Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 600

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Энх-Учрал,

Улсын яллагч: А.Намдаг,

Хохирогч: З.Оюунчимэг,

            Шүүгдэгч: Е  өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Е ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705009180213 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Е , Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Е  нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 14-15 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Старс” төвд иргэн З.Оюунчимэгтэй маргалдан зодож бие махбодид нь тархи доргилт, зүүн нүдний алимны цус харвалт, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Е ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос дахин уучлал гуйя” гэв. 

Хохирогч З.Оюунчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 03-ны орой Е тай маргалдаад би эгчийнх рүүгээ 2 хүүхдээ дагуулж очоод хоносон. Маргааш 14-15 цагийн үед Е  ажил дээр ирээд “хаана хоносон” гэхээр нь “эгчийндээ хоносон” гэсэн чинь өглөө очсон байхгүй байсан гээд бид хоёр маргалдаж Е  нэг удаа намайг цохьсон. Би эгч рүүгээ ярьж дуудаад амнай эгч ирээд цагдаад дуудлага өгсөн" гэв.

Хохирогч З.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... ажил дээрээ байхад манай нөхөр гаднаас орж ирээд миний гар утсыг булааж аваад миний нүүр рүү цохиод чи хаана хоносон юм бэ, пизда минь гэж хэлэхээр нь эгчийн гэрт хоносон гэж хэлэхэд чи хаагуур хэнтэйгээ янхандсан юм бэ гэж хэлэхээр нь би эгчийнхээ гэрт хүүхдүүдтэйгээ хоносон гэж хэлэхэд чи очиход байхгүй байсан. Худлаа хэлээд байна гэж надад хэлсэн. Тэгээд намайг цохиод авахаар нь би буцаагаад цохиод автал миний үснээс зулгаагаад хэл амаар доромжлоод нүүр рүү цохиод авчихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 7/,

Шинжээчийн 12585 тоот дүгнэлтэд: “... З.Оюунчимэгийн биед тархи доргилт, зүүн нүдний алимны цус харвалт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 13/,

Шүүгдэгч Е ын мөрдөн байцаалтад өгсөн: “... бид хоёр хэрэлдээд би зүүн гарнаас нь чанга бариад дараа нь зүүн шанаа руу нь нэг удаа алгадсан юм. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад би тэндээс гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н  2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3-5/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 22-29/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг буруу буюу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14-15 цагийн орчим гэж буруу тогтоосон байх ба хэрэгт авагдсан хохирогч З.Оюунчимэг нь 10 дугаар сарын 03-ны өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан, мөн өдөр мөрдөгч хохирогчоор тогтоох тогтоол үйлдэж хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан, шинжээч томилох тогтоол мөн тухайн өдөр үйлдсэн зэргээс дүгнэхэд уг гэмт хэрэг нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 14-15 цагийн орчим үйлдэгдсэн байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Е  нь  2017 оны 10 дугаар сарын 03-ний өдөр 14-15 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Старс” төвд иргэн З.Оюунчимэгтэй маргалдан зодож бие махбодид нь тархи доргилт, зүүн нүдний алимны цус харвалт, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч З.Оюунчимэгийн: “...ажил дээрээ байхад манай нөхөр гаднаас орж ирээд миний гар утсыг булааж аваад миний нүүр рүү цохиод чи хаана хоносон юм бэ, пиздаа минь гэж хэлэхээр нь эгчийн гэрт хоносон гэж хэлэхэд чи хаагуур хэнтэйгээ янхандсан юм бэ гэж хэлэхээр нь би эгчийнхээ гэрт хүүхдүүдтэйгээ хоносон гэж хэлэхэд чи очиход байхгүй байсан. Худлаа хэлээд байна гэж надад хэлсэн. Тэгээд намайг цохиод авахаар нь би буцаагаад цохиод автал миний үснээс зулгаагаад хэл амаар доромжлоод нүүр рүү цохиод авчихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 7/, шүүх эмнэлгийн шинжээчийн 12585 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Е ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Е  нь хохирогчтой маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Оюунчимэгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Е ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч Е ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Е  нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ надад торгуулийн ял оногдуулж, уг ялыг 1 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Е ад шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Е  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Е ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Е  нь шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4.    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Е ад хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР