Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0581/З |
Дугаар | 128/ШШ2019/0625 |
Огноо | 2019-09-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2019/0625
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, К******* ХХК-иас Эрүүл мэндийн яаманд холбогдуулан гаргасан ...Замын Үүд боомтын гаалийн батлагаат агуулахад халгалагдаж байгаа К******* ХХК-ийн өмчлөлийн 22400 ширхэг 1 мл-ийн тариур зүү, 290400 ширхэг 10 мл-ийн тариур зүү, 21600 ширхэг 20 мл-ийн тариур зүү импортлох 1 удаагийн линценз олгохгүй байгаа Эрүүл мэндийн яамны эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоож, эдгээр тариур зүүг импортлох 1 удаагийн лиценз олгохыг Эрүүл мэндийн яаманд даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г******* нь тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Космос Тех Монгол ХХК-аас тус яаманд хандан 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 26 тоот албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт БНХАУ-ын S******* үйлдвэрийн нэг удаагийн тариурт импортын лиценз олгохгүй байгаагаас тус компани гэрээний зөрүүнд 54,038,877 төгрөг, гаалийн агуулахын төлбөрт 12,860,000 төгрөг, гаальд хүлээгдээд байгаа зүү тариурын өртөг 37,355,100 төгрөг нийт 104,253,997 төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа талаар мэдэгдсэн байна.
К******* компани нэг удаагийн лиценз авах тухай хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд хандан гаргасан байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүл мэндийн салбарт тусгай зөвшөөрөл олгох комиссын хурлаас БНХАУ, ОХУ-ын 150 стандартын шаардлага хангаагүй үйлдвэрийн нэг удаагийн зүү, тариур импортлохыг хязгаарлах шийдвэрийг үндэслэн импортын лиценз олгоогүй бөгөөд уг асуудлыг Хүний эмийн зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01, 06 дугаар сарын 20, 07 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар тус тус 3 удаа хэлэлцүүлж, импортлох зөвшөөрөл олгохгүй гэсэн шийдвэр гарсан байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс явуулсан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 26 сувилагч, 2 их эмчээс авсан асуумж судалгаагаар БНХАУ-аас импортолсон нэг удаагийн зүү тариурыг хэрэглэхэд чанарын шаардлага хангадаггүй гэсэн дүгнэлт гарсан байна
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1/824 дугаар албан бичгээр Хүний эмийн зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр нь өрсөлдөөний тухай хуулийн 13.2, 13.1.2 дахь заалтыг зөрчиж байгаа тул хурлын шийдвэрийг хүчингүй болгож, эргэж мэдэгдэнэ үү гэсэн бичгийг тус яаманд ирүүлсэн байна.
БНХАУ-ын S******* үйлдвэрийн тариурын ISO7886-1:2017 стандартын гэрчилгээ, Европын холбооны чанарын гэрчилгээ, үйлдвэрлэгч нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал (GМР)-ын шаардлага хангасан талаар холбогдох гэрчилгээ, манай улсын ХАБҮЛЛ-ын шинжилгээний дүнгээр тариур шаардлага хангасан тухай дүгнэлт гарсан байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2/950 дугаар албан бичгээр 2017 онд К******* компаниас тендерийн гэрээний дагуу нийлүүлэгдсэн зүү, тариур чанар аюулгүй байдлын шаардлага хангасан эсэх талаар тасаг нэгжийн сувилагч, ахлах сувилагч нараас асууж санал сонсоход 20 болон 10 граммын тариурын бүлүүр гацдаг, гэнэт шахагдсанаас тариа цацагдах явдал гарсан, 3,0 болон 5,0 граммын бүлүүр сул, хажуугаар тариа асгардаг гэсэн асуудлууд гарч байсан ба тухайн ЭХНБ гэрээний үүргийн дагуу арга хэмжээ авч, сольж өгч эмчилгээ хэвийн явуулахад хамтран ажилласан. 2018 онд нийлүүлэгдэж байгаа нэг удаагийн зүү тариур нь чанар аюулгүй байдлын талаар гомдол гараагүй, тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна гэжээ.
Улмаар К******* компаниас уг асуудлыг Хүний эмийн зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлж, гаалийн бүсэд байгаа тариурт импортын зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн. Гэвч хүний эмийн зөвлөлийн 2019 оны 05 сарын 24-ны өдрийн хурлаар К******* ХХК-ий импортлохоор хүсэлт гаргасан нэг удаагийн тариуртай холбоотой асуудлыг хуралд орлосон гишүүдийн олонхын саналаар дахин хэлэлцэх шаардлагагүй гэж шийдвэрлэжээ.
Иймд хариуцагч Эрүүл мэндийн яам нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Г******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлж, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд ханджээ.
Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д: хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг хэрэглэн шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх, уг захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа нь холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болно.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсаны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч К******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Эрүүл мэндийн яам бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, 128/2019/0581/з индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч К******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу
өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН