Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01339

 

“Х” СӨХ-ны

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/00949 дугаар шийдвэртэй

“Х” СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч “Ш” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 15 500 000 төгрөг гаргуулах тухай хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Ш.Тунгалаг, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Намжилсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК нь “Х” СӨХ-ны эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 32а байрны подвалд 166 мкв талбай бүхий 7 өрөөг 8 нэрийн дэлгүүр, оффисын зориулалтаар олон жил түрээсэлж байна. 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр харилцан тохиролцож түрээсийн төлбөр сар бүр 500 000 төгрөг байхаар гэрээ байгуулсан. Гэвч “Ш” ХХК 2016 оноос тохиролцсон ёсоор мөнгө төлөх үүргээсээ зайлсхийж, сар бүр төлөх ёстой 500 000 төгрөгөө дутуу төлж ирсэн. Тухайн үеийн гүйцэтгэх захирал Б.Наранцэцэгтэй амаар тохиролцож төлбөрийг бууруулсан гэдэг ч энэ талаар өмнөх захирал Б.Наранцэцэгээс тодруулахад тэгж тохиролцсон зүйл байхгүй, боломжгүй гэж хэлсэн гэдэг. Түрээсийн гэрээг сунгаагүй ч өнөөг хүртэл хариуцагч эзэмшиж ашиглаж байна. Жил бүр нийт 6 000 000 төгрөг төлөхөөс 2016 онд 1 000 000 төгрөг, 2017 онд 1 650 000 төгрөг, 2018 онд 4 100 000 төгрөг, 2019 онд 1 750 000 төгрөг нийт 8 500 000 төгрөг төлсөн. Одоо 2016 оны төлбөр 5 000 000 төгрөг, 2017 оны 4 350 000 төгрөг, 2018 оны 1 900 000 төгрөг, 2019 оны 4 250 000 төгрөг нийт 15 500 000 төгрөгийг төлөөгүй байна. Хариуцагч үйл ажиллагаагаа явуулахын тулд түрээслэж байгаа хөрөнгөндөө засвар үйлчилгээ хийсэн тул нэхэмжилж байгаа төлбөрөөс хасах боломжгүй. Тус Холбооны удирдах зөвлөлийн хурлын 2013 оны 03 дугаар тогтоолоор доод хонгилын түрээсийн үнийг нэг метр квадратад хэдэн төгрөг байхыг тогтоосон. Уг тогтоолоор 8 нэрийн барааны зориулалтаар ашиглах тохиолдолд 1 м.кв үнэ 12000 төгрөг байхаар тусгасан. Хариуцагч байгууллага нийт 160 мкв талбай ашигладаг. Уг үнээр бодвол илүү гарна. Гэрээнд үнийг багасгаж сарын 500 000 төгрөгөөр тохирсон байна. Тухайн түрээслэж байгаа газруудын талбайн хэмжээ, зориулалт өөр өөр, хариуцагчийнхаас бага болно. Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн 2002 оны 06 дугаар тогтоол энэ хэрэгт хамааралгүй болно. Иймд түрээсийн гэрээний үүрэгт нийт 15 500 000 төгрөгийг “Ш” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Тунгалаг болон түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК нь “Х” СӨХ-ны захирал Б.Наранцэцэгтэй дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээгээр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 32а байрны хагас подвалын 166 м.кв талбайтай өрөөг 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал 12 сарын хугацаатай 1 сард 500 000 төгрөгийн төлбөртэйгээр эзэмшүүлэхээр гэрээг байгуулсан. “Х” СӨХ-тэй байгуулсан гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дууссан. Гэрээний хугацаа дууссанаас хойш огт гэрээ байгуулаагүй болно. Тухайн үед эдийн засаг муудаж, орлого буурсан тул түрээсийн төлбөр хэт өндөр байгааг хэлж Х СӨХ-ны захирал Б.Наранцэцэгтэй 2016-2019 онд түрээсийн төлбөрийг сар бүр 250 000 төгрөг байхаар амаар хэлцэл хийсэн. Энэ дүнгээр бодвол жилийн түрээс 3 000 000 төгрөг болно. Нийт 4 жилийн түрээсийн төлбөр 12 000 000 төгрөг болохоос 2016 онд 1 000 000 төгрөг, 2017 онд 650 000 төгрөг, 2018 онд 4 100 000 төгрөг, 2019 онд 1 750 000 төгрөг, нийт 8 500 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 3 500 000 төгрөг дутуу боловч үүнийг төлөх үндэслэлгүй. Учир нь, 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний 3.2-д дундын өмчлөлийн эд хөрөнгө болох подвальд засвар үйлчилгээ хийж өөрийн хөрөнгөөр тохижуулсан тохиолдолд СӨХ-ны зүгээс 1 удаа хөнгөлөлт үзүүлнэ гэж тусгагдсан. Энэ хугацаанд өөрсдийн хөрөнгөөр хийсэн засварыг нэг ч удаа түрээсээс хасаагүй тул одоо хасч тооцуулна. 2013 онд хувийн хөрөнгөөр их засвар хийсэн. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх гэрээг бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4 дэх хэсэгт энэ хуулийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилсан тул гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус. Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн 2002 оны 06 дугаар тогтоолоор орон сууцны хонгилын хэсэгт байгаа иргэд, аж ахуйн нэгжээс авах жишиг үнийн тарифыг тогтоосон байна. Уг тогтоолоор хүнс барааны дэлгүүрт 1000-2000 төгрөг байхаар заажээ. Манай ашиглаж буй талбайг сүүлд хэмжихэд 160 мкв биш 137 мкв байсан. Энэ үнээр тооцвол сард 260.000 орчим төгрөг төлөхөөр байна. Нэхэмжлэгч СӨХ энэ дээд зөвлөлийн тогтоолоор тогтоосон тарифаар хөлсийг авах ёстой тул Х СӨХ-ийн тариф тогтоосон 2013 оны 03 дугаар тогтоол хууль бус. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар “Ш” ХХК-аас 10 500 000 /арван сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” СӨХ-д олгож, үлдэх 5 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 182 950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Тунгалаг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэснийг баримталсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.” Гэсэн ба уг бүлэгт түрээсийн гэрээг бичгээр байгуулах, бүрдүүлэх, шаардлагыг хангаагүй бол гэрээ нь хүчингүй байхаар заасан байхад холбогдолгүй заалтыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн гэрээнд өөрийн хөрөнгөөр засвар хийж гүйцэтгэх үүргийг эзэмшигч харицах талаар зааж өгсөн мэтээр тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Х” СӨХ нь хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 15 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Х” СӨХ нь “Ш” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ” байгуулж, “Ш” ХХК тус СӨХ-ны харьяа 32 а байрны подвол хэсэгт 166 м.кв талбайг дэлгүүр, оффисын зориулалтаар 12 сарын хугацаатай түрээсэлж, түрээслэгч сард 500 000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх.46/

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулж, хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зохигчид хэн аль нь гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй.

 Харин хариуцагч гэрээний хугацаа дуусгавар болсон, 2016 оны 01 дүгээр сараас төлбөрийг сард 250 000 төгрөг байхаар амаар тохиролцсон, гэрээнд зааснаар хөнгөлөлт эдлэнэ гэсэн үндэслэлээр маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.   

Түрээслэгч гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсанд тооцохоор заасан байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ сунгагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд хариуцагч “...түрээсийн төлбөрийг сард 250 000 төгрөг байхаар амаар тохиролцсон” гэсэн тайлбараа нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүх түрээсийн төлбөрийг сарын 500 000 төгрөгөөр тохирсон өмнөх нөхцөлөөр сунгагдсан гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

 Хариуцагч 2016 онд 1 000 000 төгрөг, 2017 онд 1 650 000 төгрөг, 2018 онд 4 100 000 төгрөг, 2019 онд 1 750 000 төгрөг нийт 8 500 000 төгрөг төлж байсан үйл баримт тогтоогдсон байна. /хх.9-12/

Нэхэмжлэгч 2016 оны төлбөрийн үлдэгдэл 5 000 000 төгрөг, 2017 оны түрээсийн төлбөр 4 350 000 төгрөг, 2018 оны 1 900 000 төгрөг, 2019 оны 4 250 000 төгрөг нийт 15 500 000 төгрөг нэхэмжилсэн, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны түрээсийн төлбөр 5 000 000 төгрөг гаргуулах шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа хуульд зааснаар дуусгавар болсон гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасантай нийцжээ.  

Иймд анхан шатны шүүхийн хариуцагч “Ш” ХХК-аас 10 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” СӨХ-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.