| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2024/00108/И |
| Дугаар | 144/ШШ2024/00133 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 144/ШШ2024/00133
2024 08 27 144/ШШ2024/00133
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: ***** тоот хаягт байрлах, ***** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** тоот хаягт оршин суух ******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 8,313,412.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ***** ирүүлсэн хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ***** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “…***** миний бие *****нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 8,313,412.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие ***** 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1,006,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 7,307,412.03 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ***** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,313,412.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч ***** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч *****нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ***** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,313,412.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147,965 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***** улсын тэмдэгтийн хураамжид 73,983 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***** олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА