Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 599

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.О  даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Энх-Учрал,

Улсын яллагч: Э.Одончимэг,

Шүүгдэгч Н.О  нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О т холбогдох 1705009730216 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, Этүгэн анагаах ухааны их сургуулийн их эмчийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Н.О  нь 2017 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Sea бааранд Э.О ыг зодож эрүүл мэндэд нь хамрын ясны цөмөрсөн хугарал, хамар, хөмсөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй” гэв.

Мөрдөн байцаалатанд хохирогч Э.О  мэдүүлэхдээ:  “...2017 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө гадуур халтууранд явж байхад манай төрсөн ах Отгонбаатар найз Тэмүүжин нар хороололд хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би хорооллын “seа” бааранд очсон бөгөөд намайг бааранд байхад Тэмүүжин, Отгонбаатар нар тамхи татах гээд гарсан. Удалгүй Тэмүүжин орж ирээд ахыг чинь зодоод байна гээд ороод ирсэн. Намайг гарахад манай ах Отгонбаатарыг баарны хамгаалагч гээд хоёр залуу хоёр талаас нь заамдсан зогсож байсан. Тэгээд ах Отгонбаатарыг заамдсан байсан залууг би боль гээд араас нь татахад тэр залуу намайг зөрүүлээд заамдахаар нь би цааш нь түлхэх үед миний нүүр лүү 1-2 удаа цохисон. Миний хамар гэмтсэн...” гэжээ. /хх 7-8 хуу/

Гэрч Б.Сүхбат мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө найз Ганхөлөгийн хамт түүний машинтай нь гадуур халтуур хийж явсан....Тэр үед “sea” баарны хамгаалагч нэг залуутай муудалцаад байсан. Гэтэл дотроос дахиад нэг залуу гарч ирээд хамгаалагчтай муудалцаад зодолдож эхэлсэн. Хамгаалагч нартай эхлээд маргалдсан залууг өмөөрөөд байх шиг байсан. Тэгээд ерөнхийдөө зодоон болоод тэр хавиар бужигнаад байхаар нь би очоод хамгийн эхэлж хамгаалагчтай муудалцсан залууг нааш татаж авчирч салгаад тэр залууд наад зодооноо боль гэж хэлсэн. Тэгээд ерөнхийдөө зодоон зогссон...” гэжээ. /хх 11-12 хуу/,

Гэрч Э.Отгонбаатар мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 06-ны орой 23 цагийн орчим би төрсөн дүү Эрдэнээ овогтой О , найз Тэмүүжингийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт байрлах “sea” бааранд 3-уулаа орсон. Тэр бааранд сууж байхад манай найз Тэмүүжин тамхи татна гээд надтай хамт гадагшаа гарсан. Тухайн үед шөнийн 01 цаг болж байсан байх. Тэгээд гадаа гараад тамхи татчихаад буцаад баар руугаа орох гэтэл хар костюмтай саарал костюмтай 2 согтуу залуу үүдэнд нь зогсож байсан. Тэр 2 өөрсдийгөө уг баарны хамгаалагч нар байна гэж хэлсэн. ...гэтэл хар костюмтай согтуу залуу нь намайг түлхсэн. Би тэр залууг зөрүүлээд цээжрүү нь түлхэсэн. Гэтэл тэр залуу шууд намайг шанаадсан. Би зөрүүлээд заамдаад автал хажуунаас нь нөгөө саарал костьюмтай залуу нь намайг бариад авсан. Тэгээд би тэр залуустай маргалдаад цаашаагаа 3 орчим метрт очсон. Гэтэл нөгөө хар костьюмтай залуу намайг 2-уулаа үзье зодолдъё гээд байсан. Тэгээд байж байтал миний төрсөн дүү О  ирээд хар костьюмтай залуугийн баруун мөрнөөс нь татаад баруун зүгрүү чирээд алхасан. Гэтэл тэр залуу гараа саваад дүү О ын гарыг нь тавиулаад шууд хойшоогоо савахад нь нүүр рүү нь гараараа цохьсон. Тэр 2 цаашаагаа явсан. Би тэр хооронд нөгөө залуутай заамдалцаж байгаад салгаад эргээд хартал. Манай дүүг бас нэг хар биеийн тамирын хувцастай залуутай нийлээд зодож байсан.

Би заамдалцаж байсан залуугаасаа мултараад дүү дээрээ очоод хар костьюмтай залууг араас нь барьж авсан яг тэр үед миний араас нэг залуу намайг боогоод хойшоогоо чирсэн. Би тэр залуугийн гарыг мулталаад салгахад манай дүүг бас зодож л байсан. Тэр үед хажуунаас бас нэг залуу ирээд өөрийгөө цагдаа байна гэж хэлээд байсан. Тэр өөрийгөө цагдаа гээд байсан залуу намайг дүү рүү явуулахгүй байсан. Тэгэж байгаад нөгөө хэд салахад би тэр өөрийгөө цагдаа гээд байсан залуутай хамт цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Дүү О  бид нар гэмтлийн эмнэлэг орчихоод хэлтэс дээр ирэхэд хамгаалагч залуу ирээгүй байсан. Сүүлд нь тэр залуу хувцасаа сольчихоод ирсэн байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй надад санал гомдол байхгүй..” гэжээ. /хх 58-57/

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 12711 дугаартай дүгнэлт: “Э.О ын биед хамтрын ясны цөмөрсөн хугарал, хамар, хөмсөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ. /хх 16 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгч Н.О ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 32, 33,34-41/, хохирлын баримтууд /хх 49-50/, хохирогч Э.О ын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрөө авсан гэх баримт /хх 66/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

Шүүгдэгч Н.О  нь 2017 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Sea баарны үүдэнд төрсөн ах Э.Отгонбаатарыг бусадтай маргалдаж байхад нь салгах үед түүнийг зодож эрүүл мэндэд нь хамрын ясны цөмөрсөн хугарал, хамар, хөмсөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.О  /хх 7-8 хуу/, гэрч Б.Сүхбат /хх 11-12 хуу/, гэрч Э.Отгонбаатар /хх 58-57/ нарын мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 12711 дугаартай дүгнэлт /хх 16 хуу/ болон хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Н.О ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.О  нь хохирогч Э.О ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон тул гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.О ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 270.000 төгрөг хүлээн авсан, санал, гомдолгүй гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Н.О ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Н.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ял оногдуулж уг торгох ялыг 6 сарын хугацаанд төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авч торгуулийн ялыг биелүүлэхийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх боломжтой гэж үзэн 6 сарын хугацаанд биелүүлэхээр шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О  нь торгох ялыг 2018 оны 5 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.О т 270,000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                ШҮҮГЧ                                                  Ч.ОТГОНБАЯР