Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/976

 

 

 

 

 

 

 

 

Б.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

хохирогч Б.О,

шүүгдэгч Б.А,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянгол  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/651 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Аын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2205015671942 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

....................овгийн Б.А, ........ оны ..... дугаар сарын ......-ний өдөр .................................төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .......................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....................../;

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хороололд байрлах “CU” хүнсний дэлгүүрийн үүдэнд хохирогч Б.Отэй такси шөнө 2.000 төгрөгөөр явна гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гар, хөлөөрөө нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, дух, хамар, зүүн чамархай, дагз, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцон солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас 12.000 төгрөг гаргуулан хохирогч Б.От олгож, хохирогч Б.О нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй. Миний бие хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд одоогоор ажлын хөлс тохиролцож аваад ажиллаж байна. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хүүхэд маань 10 сартай, эхнэр эрхэлсэн ажилгүй. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ялаар хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хохирогч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.А тухайн гэмт хэргийг хавар үйлдсэн. Шүүгдэгч Б.А төлбөрийн чадамжгүй учраас анхан шатны шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүнд оногдуулсан юм. 6 сарын хугацаанд хохирол төлбөр төлж барагдуулаагүй хүн торгуулийн ялыг төлж чадахгүй гэж бодож байна” гэв.

Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжүүлсэн нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэрэг бүрэн нотлогдон тогтоогдсон гэж үзэж тухайн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, харьцуулан дүгнэсэн бөгөөд анхан шатны шүүх хууль ёсны шийдвэр гаргасан. Шүүгдэгч Б.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явц, прокурорын шатанд нотлогдон тогтоогдсон. Эрхэлсэн тодорхой ажилгүй хүнд торгуулийн ял оногдуулах боломжгүй байсан учраас нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг шүүхэд гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хороололд байрлах “CU” хүнсний дэлгүүрийн үүдэнд хохирогч Б.Отэй такси шөнө 2.000 төгрөгөөр явна гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гар, хөлөөрөө нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, дух, хамар, зүүн чамархай, дагз, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Оийн “...Бид хоёр такси барих гээд зогсож байтал 68-33 УВА улсын дугаартай “Приус 10” маркийн автомашин зогсоод бид хоёр суусан. Тус машины урд талд жолоочоос гадна нэг хүн сууж байсан. Би жолоочоос “нэг километрийг нь хэдээр явах вэ” гэж асуухад жолоочийн хажууд сууж байсан хүн “2.000 төгрөг” гэж хариулахаар нь би “яагаад 2.000 төгрөгөөр явдаг юм бэ, 1.500 төгрөгөөр явах ёстой биз дээ” гэсэн чинь шууд миний толгой руу гараараа олон дахин цохиж байгаад, бууж ирээд миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод гар, хөлөөрөө миний бие хэсэгт болон толгой хэсэгт олон удаа цохисон. Тэр жолоочийн хажууд сууж байсан залуу согтуу байсан. Намайг зодуулж байхад миний хажууд сууж байсан Энххишиг гээд манай найз “боль” гээд дундуур орсон боловч тэр залуу болон жолооны ард сууж байсан залуу миний хойноос дагаж хөөгөөд байсан. Тэгээд цагдаа дуудлаа шүү гээд орилсон чинь нөгөө хоёр машиндаа суугаад яваад өгсөн. ...” /хх 29-30/,

шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 06 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд найз Баяраагийн хамт явж байхдаа такси барьж миний машинд суусан хүмүүстэй төлбөрөөс болж маргалдаад үл таних эрэгтэй хүнтэй барьцалдаж, зодолдсон. Тэгээд тэр хүн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Би уг хэргийг хийснээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 43-44/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын  28-ны өдрийн  6160 дугаартай “...Б.О-ийн биед тархи доргилт, дух, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, дух, хамар, зүүн чамархай, дагз, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 21-22/ гэсэн дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судласан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аын хохирогч Б.Оийг цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.А нь “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ажлын хөлс тохиролцож аваад ажиллаж байна. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хүүхэд маань 10 сартай, эхнэр эрхэлсэн ажилгүй. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ялаар хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 450 нэгжээс 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах тус тус ялаас аль нэг ялыг сонгож шийтгэхээр заасан бөгөөд анхан шатны шүүхээс энэ зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, холбогдсон хэргийнх нь зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс Б.Ат оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Иймд шүүгдэгч Б.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

 

Харин, хэргийн материалд хохирогч Б.Оээс гаргаж өгсөн 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 36206 дугаартай “Лазер мед” эмнэлэгт толгойн компьютер томографи шинжилгээг 120.000 төгрөгөөр хийлгэсэн талаарх бэлэн мөнгөний орлогын баримт авагдсан /хх 36/ байх бөгөөд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт уг гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар “Хохирогч нь шүүх хуралдаанд ажилгүй байсан үеийн цалин 1.400.000 төгрөг, толгойн зураг авахуулсан 120.000 төрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг барагдуулаагүй тул хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон зураг авахуулсан 120.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.От олгохоор шийдвэрлэв” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Б.Ааас 12.000 төгрөг гаргуулан хохирогч Б.От олгосугай” гэж алдаатай бичсэнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:       

1. Баянгол  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/651 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас 12.000 төгрөг гаргуулж хохирогч Б.От олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас 120.000 төгрөг гаргуулан хохирогч Б.От олгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                     М.АЛДАР

                                 ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР