогч шидэгдсэн байдалтай, гутлын ул мөр үлдээгүй, дугуйны ул мөр тод тогтож, үлдсэн байдаг. Шүүгдэгчийн хэлж байгаачлан буугаад мөлхөөд алхаж байгаа үйл баримт байдаггүй. Машинаас унаад тэр чигтээ хэвтсэн үйл баримт тогтоогддог. Энэ нөхцөл байдалтай нь холбогдуулан хүндрүүлэн зүйлчилж шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан байдлаар энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон байна гэж дүгнэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас болгоомжгүй гэдэг нь ямар нотлох баримтуудаар тогтоогдоод байгаа нь эргэлзээтэй. Хэрэв давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэх юм бол шүүгдэгчид оногдуулсан хоёр жилийн хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулд тохирсон байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэсэн тайлбарыг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Шын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг зөвтгөж, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
1. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Оаас:
Шүүгдэгч Сийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт Быг зөвшөөрөлгүй мөнгө авсан гэх зүйлээр шалтаглан зодож, түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, *** УБР улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөж тээвэрлэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сайншанд сумаас ертөнцийн зүгээр баруун урд зүгт 4 км Хамрын хийд явах замаас зүүн тийш 2 км зайд байрлах газарт аваачин хаяж Быг санаатай алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлжээ.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийн гол шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцох учиртай.
Харин шүүгдэгч Сийн холбогдсон хэргийн тухайд хохирогчийг хөдөө хээр орхиж явсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, зориуд түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
3. Тодруулбал Анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “Хүнийг санаатай алсан” гэмт хэргийн шинжгүй харин “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийн шинж, үйл баримт бүрэн тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3.1. Түүнчлэн шүүгдэгч С, хохирогч Бын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 2-8/, гэрэл зургийн үзүүлэлт/1хх 9-18/, гэрч Б-ын “...2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цагийн орчимд ...Сайншанд сумаас урагш байдаг Зээгийн хөтөл орчмын говиор ...тэмээ үзээд явж байтал ойролцоогоор 13 цагийн орчимд жуулчны баазаас ертөнцийн зүгээр хойд зүгт ойролцоогоор 2 км орчим зайд хар бараан өнгийн өмдтэй, хар цагаан өнгийн пүүзтэй, хар өнгийн цамцтай, хар өнгийн нимгэн куртиктэй хүн хэвтэж харагдсан” гэсэн мэдүүлэг /1хх 65/, гэрч Я-ийн “...2022 оны 11 сарын 09-ний өдөр хоолны гэрт байж байхад Б, С хоёр орж ирээд С, Быг данснаас мөнгө аваад зугтаах гэсэн гэж хэлээд нүүрний хэсэгт цохисон,...гал тогооны зүүн гэрт ороход Б толгойны ар хэсэг дагз нь хагарч цус гарсан байдалтай байсан, бид нар тэр хоёрыг муудаад байхаар нь та нар барилгын хашаанаас гар гэхэд С өөрийн цагаан өнгийн машинаа бариад Быг хажуудаа суулгаад гарсан” гэсэн мэдүүлэг /1хх 91-93/, гэрч Г-ын “ ...2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр санаж байна цаг хэд болж байсныг мэдэхгүй байна намайг “Маргад” буудал дээр ирэхэд хар бараан өнгийн хувцастай туранхай бас нэг махлагдуу залуу хоёр согтуу зогсож байсан туранхай залуу нь халзан толгойтой,бор царайтай залуу байсан, ... махлагдуу залуугийн бичиг баримтыг өгөөд хамт 304 дугаартай өрөөнд орсон энэ хоёр залуу өрөөнд ороод удаагүй хоорондоо маргалдаад буцаж гарч байгаа гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1хх 75/, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Сайншанд-Зүүнбаян чиглэлийн постын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 35-40/, *** зочид буудлын гадна болон дотор талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 41-47/, шүүгдэгч Сийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 180-183/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Мөн эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба цугларсан нотлох баримтыг харьцуулан, эх сурвалжийг магадлан, хэргийн бүх ажиллагааг хянаж үзэхэд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, зөрчил тогтоогдсонгүй.
3.2. Шүүгдэгч С өөрийн үйлдлийн улмаас хүний амь насанд аюул учрах нөхцөл байдал бий болохыг мэдэх боломжтой байхад хайхрамжгүй хандсан төдийгүй хохирогчийг хөдөө хээр орхиж явахад амь насанд нь аюул учирч болзошгүйг мэдэх боломжтой байхад мэдэлгүй, хохирогчийг хөдөө хээр орхиж явснаас осгож нас барсан, нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэргээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий юм.
Тиймээс шийтгэх тогтоолд шүүгдэгч Сийг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хэмжээний ял буюу 2 жил хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болон шударга ёсны зарчимд нийцжээ.
3.3. Гэхдээ шийтгэх тогтоолын 5 дахь заалтад шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцохдоо 61 хоног /2хх 77/-ийг 57 хоног гэж дутуу тооцсон учир энэ үндэслэлээр тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.
4. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгчид 2 жил хорих ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэнд болон бусад хувийн байдлыг нь харгалзан үзсэний зэрэгцээ оногдуулсан 2 жил хорих ял түүний гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Шын “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.
5. Шүүх хуралдаанд оролцсон, иргэдийн төлөөлөгч О-ын “...хохирогчийг биеэ авч явах чадваргүй үед хөдөө буулгаж, орхисон гэм буруутай” /2хх 121/ гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдал болон холбогдох журамд нийцсэн байх ба анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ түүний санал, дүгнэлтийг харгалзан үзсэн нь үндэслэл бүхий байна.
Иймд эдгээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтын “...57...” гэснийг “61” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Шын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Сийн цагдан хоригдсон 49 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА