Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 591

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ширэндэв,

шүүгдэгч: А.Г ,

шүүгдэгч: Г.Т ,

шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ /0329/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г ,

Т  нарт холбогдох эрүүгийн 1702 0014 70056 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Рапид мед” эмнэлэгт гоо сайханч ажилтай, сард 800 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эхнэр, 3-4 насны 2 хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Г ,

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний их сургуулийн барилгын инженерийн 3 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 1, оршин суух, ял шийтгэлгүй, Т .

 

Шүүгдэгч А.Г  нь 2017 оны 8 дугаар сараас 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Хасбаатарын 29-4 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий Каннабис гэх нэршилтэй 1888.5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Г.Т  нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий Каннабис гэх нэршилтэй 1.5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

     

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А.Г  мэдүүлэхдээ:

  2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Азаа гэдэг хүн манай урланд ирж үйлчлүүлээд явахдаа хар цүнхтэй зүйлээ мартаад явсан байсан. Түүний утасны дугаар, хаягийг мэдэхгүй тул юмаа орхисон талаар түүнд мэдэгдэж чадаагүй.  Цүнхийг нь хэрэглэхээр уудлаад үзэхэд шороо шиг нунтаг зүйл байхаар би тэр зүйлийг модон хайрцагт хийгээд цүнхийг нь ашигласан. Тэгээд тэр шороо шиг зүйлийг хог новш дотроо хийгээд мартсан байсан. 10 дугаар сарын 24-ний өдөр урлангаа цэвэрлэхээр новшоо ухаж байтал нөгөө хайрцагтай юм гарч ирсэн. Тэр зүйлийг сонирхоод хэрэглэж үзсэн. Энэ өдөр хүртэл нөгөө зүйлийг өвс нэртэй мансууруулах зүйл гэж мэдээгүй, анзаараагүй. Би тамхигүй үедээ дүнсэн тамхийг гаансаар татдаг. Манай урлангийн түрээсийн хугацаа дууссан тул нүүхээр хүмүүс дуудсан байсан.  Ганбат, Баярсайхан нартай хамт нөгөө зүйлийг гаансаар татаж үзсэн. Би НҮБ-ын 1971 оны конвенцид багтсан мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар хадгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1888.5 грамм бүхий каннабис нэртэй сэтгэцэд нөлөөт бодис нь манай урлангаас гарч ирсэн зүйл мөн. Хойшид хэрэгт холбогдохгүй байж чадна. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т  мэдүүлэхдээ:

  Би 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1.5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар биедээ хадгалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.  Уг бодисыг ямар нэгэн байдлаар цааш нь борлуулах санаа зорилго байгаагүй. Би урьд өдөр нь урлангаа цэвэрлэж байтал хайрцагтай юмнаас уут цухуйгаад байхаар нь түүнээс бага зэргийг аваад зурагтны ар тал руу шидсэн. Хэсэг хугацааны дараа урлангаа цэвэрлэж дуусаад “юу юм бол” гэж бодоод нөгөө зүйлийг татаж үзсэн. Би Г тай хамт мансууруулах бодис хэрэглээгүй, харин ганцаараа татаж үзсэн. 10 дугаар сарын 24-ний өдрөөс урьд мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч- Ц.Пэрэнлэй мэдүүлэхдээ:

Би 2017 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн үед нэг ангид сурч байсан Т  гэх найзтайгаа уулзахаар түүний ажилладаг хорооллын эцэст байх ажлын байранд нь очиход Т  ганцаараа ажил дээрээ байсан. Тэгсэн Т  гялгар ууттай өвс мэт зүйлийг ширээнийхээ доороос гаргаж ирж үзүүлснээ “өвс гэдэг юмаа, үүнийг татахаар архи уусан юм шиг болдог” гэж хэлэхээр нь би сонирхож үзмээр санагдаад Т д татаж үзье гэж хэлээд бид хоёр модон гаансанд тухайн гялгар ууттай өвснөөс хийж байгаад асааж утааг нь сорж хэрэглэсэн. Орой 17-18 цагийн үед Г  ахын ажил дээр нь очиход Г  ахын 2 найз ирчихсэн байсан. Ингээд 5-уулаа ажлын өрөөнд нь байж байх үед гаднаас Г  ахын найз гэх 2 залуу орж ирж 7-уулаа байх үед Г  ах гэртээ орчихоод ирье гээд гарсан. Удалгүй хоёр цагдаагийн хамтаар орж ирсэн. Т  тухайн өвс гэх зүйлээ хаанаас авсан талаараа ямар нэгэн зүйл хэлээгүй гэжээ. (хэргийн 58-59  дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Г.Ганбат мэдүүлэхдээ:  

...2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Гантулгын ажил болох БГД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хасбаатарын 29-4 тоотод очсон. Тухайн үед Гантулгын ажил дээр Т , Пэкэ гэх залуус байсан. Г  байгаагүй. Т , Пэкэ хоёр өвс гаргаж ирээд сороод байхаар нь миний сонирхол хүрээд 5-6 удаа сороод өгсөн. Тэгээд унтаад хэсэг хугацааны дараа сэрээд байж байхад цагдаа нар орж ирсэн гэжээ.  (хэргийн 61-62 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Н.Баярсайхан мэдүүлэхдээ:

...2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Гантулгын ажил болох БГД-ийн 9-р хороо, Хасбаатарын 29-4 тоотод очиж Г тай уулзсан. Тухайн үед Гантулгын ажил дээр Тэмка, Пэкэ, Ганбаа нар байсан. Тэмка гэх залуу намайг “өвс сорж үзэх үү” гэж асуухад нь би 2-3 удаа сорсон гэжээ. (хэргийн 63, 64 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Н.Г  мэдүүлэхдээ:

...Би 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн үед хамаатны ах болох Ууганбаяртай барилгын ажлын талаар ярилцахаар хороололд зоогийн газарт хоол идсэн. Тэгсэн Ууганаа ах хоёулаа манай найзынхаар ороод гараад ирье гээд хорооллын эцсийн буудлын хойхон талд байх шивээс хийдэг нэг газар орсон. Тэнд ах найзтайгаа уулзаад юм яриад сууж байхад гаднаас цагдаа нар орж ирээд тэнд байсан хүмүүсийг бариад цагдаа дээр авчирсан. Тэнд 5 хүн байсан гэжээ. (хэргийн 65 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Ш.Ууганбаяр мэдүүлэхдээ:

...2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хамаатны дүү Н.Г тай хороололд хоол идчихээд А.Гантулгын ажил руу явсан. Өрөөнд Г , Ганбат, Баярсайхан болон хамт ажилладаг Т  гэх залуу болон түүний найз нь байсан. Ингээд өрөөнд ороод сууж байх үед Г  “эхнэр дуудаад байна” гээд гэртээ орохоор гарсан. Удалгүй гаднаас Г  энгийн хувцастай хүмүүстэй орж ирсэн. Тэгээд цагдаа нар биднийг цагдаагийн газар луу авчирсан. Г  ажлын өрөөндөө юу хадгалж байсан талаар мэдэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 66, 67 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 9995  тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 6 гэж дугаарласан гаанс хэлбэртэй зүйл, “Дээж №1 0,7 гр” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь 0,7166 грамм, “Дээж №2 1 гр” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл 1,0141 грамм, “Дээж №3 0,9 гр” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл 1,0068 грамм, “Дээж №4 1,2 гр” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл 1,2046 грамм, “Дээж №5 1,7 гр” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл 1,8485 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Дээж №1 0,7 гр” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл, “Дээж №2 1 гр” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл, “Дээж №3 0,9 гр” гэж хягласан гялгар ууттай ургамал мэт зүйл, “Дээж №4 1,2 гр” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл, “Дээж №5 1,7 гр” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан гаанс хэлбэртэй зүйлд дельта 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн.

3. Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно гэжээ. (хэргийн 77-78 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 9993 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “№1 1,3 грамм” гэж хаягласан цаасанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн. Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно гэжээ. (хэргийн 83 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 9994 тоот дүгнэлтэд:

...Шинжилгээнд ирүүлсэн “Н.Баярсайхан 2017.10.24” гэж хаягласан шээс, “А.Г  2017.10.24" гэж хаягласан шээс, “Г.Ганбат 2014.10.24” гэж хаягласан шээс, “Ганчөдөрийн Т  РД:УП96083078 2017.10.24 23.20” гэж хаягласан шээс, “Цэрэндолгор Пэрэнлэй РД:УК95122993 2017.10.24 23.50" гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно гэжээ. (хэргийн 85-86 дугаар хуудас)

 

                 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэрийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд:

                 Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Хасбаатарын 29/4 дүгээр байрны шатаар дээш гарч бор шаргал өнгийн төмөр хаалгыг онгойлгон дотогш орж үзлэг хийв. Үзлэг эхлэхээс өмнө уг байрны түрээслэгч А.Г ас танай гэрт хууль бус эд зүйл байвал сайн дураараа гаргаж өгөхийг санал болгоход “уг байрны том өрөөний голд байх саарал өнгийн ширээний харалдаа хар өнгийн хайрцаг бий. Түүн дотор ууттай өвс байгаа” гэж хэлсэний дагуу үзлэгийг уг хэлсэн газраас эхлэв. Өрөөний голд байх саарал өнгийн төмөр ширээний урд хэсэгт шалан дээр хар өнгийн модон хайрцаг байх ба тагийг онгойлгож үзэхэд дотор нь Вита гэсэн бичигтэй усны савтай дотроо ногоон өнгийн ургамал мэт зүйл байсныг №1, ногоон өнгийн ууттай ургамал мэт зүйл байсныг №3, цагаан өнгийн ууттай ургамал мэт зүйл байсныг №2 гэж дугаарлан хурааж авав. Хар хайрцагны хажууд “Torrent” гэсэн бичигтэй бөөрөнхий хар сав байсныг онгойлгож үзэхэд дотор нь өвс ургамал мэт зүйл байсныг №4 гэж дугаарлан хурааж авав. Үүний дараа А.Г  нь өрөөний голд байх “sharp” зурагтын арын тавиур дээр савтай өвс байгаа. Үүний хажууд ханын тавиур дээр гаанс шиг зүйл байгаа гэсний дагуу үзлэг хийхэд өрөөний зүүн хана дагуу гол хэсэгт байх шаргал өнгийн тавиур дээр ямар нэгэн бичиггүй, дөрвөлжин төмөр савтай өвс ургамалын нунтаг зүйл байсныг №5 , үүний хажууд ханын тавиур дээр голд нь төмөр мод холбож заанс хэлбэрт оруулсан зүйл байсныг №6 гэж дугаарлан тус тус шинжилгээнд хүргүүлэхээр хурааж авав гэжээ. (хэргийн 3 дугаар хуудас)

 

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хар тамхитай тэмцэх газрын 410 тоот өрөөнд эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд:  

1. №1 дугаартай Вита гэсэн бичигтэй, хөх өнгийн хуванцар савтай ногоон өнгийн хатсан өвс ургамал мэт зүйл байсныг албаны Т-1000 загварын жин  дээр жинлэж үзэхэд 248,6 грамм зааж байна.

2. №2 дугаартай цагаан өнгийн ууттай ногоон өнгийн хатсан өвс ургамал мэт зүйл байсныг албаны Т-1000 загварын жин дээр жинлэж үзэхэд жингийн дээд хэмжээ болох 1000 граммаас илүү гарч хэмжилт заахгүй байсан тул ууттай өвсийг том жин дээр жинэлэхээр авч гаран Эрүүгийн цагдаагийн албаны хажуу талд байх Билгүүн нэртэй хүнсний дэлгүүрт орж жин дээр жинлэхэд 1090 граммыг зааж байна.

3. №3 дугаартай ногоон өнгийн ууттай ногоон өнгийн хатсан өвс ургамал мэт зүйл байсныг албаны Т-1000 загварын жин дээр жинлэж үзэхэд 41,2 граммыг зааж байна.

4. №4 дугаартай хар өнгийн дугуй хэлбэртэй савтай, дотроо ногоон өнгийн хатсан өвс ургамал мэт зүйл байсныг өнгөгүй гялгар уутанд савлаж, албаны Т-1000 загварын жин дээр жинлэж үзэхэд 72,1 граммыг зааж байна.

5. №5 дугаартай дөрвөлжин хэлбэртэй төмөр савтай ногоон өнгийн хатсан өвс ургамал мэт зүйл байсныг албаны Т-1000 загварын жин дээр жинлэж үзэхэд 436,6 грамм зааж байна. Өвсний нийт хэмжээ 1888,5 грамм.

6. №6 дугаартай гаанс хэлбэртэй зүйл нь урд хэсэгтээ дугуй хэлбэртэй модон зүйлийн араас голдоо хөндий төмөр залгасан байдалтай, модон зүйл дотор өвс ургамал наалдаж үлдсэн шинжтэй байна.

 

Г.Т гийн биед үзлэг хийж хураан авсан эд  зүйлд:

Цагаан өнгийн цаасанд боосон ногоон өнгийн хатсан өвс ургамал мэт зүйл байсныг албаны Т-1000 загварын жин дээр жинлэж үзэхэд 1,3 граммыг зааж байна гэжээ. (хэргийн 43 дугаар хуудас)

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1000 тоот дүгнэлтэд:

1. А.Г  нь урьд өмнө сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт байхгүй байна.

2.Одоо  А.Г  нь сэтгэцийн эмгэггүй байна.

3. А.Г  нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. А.Г  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. А.Г  мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна.

7. А.Г д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй болно гэжээ. (хэргийн 104 дүгээр хуудас)

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 996 тоот дүгнэлтэд:

1. Г.Т  нь урьд өмнө сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт байхгүй байна.

2. Одоо Г.Т  нь сэтгэцийн эмгэггүй байна.

3. Г.Т  нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Г.Т  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Г.Т  нь мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна.

7. Г.Т д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй болно гэжээ. (хэргийн 108 дугаар хуудас)

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасанд:  

           А.Г  нь урьд ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 150 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасанд:

Г.Т  нь урьд ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 164 дүгээр хуудас)

 

             ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч А.Г  нь 2017 оны 8 дугаар сараас 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Хасбаатарын 29-4 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий Каннабис гэх нэршилтэй 1888.5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Г.Т  нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Хасбаатарын 29-4 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий Каннабис гэх нэршилтэй 1.5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ц.Пэрэнлэй, Г.Ганбат, Н.Баярсайхан, Н.Г , Ш.Ууганбаяр нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 9995, 9993 тоот, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 9994 тоот дүгнэлт, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

            Шүүгдэгч нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан, Нийслэлийн прокурорын газраас А.Г , Г.Т  нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна.

Иймд шүүгдэгч нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй.  

 

Гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

 

Иймд шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан тэдэнд  хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.  

 

А.Г , Г.Т  нарын хадгалсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээг харгалзан тэднийг тэнссэн хугацааг  ялгамжтайгаар тогтоов.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул уг бодисыг прокурорын саналыг үндэслэн устгах нь зүйтэй.

 

                 А.Г , Г.Т  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдлаа.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

                 1. Шүүгдэгч Г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

                 шүүгдэгч Т г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

                 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г хорих ялыг оногдуулахгүйгээр  4 /дөрөв/ жил,

                 шүүгдэгч Г.Т г хорих ялыг оногдуулахгүйгээр  2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэдэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

                 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар А.Г , Г.Т  нарт согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

                 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар  А.Г , Г.Т  нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

                 тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

                 5. Шүүгдэгч А.Г , Г.Т  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай

 

                 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №1 гэж дугаарласан “Вита” гэсэн бичигтэй хуванцар савтай 248,2 грамм бодис, №2 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай 1089,7 грамм бодис, №3 гэж дугаарласан ногоон өнгийн ууттай 41 грамм бодис, №4 гэж дугаарласан хар өнгийн дугуй хэлбэртэй савтай 71,9 грамм бодис, №5 гэж дугаарласан дөрвөлжин хэлбэртэй төмөр савтай 436,2 грамм бодис, №6 гэж дугаарласан гаанс хэлбэртэй зүйл, хар өнгийн үүргэвч, Г.Т гийн биеэс хураагдсан 1,1 грамм бодис зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

                 7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г , Г.Т  нарт хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОЮУН