Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/38

 

 

      2022           10            11                                       2022/ДШМ/38

 

 

 

 

Н.А-, Р.Г-, Ш.О- нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: М.О,

Шүүгдэгч Н.А-гийн өмгөөлөгч: Х.Б,

Шүүгдэгч Р.Г, Ш.О нарын өмгөөлөгч: Ш.М,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхзул нарыг оролцуулан

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурор М.О-ын эсэргүүцлээр шүүгдэгч Н.А, Р.Г, Ш.О нарт холбогдох 2219000000058 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Б овогт Н-ын А,

 

2. Б овогт Р-ийн Г

 

3. Х овогт Ш-ын О

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.А- нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр *** нутаг дэвсгэр *** тоотод оршин суух Р.Г-, Ш.О- нарыг цагдаагийн газар дуудлагаар очиж, Р.Г-ыг эрүүлжүүлэгдсэний дараа хоёуланг нь 30 хоногоор баривчлах юм байна гэж үүссэн нөхцөл байдлыг далимдуулан хахууль өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулан Р.Г, Ш.О нараас 1,000,000 төгрөгийг авч, уг мөнгөнөөс Р.Г-ыг хүүхдийнхээ дэргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж шийтгэлийн хуудас бичиж 300,000 төгрөгийг О.Б гэгчээр тушаалгаж, 700,000 төгрөгийг өөртөө авсан,

 

шүүгдэгч Ш.О-, Р.Г- нар нь өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нийтийн албан тушаалтан болох Дорноговь аймгийн Цагдаагийн газрын **** Н.А-д албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан Н.А-ийн Х банкны ****дугаартай дансаар дамжуулан 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ. 

 

Дорноговь аймгийн Прокурорын газарт сэлгэн ажиллаж буй хяналтын прокурор Б.Д-оос шүүгдэгч Н.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Р.Г-, Ш.О- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Н-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд үүссэн нөхцөл байдлыг далимдуулан хахууль өгөх нөхцөлийг зориудаар бий болгож хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Р-ийн Г, Х овогт Ш-ын О- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-, Ш.О- нарыг тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялаас чөлөөлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А- нь шийтгэх тогтол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.А-гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Төрийн санд байршуулсан 2021 оны 12 сарын 24-ний өдөр Ж.Б гэсэн нэрээр тушаасан 300,000 төгрөгийг, Р.Г- гэсэн нэрээр тушаасан 700,000 төгрөгийг тус тус улсын төсөвт шилжүүлж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-, Р.Г-, Ш.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.А-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж үлдээж,

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.О эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Г-, Ш.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Р.Г-, Ш.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа хуулийн тус зүйл хэсэгт байхгүй ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт “...шүүгдэгчид оногдуулсан... ялын төрөл, хэмжээ...” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв. 

 

Шүүгдэгч Н.А-гийн өмгөөлөгч Х.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Улсын яллагчийн эсэргүүцлийг бичгээр хүлээж авсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн санкцад заасан хэмжээгээр өөрчлөлт оруулахад татгалзах зүйл байхгүй. Засах боломжтой гэж үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгч Р.Г-, Ш.О- нарын өмгөөлөгч Ш.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Х.Б өмгөөлөгчтэй адил саналтай байна. Гэхдээ энд нэг зүйл тодруулж хэлэхэд хууль хэрэглээний хувьд нэг санал байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд тооцооны алдаа гарсан тохиолдолд залруулга хийх боломжтой талаар тодорхой заагдсан байгаа. Заавал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд заасны дагуу прокурор тухайн шүүхдээ хүсэлт гаргаад залруулга оруулах боломж бүрэн байсан. Энийг бол хэрэглэсэнгүй. Гэхдээ одоо нэгэнт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын санкцын нэгжийн хэмжээнд тооцооны алдаа гарсан нь үнэн. 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял болгож шийдэх боломж байгаа. Энийг бол хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд хууль тогтоогчоос оруулж өгсөн тайлбар хэсгийг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа шүүх үндэслэж болох юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбар хэсгийг журамлаад ялаас чөлөөлөх боломжтой. Ийм 3 боломж байсан. Прокурорын эсэргүүцэлд дурдсан алдаатай заалтыг засаж шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийдвэр гаргахад өмгөөлөгчийн зүгээс татгалзах зүйл байхгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор М.О-ын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газарт сэлгэн ажиллаж буй хяналтын прокурор Б.Д-оос:

Шүүгдэгч Н.А-г албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, үүссэн нөхцөл байдлыг далимдуулан хахууль өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулах аргаар хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан,

Шүүгдэгч Ш.О-ыг Р.Г-тай хамтран өөрсдөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч Р.Г-ыг Ш.О-тай хамтран өөрсдөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд  шилжүүлжээ.

 

1. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч  Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд үүссэн нөхцөл байдлыг далимдуулан хахууль өгөх нөхцөлийг зориудаар бий болгож хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Р.Г-, Ш.О- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон байх ба хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

2. Шүүгдэгч Н.А- нь Дорноговь аймгийн Цагдаагийн газарт ***** ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр *** тоотод оршин суух Р.Г, Ш.О нарыг цагдаагийн газар дуудлагаар очиж, Р.Г-ыг эрүүлжүүлэгдсэний дараа хоёуланг нь 30 хоногоор баривчлах юм байна гэж үүссэн нөхцөл байдлыг далимдуулан хахууль өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулан Р.Г-, Ш.О- нараас 1,000,000 төгрөгийг авч, уг мөнгөнөөс Р.Г-ыг хүүхдийнхээ дэргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж шийтгэлийн хуудас бичиж 300,000 төгрөгийг О.Б гэгчээр тушаалгаж, 700,000 төгрөгийг өөртөө авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг,

 

Шүүгдэгч Ш.О-, Р.Г- нар нь зөрчлийн шийтгэл эдлэхгүй байх зорилгоор буюу өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нийтийн албан тушаалтан болох Дорноговь аймгийн Цагдаагийн газрын ***** Н.А-д албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан Н.А-ийн Х банкны *** дугаартай дансаар дамжуулан 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар буюу шүүгдэгч Н.А- /2хх 163-164 хх/, шүүгдэгч Р.Г-/1хх 15-17/, Ш.О- /1хх 64-65/, гэрч Р.Г /1хх 20-21/, Б.М /1хх 24-25/, Н.Б /1хх 57-58/, Ц.Ц  /2хх 194-195/, Т.Ц /2хх 198-199/ нарын мэдүүлэг болон бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 70-71/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 86-87, 94-95/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 101-103/, албаны шалгалтын материал /1хх 127-180/, х банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 181-182/, утасны холболтын жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 206-208/, 700.000 төгрөгийг Төрийн санд тушаасан мөнгөн шилжүүлгийн баримт /1хх 205/, ЦЕГ-ын даргын *** дугаар тушаалууд /2хх 74-80/, 2021 оны Ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг /2хх 83-94/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх 162-165, 174-176, 183-186/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх 17, 95, 3хх 14/ зэргээр нотлогдож тогтоогдсон гэж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.А-гийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцжээ.  

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Г-, Ш.О- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн талаар сайн дураараа мэдэгдсэн, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж уг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь зөв боловч ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагаагүй 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2.700 нэгжээс 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байхад хуульд заасан хэмжээнээс бага буюу 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх... шүүхийн шийдвэрийн үндэслэл... эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл...”, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...шүүгдэгчид оногдуулсан... ялын төрөл, хэмжээ...” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна. 

 

Түүнчлэн шүүгдэгч Р.Г-, Ш.О- нар нь гэмт хэргийн талаарх мэдээллийг зохих байгууллагад биечлэн илчлээгүй ч тэдний санаачилга, мэдээллээр гэмт хэрэг илэрсэн, мөн тэдний гэмт хэрэг үйлдэхэд хүрсэн нөхцөл байдал буюу энэ гэмт хэрэг хясан боогдуулах аргаар үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын хэмжээг зургаан сараас гурван жил гэж заасан зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь энэхүү хуулийн агуулга зарчимд нийцсэн, ийнхүү ялаас чөлөөлөх нөхцөл шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

Энэхүү хуулийг хэрэглэх үндэслэл, нөхцөл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсэгт заасан ялыг оногдуулж, уг ялаас чөлөөлөх ба энэ үндэслэлээр анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолд заасан 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хэмжээний хувьд Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцүүлэн 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг болгон өөрчлөхөд шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордож өөрчлөгдөхгүй болно.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/164 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолын

 

3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г, Ш.О нарыг тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж,

 

4 дүгээр заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Р.Г, Ш.О нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаас тус тус чөлөөлсүгэй.” гэж нэмж өөрчилж, тогтоолын  4, 5, 6, 7, 8, 9 дүгээр заалтуудыг 5, 6, 7, 8, 9, 10 болгон дугаарлаж, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор М.О-ын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                   

                                                                                                  Н.БАТЧИМЭГ