Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 602

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Т.Г ,

хохирогч Б.Г  түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726021191 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

               Монгол Улсын иргэн, Г  Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй урьд ял шийтгэлгүй.

             Шүүгдэгч Т.Г  нь 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөсөг Трейд ХХК-ийн урд талын аж ахуйн хашаанд иргэн Б.Г ыг зодож эрүүл мэндэд  нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г  мэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр манай грашид байж байгаад архи уухаас өмнө Б.Г  “би чамаар зодуулж мөнгө авна” гээд байсан. Тэнд байсан хүмүүс энэ талаар гэрчилнэ. Тэгэж байтал гаднаас манай эхнэр, 5 настай хүүхэд маань орж ирсэн. Б.Г  манай хүүхдийг үнсэх гээд байхаар нь “битгий үнсүүл, энд архи уусан хүмүүс байгаа” гэхэд Б.Г  миний хамар руу цохисон ба миний хамраас цус гарсан. Тэнд байсан хүмүүс энэ талаар гэрчилнэ. Би танай хүүхэд машин барьдаг гэж Б.Г т хэлээгүй. Би болсон асуудлыг талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г  мэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар сарын 09-нд гадаа шороон шуургатай байсан бөгөөд машины буруу талын гэрэл асахгүй байхаар нь Т.Г ын хашаанд машинаа янзлахаар орсон. Бид сайн ах дүүгийн холбоотой. Тэгэхэд Оюунбаатар гэдэг дүү нь байсан. Би хашаанд нь буруу талын гэрлээ задлаад байж байтал Т.Г  ирсэн. Бид хоёр ярьж хөөрч байтал Т.Г  “өнөөдөр ялалтын баяр шүү дээ” гэж хэлж байсан. Би машинаа янзалж дуусаж байтал Т.Г ын хашаанд байдаг 4:6 хэмжээтэй сууцанд хоол хийснийг идсэн. Тэгээд гараад байж байтал Шараваа нэг шил 0.75 литрийн Эдэн нэртэй архи авчирсан. Бид архийг ууж байтал гаднаас Насанбат орж ирсэн. Тэгтэл Т.Г  түүнийг “та ажил төрөлгүй, машинаа янзал л даа” гэж хэлэхэд “дэмий юм битгий яриад бай” гэж маргалдаад Насанбат явсан. Насанбат намайг ачаа ачаад өг гэхээр нь чадахгүй гэдгээ хэлсэн. Бид нар эхний архийг уусны дараа Түвшээ дахин нэг шил архи авчраад бид нар уусан. Тэгтэл Гантулга орж ирээд машины сэлбэг аваад дахиад архи авчирсан. Тэр архийг ууж байтал Т.Г  намайг тохой руу ёвроод, нүүр ам оролдоод хэл амаар доромжлоод, дарамтлаад байхаар нь би “ахын дүү болохгүй шүү дээ” гэх зэргээр хэлж байгаад би Т.Г ын хамар руу нэг удаа цохисон. Т.Г ын хамраас цус гараад хаалгаар гарсан. Намайг Түвшээ, Гантулга хоёр барьж байтал Т.Г  ирээд миний нүүр рүү мөргөөд, хөл гар луу өшиглөөд байсан. Т.Гантулгыг миний нүүр лүү мөргөхөд миний ухаан санаа балартсан. Би тэр үед гурвуулаа нийлээд намайг зодчихлоо гэж бодсон. Хэрвээ салгах санаа байсан бол Т.Г ыг бас барих байсан. Нэг мэдээд сэргэхэд хэвтэж байсан. Тэгээд сэргээд эхнэр лүүгээ яриад хамаатны дүүгээрээ эмнэлэг рүү хүргүүлсэн. Тэр цагаас хойш Т.Г  надтай уулзаагүй, миний хөл хугарсан бөгөөд 5 дугаар сараас хойш 7 сар хүртэл хугацаанд ажлаа алдсан. Би энэ хугацааны орлогоо алдсан. Т.Г  надад хүн ёсоор хандаагүй” гэв.

 

Шүүгдэгч Т.Г  нь 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөсөг Трейд ХХК-ийн урд талын аж ахуйн хашаанд иргэн Б.Г ыг зодож эрүүл мэндэд  нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр  шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Б.Г ын “2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хөсөг трейд ХХК-ний урд талд байрлах Чулуунбаатарын эзэмшлийн аж ахуйн хашаанд Оюунбаатараас хашаанд чинь орж машинаа янзалъя гэж гуйгаад өөрийн эзэмшилийн 44-94 УБП улсын дугаартай шаланз маркийн машинаа оруулаад янзалсан ба тухайн үед Г  11 цагийн үед ирээд бас машинаа янзалж байсан чинь Шарваа гэх залуу нэг шил 0.75 литрийн архи аваад ирсэн юм. ... Г  дахиад дуудахаар нь ороод очтол дахиад нэг шил архи авч ирсэн байсан ба уг архийг нь Г  бид хоёр хувааж уугаад байж байтал гаднаас Гантулга гэх жолооч залуу машины сэлбэг хайгаад ороод ирэхээр нь Г  Гантулгад хайсан сэлбэгийг нь гаргаж өгсөн юм. Тэгтэл хэсэг хугацааны дараа Гантулга дахиад нэг шил архи бариад ороод ирсэн юм. Тэгтэл Г  намайг танай хүүхэд мөнгө төгрөг олдог биз дээ та юу хийгээд машин тэрэг бариад яваад байгаа юм бэ гээд гараараа миний хамар ам руу шөргөөгөөд толгой руу цохиод байхлаар нь би уурлаад Г ын хамарлуу нь зүүн гараараа нэг удаа цохиод авсан чинь Г ын хамарнаас цус гараад бид хоёр зууралдаад Г  миний нүүр лүү толгойгоороо нэг удаа мөргөсөн юм. Тэгээд би ухаан алдаад газар унасан юм. Нэг сэрэхэд газар хэвтэж байсан ба босох гэтэл миний буруу хөл гишгиж болохгүй байсан бөгөөд тэнд байсан хүмүүс нэг нь ч байхгүй байсан юм. Тэгээд түргэн дуудаад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний баруун хөлний шилбэний яс цуураад мах нь тасарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13 дугаар  хуудас

Гэрч Г.Гантулгын “ ...Гадаа гараад ноцолдоод барьцалдаж аваад бие биенэээ заамдаад цус нөжөө гоожуулаад байж байхлаар нь жижиг Г ыг цээжээр нь тэвэрч аваад салгасан ... Тэр 2 амбаар дотор зууралдаж байгаад зууралдсан чигтээ үүдээр гараад унасан. Яг тэр үед том Ганбаа нь доор ороод жижиг Ганбаа дээр нь гараад унасан ... хөлөө жийгээд хагас суучихсан. Тэрнээс хойш тэр 2 бие биерүүгээ дайрч давшлаагүй. Манаачаас ус авч жижиг Ганбаагийн нүүрийг угаагаад том Ганбаагийн нүүрийг угаах гэсэн чинь би явахгүй гээд суугаад үлдсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6451 дугаартай:

“1. Б.Г ын биед уруул, зүүн хацарын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун тахилзуур ясны хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хэргийн 22 дугаар хуудас/

Шүүгдэгч Т.Г ын яллагдагчаар өгсөн “...Сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Г ын бусдыг зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэнд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд шүүхээс түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Г ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэнд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Г ын зүй бус үйлдэл буюу Т.Г ын хамар луу гараараа цохисон зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг, мөн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Г ыг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Т.Г  нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч Т.Г  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тооцож 300.000 төгрөгийг хохирогч Б.Г т төлсөн бөгөөд хохирогч нь эмчилгээний төлбөр нэхэмжлээгүй болно.

Харин хохирогч Б.Г  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд 3 сарын хугацаанд ажил хийж олох байсан орлого гэж 10.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй тул тооцоо гаргах боломжгүй бөгөөд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй юм.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.  Шүүгдэгч Г ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Г ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Г  нь торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т.Г  энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Хохирогч Б.Г  нь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Г т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ