Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01322

 

 

“Б” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2020/00947 дугаар шийдвэртэй

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.От холбогдох зээлийн гэрээний үүрэгт 49 330 512 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ... “Б” ХХК нь иргэн Ж.Отай 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1/0910 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээг 3,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байгуулсан. Нэмэлтээр 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/0544 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 12 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр 20 700 000 төгрөгийг зээлсэн. 2 зээлийн гэрээгээр мөнгө зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ж.Оын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 16 дугаар хороолол, 43 дугаар байрны 73 тоотод байрлах 68,5 м.кв талбайтай Ү-2204049437 улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Барьцааны гэрээг зохих ёсоор хуулийн дагуу байгуулаад улсын бүртгэлийн харъяа эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, хүчин төгөлдөр болсон. Ж.О нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээл, түүнийг төлөх төлбөрийн хуваарийн дагуу төлөхгүй байсан. Иймд нэхэмжлэл гаргасан 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 1/0910 дугаартай зээлийн гэрээний зээлд 23 319 617.21 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй, 1 887 603.50 төгрөгийн үндсэн зээлийн хүү, 90 059 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 25 297 280.44 төгрөг, нөгөө 1/0544 дугаартай зээлийн гэрээн дээр үндсэн зээлийн төлбөрт 19 436 302.99 төгрөг, 4 368 577 төгрөгийн хүү, 228 351 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 24 033 231.57 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нийтдээ 49 330 512 төгрөгийн төлбөрийг төлөхөөр байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 49 330 512 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн барьцаалсан өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 16 дугаар хороолол, 33 дугаар байрны 73 тоотод байрлах 68,05 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч Ж.Оаас зээлийн гэрээний үүрэг нийт 49 330 512 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ж.Оын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 хороо, 15 хороолол /13344/, Энэбишийн өргөн чөлөө 43 дугаар байр 73 тоот хаягт байрлах, 68.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 404 603 төгрөг, 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, 404 603 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд гэнэтийн зүйлсээс шалтгаалж очих боломжгүй болж Ж.От мэдэгдэн очих боломжгүйгээ хэлж хэрэгт ач холбогдолтой баримтуудыг өгч өөрийг нь шүүх хуралдаанд оролц гэж хэлж явуулсан хариуцагч Ж.О нь шүүх хуралдааны цагаас өмнө очсон боловч учраа олохгүй байсаар 10 минут хоцорч туслахтайгаа уулзаж хуралдаанд оролцож чадаагүй. Хэрэгт зээлийн гэрээний дагуу зээл олгосон, шилжүүлсэн талаар хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт байхгүй. Нэхэмжлэгч өөрийн зээлийн дансны хуулгыг гаргаж өгөхдөө өөрсдөө тэмдэг дарсан, хэргийн оролцогч өөрийн шаардлагын үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй ч өөрөө нотлох баримтын үнэн зөвийг гэрчлэх эрхгүй. Хариуцагч “Хаан банк” ХХК-ийн өөрийн дансаараа тус ББСБ-аас 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 19 895 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 19 900 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний 19 895 000 төгрөгийг авсан байдаг бөгөөд эхний 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1/0916 тоот гэрээний дагуу авах ёстой 40 000 000 төгрөгөөс 39 795 000 төгрөг авсан, харин сүүлд байгуулсан 1/0544 дугаартай гэрээний дагуу ямар ч мөнгө аваагүй ба 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн 19 895 000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 20 700 000 төгрөг зээлдүүлсэн мэтээр хожим гэрээ байгуулсан байдаг. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцдог. Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1/0544 дугаартай зээлийн гэрээ нь зээлийн үнийн дүн, цаг, хугацааны хувьд хуульд заасан шаардлагыг хангахгүй, хүчин төгөлдөр бус гэрээ байна. Иймд уг гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч сүүлд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчтай гэрээ байгуулахдаа мөн барьцааны гэрээ дахин байгуулсан бөгөөд түүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Нэхэмжлэгч өөрсдийнх нь дансны хуулга дээр хариуцагчид 40 000 000 төгрөг, 20 700 000 төгрөг өгсөн мэтээр хуурамч нотлох баримт бүрдүүлж шүүхэд өгсөн байна. Хариуцагчид нэхэмжлэгчид нийт 33 327 585 төгрөгийг төлсөн ба зээлийн төлөлт 2019 оны 7 дугаар сараас хойш зээлийн гэрээний график хугацаа зөрчигдөж эхэлсэн ба зээлийн гэрээний тогтоосон графикийг 1 буюу түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээг зээлдүүлэгчийн санаачилгаар шууд цуцлах эрхтэй гэж гэрээнд заасан байна. Гэвч зээлдүүлэгч нь гэрээний 6.2.5 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцлах ёстой бөгөөд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийг тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Хуульд заасан үүргийг биелүүлээгүйгээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үр дагавар үүснэ гэж заасан. Нэхэмжлэгч өөрсдөө Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгч хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Ж.От холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1/0916, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/0544 тоот хоёр зээлийн гэрээний үүрэгт 49 330 512.01  төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Б” ХХК-тай Ж.О 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр БГ-1/0916 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,1 хувийн хүүтэй, мөн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр БГ-1/0544 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 20 700 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй тус тус зээлсэн байна. /хх.9-18/

 Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч байгууллага хариуцагчийг зээлийн мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлөөгүйгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар хоёр зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 49 330 512 төгрөг гаргуулна гэсэн үндэслэл зааж тайлбарлажээ.

 Талууд гэрээний 6.2.5–т “Б” ХХК-ийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрхийн талаар тохиролцсон, хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн хуваарийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар /“Б” ХХК-ийн зээлийн дансны хуулга/ тогтоогдсон байна. /хх.9-10/

Гэрээний нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотой нөгөө тал нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын “...Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг хэрэгжүүлээгүй тул хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй” гэх хэсэг үндэслэлгүй байна.

Учир нь, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хуулиар хүлээдэг. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгчээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсаны дараа зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ  биелүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй, талууд зээлдэгч зээлдэгчид зээлээ төлөхийг шаардсаны дараа зээлийг төлөхөөр гэрээгээр тохироогүй байх тул Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь зохицуулалтыг талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгт хамааруулан үзэх боломжгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын нэг үндэслэлээ “...Хаан банк ХХК-ийн дансаар 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 19 895 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1/0916 тоот гэрээний дагуу авах ёстой 40 000 000 төгрөгөөс 39 795 000 төгрөг авсан” гэсэн агуулгаар гаргасан.

 “Б” ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 08, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрүүдэд зээлийн мөнгөн хөрөнгө 40 000 000 төгрөгийг 2 хувааж, мөн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 20 700 000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн байна. /хх.21,31/

 Хариуцагч нар нэхэмжлэгчийн гаргасан зээлийн гэрээний төлөлт, тооцоолол, зээлийн төлбөрийн хэмжээг үгүйсгэсэн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу гаргаагүй. 

Шүүх зээлдүүлэгч байгууллагын гаргасан нотлох баримт болох зээл, хүүгийн тооцоололд үндэслэж хариуцагчаас 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1/0916 тоот зээлийн гэрээний дагуу зээл 23 319 617.21 төгрөг, зээлийн хүү 1 887 603.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90 059.69 төгрөг нийт 25 297 280 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 1/0544 тоот зээлийн гэрээний зээл 19 436 302.99 төгрөг, зээлийн хүү 4 368 577.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 228 351.57 төгрөг нийт 24 033 231 төгрөг нийт 49 330 512 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх заалттай нийцжээ.   

Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.

Шүүх хуульд заасан хугацаанд шүүх хуралдааны товыг талуудад мэдэгдсэн, хариуцагч тал шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Энэ талаар давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй болно.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.