Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 607

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Энх-Учрал,

Улсын яллагч: Б.Нямханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705008340196 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б , Өмнөговь аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, “Хан Богд Хурд” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт, оршин суух, урьд ял шийтгэлгүй,  

Шүүгдэгч Б  нь 2017 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Коко банана” баарны гадна иргэн Б.Ганбаттай маргалдан хамарыг нь хугалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Ганбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө найз Адъяа, Батзориг, Түвшинтөгс нарын хамт шөнийн 12 цагийн үед Улаанбаатар паласын урд талын “Коко банана” бааранд орсон. Энд орохоос өмнө караокед орж пиво уусан байсан. Бааранд ороод пиво ууцгаагаад суусан. Шөнийн 02 цагийн үед гарцгаая гээд Адъяа тооцоо хийгээд үлдсэн. Нөгөө хоёр найзтайгаа гадаа гараад байж байтал Даваацэрэн таараад юм яриад зогсож байтал, түүний найз Б  буюу Батнаа ирж байхаар нь би хараад нөгөө найз нь байна гэж бодоод танилцах гэж байтал Батнаа миний нүд рүү цохиод унагаасан. Тэгээд би газар унасан, миний дээрээс Батнаа цохиж байсан, удалгүй найз нар ирээд намайг салгаад авч явсан. Харин намайг унасан байтал Нэрбат гэх залуу ганц нэг удаа цохисон гэж хэлж байсан. Тухайн үед их согтолттой байсан, гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан, энэ гэмтлээс хамар хугарсан, нүд хөхөрсөн, нуруу бага зэрэг хавдсан байсан. Мөн миний цаг алга болсон, цамц урагдсан байсан. Иймээс би 9 сарын 27-ны өдрөөс 10 сарын 07-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, энэ хугацаанд 1.305.40 төгрөгийн зардлаар хэвтэж эмчлүүлсэн. Хамрын хагалгаанд ороход ор хоногийн мөнгө нийлээд 2.490.000 төгрөгийн зардал гарахаар байна” гэсэн мэдүүлэг /хх-н 4-7/,

Гэрч Б.Даваацэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Тэр өдөр найз Билгүүн, Оргио, Б , Нэрбат нарын хамт нэг пабад сууж байгаад гараад Коко банана бааранд очсон. Тэнд нэг шил архи захиалаад суусан тэр өдөр Нэрбаттай танилцсан. Ганбат найзуудын хамт бидний өмнө ирчихсэн байсан. Манай ширээн дээр Батзориг, Ганбат нар ирэхэд Б  архи хийж өгөөд хальт танилцсан. Би хэсэг хугацааны дараа гадаа гараад гараашийн тэнд Батзориг, Ганбат нартай тамхилаад зогсож байтал Б , Нэрбат хоёр намайг хайгаад ирсэн. Гэтэл Ганбат Б ийг дуудаад аваад явахад яагаад ч юм энэ хоёрын дунд зодоон болох юм шиг санагдаад салгах гэхэд Батзориг яах гээд байгаан гээд холдуулсан. Гэтэл Ганбат газар уначихсан байсан гүйгээд очиход Б  нүүр рүү 1 удаа өшиглөсөн. Дараа нь Ганбат Нэрбаттай зууралдсан байсан. Цохиж зодоогүй харин маргааныг салгах гэж л байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

Гэрч М.Бат-Оргилын мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Сууж байгаад Билгээ бид хоёр Батнаагийн араас гарахад Даваацэрэн түрүүн манай ширээн дээр ирдэг залуутай Батнаа маргаан зодоон болсон гэж хэлсэн. Бааранд маргаан зодоон болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Гэрч А.Билэгсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр найзуудын хамт бааранд сууж байтал Даваацэрэнгийн найз нар гэж хоёр залуу ирж гар барьцгаасан. Өөрийгөө Ганбат гэж танилцуулсан залуу хүн болгонтой эвгүй муухай харьцаад хийж өгсөн архинаас уугаагүй. Хэсэг хугацааны дараа Б  нэг залуутай маргалдаад гэж Нэрбат хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 14/,

Гэрч А.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр Ганбат, Түвшинтөгс, Адъяа бид 4 бааранд сууж байтал манай дээд ангийн Даваацэрэн таарсан. Хэсэг хугацааны дараа Даваацэрэн, Ганбат бид 3 гарч тамхи татсан. Гэтэл Даваацэрэнгийн хоёр найз араас гарч ирсэн. Ганбат чамайг Батнаа гэдэг юм уу гэхэд тийм гээд эргэж хараад Ганбатын нүүр рүү цохисон. Гэтэл Батнаагийн найз Батнааг тэврээд цааш нь холдуулсан Ганбат яаж байгаа гөлөг вэ эргээд харахад найз нь Ганбатыг жийгээд унагахад Б  гүйж ирээд нүүр рүү нь 1 удаа өшиглөсөн ингээд бид салгаад машинд аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

Гэрч Ц.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр найзуудын хамт бааранд орсон, гарахын өмнөхөн Батзориг, Ганбат бид 3 тамхилах гээд гарцгаасан, би түц рүү тамхинд явсан. Эргээд ирэхэд Даваацэрэн, Ганбат, Батзориг нар байхгүй байхаар нь баар руу ороход найзууд байгаагүй. Адъяа гарч ирэхээр нь хамт зогсож байтал Батзориг урд талын нурчихсан байшингийн балгасны булангаас гарч ирээд Ганбатыг зодоод байна гэхээр нь очтол Ганбатын нүүр рүү нь цустайгаа холилдсон нүүр нь хавдсан байхаар нь машинаа аваад суулгаж аваад явцгаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

Гэрч Б.Нэрбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би найз Б  мөн 3 найзтайгаа бааранд орж архи ууж бүжиглэсэн. Гэтэл Ганбат гэх залуу манай ширээн дээр ирээд танилцсан. Удалгүй гараад шээх гээд хогийн цэгтэй гарааш руу явж байтал тэнд Ганбат, Даваацэрэн нар байсан ба танихгүй залуучуудтай маргалдаад салж байсан. Гэтэл Ганбат Б тэй зууралдчихсан бие биенээ цохиж байсан. Би очоод Б ийг салгаж аваад явж байтал Ганбат араас нааш ир гээд салаавч гаргаад байсан. Тэгээд Б , Ганбаттай дахин зууралдаад би дундуур нь орж салгах гэж байгаад хогон дунд гурвуулаа зууралдаад унацгаасан. Тэгээд би Ганбатыг салгаж гарааш руу холдуулахад Даваацэрэн, Б ийг татаж босгоод боль гэж байсан. Би тэндээсээ баар руу орсон. Ганбат буцаж орж ирээгүй байхаа миний хувьд Ганбатыг цохиж зодоогүй салгах гэж байгаад унасан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/,

Шинжээч эмч Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Ганбатын биед учирсан зүүн чихний ард цус хуралт, хамар, баруун чихэнд зулгаралт бүхий гэмтлүүд хөнгөн гэмтэллд хамаарахгүй, бусад гэмтэл нь хамаарч байгаа. Уг гэмтэл хэдэн ч удаагийн цохилт, ирмэгтэй зүйл дээр унах үед үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/,

Шинжээчийн 12402 тоот дүгнэлт: “...Б.Ганбатын биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, зүүн нүдний алим, зүүн чихний ард цус хуралт, хамар, баруун чихэнд зулгаралт, дээд уруул, бүсэлхийн баруун талд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 23/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 2, 28-30/, шүүгдэгчийн ял шийтгэсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 26/, хохирлын баримт /хх-н 31-34/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 53/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б  нь 2017 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих  шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Коко банана” баарны гадна иргэн Б.Ганбаттай маргалдан хамарыг нь хугалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Ганбатын “...Нөгөө хоёр найзтайгаа гадаа гараад байж байтал Даваацэрэн таараад юм яриад зогсож байтал, түүний найз Б  буюу Батнаа ирж байхаар нь би хараад нөгөө найз нь байна гэж бодоод танилцах гэж байтал Батнаа миний нүд рүү цохиод унагаасан. Тэгээд би газар унасан, миний дээрээс Батнаа цохиж байсан, удалгүй найз нар ирээд намайг салгаад авч явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 4-7/,гэрч Б.Даваацэрэнгийн: “...Гэтэл Ганбат газар уначихсан байсан гүйгээд очиход Б  нүүр рүү 1 удаа өшиглөсөн. Дараа нь Ганбат Нэрбаттай зууралдсан байсан. Цохиж зодоогүй харин маргааныг салгах гэж л байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/, шүүх эмнэлгийн шинжээчийн 12402 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б  нь хохирогчтой маргалдан зодож хамрыг нь хугалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ганбатын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг төлсөн болох нь эмчилгээний зардал хүлээн авсан тухай баримтаар нотлогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч Б ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б  болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ торгуулийн ял оногдуулж, уг ялыг 1 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б д шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б  нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б д хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР