Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/39

 

 

Д.Ц-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: С.Б,

Шүүгдэгч: Д.Ц-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: З.А,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Д.Ц-, түүний өмгөөлөгч З.А нарын давж заалдсан гомдлоор шүүгдэгч Д.Ц-т холбогдох 2119000000244 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Д-ийн Ц,

 

 Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Ц- нь **** оршин суух М.О-ын гэрт 2021 оны 12 сарын 15-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.О-тай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж хэвлийн тус газар нь 1 удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч С.Батмөнх-Очироос шүүгдэгч Д.Ц-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Д-ийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-т 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ийн эдлэх 14 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ийн цагдан хоригдсон 262 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, СД-г хэрэгт /1хх 15/ хавсарган үлдээж,

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой асуудлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Ц- давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Ц- миний бие өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Надад холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч хэргийг бүрэн гүйцэт шалгаж өгөхгүй байгаад туйлын их гомдолтой байна. Хохирогчийн барьж байсан хутгийг олж тогтоолгүй хэргийг шалгахдаа хэтэрхий нэг талыг барьж шалгаж ял оногдууллаа. Мөн хэргийн газрын үзлэгийг хийхдээ гэрийн шалан дээгүүрх буюу гэрийн тавилгын доогуурх эд зүйлүүдэд үзлэг хийлгүй орхигдуулсан. Хохирогч биедээ жижиг хуйтай хутгатай явдаг байсан. Үүнийг нь гэрч Б сайн мэддэг байх энэ бүгдийг нуун далдаж мэдүүлэг өгч байна. Энэ бүгдийг дахин шалгуулж үнэн зөвөөр нь тогтоолгох хүсэлтэй байна. Тухайн үед амь хохирогч О- намайг сууж байхад арагш түлхэн унагааж миний дээр зайдалж суугаад гутлынхаа түрүүнээс хутга гаргаад миний хоолойг хэрчсэн. Би хохирогчийн доороос арай гэж мултарч гарч амиа хамгаалах гэж зугтсан, би айсандаа хохирогчийг хутгалчихсан байсан. Яг тухайн үед би хохирогчоос маш их айж сандарсан байсан болохоор яах ч учраа олохгүй их айдаст л автсан байсан. Хохирогчийг би алах санаа зорилго надад байгаагүй. Би хохирогчийг газарт унахаар нь хартал гэдсэн тус газар хутгалчихсан байсан ба гэрээс гадагш гартал миний зүсэгдсэн хүзүүнээс цус гарч газарт тусахаар нь цамцныхаа цахилгааныг дээш нь татчаад буцаж гэр рүү түргэн дуудахаар орсон. Гэрт ороод Бийг дуудаж сэрээтэл хохирогч надад машины түлхүүрээ гараасаа авч өгөөд манай хэдэд дуулгачих гэж хэлсэн. Би утсаар ярих гэж байгаад утсан дээр халтирч унасан. Тэгээд Д эгчийн гэр рүү явж түргэн тусламж дуудахаар явсан. Би болсон үйл явдлыг анхнаасаа шударга үнэнээр мэдүүлж ирсэн. Гэвч хохирогч надад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдсаар байхад энэ бүгдийг харьцуулан шинжлэн судлалгүй, хохирогчийн энэхүү үйлдэл холбогдлыг шалган шийдвэрлэсэнгүйд гомдолтой байна. Хохирогчийн хутгатай гараас би мултарч арай гэж гарсан. Хэргийн газрын үзлэгээр гэрийн гадна талд цус туссаныг илрүүлэн, шинжилгээнд явуулсан боловч тухайн цусыг дүгнэсэн шинжилгээний дүгнэлт хэрэгт авагдаагүй байдаг. Миний өмсөж явсан хувцсыг мөрдөн байцаагч хураан авч биологийн ул мөр байгаа эсэхийг тодорхойлуулах, татах чангаах хүчний хүч үйлчилсэн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар надаас хуруу шилэнд цусны дээж авсан боловч энэ бүгдийг хэрэгт хийлгүй, зөвхөн миний хувцсанд татах чангаах хүчний хүч үйлчилснийг тодорхойлсон. Харин миний  өмсөж явсан хувцсанд биологийн ул мөр байгаа эсэхийг дүгнэсэн дүгнэлт хэрэгт хийгдсэнгүй. Би өөрийн өмсөж явсан хувцсандаа биологийн ул мөр байгаа эсэхийг тогтоолгох хүсэлтэй байна. Хэдийгээр хэрэгт мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгүүдээр миний хүзүүнд зүсэгдсэн шархыг хараагүй гэж мэдүүлж байгаа боловч би хүзүүнийхээ шархыг хүний нүдэнд харагдуулалгүй цамцныхаа цахилгааныг дээш нь татсан байсан. Их хэмжээний цус гараагүй болохоор гарч нар миний хүзүүнээс гарч байсан цусыг тэр бүр анзаарч хараагүй байх боломжтойг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ миний өмсөж явсан цамц, хувцаснууд цус болчихсон байсан учир энэ талаар тодорхойлон дүгнүүлмээр байна. Энэ нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримт байхаас гадна хэргийн бусад нотлох баримтуудтай харьцуулан үзэхэд хүртэл чухал ач холбогдолтой баримт гэж үзэж байна. Мөрдөгчийн тогтоолоор миний өмсөж явсан хувцсанд үзлэг хийх хураан авсан боловч миний хувцаснуудыг надад буцаан олгооrүй, биологийн ул мөр байгаа эсэх талаар дүгнүүлэхээр надаас цус авч байсан ба энэ бүгдийг шалган тогтоолгуулмаар байна. Миний хувьд эцэг эхээ халамжилж чадахгүй, өөр бусдын царайг харуулан, өөрөө ч олон жилийн ялаар шийтгүүлсэндээ маш их харамсаж байна. Би хохирогчийн ар гэрийнхнээс ч дахин уучлалт гуйж байна. Миний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.А давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Д.Ц- нь өөрийн хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд дээрээ ч энэ талаараа тодорхой мэдүүлсэн байдаг. Ц-ийн анх өгч байсан мэдүүлэгт: ... намайг сууж байхад арагш түлхэж унагаж миний дээр зайдалж суугаад хаанаас ч юм бүү мэд нэг хутга гаргаж ирээд баруун гартаа барьж миний хоолойг зүсэх гэж байхад нь би түүний баруун гарыг 2 гараараа барихад тэр хутгатай гараа ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй татах үед миний хоолойг зүссэн. Тухайн үед нь би түүнийг миний дээр гарсан байхад нь түлхэж унагаад тэдний гэрийн шүүгээний шургуулганаас модон иштэй хутгыг авч түүнийг босоод өөдөөс дайрах үед нь түүний хэвлий тус газарт нэг удаа хутгалахад зуухны урд үүд хэсэгт унаад өгсөн гэж мэдүүлсэн мэдүүлэг болон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр орсон мэдүүлгүүдээс харахад мэдүүлэг тогтвортой, хэргийн талаар үнэн зөвөөр шударгаар мэдүүлдэг бөгөөд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал нь тодорхой харагддаг. Мөн Ц- нь хохирогчийн барьж байсан хутганаас амь мултарч гарах гэж ноцолдсон, хохирогчийг алах санаа зорилго байгаагүй, айсандаа хутгалчихсан гэдгээ ч тодорхой мэдүүлдэг бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас энэхүү нөхцөл байдлууд тодорхой харагддаг. /хэргийн газрын үзлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Шинжээчийн 02/079, 695, 1800 дугаартай дүгнэлтүүд, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, түргэн тусламжийн дуудлагын хуудас, Ц-ийн өмсөж явсан хувцсан дээр үүссэн урагдалтыг дүгнэсэн дүгнэлт, гэрч У. Б мэдүүлэг/. Эдгээр баримтуудаас харахад гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч, холбогдогч нарын аль аль нь зүй бус үйлдэл гаргасныг үгүйсгэх аргагүй байгаа юм. Д.Ц- нь хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан үеэс эхлэн цагдан хоригдож байгаа ба хохирогчийн ар гэрийхэнд ах дүүгээрээ дамжуулан, өөрөө шүүх хурал дээр хохирогчийн өмгөөлөгчид хандаж “маш их уучлалтыг” гуйж, өөрийнхөө гэмшил, харууслаа илэрхийлж байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлгээс харахад ч Ц- гомдол санал гаргаагүй ба аль аль талаа бодохоор хэцүү байна гэж мэдүүлдэг. Ц- нь аав, ээжийнхээ хамтаар амьдардаг бөгөөд эцэг эх нь өндөр настай бусдын асаргаа халамжид байдаг. Ц-ийн хувьд эцэг эхээ харж асрах хүний нэг ба ар гэрийн амьдрал ахуй нөхцөл  ч маш хүндхэн байгааг анхаарч үзэхийг хүсье. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Ц-т оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв. 

 

Прокурор С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “....Д.Ц- мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгөхдөө амь хохирогчийг өөрийнх нь амь насанд аюул заналхийлсэн учраас аргагүй хамгаалалтын байдалд орж амь насыг нь хохироосон гэдэг. Гэхдээ шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Мөн шүүгдэгч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй. Тэгээд өөрийнх нь мэдүүлгийг шалгаж үзсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж байгаа. Одоо өөрийнх нь ярьж байгаа тэр цусны шинжилгээ, хутгалсан гэх хутгыг олох ажиллагааг бүгдийг нь хийсэн боловч яг шүүдэгчийн мэдүүлэгт хөтлөгдөөд явбал олдох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Эдгээр нь зүйлчлэлд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхээс ял оногдуулахад нөлөөлөхгүй гэж үзээд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үүний дагуу шүүх бас шийдсэн. Тэгэхээр Д.Ц-ийн мэдүүлэгт хөтлөгдөж мөрдөн шалгах ажиллагаа хийсэн боловч тийм нөхцөл байдал үүсээгүй. Шүүхийн шийтгэх тогтоолд ч гэсэн Д.Ц-ийн мэдүүлгийг өөр нөхцөл байдлаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн. Энэ бол үндэслэлтэй. Хувцасны шинжилгээ хийлгэхээр явуулсан боловч ДНХ-н бүтэцтэй холбоотойгоор улсын хэмжээнд шинжилгээ хийх урвалж сорьц байхгүй тул хийх боломжгүй гээд энэ ажиллагааг зайлшгүй хийх боломжгүй гэж үзээд шийдсэн нөхцөл байдал хавтаст хэргээс харагдаж байгаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс илүүлсэн албан тоот байгаа. Тийм учраас гомдолд дурдсан нэмэлт ажиллагаа хийлгэх, хохирогчийн буруутай үйл ажиллагааг тогтоох зэргийг хийх боломжгүй. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, хууль ёсны шийдвэр байсан. Баримталсан зүйл хэсгүүд нь хууль ёсных. Оногдуулсан ял шийтгэл бол шүүгдэгчийн хувийн хувийн байдал, гэм буруудаа хандаж байгаа хандлага, үйлдлийнх нь нийгмийн хор аюулын хэр хэмжээтэй тохирсон гэж үзэж байгаа. Энэ хүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд гэмшиж байна гэж үзэхэд ойлгомжгүй байдал бий болдог. Одоо энэ гомдлоос нь ч харагдаж байна. Бас хохирол төлсөн гэж үзэх боломжгүй. Энэ бол хохирогчийн айдас цөхрөлтэй холбоотойгоор хохирлоо нэхэмжлэхгүй байгаа. Түүнээс биш яг хохирол төлөгдсөн гэх асуудал байхгүй. Д.Ц-ийн хувийн байдлын тухайд урьд нь амь хохирогчийн төрсөн дүүг нь хутгалаад 4 жил хорих ял эдлээд гарч ирсэн. Ах дүүсийг байнгын айдас дарамтанд байлгаж байсан гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байдаг. Амь хохирогчийн эхнэр Б асуудлаа энэ хүнд хандаж хэлээгүй байхад “Таныг дээрэлхэж байна уу, яаж байна, би ер нь цаадхыг чинь ална аа” гэж хэлэх зэрэг нөхцөл байдлуудыг гаргаж байсан нь тогтоогдсон. Үйлдлийнх нь арга гэж юуг хэлээд байгааг тодруулах юм бол энэ хүн хохирогчийн үйлдлээс болж санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах нөхцөл байдалд орсон байсан бол ихэнх тийм хэргүүдийн жишгээр үйлдлээ хийчихээд юу болоод байгааг мэдэхээ байгаад “би юу хийчихвээ” гээд янз бүрийн тусламж үзүүлэх нөхцөл байдал байдаг. Гэтэл энэ хүнд тийм зүйл байгаагүй. Амь хохирогчийн төрсөн эгч рүү нь яриад “Танай дүүгийн чинь гэдсийг цувуулчихлаа, амьд дээр нь ирж уулзвал уулзаарай” гэж хэлээд хохирогчийн төрөл төрөгсдийг сэтгэл зүйн хүнд байдалд оруулж байгаа байдлуудаас хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь харагддаггүй. Практик дээр санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас хүний амь насыг хохироох гэдэг бол хүчээр дарлагдсан, хүндээр доромжлогдсоны улмаас сэтгэл зүйн онцгой нөхцөл байдалд ороод өөрийн үйлдлийг үнэхээр мэдрэхээ болиод хоромхон зуурын нөхцөл байдлаас гарахдаа урьдах хийсэн үйлдлээ санахаа больдог. Гэтэл энэ хүний хувьд тийм зүйл байгаагүй. Тийм учраас энэ нь зүйлчлэлд огт нөлөөлөхгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Тухайн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэл нь энэ хүний хувийн байдал, гэм буруудаа хандаж байгаа хувийн хандлага, гэмт үйлдлийнх нь нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Ц- болон түүний өмгөөлөгч З.А нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч С.Б-оос шүүгдэгч Д.Ц-ийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр **** оршин суух М.О-ын гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.О-тай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж хэвлий тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлжээ.

 

1. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэхүү хуульд зааснаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Тодруулбал шүүгдэгч Д.Ц- нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *** оршин суух М.О-ын гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.О-тай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж хэвлий тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж үзэв. Үүнд:

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 2-12/,
  • мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 13-14/,
  • хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.О-ийн “...2021 оны 12 дугаар сарын 15-ны оройн 19 цаг 30 минутад манай гэрийн суурин утас руу **** гэсэн дугаараас залгаж “Ц- байна, танай гэрээр хэн байна” гэж асуусан. Би тухайн үед яасан бэ миний дүү гэж асуусан чинь Ц- нь “Дүүгийн чинь гэдсийг цувуулчихлаа, үхэхээс нь өмнө ирж уулзвал уулзаарай” гэж хэлээд гар утсаа салгасан. ...О-ын гэрт очиход О- нь гэрийн баруун үүд хэсэгт дээшээ харж хэвтсэн байдалтай амьсгал хураасан байсан” гэсэн мэдүүлэг /1 хх 24/,
  • гэрч Б.Э-ын “...2021 оны 12 дугаар сарын 15-ны ...14 цагийн үед О-ын гэрт унтаад өгсөн. Унтаж байтал О-ын эхнэр Б чанга дуугаар намайг дуудаж сэрээсэн. Мөн Б нь “түргэн тусламж дуудаарай, О-ыг Ц- хутгалчихлаа” гэж хэлсэн. ... суурин утсыг авч Ц- нь хүн рүү залгаж “танай дүүг чинь хутгалаад гэдсийг нь цувуулаад хаячихлаа, нас барахаас нь өмнө ирж уулзвал уулзаарай” гэж хэлээд суурин утсаа салгасан. ...” гэсэн мэдүүлэг /1хх 34-36/,
  • гэрч Д.Бийн “...Тэгээд унтаж байгаад сэрсэн чинь манай нөхөр гэрийн хаалганы хойд талд баруун талаар харсан байдалтай хэвтэж байсан, очоод харахад хэвлий хэсгээс нь их хэмжээний цус гарсан байдалтай байсан, хажууд нь манай хамаатан Ц- нь зогсож байсан. ...Гэрээс гарахын өмнө нь манайх шинээр авсан байсан хүрэн модон иштэй хутгыг хаанаас авсныг нь хараагүй Ц- ямар ч гэсэн гутлынхаа түрийнд хийж байгаа харагдсан.  ... Би нөхрийнхөө толгойг түшээд юу болсон талаар асуухад манай нөхөр О- нь “Ц- намайг хутгалсан” гэж хэлж байсан. Мөн утсаараа түргэн тусламж руу залга би үхэх гээд байна гэж хэлж байгаад нас барсан” гэсэн мэдүүлэг /1 хх 38-41/,
  • гэрч М.Т-ын “...12 сарын 15-ны өдөр өөрийн эгчийн гэт байж байтал 19 цаг өнгөрч байхад манай эгчийн гэрийн суурин утас дугарч, эгч суурин утсаа аваад яриад салгаад “Ц- залгаж байна. Ц- нь О-ын гэдсийг цувуулсан, үхэхээс нь өмнө ирээд уулзаарай гэж байна, юу болоод байгаа юм бол очиж үзье” гээд О-ын гэрт очиход О- нь гэрийн баруун урд хэсэгт нас барсан байдалтай, хэвлий хэсгээс нь цус гарсан, дээшээ харсан байдалтай байсан. О-ын гэрт эхнэр нь байж байсан. Гэрийн дотор хэсэгт үүдээр цус болсон байсан” гэх мэдүүлэг /1хх 43-45/,
  • гэрч Д.Б-ийн “...Дуудлагаар 20 цаг 50 минутад очиход тухайн дуудлагад хутгалуулсан гэх хүн нь нас барсан, гэрийнхээ баруун урд талд шкаф толгойгоороо налсан, 2 хөл хагас нугалсан, баруун гараа хэвлий хэсэгт тавьсан байдалтай байсан. Үзлэг хийх гэсэн боловч цагдаа нар цогцсонд хүргэхгүй гээд үзлэг хийгдээгүй. Гэрийн хаалга хойд хэсэгт бага зэрэг цус дуссан байсан. Нас барсан хүний эхнэр хэлэхдээ “хутгалсан хүн чаддаг юм бол дуудлага дуудаарай” гээд гар утас эвдсэн гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /1хх 47/,
  • Түргэн тусламжийн дуудлагын хуудас № 153 /1хх 50/,
  • Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/004 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 66-70/,
  • Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02/003 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 82-84/,
  • Шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт №03 /1хх 96-97/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 695 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх  220-222/,
  • Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх 55-56/ зэрэг болно.
  • Д.Ц-ийн яллагдагчаар өгсөн “...Би О-ыг түлхэж доороос нь арай гэж гараад гал тогооны хэсэгт очоод шүүгээний шургуулгыг татахад хутга харагдсан. Би шардуу өнгийн хутгийг аваад О-ыг айлгах санаатай гэдэс хэсэгт нь дүрсэн. /намайг хутга аваад эргэж харахад зуухныхаа хажууханд над руу дөхөөд ирчихсэн байсан/. Ер нь бол гэдэс хэсэгт нь дүрнэ гэж бодоогүй, айлгах гэж байсан. О-ыг ирэхэд би ч гэсэн айсан. Айсандаа өөрөө шоконд ороод хамаагүй газарт нь дүрсэн” гэх мэдүүлэг /1хх 124-131/ зэрэг болно. 

 

2. Шүүгдэгч Д.Ц- болон түүний өмгөөлөгч З.А нар нь анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байх бөгөөд шүүгдэгч Д.Ц- нь давж заалдсан гомдолдоо “... хохирогчийн барьж байсан хутгийг олж тогтоогоогүй, ...О- намайг сууж байхад арагш түлхэн унагааж миний дээр зайдалж суугаад гутлынхаа түрийнээс хутга гаргаад миний хоолойг хэрчсэн, би айсандаа хохирогчийг хутгалсан, ... надаас хуруу шилэнд цусны дээж авсан боловч энэ бүгдийг хэрэгт хийгээгүй, ...өөрийн өмсөж явсан хувцасандаа биологийн ул мөр байгаа эсэхийг тогтоолгох хүсэлтэй ...” гэжээ.

 

Хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Ц-ийн биед тухайн үед хүзүүнд зүсэгдсэн шархтай байсан нь үгүйсгэгдээгүй боловч энэхүү шарх нь амь хохирогчийн үйлдлээс үүссэн гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь амь хохирогчийг эхнэр Д.Бийн бие эрх чөлөөнд халдаж, эхнэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байснаас болж хэрэг гарсан гэх боловч энэхүү нөхцөл байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ нь:

 

  • гэрч Д.Бийн “... талийгаач М.О- биедээ хутга авч явдаггүй, ... сэрээд харахад ... Ц-т ил харагдах гэмтэл шарх харагдаагүй, мөн хувцас хунар нь цус болсон харагдаагүй. ... Ц- нь түргэн тусламж дуудахаасаа өмнө би явж амиа хорлоно гэж надад хэлээд байсан ... Би гэр бүлийн амьдралын талаар Д.Ц-т чмар нэгэн зүйл хэлж байгаагүй. Талийгаач бид хоёрын амьдралд маргаж муудах, үл ойлголцох зүйл гарч байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /1 хх166, 2 хх27/,
  • гэрч Б.Э-ын “...М.О- нь хутга авч явдаггүй юм, ... Ц-ийн хүзүүнд зүсэгдсэн шарх байгаагаагүй, дээл нь ч цус болоогүй байсан ... Талийгаач М.О- нь эхнэртэйгээ маргаж, муудаж гэр бүлийн тааламжгүй харилцаа үүсгэж байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /1хх169/,
  • гэрч О.У-ын “... Би тухайн үед Д.Ц-ээс хүзүүний учирсан шархны талаар асуухад юманд зүсчихсэн юм гэж хариулаад өөр тодорхой зүйл хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /2хх24/,
  • гэрч Д.Б-ийн “ ... цагдаа У 22 цаг 34 минутанд Д.Ц- гэж хүний хүзүүнд зүсэгдсэн шархтай байна гэж дуудлага мэдээлэл өгсний дагуу ... оёдол тавьсан. Ц-ийн хүзүүнд 5 см урттай өнгөц зүсэгдсэн шарх  байсан шархнаас бага зэрэг цус гарсан, ... гарсан цус бүлэгнэж эхэлж байсан ...” гэсэн мэдүүлэг /2хх31/,
  • шинжээч эмч У.Э-ийн “... 5-60 минутанд ... хүний цус бүлэгнэнэ. ... Д.Ц- ... 20 цаг 10 минутаас өмнө хугацаанд зүсэгдсэн шарх авсан бол эмч үзсэн хугацаа хүртэл 2 цаг гаран болсон байна. Энэ хугацаанд хүний цус бүрэн бүлэгнэж дуусна. Хэрэв тухайн хүний биеийн онцлог бусад хүчин зүйлийн шалтгааны улмаас цус бүлэгнээгүй тохиолдолд тухайн хүн цус их хэмжээгээр алдаж дээрх хугацаанд цус алдалтын шоконд орсон шинж тэмдэг илэрнэ...” гэсэн мэдүүлэг /2хх33/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн байна. 

 

Иймд түүний давж заалдсан гомдолд дурдсан дээрх нөхцөл байдлыг дахин тогтоох шаардлагагүй, хэрэгт ач холбогдолгүй ба Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2022.05.27-ны өдрийн №1800 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Д.Ц-ийн тухайн үед өмсөж явсан хувцасанд шинжилгээ хийж цамцанд шинэ ханзралт үүссэн, бэлтгэлийн өмдөнд үүссэн гэмтэл нь гогодож татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гогодолт гэсэн байх боловч хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар энэхүү нөхцөл байдал нь амь хохирогчийн үйлдлээс болсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Мөн шинжилгээнд шүүгдэгчээс авсан цусны дээжийг явуулсан боловч шинжээч шинжилгээ хийхдээ цусыг ашиглаагүй, цусанд шинжилгээ хийгээгүй байх ба энэхүү шүүгдэгчээс авсан цусыг зайлшгүй шинжлүүлэх шаардлагатай гэж үзэх, тэр нь хэргийн нотолбол зохих асуудлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийг  санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх санал гаргасныг шүүх хүлээж аваагүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Д.Ц-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан” гэж үзэх энэ гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь хүнийг хутгалах нь хууль бус бөгөөд энэ үйлдлийнх нь улмаас хохирогчийн амьд явах эрх дахин сэргэхгүйгээр зөрчигдөх, амь нас, эрүүл мэнд нь эрсдэлд орох, гэмтэл учрах магадлалтайг ухамсарлаж байсан ч санаатайгаар гэдсэн хэсэгт нь хутгалснаас шалтгаалан хохирогч нь хэвлийн хөндийд нэвтэрч ходоод, бүдүүн гэдэсний чацархайг гэмтээн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас нас барсан, түүний үйлдлийн улмаас хохирогч үхэлд хүргэх шууд шалтгаан болсон тул анхан шүүх шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хүнийг алах гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

 

Мөн анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн “... Бүгд согтуу байсан. Энэ хэрэгт гэм буруутай байна...” гэсэн дүгнэлт гаргасныг үндэслэлтэй гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  35.26 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д нийцсэн байна.

 

            3. Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Ц-, түүний өмгөөлөгч З.А нарын гаргасан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай гомдлыг хангахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Ц- нь гомдолдоо мөрдөн шалгах ажиллагааны талаарх асуудлуудыг дурдсан байх боловч түүний гомдлыг илүү ял хөнгөрүүлэх агуулгатай, энэ талаар өмгөөлөгч, шүүгдэгч нар нэг байр суурьтай гэж үзэхээр байна. 

Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний ар гэрийн байдал буюу өндөр настай аав, ээжийгээ асран халамжилдаг байсан зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 14 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

                Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолын 2 дугаар заалтын “...14 /арван дөрөв/ жилийн...” гэснийг

 

“...10 /арав/ жилийн...” гэж,

 

3 дугаар заалтын “...14 жилийн...” гэснийг

 

“...10 жилийн...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ц-, түүний өмгөөлөгч З.А нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Ц-ийн цагдан хоригдсон 37 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                   

                                                                                                  Н.БАТЧИМЭГ