Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 603

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нямханд,

хохирогч: Б.Батцэцэг,

шүүгдэгч: В.О , түүний өмгөөлөгч Г.Дашдорж /0447/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О т холбогдох эрүүгийн 1705 0000 00035 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Цэлмэг өргөө констракшн” ХХК-д даамал ажилтай, ам бүл 3, эхнэр, 7 сартай хүүхдийн хамт, ял шийтгэлгүй, О .

 

Шүүгдэгч В.О  нь 2017 оны 8 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө
Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” баарны урд
талын автомашины туслах замын орчимд М.Ундармаа, Б.Батцэцэг нарыг
зодож, улмаар М.Ундармаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Батцэцэгийн эрүүл
мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-В.О  мэдүүлэхдээ:

Би хохирогч нарыг танихгүй. Хэрэг болох үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм. Өмнө нь би ийм үйлдэл гаргаж байгаагүй, эрэгтэй хүнтэй ч зодолдож байгаагүй. Өөрийн хийсэн хэрэг, гэм бурууг хүлээн зөвшөөрч, буруутай гэдгээ ойлгож байна. Хэн нь эхлэж чулуу шидсэн, хэн эхэлж маргасаныг би санахгүй байна. Над руу чулуу шидэхээр нь би газраас чулуу аваад маазарч, инээгээд “аа та нар яасан их чулуу шиддэг юм гээд Батцэцэгийн толгойноос 20-35 см-ийн зайтай шидлээ гэж бодоод шидтэл оночихсон юм. Тэгээд би хүн алчих шиг боллоо, цагдаа дуудаарай гэж хэлсэн. Түүнээс хохирогч нарын мэдүүлж байгаачлан олон удаагийн давтамжтай байдлаар цохиогүй, тэднийг доромжлоогүй. Өнгөрсөн болон цагдан хоригдсон хугацаанд их зүйлийг ойлголоо. Хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой хохирол төлбөрийг барагдуулах асуудлын хувьд өмнө нь мөнгөгүй байж зовлонгоо тоочоод яах вэ, мөнгөө бэлдчихээд уулзъя гэж уулзаагүй.  Манай ажлын хөлс шинэ жил, цагаан сарын өмнө орж ирдэг тул одоогоор мөнгө орж ирээгүй хохирогч нарт учирсан хохирлыг төлөөгүй байна. Хохирогч Б.Батцэцэгийн гаргаж өгсөн баримтаар нотлогдсон 471 150 төгрөг, хохирогчийн утас нь эвдэрсэн байна гэж мөрдөгч надад эвдэрсэн утас үзүүлсэн тул үүний үнэ 150 000 төгрөг, нийт 621 150 төгрөгийг дараагийн долоо хоногт төлнө.  Б.Батцэцэгийн шүдний эмчилгээний төлбөр хэдэн төгрөг болохыг мэдэхгүй ч түүнтэй хамт яваад эмчилгээний үнийг судалж, эмчилгээг нь хийлгэж, төлбөрийг нь төлнө. Мөн цаашид гаргах эмчилгээний зардлыг төлнө. Дахин ийм үйлдэл хийхгүй, хөнгөн ял оногдуулна уу гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Батцэцэг мэдүүлэхдээ:

Тэр өдөр найзуудтайгаа хамт караокед орж дуулж байгаад гарч ирээд такси барих гээд явж байхад гурван залуу ирээд “хамт бааранд орох уу, нэг газар оръё, дайлъя” гэсэн. Тэгэхээр нь би “танихгүй юм байж юу яриад байгаа юм бэ, холд” гэж хэлтэл “чи хэдэн төгрөгийн үнэтэй юм бэ, мөнгийг чинь өгье” гэхэд нь би уурлаад түлхтэл шууд намайг цохиод унагаасан. Гэтэл манай найз болиулах гэтэл манай найзыг цохиод байсан. Тэгээд би найзыгаа “хоёулаа явъя”гэж хэлээд такси барих гээд гараа өргөөд байж байхад О  над руу чулуу авч шидээд, намайг оносон. Тэгээд би ухаан алдсан. Мөрдөн байцаалтын шатанд би шүдээ янзлуулахаар судлаж үзэхэд 5-6 сая төгрөг болно гэж байсан. Энэ талаар В.О т хэлэхэд эхний ээлжид би 5 000 000 төгрөг өгье. Тэгээд шинэ жилээс өмнө нэмж 5 000 000 төгрөг өгье гэж байсан. Түүнээс хойш О тай холбоо барьж эмчилгээний мөнгөө өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Одоогийн байдлаар эмчилгээний 471 150 төгрөгийн баримтыг хэрэгт өгсөн. Мөн тухайн хэрэг гарах үед миний гар утас дээр гишгээд, эвдэлсэн байсан. Би тэр гар утсаа 150 000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд байцаагчид эвдэрсэн гар утсаа өгсөн. Одоо шүд маань өвдөөд юм идэж чадахгүй байгаа тул эхний ээлжид шүдээ эмчлүүлэх хүсэлтэй байна. Өөрөө эмчилгээ хийлгүүлье гэж хүссэн боловч боломжгүй байгаа. Гомдолтой байна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч- Ч.Баттулга мэдүүлэхдээ:

...Тэр өдөр О  ах, Тамираа ах хоёртой ажлаа дуусгаад 1 дүгээр хороололд 1 шил архи уучихаад дараа нь “Парис” нэртэй бааранд шөнийн 00 цагийн үед очиход сандал дүүрсэн гээд оруулаагүй. Тэгээд бид 3 гараад гэртээ харъя гээд такси барих гэж байтал бид нарын хажуугаар 3 эмэгтэй зам гарч байсан. Эхлээд О  ах уу, Тамираа хэрэлдсэн үү сайн мэдэхгүй байна. Тэгээд О  ах тэр эмэгтэйчүүдтэй хэрэлдэж байхад тэр эмэгтэйчүүд О  ахыг “хачин шалдан банди нар зайлцгаа, халтайсан юмнууд” гэхээр нь би О  ахад “наад хүмүүс чинь согтуу байна, гай болно” гэсэн. Одоо тэр хүмүүсийг танихгүй, нэг эмэгтэй нь 2-3 удаа чулуу аваад О  руу шидэхээр нь би очиж “боль, наад хүн чинь согтуу байна” гэхэд дайраад байсан.Тэгтэл О  ах дургүй нь хүрээд чулуу аваад эмэгтэй рүү шидчихсэн чинь нөгөө эмэгтэйг оноод, тэр эмэгтэй ухаан алдчихсан. Дараа нь хэлэхдээ О  ах айлгах гэж шидсэн гэж байсан. Ингээд нөгөө эмэгтэйг гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн. Тамираатай тэр өдрөөс хойш уулзаагүй, хаана байгааг нь мэдэхгүй. Өмнө нь надтай барилга дээр л хамт ажиллаж байсан. О  ахтай хуурай ах дүүс юм. Их дөлгөөн зантай боловсон харьцдаг, шударга, хүнд амласан амлалтандаа хүрдэг хүн юм гэжээ. (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-М.Ундармаа мэдүүлэхдээ:

...Тэр өдөр найз Батцэцэгтэй баарнаас гараад таксинд суух гээд явж байтал нэг хүн ирснээ Батцэцэгт хандаад “хаачих гэж байгаа юм, хамт явах уу” гээд хоргоогоод байсан. Тэгэхээр нь бид 2 “явлаа холдоод өгөөч” гэсэн чинь шууд Батцэцэгийн нүүр рүү буюу баруун нүд рүү гараа атгаж байгаад цохисон. Тэгээд цааш алхаад яваад өгөхөд нь би түүний араас очоод “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гэхэд эргэж хараад намайг шууд өшиглөсөн. 4-5 удаа хөл толгой руу өшиглөөд байсан. Тэр хүнийг хамт явж байгаа бололтой хүмүүс нь авч явах гээд байсан. Мөн гараараа толгой руу 2-3 удаа газар унагааж байгаад цохисон. Тэгээд газраас чулуу аваад над руу дайраад байхад нь манай найз Батцэцэг салгах гэхэд тэр чулуугаа Батцэцэг рүү шидсэнээс Батцэцэгийн баруун нүдний хөмсөгийг оноод, цус гарч, ухаан алдаад унасан. Гэтэл нөгөө хүн Батцэцэг дээр очоод “сэрээч гичий минь” гээд орилоод байсан. Би таксинд суулгаад гэмтлийн эмнэлэг явсан. Би ерөөсөө ойлгоогүй. Батцэцэгийг хоргоож байхад би утсаар ярьж байсан. Тэгснээ л шууд цохиж унагаасан. Тэр хүнийг огт танихгүй, маш их гомдолтой байна. Орилж хашгираад “гичийнүүдийг алнаа” гээд хувцасаа тайлаад л орилоод байсан. Хохирлын хувьд миний цүнх тасраад авах юмгүй болсон. 30 000 төгрөгөөр эм худалдаж авсан. Яг хэдэн төгрөг нэхэмжилэхээ мэдэхгүй байна гэжээ.  (хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас)

 

      Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 10022 тоот дүгнэлтэд:

1. Б.Батцэцэгийн биед баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун шанаа, хацар, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, цус хуралт, баруун дээд 1, зүүн дээд 1, доод зүүн 1, баруун 1 дүгээр шүдний эмтрэл, баруун завжны салстад няцарсан шарх, зүүн гарын 2 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн хугарал баруун өвдөгт цус хуралт, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

      3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой гэжээ. (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас)

 

      Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 10043 тоот дүгнэлтэд:

      1. М.Ундармаагийн биед баруун гуя, тавхайд зулгаралт, өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуу, шуунд цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

      3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

В.О  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч В.О  нь 2017 оны 8 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө
Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” баарны урд талын автомашины туслах замын орчимд хохирогч М.Ундармаа, Б.Батцэцэг нарыг
“хамт бааранд оръё” гэж өдөөн хоргоож, тэдэнтэй маргалдан, улмаар чулуу авч шидэж, хохирогч Б.Батцэцэгийн эрүүл мэндэд баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун шанаа, хацар, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, цус хуралт, баруун дээд 1, зүүн дээд 1, доод зүүн 1, баруун 1 дүгээр шүдний эмтрэл, баруун завьжны салстад няцарсан шарх, зүүн гарын 2 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн хугарал, баруун өвдөгт цус хуралт, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол,

хохирогч М.Ундармаагийн эрүүл мэндэд баруун гуя, тавхайд зулгаралт, өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуу, шуунд цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг, хохирогч Б.Батцэцэг, М.Ундармаа, гэрч Ч.Баттулга нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 10022,  10043 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас В.О т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг хохирогч М.Ундармаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Б.Батцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй. 

 

Хохирогч М.Ундармаа шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгийн баримтаас гадна өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой зардлын талаар нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй байна.

Харин шүүгдэгч Б.Батцэцэг нь өөрт учирсан эмчилгээний зардалтай холбоотой 351 150 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргуулан гаргаж өгч, шүүхийн хэлэлцүүлэгт нэмж толгойн КТГ авахуулсан 120 000 төгрөгийн баримтыг гаргаж, нийт 471 150 төгрөгийн баримтыг бүрдүүлж, гэмт хэрэг үйлдэгдэх үед 150 000 төгрөгийн үнэ бүхий гар утас эвдэрсэн гэж мэдүүлж 621 150 төгрөг гаргуулна гэхэд шүүгдэгч нь түүнд 621 150 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор төлж, хохирогчтой хамт явж, түүний  баруун дээд 1, зүүн дээд 1, доод зүүн 1, баруун 1 дүгээр шүдний эмтрэл бүхий гэмтлийг  эмчлүүлэхтэй холбоотой эмчилгээний зардал, болон цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, Б.Батцэцэгт  651 000 төгрөг болон хохирогчийн баруун дээд 1, зүүн дээд 1, доод зүүн 1, баруун 1 дүгээр шүдний эмтрэл бүхий гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарах эмчилгээний зардал, болон цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялуудыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар нэмж, нэгтгэн түүний эдлэх ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.  В.О ын 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс сэжигтнээр цагдан хоригдсон 3 хоног, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 15, нийт 18 хоногийг нийтэд тустай ажил хийх ялын 8 цагаар тооцон, 144 цагийг түүнд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасах нь зүйтэй байна.

 

Б.Батцэцэг, М.Ундармаа нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн,  

хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч В.О ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар В.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж, нэгтгэн В.О ын эдлэх ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар В.О  нь 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар В.О ын 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс цагдан хоригдсон 3 хоног, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 15, нийт 18 хоногийг нийтэд тустай ажил хийх ялын 8 цагаар тооцон, 144 цагийг түүнд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай. 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар В.О аас 621 150 төгрөг гаргуулж хохирогч Б.Батцэцэгт,

8 000 төгрөг гаргуулан хохирогч Ундармаад тус тус олгосугай.

 

7. Шүүгдэгч нь хохирогч Б.Батцэцэгийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол болох баруун дээд 1, зүүн дээд 1, доод зүүн 1, баруун 1 дүгээр шүдийг 2 сарын хугацаанд эмчлүүлэн, уг эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг төлөхөө илэрхийлснийг дурдаж, уг зардлыг 2 сарын хугацаанд төлөхийг В.О т үүрэг болгосугай.

 

9. Хохирогч Ундармаа нь өөрт учирсан хөнгөн хохирлыг, хохирогч Батцэцэг өөрт учирсан хүндэвтэр хохирлоо эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар В.О аас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

10. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

11. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол В.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН