Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01325

 

 

Д.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.ОюунС.Т даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/01391  дугаар шийдвэртэй

Д.Нгийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.З, С.Т нарт холбогдох

Д.Н Д.З нарын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, газар эзэмших эрхийг сэргээх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Н түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Д.Н надад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/466 дугаар захирамжийн дагуу 00554455 дугаар бүхий гэрчилгээтэй Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтай 700 м.кв газар олгосон. Миний бие удаан хугацаагаар өвдөж эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан тул найз Дарамсүрэнд миний газрын гэрчилгээг аваарай хэмээн захисан. Хэсэг хугацааны дараа Дарамсүрэнгээс миний гэрчилгээг авсан уу хэмээн тодруулахад авсан тухай хэлж байсан. Бидний хооронд ямар нэгэн өр авлага тооцоо огтхон ч байгаагүй боловч ямар нэгэн шалтаг гарган миний газар эзэмших эрхийн гэрчилгээг өгөөгүй. 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дарамсүрэн нь Чингэлтэй дүүрэгт байрлах нотариат дээр намайг дуудан гэрээнд гарын үсэг зуруулсан. Тус нотариатын дээр Дарамсүрэн, миний болон нотариатчаас өөр хүн байгаагүй. Гэтэл миний болон миний охин Бум-Эрдэнийн газрын гэрчилгээг Д.З, Номин гэх иргэдэд тус тус шилжигдсэн байсныг Нийслэлийн газрын албанаас лавлагаа авснаар буюу 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр мэдсэн. Би охин Бум-Эрдэнэнийн хамт 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Улсын Дээд шүүхээр шийдвэрлэгдсэн. Миний бие 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн нотариат дээр Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурахдаа өөрийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлнэ гэсэн санаа зорилго агуулаагүй. Эрх шилжүүлэгч Д.Н, эрх хүлээн авагч Д.З нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг баталгаажуулсан Чингэлтэй дүүгийн нотариатч С.Т нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 21.2.5-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй мөн 21 дүгээр зүйлийн 21.3.3-т заасны нотариатчийн үйл ажиллагаанд хориглосон үйл ажиллагаа явуулсан. Иймд эрх шилжүүлэгч Д.Н, эрх хүлээн авч Д.З нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1-д тус тус заасны дагуу уг гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцож, газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнгүүн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт зусланд байрлах 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Д.З надад шилжүүлэхээр 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж нотариатаар батлуулсан билээ. Ийнхүү гэрээ байгуулагдсан өдрөөс хойш нэг жил гаруй хугацааны дараагаар Д.Н нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд давж заалдах болон хяналтын шатны шүүх нэхэмжлээгч Д.Н нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн гуравдагч этгээд Д.Зтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж, газар эзэмших эрхээ шилжүүлсэн хэмээн үзэж нэхэмжлэгч Д.Нгийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Д.З би дээрх маргаан бүхий газрын эзэмших эрхийг хуульд заасны дагуу шилжүүлж авсан бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр тус газрын өмчлөх эрхийн гэрчилгээг авч одоо өөрийн амьдрах хувийн сууцыг барьж байгаа билээ. Иймд өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн Д.З надтай харилцан тохиролцож Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Гүнт зусланд байрлах 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч С.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амирлан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч С.Т дээрх Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнэн зөвийг 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хуульд заасны дагуу гэрчилсэн байдаг. Ийнхүү гэрээг гэрчлэх үед газар эзэмших эрхээ шилжүүлэгч Д.Н болон эрх хүлээн авч Д.З нар миний ажлын байранд өөрсдийн биеэр хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний гаргаж өгсөн газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг холбогдох бичиг баримтуудыг шалгаж үзсэний үндсэн дээр нотариатын үйлдлийг хийсэн юм. Миний хувьд Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан эрх, үүргийнхээ хүрээнд иргэн Д.Н болон Д.З нарт өөрсдийнх нь хүсэлт зоригийнх нь дагуу нотариатын үйлчилгээг үзүүлсэн. Иймд нотариатч С.Т би нотариатын үйл ажиллагаанд хориглосон хууль бус үйлдэл хийгээгүй, Д.Н болон Д.З нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуульд заасны дагуу гэрчилсэн байх тул Д.Нгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Нгийн хариуцагч Д.З, С.Т нарт холбогдох Д.Н Д.З нарын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, газар эзэмших эрхийг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгч талаас Д.Зтай байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, газар эзэмших эрхийг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, Д.Нгийн Чингэлтэй дүүргийн газрын албанд гаргасан Д.Зд газар эзэмших эрхээ шилжүүлэхийг хүссэн хүсэлт нь түүний гараар бичигдээгүй болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар гарган өгч, шүүхэд шинжлэн судлуулсан байдаг. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг талууд өөрсдөө гаргах бөгөөд тус хүсэлтийн хавсралт нь “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байхаар хуульчилсан. Бид “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан хүсэл зоригийн илэрхийлэл нь Д.Нгийнх биш байсан тэрээр хууран мэхлэгдэж, огт танихгүй хүнд өөрийн газар эзэмших эрхээ шилжүүлсэн асуудлыг ярьж маргаж байгаа нөхцөлд түүнийг үнэхээр газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх зорилгоор газрын албанд хүсэлт гаргасан эсэхийг шүүх нягталж, дээрх баримтуудад дүгнэлт хийн үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжтой байсан. Гэвч шүүх дээрх баримтад буюу нэхэмжлэгчийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Н хариуцагч Д.З, С.Т нарт холбогдуулан Д.Н Д.З нарын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, газар эзэмших эрхийг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Д.Н, Д.З нар 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, эрх шилжүүлэгч Д.Н нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнт зусланд байрлах 700 м.кв газрыг үнэ төлбөргүй шилжүүлэх, нөгөө талаас эрх хүлээн авагч Д.З нь газрыг хүлээн авах хэлцлийг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тус тус тогтоогдож байна. /1хх.71/

Нэхэмжлэгч Д.Н хариуцагч Д.Зд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...газраа бусдад шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, өөр баримтад гарын үсэг зуруулсан гэж ойлгосон, хууран мэхэлсэн” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 0462 дугаар шийдвэрээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 318 дугаар захирамжийн иргэн Д.З Э.Номин нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Н, Б.Бум-Эрдэнэ нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0653 дугаар магадлалаар нэхэмжлэгч Б.Бум-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/318 дугаар захирамжийн иргэн Д.Зд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, тус магадлалыг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 506 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргахгүй байна. /1хх.9-21/

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд нэхэмжлэгч Д.Н гарын үсгээ зурсан эсэх үйл баримтыг шүүх дахин нотлохгүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Д.З нэхэмжлэгч Д.Нтэй 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулахдаа түүнийг хуурч мэхэлсэн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй. Нэхэмжлэгч уг байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу хүсэл зоригоо  илэрхийлж гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Талуудын маргаж буй 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г нотариатч гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 21.1.3 дахь хэсэгт заасан хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч Д.Н хариуцагч С.Тийг маргааны зүйл болж буй “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г гэрчлэхдээ хууль зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа боловч хариуцагч Нотариатын тухай хуульд заасан үүргээ, хэрэгжүүлээгүй хууль зөрчсөн болох нь тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч Д.Нгийн хариуцагч Д.З, С.Т нарт холбогдох Д.Н Д.З нарын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, газар эзэмших эрхийг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.