Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2019/0583

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.С******* нарын оролцуулан Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******* шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ: Манай компани Нийслэлийн худалдан авах ажиллгааны газраас зарласан Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг/ 11 к.м ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн шалгаруулалт шударга бус явагдсан гэж үзэж У******* ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгуулж, тендерийг дахин үнэлүүлэх тухай шүүхэд хандаад байсан юм.

Бид дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, дахин санал гомдол гаргахгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар

зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч Х******* ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг 11,0 км / НХААГ -19/051 дугаартай тендерт У******* ХХК-ийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02/851 тоот тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээр шалгаруулсныг хүчингүй болгуулах, уг тендерийг дахин үнэлүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн, түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Х******* ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х******* ХХК-иас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг 11,0 км/ НХААГ-19/051 дугаартай тендерт У******* ХХК-ийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны 02/851 тоот тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээр шалгаруулсныг хүчингүй болгох, уг тендерийг дахин үнэлүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ