Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2019/0661

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, нарийн бичгийн дарга Б.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.З*******, хариуцагч Ж.Я******* нарыг оролцуулан Ч******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын татвар, орлого хяналтын газрын татварын хяналтын улсын байцаагч Т.Б*******, Ж.Я******* нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч******* ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Н*******гаас тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:

...Тус компанид хамаарагдах 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 21182******* дугаартай Шийтгэлийн хуудас бүхий татварын маргаантай холбоотой нэхэмжлэлээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль-ийн долдугаар бүлгийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дах хэсэгт заасны дагуу бүрэн татгалзаж байна.

Бид актаар тавигдсан 1.049.568.107,17 төгрөг /Нэг тэрбум дөчин есөн сая таван зуун жаран найман мянга зуун долоон төгрөг арван долоон мөнгө/-ийн нөхөн төлбөр, торгууль, алдангийг хуулийн дагуу төлнө гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.З******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Бичгээр гаргасан байгаа гэв.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын татвар, орлого хяналтын газрын татварын хяналтын улсын байцаагч Ж.Я******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсантай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Ч******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын татвар, орлого хяналтын газрын татварын хяналтын улсын байцаагч Т.Б*******, Ж.Я******* нарт холбогдуулан гаргасан ...Татварын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 21182******* дугаартай шийтгэлийн хуудас-ын Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо буюу зөрчлийн жагсаалтын 3, 4, 5, 8, 9, 19 дугаарт з******* хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэхчлэн зохицуулж өгчээ. Энэхүү хуулийн заалтын агуулгын хүрээнд нэхэмжлэгч Ч******* ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Н******* нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар Ч******* ХХК-ийн зүгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.З*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч******* ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Н******* Татварын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 21182******* дугаартай шийтгэлийн хуудас-ын Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо буюу зөрчлийн жагсаалтын 3, 4, 5, 8, 9, 19 дугаарт з******* хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ч******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын татвар, орлого хяналтын газрын татварын хяналтын улсын байцаагч Т.Б*******, Ж.Я******* нарт холбогдох /128/2019/0188/з индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН