Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/01283

 

Э.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/01295 дугаар шийдвэртэй

Э.Эийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ад холбогдох 2 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 700 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Д.Атэй 3 000 000 төгрөг барьцаа болгож өгөөд хүүнд нь 2 өрөө байрны жижиг унтлагын өрөөнд суухаар тохиролцож байрны барьцаа болгож урьдчилгаа 1 000 000 төгрөгийг түүний Хаан банкны 5069101458 тоот дансанд шилжүүлэн өгсөн. Дараа нь үлдэгдэл 2 000 000 төгрөгийг 2019 оны 7 сарын 2-нд эхнэр Алтанцэцэгийн данс болох 5006551445 шилжүүлэн өгсөн. Гэвч энэ 7 сардаа эд хогшил их байна, хөргөгч, угаалгын машины хаалганы бариул чанга тавиад байна гээд уурлаж хэл ам хийж байрнаас гарахаар болоод мөнгөө эргүүлж авья гэхэд эхнэр Алтанцэцэг нь эгч ах хоёр нь мөнгө олдохгүй байна сарын дараа өгье гэж гуйсан ингээд би 1 000 000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр буцаан авч байрнаас гарсан. Үлдсэн 2 000 000 төгрөгийг сарын дараа 8 хувийн хүү төлөөд буцааж өгөхөөр тохирсон. Өөрсдөө тоглоомын газар ажиллуулдаг тэрэндээ миний мөнгийг хэрэглээд өгнө гэсэн. Харин би сарын дараа хугацаандаа мөнгөө эргүүлж авах гэтэл банкнаас зээл гаргуулах гэж байгаа 9 сарын 20-нд асуудалгүй өгнө гэж хэлээд намайг хүлээлгэсэн. Гэтэл хэлсэн хугацаандаа өгөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 2 000 000 төгрөгийг Д.Аөөс гаргуулж өгнө үү, Д.Аөөс 1 070 000 төгрөгийн хүү авсан гэжээ.

 Хариуцагч Д.А, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өөрийн амьдардаг байрныхаа хажуу өрөөг Э.Этай харилцан тохиролцож сарын 300 000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай, Э.Эаас 3 000 000 төгрөг зээлэн авч хүүнд нь суулгахаар болж урьдчилгаанд 1 000 000 төгрөг авч өрөөндөө оруулсан.Үлдэгдэл 2 000 000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр эхнэр Алтанцэцэгийн дансаар хүлээн авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 2 000 000 төгрөг байгаа, анх 3 000 000 төгрөгийн зээл авсан боловч хүүтэй зээл байгаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь зааснаар хүү тооцсон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Талууд хүүтэй зээлийн гэрээ анхнаасаа байгуулаагүй. Нэхэмжлэгчийн хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч нь 1 070 000 төгрөгийг Э.Эт өгсөн тул үлдсэн 930 000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай хажуу өрөөнд амьдрах хугацаандаа унтлагын хоёр хүний өргөн орны байрлалыг нь өөрчилж чирж хажуу хавтанг нь хугалж толгойг нь салгаж хэмхэлсэн учир 500 000 төгрөг, мөн шинээр засвартай байсан ханын обой цаасыг бохирдуулсан обойн үнэ, ажлын хөлс 200 000 төгрөг нийт 700 000 төгрөгийг Э.Эаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэл гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч талаас байрны эд зүйл эвдсэн гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа боловч эвдсэн гэж байгаа зүйлсээ үнэлсэн, эвдсэн талаарх нотлох баримтаа хэрэгт хавсаргаагүй тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Тухайн байрыг хүлээлгэж өгөхдөө байрыг хүлээлцсэн акт үйлдээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар Д.Аөөс 930 000 /есөн зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулан Э.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 070 000 /нэг сая далан мянган/ төгрөг, Э.Эаас 700 000 /долоон зуун мянган/ төгрөг гаргуулах тухай Д.Аийн сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 46 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 21 350 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Аөөс 26 870 төгрөгийг гаргуулан Э.Эт олгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Д.А нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Э.Этай зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж зээлийн төлбөр өөрийн амьдардаг байрны хажуу талын нэг өрөөг нэг сарын 300 000 төгрөгөөр тооцон амаар тохиролцсон гэрээ байгуулсан. Үүнээс хойш манай гэрийн эд хогшил багтахгүй болж 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэрээг цуцалж , зээл авсан мөнгөнөөс 2 070 000 төгрөгийг буцааж өгсөн. Э.Э нь манай нэг өрөөнд амьдрах хугацаанд цахилгаан, усны мөнгө, байрны шал болон хана бохирдуулсан обой зэрэг бодит учруулсан хохиролд 210 000 төгрөгийг төлөөгүй, мөн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд манай нэг өрөөнд амьдарч байсан 49 хоногийн төлбөр 490 000 төгрөгийг тус тус төлөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 930 000 төгрөгөөр 230 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 700 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэг “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэг эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т энэ хуулийн 289.1, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах, эд хөрөнгө хөлслөн авсан этгээд нь 289 дүгээр зүйлийн 289.1.4-т заасны дагуу хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх зэрэг үүргийг тус тус хуульчлан заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Э.Э хариуцагч Д.Аөөс 2 000 000 төгрөг гаргуулах нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч 700 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Д.Ад 3 000 000 төгрөгийг зээлүүлж, уг мөнгөнийхөө хүүд түүний 2 өрөө байранд суухаар харилцан тохиролцсон,  1 000 000 төгрөгийг авсан, одоо үлдэх 2 000 000 төгрөгийг авна” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Д.А нь нэхэмжлэгч Э.Эт 2 070 000 төгрөгийг буцааж өгсөн асуудлаар зохигчид маргаагүй, харин хариуцагч дээрх өгсөн мөнгөнөөс 1 070 000 төгрөгийг зээлийн хүүд тооцсон гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд хийгдсэн тохиролцоо нь Иргэний хуулийн 281, 318 дугаар зүйлд нийцэхгүй харин Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзэхэд зохигчдын хооронд зээлийн болон орон сууц хөлслөх агуулга бүхий холимог гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Д.А зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэг болон хүүг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан бөгөөд талууд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байх тул хүү шаардах эрхгүй гэж үзэв.  

Иймд анхан шатны шүүх 3 000 000 төгрөгөөс төлөөгүй үлдсэн 930 000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.  

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар хөлслүүлэгч нь хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...цахилгаан усны нэмэгдэл, шал зурсан, хана бохирдуулсан обой солих төлбөрийг гаргуулна” гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч Э.Э хариуцагч Д.Аийн дээрх эд зүйлсийг ердийн болон гэрээгээр тохирсон элэгдлээс илүү муутгасан байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.