Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 606

 

            Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Энх-Учрал,

Улсын яллагч: Л.Соёмбо,

Хохирогч: Б.Билэгт,

Шүүгдэгч Б  өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1705012040264 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б , Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон Улсын худалдааны мэргэжилтэн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй,

              Шүүгдэгч Ц.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Коко Банана” нэртэй бааранд Б.Билэгтийг бүжгийн талбай дээр муудалцлаа гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2017 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө  Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Коко Банана” нэртэй бааранд М.Халиуныг бүжгийн талбай дээр муудалцлаа гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн зүйл дээр нэмэх зүйлгүй, хохирогч М.Халиуны хохирлыг барагдуулсан, хохирогч Б.Билэгтэд 250.000 төгрөг өгсөн, 150.000 төгрөгийг өнөөдөр өгнө” гэв.

Хохирогч Б.Билэгтийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Тухайн өдөр Баянгол дүүрэгт байрлах “Коко Банана” бааранд орсон. Би бүжиглээгүй сууж байхад Мягмарчулууны найз охин хүрч ирээд, Мягмарчулуун нэг залуутай муудалцаад байна гэсэн. Тэгээд очиход Б  намайг цохьсон. Тухайн үед миний толгойноос цус их хэмжээгээр гарсан. Баарны хамгаалагч цохьсон хүнийг барьсан байсан” гэв.

Хохирогч Б.Билэгтийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би яллагдагч Б тэй сайн дураараа эвлэрсэн, Б эс эмчилгээний зардлаа нөхөн төлүүлэхээр тохиролцсон байгаа тул гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар, түргэн шуурхай шийдүүлэх хүсэлттэй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 12/,

Хохирогч М.Халиуны мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Билэгттэй ойрхон зогсож байсан бөгөөд үл таних залуу Билэгтийг цохих явцдаа шил нь хагараад гартаа байсан хагарсан шилээ буулгах үедээ миний духыг зүсээд дух, хөмсөг маань гэмтчихсэн....Би гомдолтой байна. Учир нь Коко банана бааранд байсан саарал цамцтай үл таних залуу миний биед болгоомжгүй гэмтэл учруулсан ч гэсэн би бие махбодийн хохирол амссан. Эмнэлэгт үзүүлсэн төлбөр болон эм тарианд зарцуулсан мөнгө болох нийт 250.000 төгрөгийг түүнээс нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 15/,

Гэрч А.Мягмарчулууны мөрдөн байцаалтад өгсөн: “...Бүжгийн талбай дээр бүжиглэж байх үед найз Халиунаа руу үл таних махлаг, намхан залуу сээтэн хаяад түүнийг өдөөд байхаар нь миний дургүй хүрээд түүнтэй муудалцсан ба Билэгт намайг өмөөрөөд миний хажууд ирсэн. Тэр үед миний муудалцсан залуугийн найз болох саарал цамцтай махлаг өндөр дүү залуу хажуугаас орж ирээд Билэгтийн толгой руу нэг удаа цохиж байсан. Юугаар цохиснийг нь анзаараагүй. Хамгаалагч нар ирээд цохьсон залууг салгаад аваад явсан. Халиунааг хэн цохьсныг би хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,

Шинжээчийн 13527 тоот дүгнэлтэд: “...Б.Билэгтийн биед тархи доргилт, зүүн чамархай, зүүн нүдний гадна булан, зүүн хацар, хамарт шарх зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 31/,

Шинжээчийн 13526 тоот дүгнэлтэд: “... М.Халиунаагийн биед духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 33/,

Шүүгдэгч Ц.Баяр-эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг бүжгийн талбай дээр бүжиглэж байхад хохирогч Билэгт нь тайван байлгахгүй өдөөд түлхээд мөрлөөд байсан юм. Тэгээд л зодоон болсон, би уг нь цаашаа бай гэж зөндөө хэлсэн. Би Билэгтийг гараараа цохиж гэмтэл учруулсан харин Халиунаагийн хувьд хэрхэн яаж гэмтэл учруулснаа хэлж мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 64/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогч нарын өргөдөл /хх-н 3-4/, хохирлын баримтууд /хх-н 5-7/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46/, хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-н 55-56/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Ц.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Коко Банана” нэртэй бааранд Б.Билэгтийг бүжгийн талбай дээр муудалцлаа гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2017 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө  Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Коко Банана” нэртэй бааранд Б.Билэгттэй маргалдаж түүнийг зодох үедээ М.Халиуныг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Билэгтийн: “...Тухайн өдөр Баянгол дүүрэгт байрлах “Коко Банана” бааранд орсон. Би бүжиглээгүй сууж байхад Мягмарчулууны найз охин хүрч ирээд, Мягмарчулуун нэг залуутай муудалцаад байна гэсэн. Тэгээд салгах гээд очиход Б  намайг цохьсон. Тухайн үед миний толгойноос цус их хэмжээгээр гарсан” гэсэн мэдүүлэг, хохирогч М.Халиуны: “...Би Билэгттэй ойрхон зогсож байсан бөгөөд үл таних залуу Билэгтийг цохих явцдаа шил нь хагараад гартаа байсан хагарсан шилээ буулгах үедээ миний духыг зүсээд дух, хөмсөг маань гэмтчихсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 15/ гэсэн мэдүүлэг, гэрч А.Мягмарчулууны: “...Тэр үед миний муудалцсан залуугийн найз болох саарал цамцтай махлаг өндөр дүү залуу хажуугаас орж ирээд Билэгтийн толгой руу нэг удаа цохиж байсан. Юугаар цохиснийг нь анзаараагүй. Хамгаалагч нар ирээд цохисон залууг салгаад аваад явсан. Халиунааг хэн цохисныг би хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 24/, шинжээчийн 13527, 13526 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Б  нь хохирогч Б.Билэгттэй бүжгийн талбайд маргалдаж түүнийг цохих явцдаа хохирогч М.Халиуны биед мөн хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан уг гэмт хэргийг үйлдэхдээ хоёр, түүнээс олон хүнд учруулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч Б н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хоёр хүнд учруулж үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргүүдэд багтаж байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, ялын санал үйлдэж хэргийг ирүүлсэн байна.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7, 8, 9 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч нь торгуулийг ялыг 01 сарын хугацаанд төлөх боломжтой тул хугацааг тогтоож өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжтой гэж үзэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч А.Мягмарсүрэнд шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

          Хохирогч М.Халиун шүүгдэгчээс 250.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргаж өгсөн баримтаар тус хохирол төлөгдсөн, хохирогч Б.Билэгт шүүгдэгчээс эмчилгээний зардал 400.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь 250.000 төгрөг төлсөн нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Б.Билэгтийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч Ц.Б  нь хохирогч Б.Билэгтийн хохиролд 150.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчээс 150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Билэгтэд олгох нь зүйтэй. 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно. 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хоёр хүнд учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ц.Б д шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б гээс 150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Билэгтэд олгосугай.
  5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б д хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР