Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 593

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Энх-Учрал,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

            Шүүгдэгч: П , Х  нар өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт П , Х  нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726021088 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, П , Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, TV-5, NTV телевизэд гэрээт ажилтан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х , 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монголын Үндэсний дээд сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт оршин суух хаягтай, МҮИС-ийн дотуур байранд түр оршин суух, урьд шийтгэлгүй,

Шүүгдэгч П , Х  нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Миланж баарны үүдэнд Б.Ганбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч Х ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Ганбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 28-ны орой 17 цагийн орчим би гар утсаараа ажлын Дашцэрмаатай мессеж бичиж байгаад утсаа халаасандаа хийхэд миний гар утас дарагдаад Дашцэрмаа руу залгачихсан байсан тэгтэл хэсэг хугацааны дараагаар над руу нэг танихгүй дугаараас залгаад чи миний амьдралыг сүйрүүллээ, чамайг ална, шөрмөсийг чинь тасална гээд над руу дайраад байхаар нь би юу ч ярилгүйгээр утсаа тасалсан. ...20 цагийн орчим би ажлынхаа Энхболдын хамтаар Миланж нэртэй пабад орж архи авч уугаад сууж байсан. ...Дашцэрмаагийн нөхөр дундаа уулзъя гэхээр нь би үгүй чи ирвэл ир гэж хэлээд байгаа газраа зааж өгчихөөд ....нилээн их хугацааны дараагаар би 00-ын өрөөнд орохоор явж байтал гаднаас хоёр залуу орж ирээд намайг шууд зодчихоод гараад зугтаасан тул би цагдаагийн байгууллагад хандах болсон. ...гаднаас орж ирээд шууд өшиглөхөд нь би газар унаж ухаан алдсан учир хэн хаашаа яаж цохьсныг мэдэхгүй байна. ...Зодооны явцад миний бор хэтэвч алга болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 20-22/,

Гэрч П.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн: “... Тухайн өдөр найз Ганбатын хамт орой 17 цагийн орчим ажлаа тараад хорооллын Миланж нэртэй пабад орж суусан. Бид хоёр сууж байтал манай эмнэлгийн Дашцэрмаа гэдэг хүүхэн Ганбаттай яриад байсан. Мөн түүний нөхөр нь бас яриад байсан. ...21-22 цагийн орчим Ганбат бид хоёр доошоо буугаад 00-ын өрөө рүү орох гээд алхаж явтал гаднаас зүс үл таних хоёр залуу орж ирээд нэг залуу нь Ганбат руу очиж нүүр лүү нь гараараа цохиж унагаахад нөгөө залуу нь хүрч ирээд цээж рүү нь өшиглөөд байсан. Тэр хоёр залуугийн хар өнгөтэй биеийн тамирын цамцтай залуугийн баруун гаранд нь цэнхэр өнгийн иштэй хутга харагдах шиг болсон. Тэр залуу тэр хутгаа зодооны явцад ашиглаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 34/,

Шинжээчийн 5955 тоот дүгнэлтэд: “...Б.Ганбатын биед тархи доргилт, толгойн хуйханд олон тооны зулгаралт, цээжний баруун тал, зүүн нүдний дээд зовхи, зүүн чихний ард, зүүн бугалганы гадна цус хуралт, зүүн сарвууны ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 13/,

Шүүгдэгч П ы мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 4 дүгээр сарын 28-ны орой өөрийн төрсөн дүү Х ын хамтаар Миланж пабад очиход надтай утсаар ярьж байсан залуу пабын үүдэнд байж байхаар нь би шууд очоод нүүр рүү нь гараараа цохиж авахад хажуунаас манай дүү Х  уг залууг өшиглөх гэхээр нь би чи зүгээр байж бай гэж хэлээд шууд хоолойг нь боож газар унагахад тухайн залуутай хамт байсан гэх залуу гарч ирээд манай дүүг барьж авсан ба би нөгөө залуугийн цээж рүү нь 2 удаа өшиглөж толгой хэсгээр нь булан руу түлхэхэд толгойгоороо хана мөргөчихсөн. Тэгээд л пабаас гараад зугтаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

Шүүгдэгч Х ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миланж нэртэй пабад очсон. Очиход пабын үүдэнд байдаг 00-ын дэргэд жижиг нуруутай костьюм пиджак өмссөн залуу зогсож байсан ба П  ах түүн рүү очоод нүүр рүү нь гараараа цохиж унагаагаад өшиглөж байсан. Би бас очиж тэр залууг босоод зогсчихсон байхад нь хөлөөрөө цээж рүү нь нэг удаа тийрсэн. Тэгж байтал цаанаас түүний найз бололтой нүдний шилтэй залуу хүрч ирсэн ба би ах П тай нийлээд тэр газраас гараад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 31/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, хохирогчийн өргөдөл /хх-н 8/, хохирогчийн өвчний түүх /хх-н 55/, хохирлын баримтууд /хх-н 56/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 61-78/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч П , Х  нар нь нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 22 цагийн  орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Миланж баарны үүдэнд Б.Ганбатыг эхнэр Дашцэрмаатай утсаар ярьж амьдрал сүйтгэлээ гэж өөрийн эхнэртэй хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Ганбатын ...нилээн их хугацааны дараагаар би 00-ын өрөөнд орохоор явж байтал гаднаас хоёр залуу орж ирээд намайг шууд зодчихоод гараад зугтаасан тул би цагдаагийн байгууллагад хандах болсон. ...гаднаас орж ирээд шууд өшиглөхөд нь би газар унаж ухаан алдсан учир хэн хаашаа яаж цохьсныг мэдэхгүй байна. ...Зодооны явцад миний бор хэтэвч алга болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 20-22/, гэрч П.Энхболдын: “...21-22 цагийн орчим Ганбат бид хоёр доошоо буугаад 00-ын өрөө рүү орох гээд алхаж явтал гаднаас зүс үл таних хоёр залуу орж ирээд нэг залуу нь Ганбат руу очиж нүүр лүү нь гараараа цохиж унагаахад нөгөө залуу нь хүрч ирээд цээж рүү нь өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34/, шүүх эмнэлгийн шинжээчийн 5955 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь өөрийн эхнэр Б.Дашцэрмааг хохирогч Б.Ганбаттай хардсаны улмаас түүний байсан Миланж бааранд дүүгийн хамт очиж зодсон байх ба энэ нь тодорхой сэдэлттэй буюу эр эмийн хардалтаас үүдэлтэй тул түүний үйлдлийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргээр зүйлчилж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П , Х  нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь хохирогч Б.Ганбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ганбатын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч нар нь төлсөн байх ба хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч П , Х  нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч П , Х  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч П , Х  нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг тэдгээрт даалгах боломжтой буюу шүүгдэгч нар нь тодорхой ажил эрхэлж, орлого олдог болох нь тогтоогдсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П , Х  нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч П , Х  нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П , Х  нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч П , Х  нар нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг тэдэнд даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П , Х т нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР