Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 592

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Энх-Учрал,

Улсын яллагч: Г.Хатанцэцэг,

Хохирогч: Ө.Отгонбаяр,

Шүүгдэгч: Л.З , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З д холбогдох 1705008710187 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, өдөр Дорнод аймаг Эрээнцав суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Дэлгэр” СӨХ-нд гараашийн жижүүр ажилтай, урьд ял шийтгэлгүй, З   

Шүүгдэгч Л.З  нь 2017 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эко 23 дугаар байрны жижүүрийн өрөөнд иргэн Ө.Отгонбаярын өвдгөн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.З  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Отгонсайхан мэдүүлэхдээ: “Би Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд лифтчин ажилтай, СӨХ-ийн дарга манай хүн согтуу байна. Чи оронд нь гараанд гараад өгөөч гэхээр нь би З ы оронд гараанд гарч байхад орж ирээд “ална” гээд хутга аваад дайраад байхаар нь хутгыг нь булаацалдаад авсан. Тэгсэн З  гэрээсээ хутга авна гэж гараад гаднаас хутга аваад дахиад ирэхээр нь өрөөнийхөө хаалгыг бариад онгойлгохгүй байсан чинь цонх түлхээд орж ирчихээд “ална” гээд дайраад байсан. Би хутга булаацалдаж байхад миний хөл рүү халуу дүүгхээр нь харсан чинь өвдөг рүү хутгалсан байсан. Намайг хутгалчихлаа ш дээ гэсэн чинь З  хутгаа хаяад зугтаасан. Тэгээд цагдаа дуудсан. Би эмчилгээнд эхний удаа 400,000 төгрөг, 200,000 төгрөг, 100,000 төгрөг 50,000 төгрөг авсан. Бид хоёр эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Отгонбаяр мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 23 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 23-р байрны СӨХ-ийн дарга Энхтуяа над руу залгаад “манай хүн З  согтуу байна гэнээ гараанд гараад өгөөч, мөнгийг нь өглөө бэлэн өгнө” гэсэн тэгхээр нь би “за за тэгье” гээд зөвшөөрсөн. Тэгээд 23-р байрны манаачийн байранд очоод манаачийн үүрэг гүйцэтгэж байхад шөнө 03 цагийн орчим Зоригоо орж ирээд манаачийн байранд байсан хар иштэй бүдүүн хутга шүүгээнээс авч над руу “ална” гэж... учиргүй дайрсан би хутгыг нь булааж авах гээд дийлээгүй тэгтэл Зоригоо миний зүүн өвдөг рүү 1 удаа хутгалчихсан, тэгэхээр нь би Зоригоог чи намайг хутгалчихлаа гэтэл Зоригоо хутгаа хаяад зугтаад гараад явчихсан” гэсэн мэдүүлэг /хх 14-15/,

Гэрч Б.Ганцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр...гадуур явж байгаад... нөхрийнхөө ажил дээр очтол Отгонбаяр байсан тэгээд наад нөхөр чинь намайг хутгалчихлаа гэхээр нь өө яанаа цагдаад хэл гээд түргэн дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-34 хуу/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11701 дугаартай дүгнэлт: “Ө.Отгонбаярын биед тойгны дотор даруулган холбоосын бүрэн бус тасрал, зүүн өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ. /хх 12 хуу/,

Яллагдагчаар Л.З  мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 9 дүгээр сар 13-ны өдөр ажил дээрээ буюу Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 23-р байрны авто зогсоолын манаачийн ажлаа хийгээд харуулын байрандаа сууж байтал 14 цагийн үед нэг 40 орчим насны эрэгтэй хүн өрөөний гадаа ирээд байж байгаад надаас ганц юм уух уу гэд халааснаасаа 0.33 литрийн Хараа архи гаргаж ирсэн. Би тэр хүнтэй хувааж уусан... тэгээд архиа ууж дуусгаад... би тэр хавиар баахан орилж бархирч тэнэсэн. Тэгээд эргээд 23-р байрныхаа зогсоол дээр иртэл Отгонбаяр миний ажлын байран дээр байсан. Тэгээд Отгонбаяр танай авгайг Нямдаваа өөр бас 2 хүүхэнтэй Баянхошуунаас ирээд зодчихлоо гэж хэлсэн...Би “муу лалруудыг Баянхошуу орж алнаа” гэж хэлээд... гэрээсээ хүрэн модон иштэй хутга аваад эргээд харуулын байранд очсон тэгээд хаалгыг таттал Отгонбаяр хаалга тайлахгүй байсан тэгхээр нь би цонхоор ортол Отгонбаяр... хутга авах гэж надтай ноцолдсон. Тэгээд миний хутгатай гарыг доош нь дарсан тэгээд би Отгонбаярын хөлийг хутгаар зүссэн бид 2, 1 минут орчим ноцолдоод тэгээд нэг харсан миний хутга байхгүй болохоор нь би гараад явсан. Тэр үед Отгонбаяр чи намайг хутгалчихлаа ш дээ лалраа гэж хэлсэн тэгээд би тоолгүй цаашаа явсан” гэжээ. /хх-30-31 хуу/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-21 хуу/, хөдөлмөрийн гэрээ /хх-19-20 хуу/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-18 хуу/, тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх 22-23 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

Шүүгдэгч Л.З  нь 2017 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эко 23 дугаар байрны жижүүрийн өрөөнд иргэн Ө.Отгонбаярын өвдгөн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.Отгонбаярын мэдүүлэг /хх 14-15, 35/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11701 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Л.З ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.З  нь Эко 23 дугаар байрны жижүүрийн өрөөнд иргэн Ө.Отгонбаярыг шалтгаангүйгээр ална гэж хутга гарган дайрч улмаар түүний өвдгөн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Отгонбаярын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь өөрт учирсан хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Л.Зоригтбаатарыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч Л.З ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.З  нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин орлоготой байх бөгөөд түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулах торгуулийн ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх талаар шийдвэр гаргаж өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээн авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгах, шүүгдэгч Л.З  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт хавсаргаагүй болохыг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З  нь торгох ялыг 1 жилийн дотор төлж барагдуулахыг даалгаж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгасугай.

 

5. Шүүгдэгч Л.З  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт хавсаргаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Ө.Отгонбаярт 750,000 төгрөг төлсөн, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.З д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

            ШҮҮГЧ                                               Ч.ОТГОНБАЯР