| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2106000002132 |
| Дугаар | 2022/ДШМ/975 |
| Огноо | 2022-10-11 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2022/ДШМ/975
Х.Ж-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Отгонжаргал,
шүүгдэгч Х.Ж,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/1213 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Өнөрбаярын бичсэн 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлээр Х.Жт холбогдох 2106000002132 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
.......................... овгийн Х.Ж, ...... оны ..... дугаар сарын ......-ны өдөр ............................... төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, авто засварчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ................................ тоотод оршин суух, /РД: ................................/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1312 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялтай дүйцүүлэн 60 хоног буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/1115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 359 дугаартай захирамжаар шүүгдэгч Х.Жын 7 сар 15 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялд дүйцүүлэн сольж, нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 жил 10 сар 19 хоногийн хугацаагаар тогтоон шийдвэрлэж байсан;
Шүүгдэгч Х.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 79 дүгээр байрны хажууд явж байсан Ч.Гаас гар утсаа өгч бай гэж хэлэн “Самсунг Жи-7” маркийн гар утсыг нь авч зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Жыг эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Жыг 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х.Жт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 359 дугаартай захирамжаар шүүгдэгч Х.Жын нийт эдлэх ялыг 2 жил 10 сар 19 хоногоор тогтоосон ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 9 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Жт оногдуулсан 2 жил 9 сар 15 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х.Жын цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсарган хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Ж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Прокурор Н.Өнөрбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд;
2. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д “шүүгдэгч Х.Жын цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэсэн атлаа тогтоох хэсгийн 7-д “шүүгдэгч Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй” гэж тогтоох хэсгийн 2 заалт нь хоорондоо зөрүүтэй, хэрэгжүүлэхэд эргэлзээтэй, ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгөж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор М.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурор Н.Өнөрбаярын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Х.Ж “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Х.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 79 дүгээр байрны хажууд явж байсан Ч.Гыг дуудаж “цагдаагийн алба хаагч байна, бичиг баримтаа шалгуул” гэж хэлж, улмаар Ч.Г нь гар утасныхаа гэрнээс бичиг баримтаа гаргаж байх үед гар утасыг нь авч зугтаан 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ч.Гын “...Би өнөөдөр МУБИС дээр багшлах эрхийн дамжаа төгсөөд Ховд аймгаас 2 литр нэрмэл архи ирсэн, хүрээд ирээч хэмээн Сүхбаатар намайг гэртээ буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байранд дуудсан юм. Сүхбаатарын гэрт очоод литр нэрмэл архийг хувааж уугаад, 22 цаг өнгөрч байхад гэр рүүгээ зам хөндлөн гараад Улаанхуаран 79 дүгээр байрны хажууд алхаж байтал цагаан өнгийн юүдэнтэй малгайтай залуу миний араас ирээд цагдаагийн алба хаагч байна, бичиг баримтаа шалгуул гэж надад хэлэхэд би гар утасны резинэн гэрний ард талд бичиг баримтууд байсан юм. Гар утсаа гаргаад иргэний үнэмлэхээ үзүүлтэл гар утасны хамт аваад шууд зугтаасан, хаашаа гүйсэн эсэхийг нь би мэдэхгүй байна. ...” /хх 13-14/,
шүүгдэгч Х.Жын яллагдагчаар өгсөн “... 79 дүгээр байрны голоор нэг үл таних залуу алхаад явж байсан. Тухайн үед 22 цаг орчим болж байсан. Тэр залуугийн ардаас очоод утсаа өгч бай гэж хэлээд утсыг нь аваад зугтсан. Би хохирогчид гар утсыг нь өгч нөхөн төлж барагдуулсан” /хх 37-38/ гэсэн мэдүүлгүүд,
хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-7/, хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 21/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Жыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Х.Жын хохирогч Ч.Гыг дуудаж “цагдаагийн алба хаагч байна, бичиг баримтаа шалгуул” гэж хэлж, улмаар Ч.Г нь гар утасныхаа гэрнээс бичиг баримтаа гаргаж байх үед гар утасыг нь авч зугтаан 150.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс Х.Жт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Прокурор Н.Өнөрбаяр бичсэн эсэргүүцэлдээ “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д “шүүгдэгч Х.Жын цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэсэн атлаа тогтоох хэсгийн 7-д “шүүгдэгч Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй” гэж тогтоох хэсгийн 2 заалт нь хоорондоо зөрүүтэй, хэрэгжүүлэхэд эргэлзээтэй, ойлгомжгүй байх тул ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй. ...Иймд шийтгэх тогтоолыг зөвтгөж, өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив...” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтыг судлан үзэхэд, шүүгдэгч Х.Ж нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/1115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 359 дугаартай захирамжаар дүйцүүлэн сольсон 7 сар 15 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялд дүйцүүлэн сольж, улмаар нэмж нэгтгэн нийт 2 жил 10 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг тогтоожээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/1213 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэх үед Х.Ж нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/1115 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 9 сар 11 хоногийн хорих ял эдэлсэн байх тул түүний эдлэх хорих ялаас хасч тооцов.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нь цагдан хорих 461 дүгээр ангид 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүх хуралдаан хүртэл нийт 20 хоног цагдан хоригдсон болохыг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад заасан атлаа 7 дахь заалтад “...шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй...” гэж заасан нь зөрчилтэй болсон байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулав.
Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Жт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болоогүй байх тул шүүгдэгч Х.Жын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чнарыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Х.Жт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг прокурор гаргаагүй байх бөгөөд ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Жт холбогдох хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгосон нь техникийн шинжтэй алдаа байх бөгөөд цаашид анхаарвал зохино.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсгийг удирдлага болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй байх тул прокурорын эсэргүүцлийн энэ талаар бичсэн хэсгийг хүлээн авах үндэслэлгүй.
Иймд шийтгэх тогтоолд дээрх үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж, прокурор М.Оюунбатын бичсэн 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 11 дугаартай эсэргүүцлийн “...тогтоох хэсгийн 2 заалт нь хоорондоо зөрүүтэй тул шийтгэх тогтоолыг зөвтгөж өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Х.Жын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/1213 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/1115 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Жт оногдуулсан 2 жил 10 сар 19 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 9 сар 8 хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэж,
4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жт оногдуулсан 2 жил 9 сар 8 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,
7 дахь заалтыг “Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Ж нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Н.Өнөрбаярын бичсэн 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлийн “...тогтоох хэсгийн 2 заалт нь хоорондоо зөрүүтэй тул шийтгэх тогтоолыг зөвтгөж өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР