Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2017/0396/З |
Дугаар | 221/МА2018/0020 |
Огноо | 2018-01-03 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2018/0020
Д.П-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн захирал Ц.Дэнсмаа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/773 дугаар шийдвэртэй, Д.П-гийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадоржийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/773 дугаар шийдвэрээр: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.П-гийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн ашиглаж буй газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалын Д.П-д холбогдох хэсгийн “Х” ХХК-ийн ашиглаж буй газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... “Х” ХХК-ийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаал гарсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Уг хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нотлох баримт гаргуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт нэг нэг удаа тус тус албан бичиг явуулсан байдаг. Уг албан бичгийн хариу 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ирсэн бөгөөд нийт 24 хуудас баримт ирснээс Д.П-гийн 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн газар ашиглах хүсэлт, “Х” ХХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 14/21 дугаартай газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтүүд тус тус ирсэн.
Д.П-гийн 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн газар ашиглах хүсэлт, “Х” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 16/04 дугаартай 1248 м.кв газар ашиглах хүсэлтүүд ирсэн талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод байгаа 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн газар ашиглах хүсэлт нь “Х” ХХК-ийн хувийн хэрэгт байхгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалын үндэслэл болоогүй болох нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны ирсэн баримт бичгийн жагсаалтаар давхар нотлогддог.
Түүнчлэн шүүх хуралдаанууд дээр гаргасан хариуцагчийн тайлбаруудаас үзвэл "Ханбэлчир" ХХК-ийн хэзээ гаргасан хүсэлтийг үндэслэж шийдвэр гаргасан эсэх нь тодорхойгүй буюу “Х” ХХК-ийн хувийн хэрэгт гуравдагч этгээдийн тайлбарлаад байгаа 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлт байхгүй болох нь нотлогдож байдаг. Шүүхээс “Х” ХХК-ийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийн агуулгыг анхаарч үзээгүй байдаг. Гуравдагч этгээдийн нэмэгдүүлсэн газар нь тухайн хашааны хэмжээгээр бус байдлаар нэмэгдүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан сансрын зургуудаас тодорхой харагдана. Түүнчлэн шүүхээс тухайн газарт үзлэг хийж, биеэр харсан боловч уг байдлыг анхаарч үзэлгүйгээр дээрх хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалын үндэслэл болсон гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй дүгнэлт болсон.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсэг нь нэхэмжлэгч Д.П-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл Д.П нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, “Х” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээг тус тус авсан байдаг. Дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн эрх түрүүлж үүссэн болох нь тодорхой харагдана.
Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан заалтыг дурдсан боловч уг заалтыг хэрхэн яаж хэрэгжүүлсэн талаар тодруулалгүйгээр “Х” ХХК нь түрүүлж хүсэлт гаргаснаараа тухайн давхцсан газарт газар ашиглах эрхтэй болсон гэж дүгнэлт хийсэн нь дээрх хуулийн заалтыг үгүйсгэж, газар ашиглах эрх хүсэлт өгснөөр л үүсдэг мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Хүсэлтийг хэн түрүүлж өгсөн нь газар ашиглах эрхтэй болдог гэж үзэж байгаа бол хамгийн түрүүнд тухайн давхцалтай газар буюу маргаан бүхий газарт хүсэлт гаргасныг л тодруулахад болох байсан. Учир нь Д.П нь 2011 оноос эхлээд тухайн газрыг ашиглах хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт гаргаад явж байсан ба Хан-Уул дүүргийн Засаг даргын албан бичгээр Байгаль орчин, аялал жуучлалын яаманд хүртэл уламжлуулж байсан болно.
Дээр дурдсан үндэслэлүүдийг хүлээн авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/773 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эсвэл хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад зохих өөрчлөлтийг оруулав.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалаар Д.П-д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 3 хэсэг, Дайчдын хөшөө, 1-16 тоотод байрлах 501.07 м.кв газрыг Бичил эко, аялал жуулчлалын зориулалтаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар “Х” ХХК-д Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд байрлах 0,12 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрлийг тус тус олгожээ.
Д.П болон “Х” ХХК-ийн ашиглаж буй газрууд нь хоорондоо 418 м.кв-аар давхцсан бөгөөд нэхэмжлэгч “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн ашиглаж буй газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл, гуравдагч этгээд “Х” ХХК нь “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалын Д.П-д холбогдох хэсгийн “Х” ХХК-ийн ашиглаж буй газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагыг тус тус гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2-т заасан заалтыг дурдсан боловч уг заалтыг хэрхэн яаж хэрэгжүүлсэн талаар тодруулалгүйгээр “Х” ХХК нь түрүүлж хүсэлт гаргаснаараа тухайн давхцсан газарт газар ашиглах эрхтэй болсон гэж дүгнэлт хийсэн нь дээрх хуулийн заалтыг үгүйсгэж, газар ашиглах эрх хүсэлт өгснөөр л үүсдэг мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” хэмээн дурджээ.
“Х” ХХК нь 1999 оноос хойш ашиглаж байгаа 0,42 га талбайг 0,12 га-гаар нэмэгдүүлэх хүсэлтийг 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 15/10 дугаар албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан бөгөөд тус захиргаа 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 98 дугаар албан бичгээр дэмжсэн саналыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн бол нэхэмжлэгч Д.П нь 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр газар ашиглах хүсэлтээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргаж, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр саналыг авч байсан байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.”, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална” гэж тус тус заасан бөгөөд “Х” ХХК-ийн түрүүлж гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй байхдаа сүүлд гаргасан Д.П-гийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь холбогдох хууль, тогтоомжид нийцээгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2-т “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ” гэж заасан бөгөөд уг заалтыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар тодруулах, нотлох баримтыг цуглуулах нь уг захиргааны хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн уг гомдлыг хүлээн авахааргүй байна.
Нэхэмжлэгч Д.П нь тухайн газраа “Бичил эко, аялал жуулчлалын” зориулалтаар ашиглахаар гэрчилгээ авсан боловч түүний газар ашиглах хүсэлтдээ дурдсан “...тухайн газартаа амьдардаг тул газар ашиглуулах гэрчилгээ олгож өгнө үү” гэх, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...2011 оноос тухайн газартаа амьдарч байгаа” гэх тайлбар, шүүхээс газар дээр хийсэн үзлэгийн фото зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1/1345 дугаар албан бичиг болон агаарын зургийг кадастрын зурагтай давхцуулсан зураг зэргээс тус тус үзвэл тухайн ашиглуулахаар олгосон газар нь орц, гарцын асуудлыг шийдвэрлээгүй, Д.П нь гэр мөн ил бие засах газрыг барин амьдарч байгаа болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийг тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа гэж дүгнэх үндэслэлгүй юм.
Мөн “Д.П нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, “Хан бэлчир” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээг тус тус авсан байдаг. Дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн эрх түрүүлж үүссэн болох нь тодорхой харагдана” гэж давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дурдсан бөгөөд зөвхөн гэрчилгээ авсан цаг хугацаагаар эрх нь түрүүлж үүссэн гэж үзэхгүй.
Газар ашиглуулах зөвшөөрөл олгох эрхтэй төрийн захиргааны байгууллага буюу хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн шийдвэр гаргахаар хуульд заасан бөгөөд Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгч 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Х” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр санал авсан болох нь Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 203 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул газар ашиглах хүсэлтийг хэн нь түрүүлж гаргасан талаарх нотлох баримтыг анхан шатны шүүх цуглуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл хамгаалалтын захиргаа “Х” ХХК-д газар ашиглуулах тухай шийдвэр ирүүлсээр байхад шийдвэрлээгүй атлаа цаг хугацааны хувьд сүүлд ирсэн буюу 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн саналыг үндэслэн Д.П-д газар ашиглуулахаар төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэсэн нь тэгш байдлын зарчимд нийцээгүй гэж үзнэ.
Харин анхан шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлээгүй, шийдвэрийн үндэслэл болгосон хуулийн заалтыг буруу бичсэн тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА