Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 445

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын дарга,

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанд тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:        Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Л.Атарцэцэг

                         Д.Мөнхтуяа

                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6/897 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах, “С” ХХК-ийг “Багц-1: Цагдаагийн ерөнхий газар болон түүний харьяа нэгжид хэрэглэгдэх шатахуун, дизель түлш”, “Багц-2: Нийслэлийн цагдаагийн газар болон түүний харьяа нэгжид хэрэглэгдэх шатахуун дизель түлш” гэсэн багцуудад хамгийн бага үнийн саналаар шалгаруулан, гэрээ байгуулахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга болон Санхүү, аж ахуйн албанд даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0472 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0484 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, өмгөөлөгч Ж.О,

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Б.Ц,

Гуравдагч этгээд: итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0472 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 28.1-д тус тус заасныг баримтлан “Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6/897 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгох, “С” ХХК-ийг “Багц-1: Цагдаагийн ерөнхий газар болон түүний харьяа нэгжид хэрэглэгдэх шатахуун, дизель түлш”, “Багц-2: Нийслэлийн цагдаагийн газар болон түүний харьяа нэгжид хэрэглэгдэх шатахуун дизель түлш” гэсэн багцуудад хамгийн бага үнийн саналаар шалгаруулаагүй гэх Сангийн яамны шийдвэрийн дагуу манай компанийг шалгаруулсан захиргааны акт гаргахаас татгалзсан нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул “С” ХХК-ийг “Багц-1: Цагдаагийн ерөнхий газар болон түүний харьяа нэгжид хэрэглэгдэх шатахуун, дизель түлш”, “Багц-2: Нийслэлийн цагдаагийн газар болон түүний харьяа нэгжид хэрэглэгдэх шатахуун дизель түлш” гэсэн багцуудад шалгаруулан, гэрээ байгуулахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга болон Санхүү, аж ахуйн албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0484 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн нэг үндэслэл нь “Эдгээрээс үзвэл “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт”-ийн “ТОӨЗ 18.2 (в)-д заасан “Улаанбаатар хотын төвийн 6-н дүүрэг бүрт 2-оос доошгүй шатахуун түгээх станцтай байх, орон нутаг дахь ШТС-ын тоо, байршлын мэдээлэл, шатахууны талонтой байх, орон нутгийн хэдэн суманд шатахууны ашиглах болон ашиглах боломжгүй талаарх мэдээлэл” гэх мэдээллийг агуулсан баримт байхгүй байх ба нэхэмжлэгчээс ийм баримт, мэдээллийг тендерийн баримт бичигтээ хавсарган ирүүлээгүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнээд үүнийг үндэслэн гаргасан нь хариуцагчийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэсэн нь хавтаст хэрэгт цуларсан нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэн байна гэж үзэж байна.

4. Учир нь “С” ХХК-ийн хүргүүлсэн тендерийн баримт бичигт өөрийн компанийн ШТС-уудад ашиглах боломжтой /С картын танилцуулга, Улаанбаатар хотод 39 ШТС-тай, хөдөө орон нутагт 40 ШТС-тай, мөн эдгээр ШТС-уудын байршил, тоо зэргийг Монгол Улсын газрын зураг дээр заасан, мөн жагсаалтыг хавсаргасан байх бөгөөд бүх мэдээлэл бүхий материалыг хүргүүлсэн нь захиалагчийн тавьсан шалгуурыг бүрэн хангасан байдаг. Гэтэл шүүхээс эдгээр мэдээлэл бүхий материалыг ирүүлсэн болохыг мэдэж, шийдвэртээ тусган дүгнэлт хийсэн атал огт байхгүй мэтээр нотлох баримтыг бүрэн гүйцэд, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрээ гаргаагүй, мөн шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн нь буруу гэж үзэх үндэслэлтэй юм.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн хоёр дахь үндэслэл нь Сангийн яамнаас тендерт оролцогчийн гомдлын дагуу гаргасан шийдвэрийг үндэслэлгүй шийдвэр гэж дүгнэж, нэхэмжлэлийг шаардлагын хүрээнээс хальсан шийдвэрийг гаргасан явдал юм. Тодруулбал, Монгол Улсын Сангийн яамнаас манай гомдлын дагуу тухайн тендер шалгаруулалтыг хянаж үзээд “С” ХХК нь төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэг маргаанд хариуцагчаар татагдаагүй байхад Шүүхийн төрөлжсөн архивын 2018 оны 4123 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нийт 5 удаа хариуцагчаар оролцсон гэж, бүх аймагт шатахуун түгээх станцтай байх гэж шаардаагүй мөртлөө 7 аймаг шатахуун түгээх станц байхгүй гэж, 2 дугаар багцын хувьд нийлүүлэгдэх, шатахуун, дизель түлш нь нийслэлийн хүрээнд хамрах тул суманд шатахууны карт ашиглах болон ашиглах боломжгүй талаарх мэдээллийг ирүүлэх шаардлагагүй бөгөөд тухайн мэдээллийг ирүүлээгүй гэж тус тус татгалзсан Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны шийдвэр үндэслэлгүй болохыг тогтоож, улмаар шаардлага хангасан манай компанийн тендерт хуулийн дагуу үнэлгээ хийхийг даалгасан байдаг.

6. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх тухайн тендер шалгаруулалтыг дахин хянаж үзсэн хариуцагчийн шийдвэрийг зөвтгөж, Сангийн яамнаас зөвхөн үнэлгээ хийлгэхийг даалгасан шийдвэр гаргасныг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ...гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно”. Ийнхүү Сангийн яамнаас тухайн тендерийг хянан үзэж “...багц тус бүрийн үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх зүйтэй байна...” гэж гаргасан шийдвэрээ 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/2680 дугаар албан бичгээр Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн байдаг.

7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ...гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэж заасан байдаг боловч Сангийн яамнаас 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/2680 дугаар бичгээр гаргасан шийдвэрийг үл хэрэгсэж, зөрчин Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны даргын 2018 оны 5 дугаар 11-ний өдрийн 6/897 дугаар албан бичгээр манай тендерээс дахин татгалзсан тухай мэдэгдлийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шуудангаар дахин ирүүлсэн нь хуульд нийцээгүй байхад үүнийг нь анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр үгүйсгэсэн байна.

8. Мөн түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар Сангийн яам буюу Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх, тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах, зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” зэрэг эрх, үүргийнхээ дагуу тухайн хэргийн хүрээнд гаргасан захиалагчийн хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож тендер шалгаруулалтын аль үе шатыг буюу зөвхөн үнэлгээ хийхийг даалгасан шийдвэрийг гаргах бүрэн үндэслэлтэй юм. Нөгөөтэйгүүр Сангийн яамнаас тухайн тендерийг хянан үзэж “...багц тус бүрийн үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх зүйтэй байна...” гэж 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/2680 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрийг аль нэг тендерт оролцогч маргаагүй, энэ талаар маргаан үүсээгүй байхад анхан шатны шүүх дур мэдэн тухайн шийдвэрийг хууль ёсны, эсхүл хууль бус гэж үнэлэлт, дүгнэлт өгч улмаар шийдвэрээ гаргах үндэслэлээ болгосон нь ихээхэн учир дутагдалтай болсон.

9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ: 14.1.4.сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон;” гэж заасны дагуу захиалагч зөвхөн худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл, лавлагааг Тендерт оролцогчоос шаардахаар хуульчилсан байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх захиалагчийн “С” ХХК-ийг иргэний хэрэг маргаанд оролцсон гэх шалтгаанаар “шаардлага хангаагүй” гэсэн шийдвэрийг зориудаар мушгин тайлбарлаж, гаргасан шийдвэрийг нь хамгаалж, хуулийн дээрх зохицуулалтын хүрээг явцууруулан, ач холбогдолгүй хэрэг маргаанд хамаатуулан авч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

10. Захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэж буй шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүрэгтэй атал анхан шатны шүүх нь Цагдаагийн ерөнхий газраас зарласан “Улаанбаатар цагдаагийн хүрээний анги, байгууллагын хэрэгцээнд шатахуун, дизель түлш бэлтгэн нийлүүлэх” ЦЕГ/201812015 дугаар бүхий нээлттэй тендерийн шалгаруулалт материалыг гаргуулан хэрэгт авахаар захирамж гаргасан боловч тухайн захирамжийг биелэлт хангагдаагүй буюу нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй зөвхөн Багц 1 тендерийн материалыг л хэргийн материалд хавсаргасан. Харин Багц 2 тендерийн материалыг огт татан аваагүй мөртлөө хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэхэд эргэлзээтэй.

11. Анхнаасаа Цагдаагийн ерөнхий газар 2 багц болгон хувааж, дээрээс нь 2 багц тендерийн материал бүрдүүлж оролцогчдоос авсан мөртлөө зөвхөн 1 материалыг дүгнэж, “П” ХХК-ийг шалгаруулсан, түүнийг анхан болон давж заалдах шатны шүүх хянаж үзээгүй, үндэслэлгүй шийдвэрүүд гаргаж байгааг таслан зогсоож, шударга шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь буруу, түүнчлэн нэхэмжлэгчийн даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдэл зөв боловч дүгнэлт нь буруу байх тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

13. Нэхэмжлэгч “С” ХХК-иас Цагдаагийн ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанд холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6/897 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэнд хамаарахгүй, өөрөөр хэлбэл, албаны даргын албан бичиг нь захиргааны акт биш юм.

14. Учир нь, хариуцагч Санхүү, аж ахуйн албаны дарга нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6/897 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр нэхэмжлэгч “С” ХХК-д Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрийг дамжуулан мэдэгдсэнээс бус тендерээс татгалзах шийдвэрийг албаны дарга гаргаагүй, иймд уг албан бичиг нь эрх зүйн үр дагаваргүй, энэ шинжээрээ захиргааны акт биш тул түүнийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргах боломжгүй.

15. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Санхүү, аж ахуйн албаны даргын албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу, зүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяалалын бус;” гэсэн үндэслэлээр татгалзах ёстой байжээ.

16. Харин нэхэмжлэгчийн даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв боловч дүгнэлт нь буруу байна.

17. Тодруулбал, анхан шатны шүүх Үнэлгээний хороо нь Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/2680 дугаар албан бичгийн дагуу тендерийг дахин хянан үзэж, өмнө нь татгалзсан үндэслэлээрээ дахин “шаардлагад нийцээгүй” гэсэн шийдвэр гаргасныг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэсэнтэй нийцсэн, хууль ёсны гэж дүгнэсэн нь буруу юм.

18. Учир нь, захиалагчийн тендерээс татгалзсан шийдвэрт гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Сангийн яам хянан үзээд ““С” ХХК нь төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэг маргаанд хариуцагчаар татагдаагүй байхад ... иргэний хэргийн анхан шатны шүүхэд нийт 5 удаа хариуцагчаар оролцсон гэж, бүх аймагт шатахуун түгээх станц байхгүй гэж, 2 дугаар багцын хувьд нийлүүлэгдэх шатахуун, дизель түлш нь нийслэлийн хүрээнд хамрах тул суманд шатахууны карт ашиглах болон ашиглах боломжгүй талаарх мэдээллийг ирүүлэх шаардлагагүй бөгөөд тухайн мэдээллийг ирүүлээгүй гэж тус тус татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна... Иймд багцуудын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх нь зүйтэй” гэсэн шийдвэрийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/2680 дугаар албан бичгээр хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт мэдэгдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу “эцсийн шийдвэр” болно.

19. Гэтэл Үнэлгээний хороо 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа тендерийг дахин үнэлсэн боловч ““А” ХХК-тай шатахуун нийлүүлэх гэрээний хэрэгжилттэй холбоотой хэрэгт хариуцагчаар татагдсан, ТОӨЗ 18.2 (в)-д заасан орон нутгийн хэдэн суманд шатахууны карт ашиглах болон ашиглах боломжгүй талаарх мэдээллийг ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр дахин татгалзсан нь Сангийн яамны шийдвэрийг агуулгын хувьд зөрчсөн гэж үзнэ. Дээрх хуульд зааснаар гомдол хянан хэлэлцсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр эцсийн байх тул Үнэлгээний хороо түүнийг өөрчлөх, шүүмжлэх, хэрэгжүүлэхгүй байх эрхгүй юм.

20. Түүнчлэн, хэрэгт авагдсан нотлох баримтад нэхэмжлэгч компаний орон нутаг дахь шатахуун түгээх станцуудын тоо, байршлын талаарх мэдээлэл /2 дахь хавтаст хэргийн 229 дэх тал/, мөн Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг дахь бүх шатахуун түгээх станцууд АйСи картын системд бүрэн холбогдсон талаарх мэдээлэл /2 дахь хавтаст хэргийн 202 дахь тал/ байх бөгөөд анхан шатны шүүх “энэхүү картын талаарх мэдээллийг агуулсан 25 хуудас бүхий танилцуулга байна” хэмээн нотлох баримтыг үнэлсэн атлаа “ТОӨЗ 18.2 в-д заасан баримт ирүүлээгүй, иймээс Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

21. Гэвч нэхэмжлэгч “С” ХХК нь даалгах нэхэмжлэлийн шаардлагаа: “хамгийн бага үнийн саналаар шалгаруулаагүй гэх Сангийн яамны шийдвэрийн дагуу манай компанийг шалгаруулсан захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчиж байх тул “С” ХХК-ийг “Багц-1: Цагдаагийн ерөнхий газар болон түүний харьяа нэгжид хэрэглэгдэх шатахуун, дизель түлш”, “Багц-2: Нийслэлийн цагдаагийн газар болон түүний харьяа нэгжид хэрэглэгдэх шатахуун дизель түлш” гэсэн багцуудад хамгийн бага үнийн саналаар шалгаруулан, гэрээ байгуулахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга болон Санхүү, аж ахуйн албанд даалгах” гэж тодорхойлсон бөгөөд уг шаардлагын хүрээнд шүүх нэхэмжлэлийг хангах боломжгүй.

22. Учир нь, нэгдүгээрт, Сангийн яамны шийдвэрт “хамгийн бага үнийн саналаар шалгаруул” гээгүй, харин “тендерээс татгалзсан үндэслэл хууль бус тул дахин үнэлгээ хий” гэсэн; хоёрдугаарт, Сангийн яамны шийдвэрт “С” ХХК-ийн тендерээс 2 дугаар багцын хувьд татгалзсан нь үндэслэлгүй, харин 1 дүгээр багцын хувьд татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж дүгнэсэн байтал нэхэмжлэгчээс Сангийн яамны шийдвэрийн дагуу аль алинд нь шалгарч, гэрээ байгуулах ёстой гэж маргаж буй нь үндэслэлгүй; гуравдугаарт, тендерт шалгаруулж, гэрээ байгуулах нь хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны даргын эрх хэмжээнд хамаарахгүй, мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга нь уг асуудлыг дангаар шийдвэрлэх эрхгүй /Үнэлгээний хорооны дүгнэлтэд үндэслэх/ тул шүүхийн зүгээс хариуцагч нарт нэхэмжлэлээр шаардаж буй шийдвэрийг гаргаж, гэрээ байгуулахыг даалгах үндэслэлгүй юм.

23. Мөн тендерийн баримт бичигт тавигдах шаардлагыг багц тус бүрээр заагаагүй, ерөнхий шаардлага тавьсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх тул “шүүх Багц 1 тендерийн материалыг л үнэлсэн, Багц 2 тендерийн материалыг хэрэгт аваагүй” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг /Тодорхойлох хэсгийн 10-11/ хангах үндэслэлгүй, учир нь, багц 1-ийн материалтай ижил агуулга бүхий багц 2-ын материалыг хэрэгт авч үнэлснээр хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй тул ач холбогдолгүй юм.

24. Иймээс, хэдийгээр энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-9-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга үндэслэлтэй ч даалгах нэхэмжлэлийн агуулга, шаардлагын хүрээнд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах боломжгүй тул /Үндэслэх хэсгийн 21-22/ шүүх бүрэлдэхүүн хяналтын гомдлыг хангалгүй орхиж, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгах үүднээс шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0472 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0484 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6/897 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгох...”, “...бүхэлд нь...” гэснийг хасч, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6/897 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмж, “2” дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүрийн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ